Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/592

 

      2023            5             31                                        2023/ДШМ/592

 

Б.Нхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Мягмардорж,

шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Б.Чойжилсүрэн,  

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/401 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Б.Чойжилсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2200024083 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Б.Н, 

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 6-32 тоот хашааны гадна байсан иргэн О.Дэзэмшлийн “Toyota Altezza” загварын 45 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуйг обудын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овогт Батболдын Б.Ныг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Наас 1.200.000 төгрөг гаргуулан хохирогч О.Дд олгож, шүүгдэгч Б.Нурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Б.Чойжилсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Н нь гэмт хэргийг үйлдэх үедээ эцэг эх, ах дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 16-540 тоотод амьдарч “Вон Эвент Холл” ХХК-нд тогооч ажилтай байсан ба урьд нь гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байгаагүй байна. Тиймээс үйлдсэн хэргийнхээ талаар өөрийн эцэг эх, ар гэрийнхэндээ хэлэлгүй, нуун дарагдуулах зорилгоор өмгөөлөгч сонгож эрх зүйн туслалцаа авах талаар шийдвэр гаргаж чадахгүй өөрийгөө өмгөөлнө хэмээн явсаар дээрх гэмт хэргийг үйлдсэн үйлдэлдээ анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/401 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэхээр шийтгүүлсэн байна. Гэвч миний үйлчлүүлэгч Б.Н нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн талаар эцэг эх, ар гэрийнхэндээ хэлэхээс айж, эмээн тэдний сэтгэл санааг зовоож санхүүгийн хүнд нөхцөлд байгаа ар гэрийнхэндээ хэлэхгүй байхаар шийдэж өмгөөлөгч сонгон авахгүйгээр өөрийгөө өмгөөлнө хэмээн найдаж байснаас хууль эрх зүйн бусад эерэг боломжийг ашиглаж чадаагүйгээс хорих ялаар шийтгүүлсэндээ туйлын ихээр харамсаж байгаагаас гадна үйлдсэн хэрэгтээ гэмшин, бусдад учруулсан хохирлыг даруй барагдуулах арга хэмжээг авхуулж хохирогч О.Дд учирсан 1.200.000 төгрөгийн хохирлыг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр түүний дансанд шилжүүлэн, хохирол төлбөрийг барагдуулсан. Урьд нь гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байгаагүй, гэмт хэрэг үйлдэн шүүхээр шийтгүүлж байгаадаа дүгнэлт хийж их гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж, тодорхой хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Мягмардорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Б.Чойжилсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Шүүгдэгч Б.Нын хувьд 1 жил гаруй хугацааны өмнө гэмт хэрэг үйлдсэн байдаг. Энэ хугацаанд хохирол, төлбөр төлж байсан зүйл байхгүй. Хэдий гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг ч гэрчээр мэдүүлэг өгөхдөө манай хамаатан надад алдагдсан дугуйг өгсөн гэж мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Нболомж олгож, хохирол, төлбөрийг төлөх талаар 5 хоногийн завсарлага авсан. Гэвч хохирол, төлбөр завсарлага авсан хугацаандаа төлөгдөөгүй асуудал байсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, түүний гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 6-32 тоот хашааны гадна байсан иргэн О.Дэзэмшлийн “Toyota” загварын 45 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуйг обудын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.Д“.... ...” /хх 20-21/,

гэрч Ө.Ө “...й. ...” /хх 30-31/,

яллагдагчаар Б.Нын “... ...” /хх 91-92/ гэсэн мэдүүлгүүд,

алдсан эд зүйлийн үнэлгээ /хх 39-40/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ныг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Б.Чойжилсүрэн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасаныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Нын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэхээс өмнө хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэхээр шийдвэрлэлээ.

Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон, нийтэд тустай ажил хийлгэх ялаас 448 цагийн ялыг хасаж, түүний эдлэх ялыг 252 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон нэмэлт заалтыг тус тус оруулав.

Дээр дурдсан зохих өөрчлөлтүүдийг шийтгэх тогтоолд оруулж, шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Б.Чойжилсүрэнгийн “...тэнсэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Н нь 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч О.ДХаан банкны 5042551781 тоот дансанд 1.250.000 төгрөг шилжүүлсэн болохыг дурдаж, Б.Ныг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/401 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Б.Ныг 6 сарын хугацаагаар хорих ялаар ...” гэсэн хэсгийг “..шүүгдэгч Б.Ныг 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэхээр ялаар ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон, оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 448 цагийн ялыг хасаж, түүний эдлэх ялыг  252 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Нмэдэгдсүгэй. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Б.Ныг нэн даруй сулласугай.

5. Шүүгдэгч Б.Н нь хохирогч О.Дд 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОЧМАНДАХ

           ШҮҮГЧ                                Б.БАТЗОРИГ

                                   ШҮҮГЧ                                Б.АРИУНХИШИГ