| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2022/00300/И |
| Дугаар | 102/ШШ2024/00822 |
| Огноо | 2024-02-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2024/00822
| 2024 оны 02 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2024/00822 Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: 137.395.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч М.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.А, хариуцагч Ж.Эд холбогдуулан 137.395.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие М.А гурван хүүхдийн аав Ж.Этай 2003 онд танилцаж, 2006 оноос хамт амьдарч эхэлсэн.
Бидний хамтын амьдралын явцад 200 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр том хүү А.С, 2007 оны 05 дугаар сарын 16-нд дунд хүү А.С, 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бага охин Э.С нар мэндэлсэн. 2013 онд бага охин Э.С мэндлэх үед бид нэг өрөө байранд амьдарч байсан ба тус байр миний өмчлөлийн байр байсан.
Ингээд миний зүгээс гурван хүүхэдтэй болсон учраас нэг өрөө байраа зохих хэмжээгээр томруулах зорилгоор 76.000.000 төгрөгөөр зарсан.
Ж.Э бид хоёрын дунд гэр бүлийн маргаан үүсэж, хоёр тийш болсон. Хүүхдүүдийн аав Ж.Э 76.000.000 төгрөгийг үрэн таран хийж дуусгасан тул байрны үнэ 76.000.000 төгрөг, хоёр хүүхдийн сургалтын төлбөр, 2015 онд Төмөр замд байршилтай хоёр өрөө орон сууцыг 8 хувийн зээлд хамрагдаж 80.000.000 төгрөгөөр авсны 50 хувь 40.000.000 төгрөг нийт 137.395.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Өмнө нь 8, 9 жилийн хугацаанд яагаад шүүхэд хандаагүй бэ? гэх асуудлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа дурдаж байна.
Миний зүгээс гэр бүл салснаас хойш шүүхэд хандаж хүүхдийн тэтгэмж авъя гэх хүсэлт гаргаж байгаагүй. Учир нь:
Ж.Э “Х” гэх компанийн захирал ба өөрийн компанийн нэр дээр байдаг орд газар, жоншны уурхайн орд газрыг зарж хоорондоо эв зүйгээ олно гэдэг байсан.
Хүүхдүүдийнхээ амьдрах орон сууц, сургалтын төлбөрийг гаргаж өгөх тул тэвчиж, хүлээж бай гэдэг асуудал тавьдаг байсан учраас хүүхдийн тэтгэмж авахгүй 9 жил орчим хүлээсэн.
Хариуцагч орд газраа зарсан боловч юу ч өгөөгүй.
Зарснаас хойш би жил гаруй хүлээж, янз бүрээр ярилцаж гуйж үзсэн боловч авч чадаагүй.
Иймээс шүүхэд хандаж хүүхдийн тэтгэмжийг 2021 он 11 дүгээр сараас авч эхэлсэн. Одоогийн байдлаар сар бүрийн тэтгэмжийг хүүхдүүдээр утасдуулж, нэхүүлж байж хоёр, гурав хувааж авдаг байдалтай байна, гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн зүгээс охин Э.С сургалтын төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргадаг.
Харин хүү А.Сн сургалтын төлбөрийн хувьд би өөрөө бизнесийн үйл ажиллагааныхаа орлогоосоо тодорхой хэмжээнд төлөлт хийж байсан. Энэ сургалтын төлбөрийг 10 гаруй жилийн хугацаанд огт төлөөгүй, би ганцаараа төлж байсан гэдэг байдлаар нэхэмжлэгч тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтад хүү А.Сийн сургалтын төлбөр тухайн цаг хугацаандаа төлөгдөж байсан гэх баримт байгаа болохоос биш М.А өөрийн мөнгөн хөрөнгөөр төлж байсан эсэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд хүү А.Сийн сургалтын төлбөрийг М.А ганцаараа төлж, Ж.Э огт төлөөгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч 76.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан нэг өрөө байрны төлбөрийг Ж.Э хувьдаа зарцуулж, дуусгавар болгосон гэдэг байдлаар нэхдэг.
Хариуцагчийн хувьд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, тусалдаггүй, хүүхдийн тэтгэвэр, тэтгэмж төлдөггүй мэтээр нэхэмжлэлд тусгагдсан.
Талууд дундаасаа гурван хүүхэдтэй бөгөөд гурван хүүхдэд тэтгэмж олгох асуудлыг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүүхдүүдийн асрамжийг албан ёсоор эх М.Ат үлдээж, Гэр бүлийн тухай хуульд заасан тэтгэмж төлөх үүргийг эцэг Ж.Эд үүрэг болгож шүүхээр шийдвэрлэгдсэн. Энэ хугацаанаас хойш хуульд заасан үүргээ гүйцэтгэж, хүүхдүүдэд хуульд заасан тэтгэмжийг сар тухай бүр олгож байгаа.
Мөн нэг өрөө байр М.Аын өмчлөлд байсан боловч тухайн үед амьдарч байсан бидний гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсан. Ялангуяа энэ байрыг Ж.Э миний бие өөрийн 100 хувийн хөрөнгө орлогоор М.А болон хүүхдүүддээ зориулж худалдан авсан байсан гэх тайлбарыг хариуцагч гаргадаг.
Ингээд мөнгийг үрэн таран хийж, 76.000.000 төгрөгийг авч, нэг ч төгрөг өгөхгүй байгаа гэж тайлбарлаад байгаа нь огт үндэслэлгүй. Учир нь нэг өрөө байрыг зарсан мөнгөнөөс М.А авсан, эсвэл М.Аоос Ж.Эд өгсөн гэх үйл баримт нотлогдож, тогтоогдоогүй.
Талууд хамтран амьдрах хугацаанд бизнесийн үйл ажиллагаанд зориулж М.Аын ах дүү, хамаатаан саданд мөнгө зээлэх тохиолдлууд байсан.
Нэхэмжлэлийн үндсэн шаардлагад дурдагдсан хавтаст хэрэгт авагдсан дансны хуулганд тусгагдсан 10.000.000 төгрөг, 15.000.000 төгрөгийн гүйлгээнүүд нь бусдад зээлсэн өр төлбөрөө авч байсан төлбөрийн гүйлгээнүүд.
Түүнээс биш 2013 онд байр худалдан борлуулж, төлбөрийг нь авч идсэн тохиолдолд 2021 он хүртэл нэхэмжлэл гаргах хүртэл буюу 8 жилийн хугацаанд яагаад ямар нэгэн байдлаар шүүхэд, эсвэл өөр бусад байгууллагад хандаж байгаагүй бэ? гэдэгт үндэслэл бүхий эргэлзээ үүсэж байна.
Ж.Э эцгийнхээ үүргийг гүйцэтгэх гэж өөрийн боломжийн хэрээр хүүхдүүддээ мөнгөн тэтгэмж болон боодолтой өвснүүд өгдөг байсан гэдэг үйл баримт зөвшөөрсөн.
Мөн гурав дахь нэхэмжлэлийн шаардлага хүүхдүүдийг орон сууцаар хангуулах нэхэмжлэлийн шаардлага буюу 80.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх хоёр өрөө байрны үнийн дүнгийн 50 хувийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Ямар хууль зүйн үндэслэлээр дээрх үнийн дүнг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй.
Тухайн байр худалдан борлуулагдаж мөнгөн хөрөнгөөр нэхэмжлэгч өөрөө бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа ба одоо амьдарч байгаа байраа худалдан авсан учраас 80.000.000 төгрөгөөр худалдсан авсан байрны 50 хувь 40.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
Мөн хууль зүйн үндэслэлийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй. Учир нь тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон гэдгийг тэжээн тэтгүүлэгч хүнд нөхцөл байдалд байгаа, асрамжид байгаа эсвэл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд ногдох орлогын хүснэгтээр тогтоосон амьжиргааны доод түвшнээс бага байгаа зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай ийм үйл баримтыг ойлгодог.
Гэтэл хариуцагчийн хувьд Гэр бүлийн тухай хуульд зааснаар гурван хүүхдэдээ тэтгэмжийг цаг тухай бүрд өгч байгаа тул дээрх санхүүгийн нөхцөл байдалд орсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас нэг өрөө байрыг худалдан борлуулсан мөнгийг хариуцагч захиран зарцуулсан гэх 76.000.000 төгрөг, хүүхдүүдийг орон байраар хангуулахад шаардлагатай 80.000.000 төгрөгөөр худалдан авсан байрны 50 хувийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний 40.000.000 төгрөгийг гаргуулах болон хүү А.Сийн сургалтын төлбөрт нэхэмжилсэн 14.495.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн зүгээс тодорхой үйл баримтуудыг болон хариуцагчийн хувийн байдлын талаар дурддаг. Хариуцагч одоо хувьдаа бизнестэй, мөнгөтэй, уурхайтай, мал аж ахуйтай гэх тайлбарыг хэлдэг бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагддаг.
Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн хувийн байдлыг тодруулсан, тодорхойлсон эсвэл шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлсэн баримт байдаггүй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Хариуцагчийн хувьд тусдаа гэр бүлтэй болсон.
Мөн хувиараа хөдөлмөр эрхэлж, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж байна.
Түүнээс биш их хэмжээний хөрөнгө орлоготой, үүнийгээ нуун дарагдуулж, үр хүүхдээсээ харамлаад байдаг зүйлгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдож тогтоогдоогүй, гэжээ.
5.Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
6.Нэхэмжлэгчээс Ж.Ариунболорын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ЗБ0 дугаартай Фидуцийн гэрээний хуулбар, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн харилцах дансны дэлгэрэнгүй хуулгууд, “М” бүрэн дунд сургуулийн захиргаанд гаргасан Ж.Эы хүсэлт, “”М сургуулийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай Тодорхойлолт, Ж.Э шилжин ирсэн тухай тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, танилцуулга, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Нарантуул худалдааны төвд лангуу, өлгүүр, талбай ажиллуулах түрээсийн гэрээ, гэрэл зураг, хадгаламжийн дансны бэлэн орлогын баримт, сургалтын төлбөр төлсөн тухай тодорхойлолт, хүүхдүүдийн сургуулийн тодорхойлолт
7.Хариуцагчаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ж.Э шилжин ирсэн тодорхойлолт, Б.С-ы “Хаан” банк ХХК-ийн депозит дансны 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хуулга, “Хаан” банк ХХК-ийн депозит дансны 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хуулга, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0 дугаартай Итгэмжлэл
8.Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр “Мобиком корпораци” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, “Скайтел” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 23/7029 дугаартай Албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Албан бичиг, “Юнител” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, Х.Батцоожийг гэрчээр асуусан тэмлэглэл авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч М.А шаардах эрхийн үндэслэлээ “Орон сууц анх миний орон сууц байсан. Хүүхэдтэй болж амьдрах орчин, нөхцлөө сайжруулахаар байраа худалдсан. Байр зарсан мөнгийг хариуцагч өөртөө зарцуулсан тул 76.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн эцгийнхээ үүргийг гүйцэтгэж хүүхдүүдийн сургалтын төлбөр, зээлд хамрагдаж байр авсны үнийн тал хувийг төлөх ёстой” гэж тайлбарлав.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б “Хариуцагч үүргээ биелүүлж хүүхдүүдийн сургалтын төлбөр, хүүхдийн тэтгэлгийг тухай бүрт төлж байсан. Охины сургалтын төлбөрийг төлнө. Зарсан байрны мөнгийг нэхэмжлэгч хэрэглэсэн. Хариуцагч аваад үрэн таран хийсэн зүйл байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгчийн өмчлөлд байсан гэх орон сууцыг хариуцагч өөрийн хөрөнгө орлогоор М.А, хүү А.С, А.Сэ нарт зориулж худалдан авч өгснийг нэхэмжлэгч өөрөө захиран зарцуулж худалдан борлуулсан бөгөөд зарсан мөнгөөрөө одоо амьдарч байгаа байрыг худалдаж авсан” гэж татгалзлаа илэрхийлж байна.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/0 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэгч М.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Эд холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох маргааныг шийдвэрлэж, 2006 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү А.С, 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү А.Сэ, 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Э.С нарыг эхийнхэн асрамжид үлдээж, эцэг Ж.Эаас сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
6.Нэхэмжлэгч М.А, хариуцагч Ж.Эаас Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Л.Э-н гудамжны 0 тоот орон сууцыг бусдад худалдан борлуулсан 76.000.000 төгрөг, 8 хувийн зээлд хамрагдаж 80.000.000 төгрөгөөр худалдан авсан орон сууцны үнийн 50 хувь 40.000.000 төгрөг, хүү А.С-н өдөр өнжүүлэх болон сургалтын төлбөр 14.495.000 төгрөг, охин Э.С сургалтын төлбөр 6.900.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
-А.Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Л.Э-н гудамжны 0 тоот орон сууцыг бусдад худалдан борлуулсан 76.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
7.Анх маргаан бүхий орон сууц нэхэмжлэгч М.А-ын өмчлөлд 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бүртгэгдэж, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээ байгуулан орон сууцыг 30.000.000 төгрөгөөр худалдсан нь тогтоогдож байна.
8.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус” гэж заажээ.
9.Зохигчдын тайлбар, бичгийн баримтаас үзэхэд, нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдахааар зөвшөөрч, зар тавьж, хариуцагчтай хамтран байрыг үзүүлж худалдсан талаар талууд маргаагүй ба гэрч Х.Б “Байраа зарсан хүмүүсийг таньдаггүй байсан. Энэ эмэгтэй, нөхөртэйгээ хамт байрыг үзүүлэн олон хүүхэдтэйгээ хэлж, бид хоорондоо 74.000.000 төгрөгөөр байх олон жил болсон тул хэдэн төгрөг өгснөө сайн санахгүй байна тохиролцоод урьдчилгаа болон үлдэгдэл мөнгийг бэлнээр өгсөн санагдаж байна. Дансаар мөнгө шилжүүлээгүй” гэх мэдүүлэг, “Хаан” банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хариуцагч Ж.Эы 0 дугаартай дансанд 2013 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “орлого” гэсэн гүйлгээний утгатай, 57.330.000 төгрөг шилжилж орж ирснийг нэхэмжлэгч орон сууц зарсаны үнэтэй холбоотой мөнгө, түүнийг хариуцагч хувьдаа зарцуулсан мөн хариуцагчийн анх нэг өрөө байрыг худалдан авч өгсөн гэх тайлбар, тухайн орон сууц хэний ямар хөрөнгөөр хэрхэн бий болсноор нэхэмжлэгч өмчлөлдөө бүртгүүлсэн эсэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө бүрдүүлж цуглуулж өгөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар үгүйсгэж няцааж, нотлож чадаагүй учраас хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Б.Охин Э.С н сургалтын төлбөр 6,900,000 төгрөг, хүү А.Сийн өдөр өнжүүлэх болон сургалтын төлбөр 14.495.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
10.Хариуцагч охин С сургалтын төлбөр 6.900.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хүү А.Сийн өдөр өнжүүлэх, сургалтын төлбөрт 14.395.000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.
11.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлд зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэж, хүүхдээ асран хамгаалахыг эцэг, эхийн үүрэг гэж тодорхойлжээ.
12.Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон, хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон бол нэмэлт тэтгэлэг гаргуулах эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж хуульчилсан байна.
13.Тодруулбал “онцгой нөхцөл байдал тохиолдсон” гэдэгт тэжээн тэтгүүлэгч хүнд нөхцөл байдал байгаа, халамжийн газруудын асрамжинд байгаа, эсхүл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд оногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгохын зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь тэтгэлэгт заасан хэмжээгээр хангагдах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосны улмаас тэтгэлгийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага бий болохыг хамааруулан ойлгодог.
14.Хүү А.Сийг төлбөртэй сургуульд суралцсаныг Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дугаарт Монгол улсын иргэн “сурч боловсрох эрхтэй”, Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эцэг, эх, хүүхдэд шаардагдах нөхцлийг өөрсдийн чадавх, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүргийг хүлээнэ, хүүхдийг хамгаалах, тэдний төлөө хариуцлага хүлээж, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээх ба эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд үүрэг хэвээр үлдэн, биелүүлэх үүрэгтэй ба тэрээр нэхэмжлэгч гэр бүл болж, төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй түүний үзэл бодолд хүндэтгэлтэй хандах, өөрийнхөө ирээдүйн төлөө амьдарч, амьд явж, сурч боловсрол олохоор тэмүүлэн, зорилгоо биелүүлж, хэрэгжүүлэхэд эцэг туслах үүрэгтэй гэж шүүх үзээд, хариуцагчийн сургалтын төлбөрт төлсөн 3.100.000 төгрөгийг хасаж тооцоод, өдөр өнжүүлэхэд суралцаж төлбөр төлсөн үйлдэл нотлох баримтаар тогтоогдоогүй, хэрэгт үүнтэй холбоотой бичгийн баримтууд авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 9.805.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, үлдснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
В.Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, 0 дүгээр байрны 0 тоот, 36 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг 80.000.000 төгрөгөөр худалдаж авсан үнийн 50 хувь 40.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
15.Зохигчид 2016 оноос хойш тусдаа амьдарч улмаар хүүхдүүд эхийнхээ асрамжид байгаа талаар маргаагүй ба нэхэмжлэгч хүүхдүүдээ амьдрах орон байраар хангах зорилгоор хоёр өрөө орон сууцыг 80.000.000 төгрөгөөр худалдан авсан нь нотлох баримтаар тогтоогдож байна.
16.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг миний бие хүүхдүүдийн хамт түрээсийн байранд амьдарч байгаад 2016 оны 03 дугаар сард орон сууцыг 8 хувийн зээлээр.80.000.000 төгрөгөөр худалдаж авсан үнийн тал хувийг хүүхдүүдээ төрсөн цагаас хойш ганцаараа үүргээ биелүүлж ирсэн учраас эцэг нь хүүхдүүдийг орон сууцаар хангахад гарсан зардлыг хариуцах үүрэгтэй гэх тайлбарыг гаргасан бөгөөд
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь хэсэгт “хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэгтэй”, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг хэвээр үлдэнэ”, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргаж болохыг заажээ.
17.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хүүхдүүдээ эрүүл аюулгүй орчинд тав тухтай амьдрах нөхцлөөр хангах зорилгоор өөрийн боломжийг ашиглан орон сууц худалдан авсныг буруутгах боломжгүй ба гэр бүл цуцлуулсан үеэс хойш хүүхдүүдтэйгээ хамт амьдарч, тэдний сурлага хүмүүжил, боловсролд анхаарч байгаа нь хэргийн баримтаар нотлогдож, хариуцагчийн татгалзал, тайлбар үндэслэлгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь хуульд харшлахгүй гэж үзлээ.
18.Иймээс хариуцагчаас 6.900.000 төгрөг /охин сургалтын төлбөр/ + 9.805.000 төгрөг /хүүгийн сургалтын төлбөр/ + 40.000.000 төгрөг /одоо амьдарч байгаа 2 өрөө орон сууцны үнэ/ = 56.705.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 80.690.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдэрлэх нь хуульд нийцнэ.
19.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 802.875 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56.705.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 441.475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118 дугаар дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Эаас 56.705.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ат олгож, үлдсэн 80.690.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 802.875 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 441.475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА