Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/00821

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/00821

         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай  нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр  хүлээн авч хянаад    

 

  Шүүх хуралдаанд оролцогчид:

  Нэхэмжлэгч М.А

  Хариуцагч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   1.Нэхэмжлэгч М.А, хариуцагч Г.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

 

          2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

  3.Нэхэмжлэгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Г.Бтай 2016 онд танилцаад 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүүтэй болсон.

Ингээд манай аав ээжийн гэрт хүүгээ төрснөөс хойш бид  гурав хамт амьдарсан. Г.Б 2022 оны 09 дүгээр сараас эхэлж гадуур тэнэж, хонох үйлдэл их гаргадаг болсон.

2022 оны 11 дүгээр сард гэр бүлээс гадуур харилцаа үүсгэснийг мэдсэн.

Энэ талаар сонсож, мэдсэн боловч нөхөртөө хэлэхгүй чимээгүй нилээн удаан бодож ажигласан.

Гэтэл Г.Б гадуур 4-5 хонож, гэртээ ирж 2-3 хоног хоноод дахин гадуур 2-3 хонодог байсан. Гэртээ ирэхгүй гадуур 5 хоног хоноход нь би “чи гэртээ ирдэггүй юмуу” гэхэд “би ажлынхаа газрын хүний гэрт Сансарт байна. Намайг гаднаас цоожлоод явсан. Би очих болохоороо очно” гэх хариу хэлээд ирдэггүй байсан.

Ингээд миний зүгээс маш их залгаж, араас нь хөөцөлдөж байж ирсэн.

Ирээд ярилцъя гэхэд огцом уурлаад ярилцдаггүй.

Түүнд би гэрт юу болсон, юу яригдсан талаар хэлж асуухад “ажлын газрын хүнтэй гадаа 2 дугаар орцны үүдэн дээр таарсаныг хэлсэн байхаа” гэдэг хариултыг өгөхөд би хүлээсэн.

Мөн нөхөрийн ээж архины хамааралтай хүн байдаг. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны орой ээж нь залгаад “архи уугаад айлд байна ирж ав” гэж хэлсэн гээд намайг ажлаас тарж ирэхэд явсан байсан.

Миний бие гар утас руу нь залгатал ээжийг авахаар явж байна гэх хариуг өгсөн. Яваад удаад байхаар нь залгахад “ээжийг дүүгийндээ хүргэж өгч байна. Одоо удахгүй очно” гэсэн боловч утсаа салгаад алга болсон.

Тэр шөнө манай хүүхэд өвдсөн. Би түргэн дуудаж, эмнэлэг рүү авч явсан.

 Г.Быг гэртээ байхад хүүхдийн шүд нь өвдөж байсан.

 Гэтэл Г.Б эмнэлэг авч явахгүй учраас би эмнэлэг рүү хүүхдээ авч явсан.

 Энэ талаар Г.Бын ээж рүү залгаад “би хүүгээ аваад түргэний машинаар эмнэлэг рүү явж байна. Баяраагийн утас холбогддоггүй, наана чинь байна уу?” гэхэд ээж нь “Г.Баа босооч дээ, хүү чинь эмнэлэг явж байна. Баяраа энд шал согтуу унтаж байна, хүүхдээ санаад байна гээд уйлаад байна гичий минь, чи тэр хүүхэдтэй нь уулзуулаач” гэж намайг харааж загнасан.

Маргааш өглөө над руу Г.Б очиж байна гэж хэлсэн.

Хүүхэд өвдөж, хүүгээ шөнө эмнэлэгт авч ирсэн учраас уурлаж, загнаад зайл” гэж хэлэхэд “намайг зайл гэсэн” гээд гэрээс ажлынхаа хувцсыг авөөд явсан байлаа.

Үүнээс хойш хүүхэд хаана эмнэлэгт хэвтэж байгаа, бие нь ямар байгаа талаар нэг ч удаа асуугаагүй. Энэ байдал нэг сар үргэлжилсэн. Хүүхэд аавыгаа санаж, уйлсан учраас  “би залгаж ирээ хүүхэд асуугаад байна” гэж хэлэхэд ерөөсөө ирээгүй.

Гэтэл сарын дараа “би очих гэж байна, хүүхдээ санаж үхлээ” гэж над руу ярьж, ирсэн боловч маргааш нь ажилдаа явлаа гэж гараад тэр чигтээ алга болсон.Намайг яагаад ирэхгүй байгаа талаар асуухад “би цайрч байна” гэж хэлсэн.

          Г.Бын ээжтэй холбогдож болсон бүх зүйлийг хэлэхэд “чам шиг дөрөвдөд ямар хамаатай юм. Г.Б хоёр хүүхэдтэй хүнтэй амьдрах гэж байгаа гэдгээ надад хэлсэн” гэж загнаад утсаа тасалсан.

          Ингээд би Г.Быг гэр бүлтэй болсныг мэдээд орхисон хэдий ч хүүгээ уулзуулдаг байсан. 

         Сүүлд би хүүхдийн үсний найранд явах гэж байсан тул хүүгээ аавтай нь үлдээхэд миний араас залгаж, харааж хүүг минь надад буцааж өгсөн.

         Түүнээс хойш хүүхэд аавтайгаа уулзахгүй гэдэг болсон.  Хүүхэд болохоор аавыгаа санана, хааяа уулзаж болох уу? гэж асуудаг.

 Миний хүү нэгдүгээр ангид орж надад хоёр хүүхдийн сургуулийн бэлтгэл хангахад хүнд байсан тул чи хүүдээ форм аваад өгөөч гэж санал тавиад 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хүлээсэн өгөөгүй буюу форм биш юмаа гэхэд нэг ширхэг бал, зуун төгрөг ч өгөөгүй.

Хүн эцэг болох амархан, аав болох хэцүү.

Нэгэнт аав байж чадна гээд хүүхэдтэй болсон бол чи бид хоёрын салж нийлэх хамаагүй хүүхдийнхээ өмнө үүрэг, хариуцлагаа хүлээж чаддаг байх хэрэгтэй.

Г.Б хүүхэд хөдөө авч явж хаяад буцаж ирсний дараа зургийг нь харахад миний хүү хөдөө нохойтой тоглож, нохойтой ноцолдсон байдалтай байгаад ирсэн учраас хүүгээ эцэгтэй нь үлдээхийг хүсэхгүй байна.

Мөн Г.Б их хэмжээний аппликэйшийн өрөнд орсон.

Тэр өрнүүдийг бодоод үзэхэд бид хоёр гэр оронтой болж, тусдаа гарах хэмжээний мөнгө байсан. Бид хоёр хамт амьдарснаас хойш Г.Б нэг ширхэг аяга гэртээ авч үзээгүй.

Аппликэйшийн зээл авч, өрөн орсон мөнгийг би цалингийн зээлийн хүнд батлан даагч хийж өгч, өрийг дарсан.

2022 оны 08 дугаар сард Г.Бт дахин их хэмжээний аппликэйшийн зээл гарч ирсэн.

Дахиад цалингийн зээлтэй, дээрээс нь аппликэйшийн зээлтэй болсон.

Өнөөдрийн байдлаар Г.Б цалингийн зээлээ төлөхгүй байгаа тул намайг чирч муу зээлдэгч гэсэн ангилал руу шилжсэн.

Намайг зээлийн хар данс руу шилжихээс өмнө хамтран зээлдэгчээс хасуулаад өгөөч гэж их гуйсан. Учир нь

Миний бие цаашид хоёр хүүхэд сургана, цалин зээлээс зээл, цалингаас цалингийн хооронд амьдарна гэдгийг хэлсэн.

Гэвч зээлээс хасаад өгөх сэтгэлгүй, хатуу хүн байна.

Тэр эмэгтэйд машин унадаг гэх мэт зүйлийг ярьсан учраас надаас Г.Бын талаар асуухдаа эд хөрөнгөтэй холбоотой асуулт их асуусан.

Хүн гэр бүлээ доромжилж, өөр хүнтэй амьдарна гэж ээждээ хэлж,  ээж нь үйлдлийг дэмжиж болдог юмуу? Хүнийг яс үндсээр  доромжилж болохгүй гэдгийг Монгол улсын Үндсэн хуульд заасан байгаа.

Энэ нь хууль зөрчсөн асуудал гэж бодож байна.

Миний зүгээс дээрх үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийнхөө асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.

Хүүхдээ би тэжээгээд явах бүрэн чадвартай. Хүүгээ эрдэм ном, мэдлэгтэй, сайн болгож хүмүүжүүлж чадна, гэжээ.

 

 4.Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  М.А намайг н.О гэх охинтой хардаж нийлүүлээд бүр миний хүү бас адил зүйл ярьж, тархинд нь суулгасан.

М.Аээс болж ахад нь хүртэл зодуулж байсан.

Сүүлд хүүтэйгээ уулзах гээд иртэл миний хүүг гэрээс гаргахгүй орилуулсан.

Тухайн үед утсаар бичлэг хийж байхад “хүү эмнэлэгт хэвтээгүй” гэж хэлсэн. 

 Намайг гэрлэлтээ цуцлуулахаас аргаггүй байдалд хүргэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, гэжээ.

 

           5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

         

           6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн лавлагаа, Нийслэлийн ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн “Тодорхойлолт”, 2023  оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өрхийн эмнэлгийн “Тодорхойлолт”,  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл

 

        7.Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбарыг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

        1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

                                                                                                                                                                                                                                                                                          

        2.Нэхэмжлэгч М.А нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “хоорондын таарамжгүй харилцаа, гэр бүлээс гадуурх харилцааны улмаас цаашдаа хамтран амьдрах боломжгүй бөгөөд эвлэрэх гэсэн боловч эвлэрч чадаагүй тул гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн” гэж тайлбарлав.

 

        3.Хариуцагч Г.Б нэхэмжлэлийг зөвшөөрч маргахгүй байна.

 

         4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

         5.Зохигчид 2016 онд танилцаад улмаар 2017 оны 10 дугаар сарын 06-ны  өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.Г төрсөн болох нь талуудын тайлбар, 0 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 0 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

        6.Талууд гэр бүлээс гадуурх харилцаа үүссэний улмаас зан харилцааны хувьд таарамжгүй харилцаа үүссэж, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч цаашид хамтран амьдрахад эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.  

       

       7.Хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын тухайд гэрлэгсдийн хэн аль нь тохиролцож болох бөгөөд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан үзэж тогтоодог.

 

         8.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлд зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэж, хүүхдээ асран хамгаалахыг эцэг, эхийн үүрэг гэж тодорхойлжээ.

 

         9.Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд хариуцагч зөвшөөрч маргаагүй учраас хүүхдийн орчин нөхцөл, амьдралынх нь хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасны дагуу хүү Б.Гыг эхийнхэн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

      

         10.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу эцэг, эх нар хүүхдээ тэжээн тэтгэх мөн насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээх бөгөөд эцэг, эх энэ асуудлаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтоож болох тул эцэг Г.Баас сар бүр тэтгэлэг гаргуулж хүү Б.Гыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.       

 

         11.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

         12.Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

 

        13.Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж эдгээр үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг байхыг дурдах нь зүйтэй.

 

       14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн   

         115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

       

          1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Б, М.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

          2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Г ыг эх М.А ийн асрамжид үлдээсүгэй.

 

         3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Г ыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Г.Баас сар бүр гаргуулж,тэжээн тэтгүүлсүгэй.

 

        4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Г.Б аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

 6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М.А т даалгасугай

 

 7.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

         8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

      

        9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Билгүүнд даалгасугай.

 

        10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

        

        11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.        

         

        12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АРИУНАА