| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2016/0144/э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2018-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 152
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Х.Нарангуа,
хохирогч ,
гэрч Б.Ичинхорлоо,
шинжээч эмч Т.Чимэд-Очир,
шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч А.Очбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сарлагт овогт Ганболдын Хуланд холбогдох 1708025000365 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, зөөгч ажилтай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны орой Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Мандал овооны 2-29 тоотод байрлах нийтийн байрны 5 тоотод иргэн Б.Нтэй маргалдан, улмаар түүнийг зодож биед нь дух, баруун хацар, хамрын нураа, зүүн хацар, баруун гарын сарвуу, зүүн шуунд зулгаралт, зүүн тохой, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны орой Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Мандал овооны 2-29 тоотод байрлах нийтийн байрны 5 тоотод иргэн Б.Нтэй маргалдан, улмаар түүнийг зодож биед нь дух, баруун хацар, хамрын нураа, зүүн хацар, баруун гарын сарвуу, зүүн шуунд зулгаралт, зүүн тохой, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Б.Нийн мөрдөн байцаалтын шатанд:...2017 оны 11 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Мандал овооны 2-29 тоотод байрлах нийтийн байрны 5 тоотод гэртээ нөхөр Дамдинсүрэнгийн хамт унтаж байхад шөнө 03 цагийн үед манай найз Ичинхорлоо, Хулан, Жамбалдорж 3 ирэхэд нь би хоол цай халааж өгөхөд идчихээд танайд амарья гэхээр нь газраар ор засч өгсөн. Би өглөө 08 цагт ажилдаа яваад орой 19 цагийн үед ирэхэд Ичинхорлоо, Хулан 2 хэвтэж байхаар нь шөл хийж өгчихөөд байж байтал Ичинхорлоо “найз нь шартаад байна” гэхээр нь картаа өгч явуулаад 3 ширхэг том пиво авахуулаад хувааж уусан. Ичинхорлоо, Хулан 2 гар утас булаацалдаад маргалдаад эхлэхээр нь би голоор нь ороод болиулахад Хулан над руу дайраад “чамд ямар хамаатай юм” гээд миний үснээс зулгаагаад татахад Жамбалдорж, Дамдинсүрэн 2 салгахад Хулан дахин над руу үсчиж дайрахаар нь би мөн үснээс нь зулгаагаад хоёулаа ноцолдож байхад миний нүүрийг хумсаараа самардаж маажсан. Маажсан газруудаас нь цус шүүрч гарсан. Миний бие учирсан гэмтлүүдийг Хулан бид 2 үсдэлцэж ноцолдож, Хулан хумсаараа маажсанаас болж учирсан...гэх мэдүүлэг /хх-7-9/
- гэрч Б.Ичинхорлоогийн мөрдөн байцаалтын шатанд:...Тэр үед Хулан Дамдинсүрэнгийн утсыг аваад Фейсбүүк ороод байхаар нь би гар утсыг нь булаагаад автал Хулан утас булаалаа гэж уурлаад бид 2 маргалдсан. Тэгтэл Нямдэлгэр Хуланг “чи эгчийгээ яагаад байгаа юм болиоч” гэхэд Хулан “чи дуугай бай, чамд хамаагүй” гэхэд Нямсүрэн Хулангийн үснээс нь татаад барьцалдаад эхлэхээр нь Дамдинсүрэн, Доржоо 2 салгахад Хулан Нямдэлгэрийн нүүрийг маажихсан. Нямдэлгэрийн нүүрнээс нь цус гараад, Хулан бид 2 хувцсаа өмсөөд гараад явсан...гэх мэдүүлэг /хх-12-13/,
- гэрч Э.Жамбалдоржийн мөрдөн байцаалтын шатанд:...Тэр үед Хулан Нямдэлгэр 2 юунаас болсныг мэдэхгүй маргалдаад Нямдэлгэр Хулангийн хацар руу алгадахад Хулан зөрүүлээд алгадаад 2-уулаа үснээсээ зулгаацалдаад ноцолдоод эхлэхээр нь Дамдинсүрэн бид 2 салгаад холдуултал Нямдэлгэрийн нүүрийг маажчихсан. Маажуулсан оромнуудаас нь цус шүүрээд гарч байсан...гэх мэдүүлэг /хх-14-15/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14212 дугаартай шинжээчийн:...Б.Нийн биед дух, баруун хацар, хамрын нураа, зүүн хацар, баруун гарын сарвуу, зүүн шуунд зулгаралт, зүүн тохой, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-18/,
- шүүгдэгч Г.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн:... Нямдэлгэр эгч голоор ороод “чи өдөржин face орсон биздээ” гэх зэргээр хэрүүл өдөөд бид 2 маргалдсан. Нямдэлгэр миний үснээс зулгаагаад нөхөр Дамдинсүрэн нь хорьсон боловч болихгүй байсан. Би үснээс нь зулгаагаад ноцолдохдоо Нямдэлгэрийн нүүрийг маажсан. Бид 2-ыг ноцолдож байгаад салахад Нямдэлгэрийн нүүрнээс цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-31-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Г.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Б.Н хохиролд 594.680 төгрөг /х-48-50/, гоо сайхны эмчилгээнд 119.000 төгрөг, 4.0 сая төгрөгөөр гоо сайхны эмчилгээ хийлгэхээр нэхэмжилсэн боловч хохирогч өөрийн ажлаас албан ёсоор чөлөө авсан эсэх, чөлөө нь цалинтай өгсөн эсэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтаар давхар баталгаажаагүй, гоо сайхны эмчилгээний газрын албан ёсны баримтгүй, 119.000 төгрөгийн хувьд эмчийн жоргүй, мөн хүлээн авагчийн нэр зөрүүтэй зэрэг үндэслэлээр хохирлыг бүрэн хангах боломжгүй, харин 59.680 төгрөгийг нотлох баримтын хэмжээнд хангаж, хохирлыг төлөх хугацааг 1 сараар тогтоов.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал
Шүүгдэгч нь ял шийтгэлгүй /хх-34/, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Бусад асуудал
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, зөөгч ажилтай, хувьдаа малтай гэх зэргийг харгалзан торгох ял оногдуулж, 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Хг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Хд оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Х нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчид учирсан хохиролд 59.680 төгрөгийг 1 сарын хугацаанд төлөхийг шүүгдэгчид даалгасугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР