Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/00884

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/00884

Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчГ.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.О, хариуцагч НШ т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:

 

2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          2.2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/00 дугаартай Шийдвэрээр “Т” ХХК, Д.О аас “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-д 312.923.719 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

           Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Баянгол дүүргийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.А явуулж байна.

           Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Г.А шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-0дугаартай, Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн гудамжны 0 тоот, 0 дүгээр давхарт байрлах 228 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 836.006.035 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна.

          Тус барьцаа хөрөнгө Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр бөгөөд иргэдийн эрэлт хэрэгцээ ихтэй хэсэгт байрладаг.

          Гэвч дээрх мэдэгдэлд дурдсанаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон үнэлгээнээс харахад үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байрлал, эдийн засгийн үр ашиг, тав тухтай байдлыг тооцоогүй тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү, гэжээ.

 

           3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчГ.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/00 дугаартай Шийдвэрээр “Т” ХХК, Д.Оаас “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-д 312.923.719 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Э, төлбөр төлөгч Д.О нарт эрх үүргийг тайлбарлаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан.

Дээрх хугацаанд төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн гудамжны 0 тоот, 0 дүгээр давхарт байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаартай 228 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05/0 дугаартай Тогтоолоор битүүмжилж, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 07/0 дугаартай Тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч, өмчлөгч нараас 2.000.000.000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч төлбөр төлөгчөөс ирүүлсэн үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шинжээч томилох хүсэлт гаргасан.

Иймээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

           4. Хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

           5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А.Год олгосон итгэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/00 дугаартай Шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4-147/0 дугаартай Албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/0 дугаартай Шүүгчийн захирамж мөн өдрийн 102/ГХ2023/0 дугаартай гүйцэтгэх хуудас, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 11/438 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05/0 дугаартай Шинжээчийн дүгнэлт, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 0 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05/0 дугаартай Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 07/0 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоол

 

          6.Хариуцагчаас хариу тайлбар, Г.Ат  олгосон итгэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/00 дугаартай Шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/00 дугаартай Шүүгчийн захирамж мөн өдрийн 102/ГХ2023/00дугаартай гүйцэтгэх хуудас, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 0 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай Шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4-0 дугаартай Албан бичиг, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 0 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 00 дугаартай Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоолыг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Өмчлөгчийн эрх ашгийг зөрчиж үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн үнэлгээг зөвшөөргүй. Уг эд хөрөнгө байршил зайтай, зам дагуу байрладаг хөрөнгө. Мөн үнэлгээг гаргахдаа эдийн засгийн үр ашиг, байрлал,тав тухыг тооцоогүй ” гэж тайлбарлав.

        

          3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчГ.А “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд талууд үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шинжээч томилсон нь хууль зөрчөөгүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

         4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

         5.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/0 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэгч “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т” ХХК, Б.Б , Д.О-д  холбогдох 313.345.893 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагч Б.Агаас татгалзсныг баталж, хариуцагч “Т” ХХК-аас 312.923.719 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдсэн 422.174 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Д.О ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 0 тоот, 0 дүгээр давхарт байрлах 228 метр квадрат талбайтай, улсын бүртгэлийн 0 дугаартай , үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. 

 

        6.Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө Д.О ын өмчлөлийн хөрөнгө болох нь бичгийн баримтаар нотлогдож, талууд маргахгүй байна.

 

         7.Төлбөр төлөгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй тухайд маргаагүй бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгийн үнэлгээний талаар зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж мэтгэлцэж байна.

          

          8.Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд, хариуцагч маргаан бүхий хөдлөх хөрөнгөд дараахь ажиллагааг явуулсан нь тогтоогдож байна.    

 

         9.НШт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/0 дугаартай Шүүгчийн захирамж мөн өдрийн 102/ГХ2023/0, дугаартай гүйцэтгэх хуудсын хамт хүргэгдэж, тус байгууллага 0 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгчГ.Ат  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 0 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг гарсан байна.

 

10.Шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05/0 дугаартай Тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 07/0 дугаартай Тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг хураан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн нь нотлогдож байна.

         

11.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талуудад үнийн саналаа ирүүлэх мэдэгдлийг хүргүүлэх ажиллагааг явуулсан нь нотлох баримтаар тогтоогдож мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасантай нийцсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна гэж шүүх дүгнэлээ.

 

12. Төлбөр авагч, төлөгч нар мэдэгдлийн дагуу үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй, үр дүнд хүрээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 0 дугаартай Шинжээч томилох тогтоол гарч, “Хөрөнгө эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилон эрх бүхий байгууллагаас томилсон шинжээч Б.Б 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай Шинжээчийн дүгнэлтийг ирүүлж, хариуцагч НШ, төлбөр төлөгч “Т” ХХК-д 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0 дугаартай Албан бичгээр Д.Оын өмчлөлийн Баянгол дүүрэг, 0дугаар хороолол,0 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 0 тоот, 0 дүгээр давхарт байрлах 228 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө 836.006.035 төгрөгөөр үнэлэгдсэнийг мэдэгдэж, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4-0 дугаартай Албан бичгээр төлбөр төлөгчийн хүсэлтийг үндэслэн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгчид өөрийн хөрөнгөө бие даан худалдан борлуулах нэг сарын хугацаа олгосон боловч хөрөнгөө худалдан борлуулж чадаагүй үйл баримт тогтоогдож улмаар төлбөр төлөгч шинжээчийн үнийн саналыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

         13.Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2., 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө шинжээчийн тогтоосон үнээс илүү үнээр зарагдах байсан гэх тайлбараа нотлоогүй мөн хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээ холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй нь баримтаар тогтоогдож, өмчлөгч өөрийн хөрөнгөө бие даан борлуулах санал гаргасан боловч зарж чадаагүй үйл баримт зохигчдын тайлбараар нотлогдож, хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 

           115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

       1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч НШт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АРИУНАА