Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 163

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

            улсын яллагч С.Оюунжаргал,

            хохирогч Б.Амартүвшин,

            иргэний хариуцагч Б.Ганболд,

шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Пүрэвдоржийн Алтанчимэгт холбогдох 1703000010104 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Шунхлай Трединг” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч П.А нь 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 09 цагийн орчим Архангай аймгийн Их тамир сумын Борт багийн нутаг 2 дугаар даваа гэх газар төв магистраль замд Б.Ганболдын эзэмшлийн Toyota Corolla маркийн 13-52 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.2-д “Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчиж Б.Амартүвшингийн жолоодон явсан Хаан банкны эзэмшлийн Toyota Prius маркийн 22-62 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас Б.Амартүвшингийн жолоодон явсан тээврийн хэрэгсэл онхолдож, жолооч Б.Амартүвшин, зорчигч А.Замилан нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:    

Шүүгдэгч П.А нь 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 09 цагийн орчим Архангай аймгийн Их тамир сумын Борт багийн нутаг 2 дугаар даваа гэх газар төв магистраль замд Б.Ганболдын эзэмшлийн Toyota Corolla маркийн 13-52 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 10.2, 25 дахь заалтуудыг зөрчиж Б.Амартүвшингийн жолоодон явсан Хаан банкны эзэмшлийн Toyota Prius маркийн 22-62 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас Б.Амартүвшингийн жолоодон явсан тээврийн хэрэгсэл онхолдож, жолооч Б.Амартүвшин, зорчигч А.Замилан нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:    

- 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-15/,

- Архангай аймгийн замын цагдаагийн тасгийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №59 дугаартай техникийн шинжээчийн:...Жолооч П.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн 10.2-д Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино гэсэн заалтыг зөрчсөн...гэх дүгнэлт /хх-51/, 

            - Замын Цагдаагийн албаны 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 626 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн:... жолооч П.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25. 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно. 7.1 -хоёр буюу 3-н эгнээгээр зорчдог  замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ, 10.2 “гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ  гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Б.Амартүвшин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Автын осол нь П.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж явснаас гарсан байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-189-190/,

- хохирогч Б.Амартүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн орчим Архангай аймгийн Их Тамир сумын самбар өнгөрөөд 20-30 орчим км яваад осол болсон. Тухайн үед би өөрийн эзэмшлийн 22-62 УБВ улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашинтай эхнэр Т.Ариунжин, хүүхэд А.Замилан нарын хамтаар явсан. Т.Ариунжин урд суудал дээр харин арын суудал дээр хүүхэд А.Замилан сууж явсан. Архангай аймгийн Их Тамир сумын нутагт алсуур өгсүүр газар луу ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй 60-70 орчим км цагийн хурдтай замын нэгдүгээр эгнээгээр явж байтал миний машины зүүн гар талаас гэнэт цагаан өнгийн жижиг машин гүйцээд хажуугаар орж ирээд миний машины зүүн талаас мөргөсөн. Тэгтэл чигээрээ явж байсан миний машин тэнцвэр алдаад замын баруун гар тал руу шороон зам руу гараад онхолдсон. Уг ослоос болж миний биед болон манай төрсөн хүүхэд А.Замиланд хүндэвтэр гэмтэл, эхнэр Т.Ариунжингийн биед хөнгөн гэмтэл учирсан. Уг миний машиныг мөргөсөн жолооч намайг шахаж зүүн гар талаас мөргөж онхолдуулаад зогсохгүй чигээрээ явчихсан. Мөргөсөн жолооч нь эмэгтэй хүн байсан, машиндаа 2-уулаа явж байсан. Тухайн машин миний зүүн талаар гүйцэж түрүүлэх гэж байгаад миний машины зүүн талаас мөргөсөн. Маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-76-77/,

- насанд хүрээгүй хохирогч А.Замилангийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 09 цагийн орчим Архангай аймгийн Их Тамир сумын нутаг 2-н даваа гэх газарт аав Б.Амартүвшин, ээж Т.Ариунжин нарын хамтаар аавынхаа 22-62 УБВ улсын дугаартай Т.Приус маркийн автомашинтай явж байгаад аваарт орсон. Тухайн осол болох үед би арын суудал дээр сууж явсан. Уг ослоос болж хөлийн шагай нуруу гэмтсэн...гэх мэдүүлэг /хх-83-84/,

- иргэний нэхэмжлэгч Т.Ариунжингийн мөрдөн байцаалтад өгсөн:...Энэ ослоос болж миний биед хөнгөн гэмтэл учирсан. Эмчилгээндээ одоогоор ойролцоогоор 500-600 мянган төгрөг болсон...Гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-17, 79-80/,   

- гэрч С.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Б.Амартүвшин болон түүний хүүхэд А.Замилан нар машин онхолдох үед машинаасаа шидэгдээд унасан газраа буюу машинаасаа 10 орчим метр зайтай газарт хэвтэж байсан. Б.Амартүвшин намайг урсгалаараа чигээрээ явж байхад энэ цагаан машин гүйцэж түрүүлэх гээд хажуугаас орж ирээд мөргөөд онхолдуулчихлаа гэсэн...Харагдах орчин чөлөөтэй халтиргаа гулгаа байхгүй машин тэрэгний хөдөлгөөн байхгүй цаг агаар сайхан байсан...гэх мэдүүлэг /хх-88-89/,

- Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №291 дугаартай шинжээчийн:...Б.Амартүвшингийн биед баруун талын 7, зүүн талын 5, 6-р хавирганы суганы арын шугамаарх зөрөөтэй хугарал, сээрний 12, бүсэлхийн 1-р нугалам хоорондын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Осол болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-41/

- Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №292 дугаартай шинжээчийн:...А.Замилангийн биед сээрний 12, бүсэлхийн 1, 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Осол болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-45/

- Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №293 дугаартай шинжээчийн:...Т.Ариунжингийн биед цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нуруу орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Осол болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-49/,

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан-7.335.100 төгрөг /хх-143/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч П.Аийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээчийн бүрэлдэхүүн худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Нэгэнт тусгай мэдлэгийн асуудлаар шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр дахин дүгнэлт гаргасан, энэ талаар шүүгдэгч тал маргаагүй байх тул Архангай аймгийн замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №59 дугаартай дүгнэлтээс:...“жолооч Б.Амартүвшин нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу үгүйсгэгдсэн гэж үзнэ.  

Шүүгдэгч П.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би гүйцэж түрүүлэх бүх бололцоогоо хангаад явж байхад нөгөө машин хурдаа багасгаж өгөөгүй, намайг гүйцэж түрүүлж байхад анзаараагүй болохоор тэр хүний буруутай үйлдэл гэж бодож байна” гэх /х-171-172/ буюу өөрийн эсрэг мэдүүлэг өгөөгүй нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.  

Хохирол төлбөрийн тухайд:

   Хохиролд нийт 10.872.003 төгрөгийг /х-109-110, 113, 115-121, 126-132, 135-141/ нэхэмжилсэн байх ба үүнээс хохирогч Б.Амартүвшин нь Улаанбаатар хотоос Архангай аймаг, Архангай аймгаас Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн автомашины бинзены зардалд 734.800 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй, эх сурвалжийг давхар нотлох шаардлагатай байх тул хасч, хохирогч Б.Амартүвшин автомашины хохиролд 7.335.100 төгрөг, эрүүл мэндийн хохиролд 824.577 төгрөг, бусад зардалд 635.640 төгрөг, хохирогч А.Замилангийн эрүүл мэндийн хохиролд 645.175 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Ариунжингийн эрүүл мэндийн хохиролд 696.711 төгрөг нийт 10.137.203 төгрөгийг хангаж шийдвэрлэв.  

   Шүүгдэгчийн тухайн үед жолоодож явсан Toyota Corolla маркийн 13-52 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.Ганболдын эзэмшлийнх гэж үзэх үндэслэлтэй /х-94-95, 158, 160, 171-172/ байх тул иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар иргэний хариуцагч болох Б.Ганболд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй, түүнчлэн шүүгдэгчийн хувьд гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан байх тул тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулж, хохирол төлөх хугацааг 1/нэг/ жилээр тогтоов.     

Шүүгдэгч, иргэний хариуцагч нар хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг тэмдэглэв.  

Шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал 

Шүүгдэгч ял шийтгэлгүй /хх-164/, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.                 

Бусад асуудал  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн жирэмсэн болон бусад хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.        

Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг  шүүгдэгчийн орлого олох боломж, ар гэрийн байдал зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.         

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрх хасах нэмэгдэл ял оногдуулаагүй тул шүүгдэгч П.Аийн 1003618 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгох нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч П.Аийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Амартүвшин, А.Замилан нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Аийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Ат оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.А нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар иргэний хариуцагч Б.Ганболд, шүүгдэгч П.А нараас нийт 10.137.203 төгрөг гаргуулан хохирогч Б.Амартүвшинд 8.795.317 төгрөг, хохирогч А.Замиланд  645,175 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Ариунжинд 696,711 төгрөг тус тус олгож, хохирлыг 1/нэг/ жилийн хугацаанд төлөхийг шүүгдэгч, иргэний хариуцагч нарт даалгасугай.    

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шүүгдэгч П.Аийн 1003618 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.   

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

            9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч П.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР