Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2024/0828

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М*******” ХХК /РД:27*******/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ц.Г*******

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн татварын алба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.О******* нарын хооронд Сонгинохайрхан дүүргийн татварын албаны 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 тоот хариу хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн 2010 оны 04 дүгээр сараас  2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны Санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу залруулж бүртгэхийг даалгахтай холбоотой маргааныг хянан хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “М*******” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн татварын албаны 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 тоот хариу хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны Санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу залруулж бүртгэхийг даалгахаар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд

2.1. “Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0425 дугаар, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0413 дугаар шийдвэрээр "М*******" ХХК-ийн 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацааны шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих, тухайн үед мөрдөж байсан хувь хэмжээгээр тооцон тайланг залруулж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн.

2.2. Энэ шийдвэрийн дагуу "М*******" ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн татварын албанд 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/72 дугаартай албан бичгээр тус компанийн 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацааны хүн амын орлогын албан татварт өөрчлөлт оруулах, залруулах тухай хүсэлт гаргасан.

2.3. Сонгинохайрхан дүүргийн татварын алба 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 дугаартай албан бичгээр тус компаний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

2.4. Иймд нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3. Нэхэмжлэгч "М*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

3.1. “Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0425, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0413 шийдвэрүүд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх заалтууд баримтлан "М*******" ХХК-ний 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацааны шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих, тухайн үед мөрдөж байсан хувь хэмжээгээр тооцон тайланг залруулж бүртгэхийг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст (хуучнаар) даалгаж, уг шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон.

3.2. Энэ дагуу Санхүүгийн тайлангийн дээрхи хугацааны хүн амын орлогын албан татварт өөрчлөлт орж, залруулах хүсэлт гаргахад татгалзсан хариу өгсөн Татварын албаны эс үйлдэхүй хууль бус тул тус компаний санхүү бүртгэлийн ажилд саад учруулж, бүртгэл үнэн зөв хөтлөх хуулийн заалт зөрчигдөхөд хүргэж байна.

3.3. Татварын Ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т: "Хэрэв татвар төлөгч татварын тайлангийн ногдлыг бууруулах залруулга хийх бол уг залруулгыг нотлох анхан шатны болон холбогдох бичиг баримтын хамт залруулсан тайланг ирүүлнэ." гэж, 31 дүгээр зүйлийн 31.3-т: "Татварын алба залруулсан тайланг хүлээн авахдаа энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ." гэж заасан.

3.4. Иймд Татварын албаны 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 хариу хууль бус болохыг тогтоож, "М*******" ХХК-ний 2010 оны 4 дүгээр сар- аас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацааны Санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварын хууль журмын дагуу залруулж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Татварын албанд даалгаж өгнө үү гэжээ

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямдорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “М*******” ХХК 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 сар дуустал тайлан залруулж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн татварын албат даалгах нэхэмжлэлийг гаргажээ. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загвар зааврын дагуу цахим эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж харьяа татварын албанд тушаана”, 29.2-т “Татварын тайлан тушаах татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх тайлагнах хугацаа адил байна" гэж заасан.

4.2. Үүний дагуу татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд гаргах бөгөөд энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т "Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно" гэж заасны дагуу 2024 онд өмнөх он буюу 2023 оны тайланд засвар хийх боломжтой. Мөн тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан “Хэрэв татвар төлөгч татварын тайлангийн ногдлыг бууруулах залруулга хийх бол уг залруулгыг нотлох анхан шатны болон холбогдох бичиг баримтын хамт залруулсан тайланг ирүүлнэ” гэх зүйл заалтад дээр дурдсан 31.1 дэх хэсэгт заагдсан хугацаа хамаарна.

4.3. Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалын хавсралтын “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.13-т "Татварын нэгдсэн мэдээллийн систем нь хуулиар тогтоосон татварын тайлан тушаах хугацааны эхний өдрөөс сүүлийн өдрийн 24:00 цаг хүртэл нээлттэй байна” гэж заасан тул 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацааны тайланг засварлах боломжгүй байна.

4.4. Уг нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2022 онд нэхэмжлэгч Ц.Г******* өөрийн эзэмшлийн “М*******” ХХК болон “Ж*******” ХХК гэх 2 аж ахуйн нэгж тус бүрд нь нэхэмжлэл гарган татвар, нийгмийн даатгалын тайлан засварлахыг даалгуулахаар хандаж байсан. Захиргааны хэргийн шүүх "М*******" ХХК болон “Ж*******” ХХК тус бүрд нь захиргааны хэрэг үүсгэн шалгаад “Ж*******” ХХК-д холбогдох хэргийг анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0337, давж заалдах шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаар магадлалаар тус тус Татварын татварын тайланг засварлах боломжгүй байна.

4.5. Харин нийгмийн даатгалын тайланг засварлах боломжтой гэж шийдвэрлэсэн. Харин "М*******" ХХК-д холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Татварын тайлан засварлах хэсгийг хасаж зөвхөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4-т заасан үндэслэлээр нийгмийн даатгалыг нөхөн тооцох шийдвэрийг 2023 оны 5 дугаар сарын 10-ны 128/ШШ2023/0425 шийдвэр гарсан.

4.6. Уг шийдвэр нь тухайн иргэний ажилгүй болохоос өмнө авч байсан цалингийн дунджаас тооцож төлөгдөөгүй нийгмийн даатгалыг нэг удаа нөхөн төлүүлж буй шийдвэр юм. Иймд татварын хууль тогтоожид заасан хугацаанаас хэтэрсэн татварын тайланд засвар хийх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. "М*******" ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн татварын албанд холбогдуулан " Сонгинохайрхан дүүргийн татварын албаны 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 тоот албан хариуг хууль бус болохыг тогтоолгож, М******* ХХК-ийн 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацааны Санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу залруулж бүртгэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
  2. Нэхэмжлэгчээс “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нийгмийн даатгалын тайланд залруулга хийж бүртгэхийг даалгасан, үүнтэй уялдуулж татварын тайлангаа зөвтгөх нь зүйтэй бөгөөд санхүү, татварын тайлан үнэн зөв байх шаардлагыг хангуулахгүй байгаа нь хууль бус...” гэж, хариуцагчаас “...Татварын ерөнхий хууль, түүнд нийцүүлж баталсан журамд татварын тайланд залруулга хийж болох хугацааг заасан ба уг хугацаа өнгөрсөн, хууль бусаар цагдан хоригдсон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох талаар Татварын ерөнхий хуульд заагаагүй тул нэхэмжлэгчийн татварын тайланг засварлах нь хуульд нийцэхгүй...” гэж тус тус тайлбарлан маргасан.
  3. Сонгинохайрхан дүүргийн татварын албаны 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 дугаар албан бичгээр “...нэхэмжлэгчээс гаргасан хүсэлт нь Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж заасны дагуу танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж” хариу өгсөн байна.
  4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 0425 дугаар шийдвэрээр М******* ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг  бүхэлд нь хангаж “...“М******* ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сар дуустал хугацааны тайланг хуульд нийцүүлж залруулж бүртгэх, 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал хугацааны тасарсан тайланг нөхөж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж”,
  5. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0413 дугаар шийдвэрээр М******* ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг  бүхэлд нь хангаж “...“М******* ХХК-ийн 2010 оны 04 дүгээр сараас 2011 оны 03 дүгээр сар дуустал хугацааны тайланг хуульд нийцүүлж залруулж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж” шийдвэрлэсэн байх ба эдгээр шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
  6. Нэхэмжлэгч компанийн төлөөлөгч нь 2010 оны 04 дүгээр сараас эхлэн эрүүгийн хэрэгт шалгагдаж, хууль бусаар цагдан хоригдсон болох нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон бөгөөд эдгээр үйл баримтыг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар уг үйл баримтыг шүүхээс дүгнэж, нотлох баримтаар дахин нотлох шаардлагагүй байна.
  7. Харин дээрх шийдвэр, нэгэнт тогтоогдсон үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн тодорхойлж буй ”М*******” ХХК-ийн 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацааны Санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу залруулж бүртгүүлэхийг хүссэн хугацаа нь эрүүгийн хэрэгт шалгагдаж, хууль бусаар цагдан хоригдсон, дээрх шийдвэрүүдээр залруулга хийгдэхээр болсон тус компанийн нийгмийн даатгалын тайлангийн хугацаатай нийцэж байна.
  8.  Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна”, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд Татварын үйл ажиллагаанд баримтлах зарчим, 5.1.3-д шударга байх, гэж тус тус заасан ба нэхэмжлэгчийн аж ахуй нэгжийн хууль ёсны төлөөлөгчийг хууль бусаар цагдан хорьж, хилс хэргээр ял эдлүүлж дээрд дурдсан хугацаанд компанийн үйл ажиллагааг явуулах татварын тайлангаа үнэн зөв гаргах эрх, үүргийг нь хязгаарласан, эдэлж чадаагүй эрхийг нь хангуулах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан өөрчлөн залруулагдах шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан, түүний хэрэгжилт, татварын тайлангийн уялдааг хангах үүднээс гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.
  9. Тодруулбал, өмнө нь тайлагнасан тайланг залруулах хууль болон журамд заасан хугацаа дууссан гэх үндэслэл нь энэ тохиолдолд хамаарахгүй бөгөөд хууль бусаар эрхийг нь хязгаарласантай холбогдуулан шинээр үүсэж буй тайлан залруулах энэ тохиолдолд уг үндэслэлээр татгалзах, тайланг нь залруулахгүй байх нь буруу бөгөөд Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлд “Татварын албаны үйл ажиллагааны зарчим, эрх үүрэг, хориглох зүйл”, 76 дугаар зүйлийн 76.1.3-д “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх” гэж заасантай нийцэхгүй байна.
  10.  Нэхэмжлэгчээс хуульд заасны дагуу татварын тайлангаа залруулж татварын тайлан үнэн зөв байх шаардлагыг хангуулах шаардлагатай байна гэх тайлбар үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд түүний эрхийг хугацаа дууссан гэдэг үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй бөгөөд өөрсдийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрх, үүрэг, түүнд тохиолдсон үйл явдлыг харгалзан үзэж шинээр бий болсон тайлан залруулах шаардлага нөхцөлийг авч үзэн татварын тайлангаа залруулах боломжийг олгох нь зүйтэй байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-т заасныг баримтлан "М*******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сонгинохайрхан дүүргийн татварын албанд холбогдуулан " Сонгинохайрхан дүүргийн татварын албаны 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2/4912 тоот албан хариуг хууль бус болохыг тогтоож, М******* ХХК-ийн 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацааны Санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварыг хууль журмын дагуу залруулж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн татварын албанд даалгасугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
  3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.МӨНХ-ӨЛЗИЙ