Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/02629

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 01

181/ШШ2024/02629

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 00 дугаар байр 00 тоотод оршин суух, Б овогт Б-ын Г /Регистрийн дугаар: АА0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар 00б байр 00  тоотод бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 00 дугаар байр 00 тоотод байрлах, Ю Б м ХХК /регистрийн дугааар:0000000/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 122.110.393 төгрөг гаргуулах, хөрөнгийг чөлөөлж өгөхийг даалгах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Салгаж болохгүй засан сайжруулалтын зардалд 338.420.955 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч компанийн гүйцэтгэх захирал С.М, хариуцагчийн өмгөөлөгч Х.Б, гэрч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгч нь Ю Б М ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 122.110.393 төгрөг гаргуулах, хөрөнгийг чөлөөлж өгөхийг даалгах шаардлага гаргасан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Иргэн Б.Г би өөрийн өмч болох Баянгол дүүргийн 00 дугаар хороо М  ХХК-ийн урд 0-00 тоотод байрших, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 420 мкв тайлбайтай сендвичин барилга, 10,5 мкв хэмжээтэй блокон ханатай, хучилтийн хавтан бүхий дээвэртэй техникийн өрөө, КТПН бүхий 961 мкв блокон хашаатай обьектоо түрээслэх зорилгоор 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл сарын 2.000.000 төгрөгний төлбөртэйгээр 5 жилийн хугацаатай Ю Б м ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М-тай Түрээсийн гэрээ байгуулсан.

Ю Б м ХХК нь обьектод 420 мкв бетонон шал, бохирын систем, гүний худаг гаргахад 32.640.000 төгрөг зарцуулсан тооцоог гаргаж түрээсийн гэрээний хугацааг 5 биш 8 жил байхаар сунгаж, сарын түрээсийн төлбөр 2.000.000 төгрөгнөөс 340.000 төгрөг 8 жилийн хугацаагаар суутган тооцон, гэрээний хугацаа дуусмагц бохирын шугам сүлжээ, ёмкос, бетонон шал, гүний худгийн тоног төхөөрөмжийг түрээслэгчид үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгөх санал гаргасан тул 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Түрээсийн гэрээ-нд үргэлжлэх хугацаа, сар бүр төлөх түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулсан.

Ю б м ХХК нь 2018 оноос эхлэн гэрээний заалтаа зөрчиж сар бүр төлвөл зохих төлбөрөө төлөөгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар гаргасан тооцоог доорхи хүснэгтээр гаргалаа.

он

Түрээсийн

төлбөр

Газрын

төлбөр

Үл хөдлөх

хөрөнгийн

татвар

Нийт төлөх

төлсөн

төлөөгүй

1

2018

8.300.000

84.376

0

8.384.376

7.300.000

1.084.376

2

2019

19.920.000

525.859

720.000

21.165.859

13.460.000

7.705.859

3

2020

19.920.000

525.667

720.000

21.165.667

2.600.000

18.565.667

4

2021

19.920.000

525.120

720.000

21.165.120

3.000.000

18.165.120

5

2022

19.920.000

525.120

720.000

21.165.120

0

21.165.120

6

2023 /1-9/

14.940.000

525.120

720.000

16.185.120

911.000

15.274.120

 

Нийт дүн

102.920.000

2.711.262

3.600.000

109.231.262

27.271.000

81.960.262

Гэрээний 5.1.6-д түрээсийн төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөөгүй хугацааг хэтрүүлсэн тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоногийн 0,1 хувийн алданги тооцож түрээслэгчээс шаардах эрхтэй гэж заасны дагуу 2019 оны 1 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 1703 хоногийн алданги үнийн дүнгийн 50 хувь 40.150.131 төгрөгний алданги байна.

Түрээслэгч түрээсийн төлбөрөө дараалан 3 сар төлөөгүй байх тул гэрээний 8.2.3-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Түрээсийн гэрээ-г дуусгавар болгож, түрээслэгч Ю б М ХХК-аас

1.2022, 2023 оны газрын төлбөр, 2022, 2023 оны Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар-ын төлбөр, түрээсийн төлбөр болох нийт 81.960.262 төгрөг,

2.Алданги 40.150.131 төгрөг, нийт 122.110.393 төгрөгийг гаргуулж,

3.Тус компани мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор өөрсдөө тоног төхөөрөмжөө байршуулсан. Түрээсийн Гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.1.3-т хугацаа дуусгавар болсон эсвэл гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд түрээсийн зүйлд өөрсдийн тавьж суурилуулсан салгаж болох тоног төхөөрөмжөө авах эрхтэй, 6.2.5-д гэрээний хугацаа дуусахад түрээсийн талбайд онц ноцтой гэмтэл, хохирол учруулахгүйгээр өөрийн хөрөнгийг зөөж, талбайг цэвэрлэн түрээслүүлэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй байхаар заасны дагуу түрээслэгч нь өөрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор суурилуулсан тоног төхөөрөмжөө буцаан авахаар тохиролцсон.

Түрээслэгч тал түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчил байнга гаргаад байгаа учраас түрээсийн гэрээг дуусгавар болгоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцаан өгөх үүрэгтэй.

Миний өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо 0-00 тоот хаягтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулттай 420 мкв сендвичин барилга Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэл-ийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн 961 мкв хэмжээтэй, блокон хашаатай үл хөдлөх хөрөнгөөс:

1.    Оффис, гал тогооны өргөтгөлийн сендвичин байр,

2.    Дотоод халаалт

3.    Тус бүр 5x6x3 метр хэмжээтэй 3 ширхэг хөргөгч, 2 ширхэг мотор

4.    Гулууз мах гэсгээх, мах өлгөх шугам

5.    Ажлын өрөө хоорондын тусгаарлах хуванцар, шилэн хана

6.    Мах чаналгын 3 ширхэг тогоо , бусад тоног төхөөрөмжийг салган авч миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг буцааж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хоёр.Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.Г-тэй түрээсийн гэрээ байгуулсан байгуулсан. Гэрээгээр Б.Г-ийн өмчлөлийн 420 мкв талбайтай сэндвичэн барилга нь үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан бөгөөд бид өөрсдийн хөрөнгөөр бетонон шал цутгах, шал тавих, бохирын систем, гүний худаг, цахилгааны шит өргөтгөх, сэндвичэн барилга барих, дотоод халаалт хийх зэргээр нийт 85.892.100 төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн. Мөн үйл ажиллагаагаа явуулахад зориулж хөргөгч суурилуулах, гулууз мах гэсгээх, өлгөх шугам, ажлын өрөө хоорондын тусгаарлах ханууд хийх, мах чаналгын тогоо, буса төхөөрөмж зэргээр 252.528.855 төгрөгний хөрөнгө оруулалт нэмж хийсэн.

Барилгын засварын ажилтай холбоотойгоор 2018 оны 10 дугаар сарын сүүлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус үйлдвэр дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУлсад экспортлох зориулалттай анх байгуулагдсан. Дээрх хөрөнгө оруулалт нь зөвхөн тус обьектод зориулагдан хийгдсэн тул өөр газар ашиглах боломжгүй хөрөнгүүд юм.

Тус хуулийн этгээд 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл дээрх зориулалтаар үйл ажиллагаа хэвийн явуулсан бөгөөд 2019 оны 5 дугаар сард Хүнс хөдөө аж, ахуйн яамнаас экспортын маханд квот тогтоосон, 2019 оны 10 дугаар сарын 18-нд экспортын мах гаргахыг бүрмөсөн хориглосноор үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хүндрэл үүсч эхэлсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоол, Дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 улмаас үйл ажиллагаа бүрэн зогсож өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй болно. Бид 2018 оны 5 дугаар сараас үйл ажиллагаа явуулж байх үеийн түрээсийн төлбөрийг төлсөн бөгөөд дээрх гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын улмаас түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй байдалд орсон нь үнэн болно. Бид их хэмжээний хөрөнгө оруулалтаар тухайн үйлдвэрийг байгуулсан боловч анхны тооцоолсон хэмжээнд хүртэл ажиллаж чадаагүй анхны оруулсан хөрөнгүүд хэвээр хадгалагдаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас дараахи төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: 1.Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын үеийн Монгол улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар сарын тогтоолоос 2022 оны 66 дугаар тогтоол хүртэл түрээсийн төлбөр - 39.840.000 төгрөг

2.Газрын төлбөр, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар газрын төлбөр төлөх үүрэг нь тухайн газар өмчлөгч, эзэмшигчийн үүрэг бөгөөд манай хуулийн этгээдэд хамааралгүй болно. Үл хөдлөх хөрөнгийн татвар, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын гухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар түрээслүүлэгчийн үүрэг бөгөөд манай хуулийн этгээдийн өмч биш тул татвар ногдох үндэслэлгүй. Тухайн газарт байгуулсан инженерийн болон дэд бүтэц бий болсон төлбөрийг түрээсийн зардлаас хасах 85.892.100 төгрөг, алданги 40.150.131 төгрөгийг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гурав. Хариуцагч нь Б.Г-т холбогдуулан салгаж болохгүй засан сайжруулалтын зардалд 338.420.955 төгрөг гаргуулахаар шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Манай компани тухайн обьектыг дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг бэлтгэж БНХАУ-д экспортлох зориулалтаар үйлдвэрийн түвшинд засаж сайжруулж тоног төхөөрөмж суурилуулан ажиллахаар засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлагын улмаас их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, мах бэлтгэн нийлүүлэх үйлдвэрийн түвшинд барьж сайжруулсан. Манай хийж бүтээсэн хөрөнгө оруулалтаас шалтгаалаад С.Г-ийн тухайн объектийн өнөөдрийн үнэлгээ асар ихээр өссөн. Үүнд:

1.    Бетонон шал зуурмаг - 7.897.000 тогрөг

2.    Шал тавих ажлын хөлс - 6.300.000 төгрөг

3.    Бохирын систем - 13.300.000 төгрөг

4.    Гүний худаг - 5.200.000 төгрөг

5.    Цахилгаан шийдлийг өргөтгөх - 16.813.700 төгрөг

6.    Цахилгаан шийдлийг өргөтгөх ажлын хөлс - 4.000.000 төгрөг

7.    Оффис, гал тогооны өргөтгөлийн сендвич барилга - 14.460.000 төгрөг

8.    Дотоод халаалт - 17.921.400 төгрөг

9.    Тус бүр 5*6*3м хэмжээтэй 3 хөргөгч (тус бүр 20 тонн багтаамжтай) - 105.650.575 төгрөг

10. Гулууз мах гэсгээх, өлгөх шугам - 35.028.280 төгрөг

11. Ажлын өрөө хоорондын тусгаарлах хана - 27.200.000 төгрөг

12. Мах чаналагын тогоо (тур бүр 700кг-н 3 тогоо) - 36.000.000

13. Бусад тоног төхөөрөмж - 48.650.000 төгрөг, Нийт 338.420.955 төгрөг.

Хөргөгч, мах хөлдөөх шугам, тогоо зэрэг нь шаланд суурилуулсан болохоор салгаад авч явах боломжгүй. Гэрээг 2026 оноос дахин сунгаж урт хугацаагаар сунгаж ажиллах зорилготой үйлдвэрээ уг обьектод байгуулж их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн.

Би сөрөг нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо хийсэн ажлын хөлс, бараа бүтээгдэхүүний тухайн үеийн буюу 2018 оны зах зээлийн ханшаар гаргасан болно. Мөн түрээсийн гэрээг цуцлах саналыг манайхаас гаргаагүй, цаашид түрээсийн гэрээгээ 2026 оныг хүртэл үргэлжлүүлэх хүсэлтэй байдаг.

Иргэний хуулийн 332 дугаар зүйлийн 332.3-д Түрээслэгч нь түрээслэн авсан эд хөрөнгийг анх хүлээн авах үеийнхээс илүү чанаржуулан үлдээхээр бол түрээслүүлэгчээс нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасны дагуу Ю Б М ХХК түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан объектийг сайжруулан хөрөнгө оруулалт хийсэн зардал болох 338.420.955 төгрөгийг Б.Г-өөс гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Дөрөв.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Тус компанитай анх гэрээ байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн болон нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ-нд Ю Б М ХХК өөрийн хөрөнгөөр 32.697.000 төгрөгийг гаргаж 420 мкв бетонон шал, бохирын систем, гүний худгийн тоног төхөөрөмжийг барина. Түрээсийн гэрээний хугацаанд төлвөл зохих түрээсийн 2.000.000 төгрөгний төлбөрөөс сар бүр 340.000 төгрөгийг суутган тооцож Түрээсийн гэрээ-ний 10.2-д заасны дагуу гэрээг дуусгавар болгоход үнэ төлбөргүй шилжүүлэн өгнө гэж тохирсон.

Цахилгааны шийдлийн өргөтгөх - 16.813.700 төгрөг

Цахилгааны шийдлийг өргөтгөх ажпын хөлс-4.000.000 төгрөг, нийт 20.813.700 төгрөгөөр хөрөнгө оруулсан гэж байгаа боловч тухайн хөрөнгө оруулалт хийсэн гэх нотлох баримт байхгүй байна.

Ямарваа нэг обьектийн цахилгаан хангамжийн асуудал бол тусгай зөвшөөрөл бүхий төрийн ба хувийн аж ахуйн нэгжийн зураг, төсөл, зөвшөөрөл, иргэний зөвшөөрлийн үндсэн дээр, хянагдаж, газар дээр ил болон газар доор далд холболтууд хийгдэж, ашиглалтанд ордог маш их хугацаа шаарддаг амаргүй ажил юм.

Би объектынхоо цахилгаан хангамжаа шийдэхийн тулд иргэний хувийн цахилгааны шугамнаас холболт хийх зөвшөөрөл авч төлбөр төлсөн, тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн аж ахуйн нэгжийн зөвшөөрөл авч, батлагдсан зураг төслийн дагуу тоног "төхөөрөмжөө суурилуулан, эрх бүхий төрийн байгууллагуудаас хянан шалгасан протокол, дүгнэлт зэрэг гүйцэтгэлийн баримт бичгийг бүрдүүлсэн.

Түрээслэгч миний суурилуулсан КТПН-ийг авч өөрсдийн КТПН-г тавьсан. Трансформаторыг сольж тавьсан бөгөөд тухай трансформатор нь хуучин ашиглагдаж байсан, бичиг баримтгүй, эрх бүхий байгууллагаар шалгуулж зөвшөөрөл авалгүй холбосон. Ю Б М ХХК нь түрээсийн гэрээний дагуу ашигласан цахилгааны төлбөр 8.453.156 төгрөг төлөөгүйн улмаас объектын цахилгааныг тасалснаас 4 жил болж байгаа бөгөөд дахин холболт хийгдэхэд уг трансформатор ажиллах эсэх нь эргэлзээтэй байна.

Түрээсийн гэрээний 7.3-д Цахилгаан, дулаан, цэвэр болон бохир усны шугам гэх мэт зүйлийг түрээсийн талбайд татах тохиолдолд түрээслүүлэгч, түүний эрх олгосон этгээдтэй харилцан тохиолцож, зураг төсөл гаргасны дагуу хариуцсан мэргэжлийн хүн, албан байгууллагаар хийлгэнэ гэж заасныг зөрчсөн.

Түрээслэгчид обьектыг хүлээлгэн өгөхөд цахилгааны өр төлбөр байгаагүй. Уг 8,4 сая төгрөгийн цахилгааны өр, төлбөрийг Ю Б М ХХК хариуцан төлж барагдуулах шүүхийн шийдвэр 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гарсан боловч одоо болтол нэг ч төгрөг төлөгдөөгүй, хэзээ төлж барагдуулах нь тодорхойгүй байна.

Түрээсийн гэрээ-ний 6.2.8-д Түрээслэгч нь түрээсийн талбайд шинээр ямар нэгэн обьект, барилга, байшин барих эрхгүй. Хэрэв зайлшгүй шаардлагын улмаас байшин, барилга, обьект барих тохиолдолд түрээслүүлэгчтэй харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ гэж байдаг ч Ю Б М ХХК нь халаалтгүй хүйтний улиралд хүн байх боломжгүй 4м х 6м х 2.5 хэмжээтэй гал зуух, 8мх7мх 2.6м хэмжээтэй агуулахын сендвичэн барилгыг барихдаа надтай зөвшилцөлгүй дур мэдэн барьсан. Уг сендвичин барилгыг өөрсдөө аваад явах боломжтой.

Обьект дотор халаалт ажлын өрөө хоорондын тусгаарлах хана, мах гэсгээх, өлгөх шугам, 20 тонн багтаамжтай 3 том хөргөгч, мах чаналгын тогоо шалтайгаа суурилуулах ажлыг Ю Б М ХХК өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг явуулах зорилгоор миний обьектод хийсэн нь надад хөрөнгө оруулсан зүйл биш юм.

Энэ нэр бүхий тоног төхөөрөмжөө тус компани бусдад зарж борлуулах зарыг удаа дараа өгч бусдад үзүүлж байгаа талаараа, түрээсийн төлбөр шаардаж уулзах үед хэлж байсан. Бусдад зарах зар өгч үзүүлж байсан энэ үйлдэл нь дээрх тоног төхөөрөмжийг тус компани салгаад авах боломжтой байсанг нотлож байна.

Ю Б М ХХК өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг явуулах зорилгоор авчирсан тоног төхөөрөмжөө надад хөрөнгө оруулалт хийсэн гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Тав.Нэхэмжлэгчээс баримтаар:2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ, 000000000 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Ү-0000000000 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, өөрийн иргэний үнэмлэхний лавлагаа, түрээсийн зардал тооцсон баримт, УБЦТС ХХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Сонгинохайрхан ХҮТ хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайлан, Газрын төлбөр төлсөн банкны төлбөрийн баримтууд, газрын төлбөрийн нэхэмжлэхүүд, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлсөн гүйлгээний баримтууд, татварын нэхэмжлэхүүд, Гэрээний биелэлт шаардсан мэдэгдлүүд, Ю Б М ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10/01 тоот албан бичиг, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, КТПН болон гаднах гэрэл зураг, Газрын төлбөр тооцоо нийлсэн акт, гүйлгээний баримт зэргийг ирүүлжээ. /хх 6-70, 160-161, 182-183/

Хариуцагчаас баримтаар: завсар хийгдсэн байдлыг харуулсан гэрэл зургууд, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, компанийн дүрэм, Хаан банкны дансны хуулга зэргийг ирүүлжээ. /хх 80-90, 127-145, 163-177/

Шүүхийн журмаар: Хариуцагчийн хүсэлтээр 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2021/10776 дугаар захирамжийн дагуу 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн гэрч Ц.М-ы мэдүүлэг, 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл зэргийг бүрдүүлжээ. /хх 192-198, 199-224/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Г нь Ю Б М ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 122.110.393 төгрөг гаргуулах, хөрөнгийг чөлөөлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч түрээсийн зүйлээс салгаж болохгүй засан сайжруулалтын зардалд 338.420.955 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч шаардах эрхээ: гэрээг байгуулсан ч түрээслэгч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, мөн үл хөдлөх эд хөрөнгийн татвар, газрын төлбөрийг түрээслэгч хариуцахаар тохирсон тул үлдэх түрээсийн төлбөр, татварыг алдангийн хамт гаргуулна гэв.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ: Махны экспортыг зогсоох, хөл хорио тогтоосон тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар давагдашгүй хүчин зүйлийн улмаас алдангиас чөлөөлөгдөнө, татвар, газрын төлбөр төлөх нь түрээслүүлэгчийн өөрийн үүрэг тул хасуулна, үлдэх үндсэн төлбөрийг төлөхөд татгалзахгүй гэв.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: Түрээсийн зүйлд салгаж болохгүй нэмэлт засан сайжруулалт хийгдсэн тул үнийг гаргуулна, тухайн суурилуулсан хөрөнгүүдийг зөвхөн түрээсийн обьектод зориулж хийлгэсэн тул салгавал зориулалтын дагуу өөр газарт хэрэглэх боломжгүй гэж тайлбарлав.

5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: бетонон шал цутгах, шал тавих, бохирын систем, гүний худаг хийсэн зардлыг хүлээн зөвшөөрнө, бусад хөрөнгийг түрээслэгч өөрийн үйл ажиллагаагаа явуулахын тулд хийсэн, салгаж авч явах боломжтой, түүнчлэн зөвшөөрөлгүй хийсэн, баримтаар нотлоогүй гэж тайлбарлав.

6.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

6.1.Нэг талаас Б.Г, нөгөө талаас Ю Б М ХХК нар 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр харилцан тохирч, Түрээслүүлэгч өөрийн эзэмшил, өмчлөлийн Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, м-ийн урд байрлах 420 мкв талбайтай С барилга, 10,5 мкв хэмжээтэй блокон ханатай, хучилтийн хавтан бүхий дээвэртэй техникийн өрөө, КТПН бүхий 961 мкв газар бүхий блокон хашаатай обьектийг түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нэг сард 2.000.000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцон 5 жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Зохигчид 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дахин гэрээний хугацааг 8 жилийн хугацаатай, түрээсийн төлбөр сард 1.660.000 төгрөг байхаар тохирч гэрээг шинэчилж байгуулсанд маргаагүй. /хх 6-13, 14-15/

Зохигчдын тайлбараар түрээсийн зүйлийг үйлдвэрлэлийн зориулалтаар аж ахуйн үйл ажиллагаа явуулах үүднээс гэрээг байгуулсан нь тогтоогдсон, дээрх гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан бичгээр хийх шаардлагыг хангажээ. Харин гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна. Гэвч гэрээг байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байсан хэмээн нэхэмжлэгч тайлбарласан, энэ үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй, гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй. Иймд шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т зааснаар нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч үүргйг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдсэн байвал зохино гэж зааснаар гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

7.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

7.1.Талуудын хоорондох гэрээний 3.1-т гэрээний хугацаа 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байхаар, 4.3-т түрээсийн төлбөрийг сар бүрийн 10-ны өдрийн дотор төлөх-өөр, 8.2.3-т түрээслэгч төлбөрийг дараалан 3 сар төлөөгүйгээс бусад тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцалж болохгүй гэж заажээ.

Түрээслэгч тал 2019 оны дундаас хойш удаа дараа гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, 2020 оноос төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул энэ өдрөөс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцалсан гэж үзнэ. Хэргийн баримтаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж болохгүй үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй.

7.2.Түрээсийн зүйлийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар ашигласан үндэслэлээр нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр 102.920.000 /1.660.000 *62 сар/ төгрөг, энэ хугацааны газрын төлбөр 2.711.262 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн татвар 3.600.000 төгрөг, нийт 109.231.262 төгрөг, үүнээс төлсөн 27.271.000 төгрөгийг хасч 81.960.262 төгрөг шаардсан.

а/Хариуцагч түрээсийн төлбөрт 27.271.000 төгрөг төлсөнд маргаагүй тул шүүх үлдэх 75.649.000 /102.920.000 -27.271.000/ төгрөгийг гаргуулна.

б/талуудын хоорондох гэрээний 5.2.3-т Түрээслүүлэгч газрын төлбөр, үл хөдлөх эд хөрөнгийн татвар зэрэг түрээслэгчийн дангаар хариуцан төлөхөөс бусад татвар, хураамж, төлбөрийг хариуцан төлнө гэж, харин гэрээний 4.2-т талбайн үнэ орсон бөгөөд цахилгаан ашигласны төлбөр, газрын төлбөр, ус ашигласны төлбөр ороогүй болно гэж, 4.5-д түрээслэгч нь цахилгаан, газрын төлбөр болон бусад ашиглалтын зардлын төлбөрийг цаг тухайд нь төлөөгүйгээс болж гарсан торгууль, алдангийг өөрөө хариуцна гэж заажээ.

Иймд түрээслүүлэгчийн хуулийн дагуу төлөх газрын төлбөрийг гэрээгээр түрээслэгч тал төлөхөөр талууд тухайлан хүсэл зоригоо илэрхийлж өөрчилсөн байх тул шүүх газрын төлбөрт шаардсан 2.711.262 төгрөгийг гаргуулна.

в/ Үл хөдлөх эд хөрөнгийн татварын тухайд гэрээгээр тохиролцоогүй гэдэгт нэхэмжлэгч маргаагүй. Харин манайд ирүүлсэн албан бичигтээ үл хөдлөх эд хөрөнгийн татварыг хариуцан төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул гаргуулна гэв.

Нэгэнт гэрээгээр тухайлан тохиролцоогүй, түүнчлэн хуулиар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрөө татвар төлөх үүрэгтэй этгээдэд хамаарах тул 3.600.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

7.3.Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж заасан. Талуудын хоорондох гэрээний 4.8-д түрээслэгч өөрийн буруугаас түрээсийн эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэжээ.

Хариуцагч түрээсийн зүйлд засвар хийснээр бодитоор 2018 оны 10 сарын сүүлээр ашиглаж эхэлсэн явдал 2018 оны 8, 9, 10 дугаар сарын түрээсийн төлбөр төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Түүнчлэн Монгол Улсын засгийн газрын тогтоолоор хөл хорио тогтоосон, 2019 оны 5 дугаар сард Хүнс хөдөө аж ахуйн яамнаас экспортын маханд квот тогтоож, 2019 оны 10 дугаар сарын 18-наас экспортод дулааны аргаар боловсруулсан мах гаргахыг бүрмөсөн хориглосон зэргээр өөрөөс үл хамаарах гэнэтийн давагдашгүй хүчин зүйл үүссэн нөхцөл байдал нь энэ түрээсийн гэрээний үндсэн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзлээ. Зохигчид дээрх нөхцөл байдалд харилцан тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулаагүй, төлбөрийн хэмжээг багасгаагүй байх тул шүүх гэрээний дагуу тооцов.

Иймд энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

8.Талуудын хоорондох гэрээний 5.1.6-д хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоногийн 0,1 хувийн алданги төлөхөөр заасан, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч гэрээ цуцлах хүртэлх хугацаанд мөн зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх 1703 хоногт алданги тооцож 40.150.131 төгрөг шаардсан. Хариуцагч гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шалтгаанаар /махны экспортыг хязгаарласан, зогсоосон, коронавирусын улмаас хөл хорио тогтоосон/ алдангиас бүрэн чөлөөлөгдөнө гэж тайлбарласан.

8.1.Шүүх 2019-2022 он хүртэлх хугацааны тухайд алданги тооцох үндэслэлгүй, харин коронавирус цар тахлын улмаас Монгол Улсад 2022 оноос хойшхи хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, хэсэгчлэн хөл хорио тогтоох шийдвэрийг эрх бүхий байгууллагаас гаргаагүй тул 2022 оноос хойшхи хугацаанд алданги тооцвол 39.180.131 төгрөг байна. /ИХ232.4/

Үүнээс шүүх хэргийн нөхцөл байдлыг /цар тахлаас гадна мах махан бүтээгдэхүүний экспортын хориг/ харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийг 40 хувиар тооцож багасган, 15.672.052 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

8.2.Хариуцагчаас түрээслэгч 2019 онд анх мэдэгдэл өгснөөр гэрээ цуцлагдсан тул энэ хугацаанаас хойш алданги шаардах эрхгүй гэж мөн тайлбарласан.

Хэргийн баримтаар 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч анх гэрээ цуцлах талаар мэдэгдэл өгсөн болох нь тогтоогдсон ч талууд гэрээг цуцлаагүй, эсрэгээрээ хариуцагч 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10/01 тоот албан бичгээр төлбөрөө нөхөн барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр өгч байжээ. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд гэрээг цуцалсан гэж үзэхгүй тул энэ тухай хариуцагч талын татгалзал үндэслэлгүй.

Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 75.649.000 төгрөг, газрын төлбөр 2.711.262 төгрөг, алданги 15.672.052 төгрөг, нийт 94.032.314 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

9.Талуудын хоорондох түрээсийн гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д зааснаар буцаан өгөх үүргийг түрээслэгч хүлээх тул түрээсийн зүйлийг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгав.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

10.Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж, 289.2.6.-д хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй гэж, мөн 288.2.4-т гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах эрхтэй гэж тус тус заасан.

10.1.Хариуцагч түрээсийн обьектод салгаж болохгүй нэмэлт засан сайжруулалтыг хийхдээ түрээслүүлэгчид энэ талаар тухай бүрт амаар мэдэгдэж байсан, нэхэмжлэгч өөрөө байнга ирдэг байсан, ар хэсэгт нэхэмжлэгчийн нэг өрөө залгаа байдаг гэж тайлбарласан. Үүнийг нэхэмжлэгч няцаасан тайлбар гаргаагүй, нэг очиход барьчихсан байсан гэж тайлбарлаж байхаас гадна шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд зөвшөөрөлгүй хийсэн талаар аливаа шаардлага түрээслэгч талд гаргаж байсан тухай баримтгүй.

10.2.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс бетонон шал цутгасан 7.897.000 төгрөг, шал тавих ажлын хөлс 6.300.000 төгрөг, бохирын систем хийсэн 13.300.000 төгрөг, гүний худаг 5.200.000 төгрөг, нийт 32.697.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, маргаагүй. Харин үлдэх зардлыг түрээслэгчийн зөвшөөрөлгүй хийсэн, ийм хэмжээний зардал гаргаснаа баримтаар нотлоогүй, мөн салгаж авч явах боломжтой гэж тайлбарласан.

Шүүхээс түрээсийн зүйлд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр хариуцагч тухайн обьектод 380КВ цахилгааны КТПН суурилуулсан, бохирын цооног хийсэн, шал цутгасан, нэмэлтээр оффис, гал тогооны зориулалттай өргөтгөлийн сендвич барилгыг хашаанд барьсан, түүний дотор гүний худаг гаргасан, цахилгааны самбар байрлуулсан, үндсэн гол сэндвич барилга дотор шалаас хана хүртэл бэхэлж их хэмжээний тусгаарлах хануудыг вакумаар хийж зарим хэсэгт хоёр давхар болгож өрөө тасалгаануудыг гаргасан, тухайн барилгын ханаар цахилгааны утас, паарыг өрөө тасалгаа бүрт хийж бэхэлсэн, түүнчлэн 6 эгнээ замтай мах өлгөх дэгээтэй өлгүүр шугамыг бэхэлсэн, 3 ширхэг мах чанах том хэмжээний тогоо, угаалгын том ваннуудыг газартай бэхэлж тухайн өрөөнд агааржуулалтын хоолой, бохирын цооногуудыг гаргасан, түүний ард гурван ширхэг том хэмжээний хөлдөөгчийг шалтай бэхэлж хийсэн, хөлдөөгч тус бүрт том хэмжээтэй хөргөх сэнсүүд, мөн обьектын гадна талдаа хөлдөөгч ажиллуулах зориулалтаар 2 ширхэг том хэмжээний моторыг газартай бэхэлж суурилуулсан болох нь тогтоогдсон. /хх 199-221/ Иймд хариуцагч Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар зардлыг шаардах эрхтэй.

10.3.Талуудын хоорондох гэрээний 7.2-т байранд хийсэн бүх бүтцийн өөрчлөлтийн шинжтэй засвар, сайжруулалт, нэмэлт өөрчлөлт, ус, цахилгаан, дулааны суурилуулалтыг байрнаас салгах боломжгүй тул гэж зааснаас үзвэл талууд анхнаасаа ийм төрлийн нэмэлт засан сайжруулалт хийгдэнэ гэдгийг мэдэж байсан, нэхэмжлэгч мэдсэн, мэдэх боломжтой гэж үзнэ. Үүнээс гадна тухайн обьектыг мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахын тулд гэрээг байгуулсанд зохигчид маргаагүй тул зөвшөөрөлгүй хийсэн тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ. Мөн гэрээний 7.3-т цахилгаан, дулаан, цэвэр ус болон бохирын шугам, интернэт утасны үзүүр гэх мэт хэрэгслийг түрээсийн талбайдаа татах тохиолдолд түрээслүүлэгч болон түүний эрх олгогдсон этгээдтэй харилцан тохирч, зураг төсөл гаргасны дагуу хариуцсан мэргэжлийн хүн, албан байгууллагаар хийлгэнэ гэж зааснаар обьектэд цахилгаан, дулааны шийдлийг хийх талаар анхнаасаа мэдэж байсан нь нотлогдоно.

10.4.Харин гэрээний 7.2-т гэрээ цуцлагдах, дуусгавар болоход тухайн засан сайжруулалтыг түрээслүүлэгчид хүлээлгэн өгөхөөр тохирсон ч үнийг хэрхэх талаар тохиролцоогүй тул шүүх дараах байдлаар тооцож шийдвэрлэв.

а/Цахилгааны КТПН-ийн шийдлийг 250 КВ байсныг хүчин чадлыг нэмэгдүүлж 380 КВ болгож өөрчилсөнд маргаагүй. Ийнхүү цахилгааны шит солих ажлыг гэрч Г.Ц нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хийж гүйцэтгэсэн, тэрээр уг обьектийн өмнөх цахилгааны шит болоод сүүлийн цахилгааны шит аль алиныг нэхэмжлэгчтэй тохирч, үнийн тухайд 20-25 орчим сая төгрөгөөр хямдруулж хийж өгсөн талаараа хуралдаанд мэдүүлсэн. Иймд шүүх цахилгаан шийдлийг өргөтгөх 16.813.700 төгрөг, цахилгаан шийдлийг өргөтгөх ажлын хөлс 4.000.000 төгрөг, нийт 20.813.700 төгрөгийг гаргуулна. Цахилгааны КТПН-ийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн талаарх тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүйгээс гадна гэрч зөвшөөрлөөр холбосон, хэрэв зөвшөөрөлгүй бол угаасаа тог холбож ашиглах боломжгүй гэж тайлбарласныг дурдав.

б/ Үзлэгийн тэмдэглэлээр түрээслэсэн хашаанд обьекттэй залгаад оффис, гал тогооны өргөтгөлийн сендвич барилга нэмж барьсан нь тогтоогдсон, энэ нь газраас салгаж үл болох хөрөнгөд тооцогдох тул түүний үнэ 14.460.000 төгрөгийг гаргуулна.

Нэхэмжлэгч сэндвич барилгыг салгаж авч явах боломжтой гэж тайлбарласан нь дээрх тайлбар үндэслэлгүй. Мөн энэ хэмжээний зардал гарсан талаарх баримтгүй гэж тайлбарласан ч шүүх хариуцагчийн ирүүлсэн Хаан банкны дансны хуулга, нэмж барьсан сэндвичэн барилгын хэмжээ зэргийг харгалзаж хариуцагчийн тооцооллын дагуу гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

в/ Дотоод халаалт тавьсан зардал 17.921.400 төгрөгийг мөн гаргуулна. Үзлэгийн тэмдэглэлээр обьектод бүхэлдээ ханаар бэхэлж цахилгааны утаснууд, цахилгааны залгуур, шит болон паарыг суурилуулсан нь тогтоогдсон.

г/ Ажлын өрөө хоорондын тусгаарлах вакум хаалтуудад 27.200.000 төгрөг шаардснаас шүүх 18.500.000 төгрөгөөр тооцов.

Шүүхээс хийсэн үзлэгээр их хэмжээний вакум хаалтуудыг шалнаас тааз хүртэл бэхэлж хийсэн нь тогтоогдсон. Хэрэгт ирүүлсэн дансны хуулгаар 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 9.500.000 төгрөгийг вакум цонх урьдчилгаа утгаар, вакум хаалт ажлын хөлс утгаар 2018 оны 10 дугаар сарын 19-нд 3.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 22-нд 2.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 23-нд 3.700.000 төгрөг, дахин мөн өдрөө 300.000 төгрөг, нийтдээ 18.500.000 төгрөгийг хариуцагч компанийн гүйцэтгэх захирал С.М-н Хаан банкны дансаар шилжүүлжээ. Иймд энэ дүнгээр тооцов.

Нэхэмжлэгчээс өрөө тасалгаа гаргасан вакум хаалт болоод дотоод халаалтын цахилгааны утас, паар зэргийг салгаж авч явах боломжтой, манайд хэрэггүй хэмээн тайлбарласан. Гэвч тухайн вакум хаалтыг зөвхөн тухайн сэндвич барилгын өндөр хэмжээнд тохируулж хийсэн тул салгаснаар зориулалтаар нь дахин ашиглах боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэгчид үлдээж, зардлыг гаргуулав.

д/ Харин тус бүр 5*6*3 м хэмжээтэй, 20 тонн багтаамжтай 3 ширхэг мах хөлдөөх зориулалттай хөргөгч, хөргөгч ажиллуулах зориулалтаар гадна бэхэлсэн 2 ширхэг том хэмжээтэй цахилгааны мотор, 6 эгнээ бэхлэгдсэн гулууз мах гэсгээх, өлгөх зориулалттай шугам, тус бүр 700 кг хэмжээтэй гурван ширхэг шаланд бэхэлсэн мах чаналгын тогоо, ванн болоод бусад тоног төхөөрөмжийн тухайд шүүх хангахгүй орхив.

Үзлэгийн тэмдэглэлээр дээрх тоног төхөөрөмжүүдийг шал эсхүл ханатай бэхэлж суурилуулсан нь тогтоогдсон, хариуцагч хөргөгч зориулалтаар тодорхой хэмжээний хөрөнгө гаргасан болох нь тогтоогдсон хэдий ч зөвхөн махны үйлдвэрийн зориулалтаар ашиглагдах боломжтой тухайн хөрөнгүүдийг түрээслэгч тал өөрийн үйл ажиллагааг явуулах үүднээс суурилуулсан. Нэхэмжлэгч махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй, төхөөрөмжүүдийг ашиглахгүй гэж тайлбарлаж байх тул шүүх энэ тохиолдолд Иргэний хуулийн 321 дүгээр зүйлийн 321.9-д зааснаар түрээслүүлэгч татгалзах эрхтэй гэж үзэв.

Үүнээс гадна тухайн хөргөгч, мотор, тогоо, өлгөх шугам зэргийг зөөх, салгах боломжгүй, хэрэв салгасан тохиолдолд дахин зориулалтын дагуу ашиглах, хэрэглэгдэх боломжгүй болох талаарх баримтыг хариуцагч ирүүлээгүй болно. Иймд энэ зардлуудыг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй, хариуцагч газарт бэхэлснийг салган авч явж чөлөөлөх нь зүйтэй.

10.5.Дээрхийг нэгтгээд шүүх сөрөг нэхэмжлэлээс хүлээн зөвшөөрсөн зардал 32.697.000 төгрөг, цахилгааны ЦТПН зардал 20.813.700 төгрөг, сэндвич барилга 14.460.000 төгрөг, дотоод халаалт тог цахилгаан паар суурилуулсан 17.921.400 төгрөг, өрөө хоорондын тусгаарлах хана 18.500.000 төгрөг, нийт 104.392.100 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Ю Б м ХХК-иас 94.032.314 /ерэн дөрвөн сая гучин хоёр мянга гурван зуун арван дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28.078.079 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000, Э-000000000 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрлэлийн төвийн бүс, 00 тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 461 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаяг дах 960 мкв газрыг, түүнд байршуулж суурилуулсан тус бүр 5*6*3 метр хэмжээтэй, 20 тонн багтаамжтай 3 ширхэг мах хөлдөөх зориулалттай хөргөгч, 2 ширхэг цахилгааны мотор, 6 эгнээ мах гэсгээх, өлгөх зориулалттай шугам, тус бүр 700 кг хэмжээтэй гурван ширхэг мах чаналгын тогоо, ванн болоод бусад тоног төхөөрөмжийг салган авч чөлөөлж өгөхийг хариуцагч Ю Б м ХХК-д даалгасугай.

 

2.Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар Б.Г-с 104.392.100 /нэг зуун дөрвөн сая гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж Ю Б м ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 234.028.855 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 838.702 төгрөг, хариуцагчаас төлсөн 1.850.055 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 698.311 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 679.912 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ