Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 443

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

            Улсын яллагч Д.Д,

            Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ю.Тогмид, нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Алтай овогт Д.Дт холбогдох 201725031219 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Тайгын булаг” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эх, 2 дүү хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн  18 дугаар хороо, Хандгайт 13-179 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Алтай овогт Д.Д (РД:000000000000),

нь 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өсөх төвийн автобусны буудал дээр Ц.Чулуунбаатарыг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна нэв.

            Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:- ...Өөрийн найз Батнасантай 0.75 литрийн хараа архийг нилээн удаан хувааж ууж суусан. Маргааш нь ажилтай байсан болохоор харьж амрахаар гэр рүүгээ явах замд Өсөх төвийн гадаа иртэл 50 гаран насны нэг ах бид хоёр дээр ирээд учир нь олдохгүй зүйл яриад байсан. Тэгтэл тэр архи тамхи нэхээд байгаа юм шиг ам руугаа гараараа заагаад байсан ба явах гэхээр амандаа юм үглээд ээрч хоргоогоод гараараа чичээд байхаар нь би тэр ахыг зайлаач гээд гуя руу нь нэг удаа өшиглөөд 2 удаа нүүр рүү нь гараараа алгадсан. Тэгтэл тэр хүн газарт уначихсан гэжээ.  

Хохирогч Ц.Чулуунбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-...Би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өсөх төвийн караоке руу орж ундааны сав лааз зэргийг авч гараад 6 буудлын автобусны буудлын хажууд явж байгаад үл таних 25-30 орчим насны 2 эрэгтэй хүн зогсож байхад нь тамхи асуусан чинь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан 2 хүний нэг нь намайг хэл амаар доромжлоод хятад хүн энэ тэр гэж байгаад намайг заамдаж аваад газар унагааж байгаад, миний дээрээс хөл гар болон толгой нүүрэн тус газарт өшиглөсөн. Тэгээд тэр хоёр согтуу залуугийн нэг нь намайг зодож байсан залууг салгаж аваад цааш яваад өгсөн. Намайг зодсон залуу надаас ирж уучлалт гуйгаад эмчилгээг бүрэн дүүрэн хийлгэж өгч, эмчилгээний бүх зардлыг төлж өгсөн. Надад одоо гомдол санал байхгүй. Миний биеийн байдал зүгээр болсон гэжээ.  

Гэрч Ч.Борхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-…Аав маань яг нарийн юмыг илэрхийлж чаддаггүй. Гэхдээ надад ойлгуулахдаа тэр хоёр залуу надаас тамхи асуухаар нь татаж байгаа тамхи өгөхөд нүд рүү гараараа цохьсон гэж хэлж байгаа. Тэгээд аав маань цохиулаад ухаан алдаад уначихсан тэгээд юу ч мэдэхгүй эмнэлэг дээр намайг ирэхэд ухаан орсон гэж ярьж байгаа гэжээ.

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.6.21-ний №7903 тоот дүгнэлтэд:

1.Ц.Чулуунбаатарын биед хамрын ясны цөмөрсөн хугарал, зүүн гайморын хөндийн урд болон арын хана, зүүн хацрын нум, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, шанаанд зулгаралт, баруун чихэнд шарх  гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх 2017.06.04-нд  үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Гавал тархинд 2017.06.04-нд үүссэн гэх гэмтэл тогтоогдохгүй байна.

5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Өсөх төвийн автобусны буудал дээр шүүгдэгч Д.Д нь тамхи гуйсан гэх шалтгаанаар хохирогч Ц.Чулуунбаатарыг зодсоноос түүний биед хамрын ясны цөмөрсөн хугарал, зүүн гайморын хөндийн урд болон арын хана, зүүн хацрын нум, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, шанаанд зулгаралт, баруун чихэнд шарх бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Чулуунбаатарын “Би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өсөх төвийн караоке руу орж ундааны сав лааз зэргийг авч гараад 6 буудлын автобусны буудлын хажууд явж байгаад үл таних 25-30 орчим насны 2 эрэгтэй хүн зогсож байхад нь тамхи асуусан чинь 2 хүний нэг нь намайг хэл амаар доромжлоод хятад хүн энэ тэр гэж байгаад намайг заамдаж аваад газар унагааж байгаад, миний дээрээс хөл гар болон толгой нүүрэн тус газарт өшиглөсөн. Тэгээд тэр хоёр согтуу залуугийн нэг нь намайг зодож байсан залууг салгаж аваад цааш яваад өгсөн” гэх мэдүүлэг, Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.6.21-ний №7903 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаар гомдол, хүсэлтийг хүлээн авсан тэмдэглэл, бичгийн бусад  баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Алтай овогт Д.Дыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс хохирогчид хохирлын 2.300.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.  

Шүүх шүүгдэгчид торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Д.Дын торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Алтай овогт Д.Дыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Дыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун  мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Дын торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Д нь энэ тогтоолын 4-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ