Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 440

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа ,

            Улсын яллагч Д.Дэлгэрмаа,

            Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Нарангэрэл нарыг оролцуулан

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Б.Гт холбогдох 201525030028 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 35-69 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1987 оны 10 дугаар сарын 30-ны ялын хугацаа дуусч суллагдсан,

Улаанбаатар хотын гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 253 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сар хорих, 153 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих, 276 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сар хорих, 278 дугаарзүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сар хорих, бүгд 4 жил 6 сарын хугацаар хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор 1 жил 6 сарын хорих ялыг хасаж, 1991 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдасан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 181 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 224 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Б.Г  (РД:00000000000)

Шүүгдэгч Б.Г нь

-2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод байхдаа иргэн Д.Эрдэнэбулганыг Монгол улсаас Унгар улсад суух элчин сайд Т.Гандигийн нэр дээр урьсан тухай хуурамч урилга үйлдэж Унгар улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яаманд хүргүүлсэн,

-2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод байхдаа иргэн Ч.Баянтогоог Монгол улсаас Итали улсад суух элчин сайд Ш.Одонбаатарын нэр дээр урьсан тухай хуурамч урилга үйлдэж Итали улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яаманд хүргүүлсэн,

-2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Бельги улсад байхдаа иргэн Д.Хүрлээ, Л.Бямбацэрэн нарыг гэр бүлээр нь Монгол улсаас Бельгийн вант улсад суугаа элчин сайд Д.Хишигдэлгэрийн нэр дээр урьсан тухай хуурамч урилга үйлдэж Бельги улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яаманд тус тус хүргүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-…“Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.”

            Б.Ганхуяг мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлэхдээ-…Би 2015 оны 01 сарын үед БНХАУ-ын Бээжин хотод байхдаа Д.Эрдэнэбулган, Ж.Мөнх-Итгэл нарыг европын орнууд руу явуулж өгнө гэж итгүүлж хуурамч бичиг баримт үйлдэж виз мэдүүлсэн. Тэгтэл Д.Эрдэнэбулган, Ж.Мөнх-Итгэл нарын виз мэдүүлсэн хүсэлт хуурамч байна гэдэг нь мэдэгдсэн учраас виз нь гараагүй. Тэр асуудлаас болж хохирогч нар хэл ам хийж эхэлсэн байсан учраас би БНХАУ-аар дамжаад Турк, Туркаас Серби, Унгар Австри, Чех, Швед, Голланд, Англи улсуудаар явж байгаад өнөөдөр Монгол улсад ирээд хил дээр баригдсан. Дээрх хэрэгт надтай хамтран амьдарч байсан А.Байгалсүрэн гэдэг хүүхэн шалгагдсан байсан, үнэн чанартаа Байгалсүрэн нь намайг хуурамч материал бүрдүүлж  виз мэдүүлэх гэж байсныг бол огт мэдээгүй би түүнд юу ч хэлээгүй, би А.Байгалсүрэнд надад олон тооны танил хүмүүс байгаа, виз гаргуулж өгч чадна гэж л хэлж итгүүлж байсан. Би хохирогч нараас бэлэн мөнгө аваагүй, тэд нар надаас БНХАУ-ын Бээжин хотод очиж байрласан замын зардал, зочид буудлын мөнгө зэрэг зардлыг нэхэмжилж байгаа байхаа ...” гэжээ.

            Б.Ганхуяг мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ:-...Би Монгол улсаас гадаад улсад суугаа элчин сайдын яамдын албан бланкийг компьютер дээрээ дуурайлган хийсэн, тэгээд хуурамч бланк дээрээ иргэдийг тухайн улсад хүрэлцэн ирэхийг урьсан тухай хүсэлтийг бичиж, Монгол улсаас тухайн орнуудад суух элчин сайдуудын гарын үсгийг хуурамчаар үйлдээд, БНХАУ-ын Бээжин хотод суух Европын орнуудын элчин сайдын яаманд хүргүүлж виз мэдүүлсэн хэргийг үйлдсэн. Элчин сайдуудын гарын үсгийг өөрөө зохиож зурсан, энэ бүх хуурамч бичиг баримтыг БНХАУ-ын Бээжин хотод хийсэн. Энэ хэрэгт хэн нэгэн хүн орлцоогүй, би өөрөө ганцаараа үйлдсэн. Тухайн үед хамтран амьдарч байсан А.Байгалсүрэнд манай нар элчин сайдын яаманд ажилладаг, найдвартай хүмүүс бий тэр шугамаараа дамжуулж иргэдийг Шенгений орнууд руу явуулах виз мэдүүлбэл найдвартай гарна, явах хүсэлтэй хүн байвал хөөцөлдөж үзье гээд А.Байгалсүрэнгээр үнэгүй.мн интернет сайт дээр зар тавьсан. Зарын дагуу хүмүүс ирж А.Байгалсүрэнтэй ирж уулзан зөвшөөрсөн байсан. Энэ үед би Бээжинд байсан бөгөөд тухайн хүмүүсийг Бээжинд ирэхэд нь хүлээн авч уулзсан. Иргэд зохих журмын дагуу өөрсдөө бүрдүүлж ирсэн материал дээр нь би нэмж урилга хүссэн тухай баримтыг хавсаргаж элчин сайдын яамдуудад өгсөн. А.Байгалсүрэн нь намайг хуурамчаар бичиг баримт үйлдэж байгааг мэдээгүй, би ч түүнд тодорхой зүйл хэлээгүй. Тийм учраас А.Байгалсүрэн нь хэрэгт оролцоогүй. Хамгийн анх 2015 оны 01 сарын эхээр Бээжинд Э.Манлай, Баяр-эрдэнэ, Д.Гантогтох, Болдбаатар, Б.Баярцогт, Д.Эрдэнбулган, Ж.Мөнх-Итгэлт нарын 7 хүн ирсэн, тэгээд Э.Манлай, Баяр-эрдэнэ нар нь 7 хоног шоудаж байгаад виз мэдүүлэхээ болилоо гээд Монгол буцсан. Бусад хүмүүсийн материалыг тухайн улсуудын элчин сайдын яаманд өгч мэдүүлсэн. Үүнээс Д.Гантогтох, Болдбаатар нарын виз хүссэн материал дунд ямар нэгэн хуурамч бичиг баримт хавсаргаагүй байсан учраас Болдбаатарын виз нь гарч Швед улсад, Д.Гантогтохын виз нь гарч Франц улсад зохих журмын дагуу явсан. Харин Б.Баярцогтын ар гэрт асуудал гарсан гээд өөрөө сайн дураараа материалаа татаж аваад нутаг буцсан. Түүний материалыг визэнд оруулаагүй юм. Д.Эрдэнэбулган, Ж.Мөнх-Итгэлт нарын материалыг Бельги улсаас Бээжин хотод суугаа элчин сайдын яаманд хүргүүлсэн боловч нэмэлт бичиг баримт шаардаж татгалзсан хариу гарсан. Ингээд би Д.Эрдэнбулган, Ж.Мөнх-Итгэлт нарт дахиж өөр улсын элчин сайдын яаманд виз мэдүүлж болно гэхэд өөрсдөө зөвшөөрсөн. Тэгээд тэр 2 Монголд очиж шинэ гадаад паспорт аваад 2015 оны 02 дугаар сарын эхээр Ч.Баянтогоо гэдэг эмэгтэйтэй хамт гурвуул Бээжинд ирсэн. Ингээд би тэр гурвын материалыг тухайн улсуудын элчин сайдын яаманд хүргүүлсэн. Ингэхдээ хуурамч урилгуудыг үйлдэж хавсаргасан байсан учраас виз олгогдоогүй. Ингээд л тэр 3 нутаг буцсан. Би дээрх иргэдээс ямар нэгэн урьдчилгаа мөнгө төгрөг аваагүй, анх тохирохдоо виз гарсны дараа нэг хүнээс 1800 евро авахаар ярилцсан байсан. Тэр болтол тээврийн зардал, зочид буудал, хоол хүнс, банкны баталгаа болон орчуулгын зардал заргийг хувь хүмүүс өөр өөрсдөө дааж явахаар харилцан тохиролцож зөвшөөрсний үндсэн дээр Бээжинд ирцгээсэн байсан. Би хуурамчаар үйлдэж байсан урилгуудыг бүгдийг нь файлаар нь устгасан. Одоо надад хадгалж үлдсэн ямар ч урилга, хүсэлт бичиг баримт байхгүй нэжээ.

            Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

            1.Ж.Мөнх-Итгэлтээс:-А.Байгалсүрэнг 2015 оны 01 сараас хойш мэднэ. Энэ хүн Шенгений виз гаргана гэж зар өгсөн байсан. Үүнийх нь дагуу очиж уулзаж байсан. Б.Ганхуягтай Бээжинд очиж танилцсан, Байгалсүрэнгийн нөхөр нь гэж мэднэ. Эхнэр нь виз, Шенгений орнуудын виз гаргана гэж зар өгч хүмүүс цуглуулаад нөхөр Ганхуяг дээрээ Бээжин хот руу дагуулж явдаг юм билээ. 2015 оны 01 сарын үед Эрдэнэбулган хэлэхдээ шенгений орнуудын виз 1600 еврогоор гаргадаг хүн байна, би уулзлаа, 4-5 хүнийг Бээжин рүү авч явж тэнд байдаг шенгений орнуудын элчин сайдын яамдуудад визэнд оруулна гэж байна гэж хэлсэн. Бээжин явахынхаа өмнө Эрдэнбулган, Магнай, Баяраа бид нар Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төв дээр очиж А.Байгалсүрэн гэж хүүхэнтэй анх уулзаж байсан. Энэ хүүхэн материалуудаа бүрдүүлж байна уу, тийм тийм юм бүрдүүлнэ шүү гэж зааж хэлж өгч байсан, мөн маргааш нөгөөдрөөс явна шүү, өнөө маргаашгүй юмнуудаа бүрдүүлээрэй гэж хэлж байсан. Цаг хугацаа нь их давчуу л юмнуудаа бүрдүүлж байсан. Ингээд 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Баасан гаригт Замын-Үүдийн галт тэргэнд би, Эрдэнэбулган, Байгалсүрэн, Баяраа, Манлай, Болдбаатар, Баярцогт, Гантогтох гээд манай аавын эгчийн хүүхэд наймуулаа суусан. Болдбаатар, Баярцогт нарыг нь харж байгаагүй., Байгалсүрэнтэй л зарын дагуу холбогдож уулзсан хүмүүс байх. Бид өөрсдөө галт тэрэг, очоод байрлах буудал, хоолны мөнгөө даахаар Байгалсүрэнтэй тохиролцсон байсан, виз гаргуулахаар урьдчилгаа мөнгө өгөөгүй. Бээжинд 2015 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө очиж Байгалсүрэнгийн нөхөр Ганхуяг гэж залуутай уулзсан, тэрээр бидэнд урьдчилаад буудал захиалсан байсан. Эрдэнэбулган, Гантогтох, Манлай, Баяраа бид хамтдаа “Zohlang” гэдэг зочид буудалд буусан. Бид нарыг очиход та нарын материалыг өгөх арай болоогүй, материалууд, аппликейшн зэргийг чинь бөглөж бүрдүүлж байна. Шөнөжингөө нойргүй суулаа гэх мэтээр Байгалсүрэн, Ганхуяг хоёр хэлээд байдаг байсан. Хэд хоногийн дараа Эрдэнэбулган бид хоёрын визний материалыг аппликейшн төвд байх Бельги улсын элчин сайдын яамны цонхонд, Гантогтохын материалыг Швед улсын элчин сайдын яамны цонхонд өгсөн. Хариу нь 7-14 хоногт гарна гэж Ганхуяг хэлж байсан. Ингээд материал өгсөнөөс хойш 10 гаран хоносон. Хариугаа авсан чинь Эрдэнэбулган бид хоёрын виз гараагүй, ногоон өнгийн дардас дарсан байсан. Гантогтохын виз гарсан тул А.Байгалсүрэнгийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар нь ар гэрийхэн нь мөнгө 2 тасалж явуулж байж визтэй паспортоо авсан. Ингээд Эрдэнэбулган бид хоёр 2015 оны 02 сарын 3-4-ний үед ирсэн. Бид хоёрыг явахаас өмнө Ганхуяг хэлэхдээ “Та хоёрыг буцаад ирвэл би ёстой найдвартай урилган дээр оруулаад визийг чинь гаргаад өгч чадна, та хоёр яаралтай буцаад ирээрэй, манай эхнэр Байгалсүрэнд харин битгий мэдэгдээрэй” гэж хэлсэн. Ингээд 2015 оны 02 дугаар сарын 20-дын үеэр би өөрийн найзын дүү Ч.Баянтогоог дагуулаад Бээжин хотод очсон. Ганхуяг өөр нэг хүн байж болно гэсэн юм. Очоод Бээжинд 2-3 хоноод, миний визний материалыг Мальт улсын элчин сайдын яаманд өгсөн. Эрдэнэбулганыхыг Унгар улсын, Ч.Баянтогоогийн материалыг Итали улсын элчин сайдын яамны аппликейшн төв дээр байх цонхнуудад аваачиж өгсөн. Үдээс хойш нь Эрдэнэбулганы визийг буцаасан. Ганхуяг бидэнд орчуулж хэлэхдээ манайх удаан хугацааны виз гаргадаг, түр виз олгодоггүй гэж хэлээд буцаачихлаа гэж хэлж байсан. Эрдэнэбулган маргааш нь нутаг буцсан. Баянтогоо бид хоёрын визний материал хүлээгдсэн, миний визний хариу 2015 оны 3 дугаар сарын 08-09-ний үед гарсан, татгалзсан хариу авсан. Баянтогоогийн виз минийхээс хойш 2-3 хоногийн дараа гарахдаа мөн татгалзсан хариу авсан. Паспортон дээр нэг хар тамга дарсан байснаас гадна нэг бичиг өгсөн нь гэрт байгаа. Бид хоёр 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ирсэн. Хуурамч гэдгийн нь мэдээгүй, Эрдэнэбулганыг Унгарт суугаа элчин сайд Гандигийн өгсөн урилгаар оруулж байгаа, ёстой найдвартай, Эрдэнэбулганаа чи дүү нь болж орно шүү гэж Ганхуяг хэлсэн. Тэгээд Эрдэнбулган ганцаараа элчин сайдын яам руу ороод ойлголцохгүй байсан учир араас нь Ганхуяг орсон. Тэр урилгыг хаанаас, хэнээс, хэрхэн авсан, хэрхэн хийдэг талаар нь мэдэхгүй байна, би яг урилгыг нь хараагүй. 2015 оны 01 дүгээр сард очиход Монгол улсын төрийн сүлдтэй, англи хэл дээр бичигдсэн урилгыг нь харсан, элчин сайдын яамны гэх канондсон 1 хуудас бичиг байсан. 2 дахь удаагийн явалтаар намайг Мальт улсын визэнд ямар урилгаар оруулсныг мэдэхгүй байна. Урилга энээ тэрээгээ бидэнд ерөөсөө харуулдаггүй шүү дээ. Эрдэнэбулган бид хоёр 2 удаагийн явалтаар 5-6 сая төгрөг зарцуулсан, бүгдийг нь нэхэмжилнэ. Гантогтохын визийг гарсны дараа Байгалсүрэн хэлэхдээ “ визний мөнгөө хурдан өг, Болдоо мөнгө төгрөгөө нэхээд байна, цаад урилга явуулсан хүн амьтандаа мөнгө өгөх гээд сандаргаад байна” гэж хэлдэг, мөн “мөнгөө өгөхгүй бол энэ визийг чинь ураад хаячихна шүү” гэж хэлдэг байсан. Виз гарсан хүмүүсээс мөнгө авах асуудлыг Байгалсүрэн мэддэг, хүмүүс мөнгөө түүнд, эсвэл түүний дансаар мөнгөө өгдөг байсан. Эрдэнэбулган Байгалсүрэнгийн эгчээс Гантогтохын мөнгө гэж 1000 долларыг авч Гантогтохын ээжид өгсөн гэж байсан. Өөр мөнгө авсан эсэхийг би мэдэхгүй байна. Биднийг 2015 оны 01 дүгээр сард Бээжин явчихаад ирсэнээс хойш Байгалсүрэн Эрдэнэбулганыг байнга гэртээ дуудаж уулздаг, бие өвдөөд байна, хүүхэд сургуульд хүргээд өг, бие өвдөөд байна ирээд хоол хийгээд өг гэх мэтээр байнга дуудаж уулздаг байсан. Мөн нөхөр Ганхуяг нь Эрдэнэбулган бид хоёрт буцаад Бээжинд хүрээд ирээрэй, найдвартай урилгаар виз даруулж өгнө, Байгалсүрэнд битгий мэдэгдээрэй гэж гуйгаад байсан болохоор бид хоёрыг Бээжин явахыг мэдчих байх гэж бодоод гэрт нь очдог байсан. Мөн бие нь муу байгаа бол манай эхнэрт байнга тусалж байгаарай гэж Ганхуяг хэлсэн болохоор Эрдэнэбулган гэрт нь очдог байсан. Гантогтох 2015 оны 02 дугаар сарын сүүлээр явсан, одоо Франц улсад байгаа гэжээ.

            2.Л.Мягмарсүрэнгээс:-...Би 2012 оны 10 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Монгол улсаас Белгийн вант улсад суугаа элчин сайдын яаманд элчин зөвлөх \Minister Counsellor\ албан тушаалд ажиллаж байгаад ирсэн. 2015 оны 01 сарын 05-ны өдөр Белгийн вант улсад ажиллаж амьдарч байсан. Хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд байгаа урилга гэх англи хэл дээр бичигдсэн баримтыг харлаа. Энэ бичиг баримт бол илт хуурамч байна, манай элчин сайдын яамны бланкийг Монгол улсад хэвлүүлж хэрэглэдэг, 2 янзын бланк байдаг, 1-рт Монгол улсын төрийн байгууллагуудтай харьцахдаа дээрээ сүлдтэй, манай элчин сайдын яамны нэр, хаяг, холбоо барих утас, факсны дугаар нь Монгол хэл дээр бичигдсэн албан бланк ашигладаг. 2-рт гадаад улсын байгууллагуудтай харьцахдаа дээрээ Монгол улсын сүлдтэй, манай элчин сайдын яамны нэрийг англи хэлээр бичсэн хаягтай, нот бичгийн бланк ашигладаг. Хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд байгаа баримт дээд хэсэгтээ соёмботой, үг үсгийн алдаатай, хаяг нь зөв боловч алдаатай байна. Манай элчин сайдын яамны хаяг нь Embassy Mongolia Avenue Besme 18, 1190 Forest Brussels Belgium гэсэн хаягтай байгаа. Үзүүлж байгаа урилга гэх бичиг дээр Foret гэж алдаатай бичигдсэн, доод бичиглэлүүд нь ч гэсэн алдаатай бичиг байна. Нот бичиг дээр зөвхөн элчин сайдын гарын үсэг зурж, тамга дардаг. Миний албан тушаалыг доод хэсэгт нь бичиж, доогуур нь зураас татсан байна. Манайх зураас татдаггүй, Нот бичиг бол тамгатай, хувийн захидал бол заавал гарын үсэгтэй байх ёстой. Таны үзүүлж байгаа бичигт миний гарын үсэг зурагдаагүй, захидал ч биш, нот бичиг ч биш байна. Миний овог нэр, албан тушаалыг зөв бичсэн боловч энэ тухай мэдээллийгг хаанаас ч авч болно. Тухайлбал Монгол улсын гадаад харилцааны яамны вэб сайтаас авч болно. Уг сайтад ажилчдын мэдээлэл байгаа. Мөн манай элчин сайдын яамны вэб сайт, хүмүүст тараасан нэрийн хуудаснаас, мөн Люксенбург, Нидерландын асуудлыг Бельги улс дахь элчин сайдын яам хавсардаг байсан тул тэдгээр орны гадаад хэргийн яамны вэб сайтаас Бельгийн вант улс дахь бүх дипломатуудын нэр албан тушаал элчин сайдын яамны утас, факсын дугаарыг  авч болно гэжээ.

Мөрдөн байцаалтад Л.Бямбацэрэн хохирогчоор мэдүүлэхдээ: -…Анх 2015 оны үед нөхөр Д.Хүрлээ бид хоёр хүүхдүүдээ аваад гэр бүлээрээ Швед улсад гарч амьдрах зорилготой байсан. Тэгээд найдвартай виз гаргадаг хүн хайж сураглаж байтал Шведэд амьдардаг манай төрсөн эгч Л.Цэрэнбат нь өөрийгөө Отгоо гэж танилцуулсан гадаадад амьдардаг эрэгтэй хүнтэй холбож өгсөн. Отгоо өөрөө интернетээр бид нартай холбогдсон бөгөөд та 2 гэр бүлээрээ гарах гэж байгаа юм чинь виз найдвартай гарна, гадаадаас найдвартай урилга явуулж өгнө, гадаадад суугаа элчин сайдын яаманд миний ойрын хамаатны хүн байдаг учраас ямар ч асуудалгүй, виз гарсны дараа хөлсөнд нь 3800 евро авна, БНХАУ-ын Бээжин хотод очиж визэнд орно, тэр хүртэлх бүх замын зардлаа өөрсдөө хариуцаж явах ёстой гэж хэлсэн. Тэгээд Отгоо монголд байдаг О.Ганбат гэх залууг бид нартай холбож өгсөн. О.Ганбат нь өөрөө урьд өмнө нь Отгоогоор дамжуулж гадаад руу явж байсан гэж бид нарт танилцуулж байсан. Тэгээд О.Ганбат нөхөр бид хоёртой хамт явж шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж өгөхөд тусалсан бөгөөд банкны баталгаа гаргуулж өгсөн. Банкны баталгааг хаана, хэнээр гаргуулсан гэдгийг бид нар мэдээгүй, үйлчилгээний хөлс гэж бэлэн 440,000 төгрөгийг авсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын дундуур нөхөр Д.Хүрлээ бид хоёр охин Жаргалзаяаг \5 сартай байхад нь\ авч БНХАУ-н Бээжин хотод очсон. Бээжинд очиход Далай гэх танихгүй өвөр монгол хүн бид нарыг тосч аваад буудалд байрлуулж орчуулга хийж үйлчилж өгсөн. Далай нь Отгоог зүс танина гэж ярьж байсан, ямар харьцаа холбоотой болохыг нь тодорхой мэдээгүй. Тэгээд бид нар бээжинд байдаг Люксенбургийн вант улсын элчин сайдын яманд материалыг өгсөн бөгөөд 8 хоногийн дараа виз олгохоос татгалзсан хариу гарч нутаг буцсан. Тэгээд Монголд ирээд байж байтал хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн, бид нар өөрсдөө цагдаагийн байгууллагад хандаагүй байсан юм. Тэр явдлын дараа О.Ганбат нь бас цагдаа дээр шалгагдсан бөгөөд хохирлын мөнгө гэж 900,000 төгрөгийг буцааж өгсөн. БНХАУ-ын Бээжин хотод байх тухайн улсын элчин сайдын яаманд бүх материалыг эх хувиар өгсөн. Тухайн үед бол баримтууд нь байсан юм аа, одоо дээрх баримтуудыг гээгдүүлсэн учраас үлдсэн баримт байхгүй байна. Нөхөр бид хоёроос тухайн үед нийт 4 сая төгрөгийн зардал гарсан, үүнээс 900.000 төгрөгийг нь О.Ганбатаас буцааж авсан, үлдэгдэл хохирлоо барагдуулж аваагүй байгаа. Би цагдаагийн байгууллагаас хохирлын мөнгө болох 3 сая төгрөгийг хүлээж авсан учраас одоо цаашид нэхэмжлэх зүйл болон ямар нэгэн хохирол, гомдол санал байхгүй, би шүүх хуралд оролцохгүй, цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйл байхгүй. О.Ганбат нь банкны баталгааг хуурамчаар хийж өгсөн гэж сүүлд нь өөрөө хэлж байсан, түүнийг Отгоотой ямар харьцаа холбоотой болохыг нь би мэдэхгүй байна. Нөхөр бид 2 Отгоотой интернэтээр харьцаж байснаас биш царай зүсийг нь харж уулзаж байгаагүй, жинхэнэ овог нэрийг нь мэдэхгүй гэжээ.  

Мөрдөн байцаалтад Д.Эрдэнэбулган хохирогчоор мэдүүлэхдээ:-…2015 оны 01 дүгээр сарын эхээр, өдрийг нь санахгүй байна таксинд сууж явахдаа суусан таксины жолооч Баяраа болон түүний найз гэх 2 залуутай замдаа “монголд ажиллаж амьдрах үнэхээр хэцүү байнаа, гадагшаа гарч ажиллах юмсан...” энэ тэр гээд ярьж байтал Баяраа нь би Шенгений виз гаргадаг нэг хүнтэй холбогдсон гэхээр нь би тэгвэл тэр хүнтэй чинь ярьж хамт хөөцөлдье л дөө гэхэд зөвшөөрөөд маргааш нь бүрдүүлэх материалуудыг нь Баяраатай холбогдож асуугаад 3 хоногийн дотор бүрдүүлээд миний хамтран амьдрагч Мөнх-Итгэлт, түүний хамаатны дүү Гантогтох бид дөрөв Хан-Уул дүүргийн 19-ын үйлчилгээнийй төв дээр анх Байгалсүрэнтэй уулзсан. Байгалсүрэн бүрдүүлсэн материалуудыг үзээд баасан гарагт явна, энэ материал дээрээ нэмж банкны баталгаа, цагдаагийн газрын бичиг нэмж бүрдүүл, шенгений виз нэг хүний 1600 еврогоор гаргана, найдвартай энэ ажлыг 10 жил хийж байна, дутуу материалуудаа нэмж бүрдүүлээд баасан гарагийн орой 20 цагт вокзал дээр уулзъя гэж хэлсэн. Мөнх-Итгэлт, Гантогтох бид гурвыг очиход Байгалсүрэн, Баяраа түүний хамаатны Манлай, Баярцогт, Болдбаатар гэж залуус бас байсан. Нийлээд 8 хүн явсан. Бид нарт урьдчилаад буудал захиалсан байсан. Мөнх-Итгэлт, Баяраа, Магнай, Гантогтох бид тав “Zohlang” гэдэг буудалд буусан. Баярцогт, Болдбаатар нар Ганхуяг, Байгалсүрэн нартай хамт “Сан Лайтин” гэдэг нэртэй зочид буудалд буусан. Энэ 2 буудал хоорондоо маш ойрхон. Ингээд материалууд өгсөнөөс хойш бид арай хямдхан буудалд буусан. Тэгээд утасдаад асуухаар Ганхуяг виз чинь гарахаар би шууд хэлнээ гэдэг л байсан. Бараг 20-иод хоног тэнд байсан. Энэ хооронд Байгалсүрэн утасдаж мөнгөө бэлдээрэй, виз чинь гарчихвал мөнгөө авсаны дараа паспортыг чинь өгнө шүү гэж байнга хэлдэг байсан. Бас нэг хүний 1600 евро биз дээ гэхээр үгүй 1800 евро би та нарт анхнаасаа хэлсэн гээд байсан. Монголд очиж тооцоо хийнэ гээ биз дээ гэхэд үгүй, эндээ тооцоо хийчихээд би цаашаа явна, Монгол руу буцахгүй гэж байсан. 17 хонож байхад Гантогтохын Швед улсын виз гараад 2200 ам долларыг Байгалсүрэнгийн Худалдаа хөгжлийн банкны дансанд гэрийхэн нь шилжүүлээд паспортоо авсан. Болдбаатарын виз мөн гарсан, аль улсынх гэдгийг нь мэдэхгүй байна, мөнгөө бэлэн юанаар өгөөд паспортоо авчихлаа гээд ирсэн, яг өгч авч байхыг нь бол хараагүй, бусдынх нь виз гараагүй, бидний штампны хугацаа тулчихаад паспортоо авъя гэж нэхэж байж гадаад паспортуудаа аваад 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Монголд орж ирсэн. Байгалсүрэн бидэнтэй хамт ирсэн. Визний урьдчилгаа мөнгө гэж өгөөгүй,  Мөнх-Итгэлт бид хоёр нийт 2 удаагийн явалтаар 7 сая орчим төгрөг зарцуулсан, гэхдээ баримттай нь 3 сая гаран болж байна. Хоол ундны мөнгөний баримт байхгүй. Би хохирлын мөнгө гэж Байгалсүрэнгээс мөнгө аваагүй. Харин Гантогтохоос авсан мөнгө гэж 1000 долларыг надад өгсөн, энэ мөнгийг Гантогтохын ээж Амбаа гуайд өгсөн. Би Байгалсүрэнгээс 3500 ам доллар аваагүй, намайг Шар хадны эмнэлэг дээр хүрээд ир, чи хань болоодхооч гэж дууддаг байсан, тэгээд өөрөө санаачилгаараа би Гантогтохоос авсан мөнгө гэж 1000 долларыг буцааж өгнө, эхнээсээ хохирлоо дарж гомдолгүй гэсэн бичиг авмаар байна гээд л өгсөн, мөнгө өгсөн талаараа надаар гарын үсэг зуруулж авсан. Би өөрт учирсан хохирлын мөнгө болох 2 сая төгрөгийг барагдуулж хүлээн авсан байгаа тул одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед надаас 5 сая гаруй төгрөгийн зардал гарсан боловч би нотлох баримтыг бүрэн гүйцэт бүрдүүлээгүй учраас үлдэгдэл хохирлыг нэхэмжлэх шаардлага байхгүй, би баримтаар тогтоогдсон хохирлын мөнгөө гаргуулж авсан учраас цаашид надад хуулийн байгууллагаар шалгуулах зүйл байхгүй. Гантогтох, Баярцогт, Манлай, Мөнхбаяр нар бол анх Мөнх-Итгэлт бид хоёртой хамт Бээжинд очсон хүмүүс мөн байна. Манлай, Мөнхбаяр нар нь визэнд оролгүй Монгол буцсан, дараа нь Баярцогт нутаг буцсан. Гантогтох, Болдбаатар нарын виз нь гараад европ руу явсан. Болдбаатарын овог нэр регистрийн дугаарыг нь би мэдэхгүй байна. Ч.Баянтогоо бол 2 дахь удаагийн явалтан дээр Мөнх-Итгэлт бид хоёртой хамт Бээжинд очсон хүүхэн мөн байна гэжээ.  

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл шүүгдэгч Б.Г нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод байхдаа иргэн Д.Эрдэнэбулганыг Монгол улсаас Унгар улсад суух элчин сайд Т.Гандигийн нэр дээр урьсан мэт хуурамч урилга үйлдэж Унгар улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яаманд хүргүүлсэн, мөн сарын 27-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод иргэн Ч.Баянтогоог Монгол улсаас Итали улсад суух элчин сайд Ш.Одонбаатарын нэр дээр урьсан мэт хуурамч урилга үйлдэж Итали улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яаманд хүргүүлсэн, мөн оны 12 дугаар сарын 14-ний өдөр Бельги улсад байхдаа иргэн Д.Хүрлээ, Л.Бямбацэрэн нарыг гэр бүлээр нь Монгол улсаас Бельгийн вант улсад суугаа элчин сайд Д.Хишигдэлгэрийн нэр дээр урьсан мэт хуурамч урилга үйлдэж Бельги улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яаманд тус тус хүргүүлсэн болох нь шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Бямбацэрэн, Д.Эрдэнэбулган нарын мэдүүлэг, гэрч Ж.Мөнх-Итгэлт, Л.Мягмарсүрэн нарын мэдүүлэг,

Монгол улсаас Бельгийн вант улсад суугаа элчин сайдын яамны элчин сайд Х.Даваадоржоос КГ-ын захирал Н.Батаа гэх хүнд 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр илгээсэн цахим шуудангийн хариунд “Тус ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байсан Л.Мягмарсүрэнгээс Бээжин дэх Бельгийн ЭСЯ-нд хандаж Даваагийн Эрдэнэбулган, Жамбалсүрэнгийн Мөнх-Итгэлт нарын нэр дээр виз хүссэн албан захидлын хувь олдохгүй байна. Л.Мягмарсүрэн томилолтын хугацаа нь дуусаад нутаг буцсан тул түүгээрээ холбоо барьж тодруулна уу” гэх е\06\15\142 дугаартай албан тоот,

Монгол улсын гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Н.Батаа элчин сайд З.Алтай, элчин сайд Т.Ганди, элчин сайд Х.Даваадорж, элчин сайд Л.Дүгэржав, элчин сайд Ш.Одонбаатар нарт “ЦЕГ-ын ЗБГХТГ-аас эрүүгийн 201525030028 дугаартай хэргийг мөрдөн шалгаж байгаатай холбогдуулан ЭСЯ-даас албан бичигт дурдсан гадаад улсын ДТГ-уудад визийн холбогдолтой асуудлаар факс хүргүүлсэн эсэх, хүргүүлсэн бол факсын дугаар, виз хүссэн иргэдийг таних эсэх, харилцаа холбоотой эсэх, мөн ЭСЯ-ны факсын дугаар зэрэг мэдээллийг ирүүлэхийг хүсэв” гэсэн 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн албан тоот,

Монгол улсаас Унгар улсад суугаа элчин сайдын яамны Элчин сайд Т.Гандигаас ГХЯ-ны КГ-ын захирал Н.Батаад 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн е\07\15\164 тоот цахим шуудангаар “Монгол улсаас Унгар улсад суугаа Элчин сайд Т.Ганди надад Даваагийн Эрдэнэбулган гэж дүү байдаггүй бөгөөд миний ах, дүү, төрөл төрөгсөд дунд ч ийм хүн байхгүй, танихгүй болно. Элчин сайд миний зүгээс болон ЭСЯ-наас БНХАУ-д суугаа Унгар улсын ЭСЯ-нд хандан виз хүсэлтийн асуудлаар факс, емайл илгээж байгаагүйг нотолж байна.” гэх тайлбар,

Монгол улсаас Шведийн вант улсад суугаа элчин сайдын яамны Элчин сайд З.Алтайгаас ГХЯ-ны КГ-ын захирал Н.Батаад 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн е\12\15\415 тоот цахим шуудангийн хариуд “ЦЕГ-ын ЗБГХТГ-ын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 9д\2140 тоот албан бичигт дурдагдсан асуудлын хүрээнд тус ЭСЯ-аас илгээж буй доорхи холбогдох хариуг уг газрын ЭЗГХТХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбатад уламжилж өгөхийг хүсье. Үүнд:

Уг албан бичигт дурдагдсан Дуваагийн Гантогтох гэх хүнийг Элчин сайд З.Алтай танихгүй ба тус хүнд виз гаргуулахаар БНХАУ-ын Бээжин хот дахь Швед улсын элчин сайдын яаманд факс хүргүүлээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Дээрхи асуудалтай холбогдох хэргийг шалгаж, гарсан үр дүнгийн талаар тус ЭСЯ-нд хариу ирүүлэх арга хэмжээг авна уу гэх хариу тайлбар,

Монгол улсын элчин сайдын яам Софи хотоос КГ-ын захирал Н.Батаад 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 22\03 тоот хариу хүргүүлэх тухай “КГ-ын 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн е\12\15\415 тоот цахим мэдээ, Цагдаагийн Ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 9д\2140 тоот албан бичгээр ирүүлсэн мэдээллийн хариуг үүгээр хүргүүлж байна. Үүнд:

1.Монгол улсаас Болгар улсад суугаа элчин сайд Л.Дүгэржав нь дээрх байгууллагаас ирүүлсэн бичигт дурдсан Баасансүрэнгийн Баярцогтод Болгар улсын виз олгуулах хүсэлт факсаар болон цахим хэлбэрээр илгээж байгаагүй болно.

2.Мөн миний бие Баасансүрэнгийн Баярцогтыг танихгүй болно.

3.Тус ЭСЯ-ны факсын дугаар 00359-2-9630745 болно гэх хариу тайлбар,

Монгол улсаас Бүгд Найрамдах Итали улсад суугаа элчин сайдын яамны Элчин сайд Ш.Одонбаатараас КГ-ын захирал Н.Батаад 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн е\25\15\145 тоотын хариуд “Жамбалсүрэнгийн Мөхн-Итгэлт болон Чойжамцын Баянтогоо гэгдэх ах дүү болон хамаатан садны хүн Монгол улсаас Итали улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатарт байхгүй гэдгийг үүгээр нотлон мэдэгдэхийн сацуу миний бие БНХАУ-ын Бээжин хот дахь Мальта улсын болон Итали улсын Элчин сайдын яаманд хэн нэгнийг урьж виз хүссэн ямар нэгэн албан тоот, урилга явуулаагүй болно. Монгол улсаас Бүгд Найрамдах Итали улсад суугаа ЭСЯ-ны факсын дугаар 0039068540536 болно” гэх хариу тайлбар, Монгол улсаас Унгар улсад суугаа ЭСЯ-ны ноотын албан бланкны загвар, тамганы дардас, элчин сайд Т.Гандигийн гарын үсгийн загвар, Монгол улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа ЭСЯ-ны ноотын албан бланкны загвар, элчин сайд Ш.Одонбаатарын гарын үсгийн загвар болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Боржигон овогт Б Г-ийг хуурамч баримт бичиг үйлдэж, хуурамч болохыг нь мэдсээр байж түүнийгээ ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг харгалзсан болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, ялыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Б.Гийг эрх олгосон баримт бичиг, хэвлэмэл маягт, хүний хувийн байдлыг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Гийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Гийг торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Г нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ