Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/543

 

       2023            5             23                                        2023/ДШМ/543              

 

 

Л.Жхолбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

          Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Б.Саруул-Ирээдүй,

          шүүгдэгч Л.Ж, түүний өмгөөлөгч М.Батмөнх,

          нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж, ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/510 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Жы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 22060121795 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Л.Ж,

- Октябрийн районы ардын шүүхийн 1983 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 238 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 1 жил 6 сар хорих ялаар,

- Найрамдлын районы ардын шүүхийн 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 176 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жил хорих ялаар,

- Найрамдлын районы ардын шүүхийн 1992 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3-т зааснаар 3 жил хорих ялаар,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 392 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1359 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хугацаа дуусч суллагдсан.

Шүүгдэгч Л.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Амины орон сууц 26 тоотод иргэн Н.О үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж цээж хэсэгт нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Жы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Жыг “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Л.Жы цагдан хоригдсон 59 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Л.Журьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хохирогч Н.О нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд Л.Жаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн байцаалт болон прокурор, шүүхийн шатанд өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүнчлэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бие махбодын болон сэтгэл санааны хохирлыг бүрэн гүйцэт төлж барагдуулсан. Л.Ж миний бие одоо 58 настай бөгөөд миний өөрийн төрсөн ганц хүүхэд болох Ж.Билгүүний хамт эгч Наранцэцэгийнд амьдардаг байсан. Учир нь миний бие урьд залуу насны ааг омгоос улбаалаад олон жил хорих байгууллагад ял эдэлж байгаад гарснаас гадна, 2006 онд автомашины осолд орж биедээ хүнд гэмтэл авсан. /хоёр гар хугарч, түнх бяцарсан, гэдэс цоорсон, бүх хавирга хугарсан/ Энэ үед гэр бүлийн гишүүн болох эхнэр маань зуурдаар хорвоогийн мөнх бусыг үзүүлж хүү маань хагас өнчирч, би өрх толгойлсон аав болж үлдсэн юм. Дээрх шалтгаанаар эгч маань хүү, бид хоёрыг өөр дээрээ авч асран хамгаалж өдийг хүртэл хамтдаа амьдарч байна. Эгчийн маань нас 80 гарснаас гадна байнгын даралт нь хөдөлж, зүрх нь хүнд өвчилсөн юм. Үүнээс болоод миний хүү болох Ж.Б маань орь ганцаар хоцрох аюул учраад байна. Иймд миний нас сүүдэр болон хайрт эгчтэйгээ уулзахгүй байж мэдэх энэхүү хатуухан хувь тавиланг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялаас хасаж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Л.Жы өмгөөлөгч М.Батмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Л.Ж нь 60 гаран настай. Анхан шатны шүүхээс оногдуулсан 6 жилийн хорих ялаас 1 жилийн хорих ялыг хасаж, 5 жилийн хорих ял оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Саруул-Ирээдүй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Жы гаргасан давж заалдах гомдолтой танилцахад ...хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан... гэсэн байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 1.800.000 төгрөгийг өгсөн гэж амаараа хэлсэн боловч  нотлох баримт байдаггүй. Тийм учраас хохирол, төлбөрийг бүрэн төлж дуусгасан гэдэг нь нотлогдохгүй байна. Шүүгдэгч Л.Жы өмгөөлөгч М.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, ял шийтгэлээс хөнгөрүүлж өгнө үү гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зохицуулалттай. Тийм учраас гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, төлсөн гэх баримт хавтас хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Л.Жы гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, түүний гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Л.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Амины орон сууц 26 тоотод иргэн Н.О үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж цээж хэсэгт нь 1 удаа хутгалж, биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэс, дэлүүний хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Оын “... а.” /хх 24-26, 31-32/,

яллагдагчаар Л.Жы “...” /хх 82-83/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3639 дугаар “... Н.Оын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэс, дэлүүний хатгагдаж, зүсэгдсэн шарх, дэлүү авах мэс заслын дараах байдал, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дэлүүг мэс заслаар авсан нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 30 хувь алдагдуулна.” гэх дүгнэлт /хх 28-29 дэх тал/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 13/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-16, 18-21/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 38-40/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Жыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.   

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.ЖЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/510 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Жы “...шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Ж нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл 43 /дөчин гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/510 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Жы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жы 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 43 /дөчин гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.  
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ