Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 223/МА2020/00025

 

*******ы нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 13-ны өдрийн 151/ШШ2020/01373 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч*******д холбогдох,

Зээлийн төлбөр 20 475 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч  Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Зээлдүүлэгч ******* миний бие зээлдэгч*******тай 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээл авсан өдрөөс хойш нийт 4 сарын хугацаанд хоёр сарын хүү болох 3 000 000 төгрөгийг өгч, үндсэн төлбөр 15 000 000 төгрөг болон үлдэх хоёр сарын хүү 3 000 000 төгрөгийг төлөөгүй. 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр*******тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаж дахин нэг сарын хугацаагаар сунгаж 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор зээлийг төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлсөнгүй.

Иймд үндсэн зээлийн төлбөр 15 000 000 төгрөг, зээлийн хүү 4 500 000 төгрөг, 10 хоногийн алданги 975 000 төгрөг, нийт 20 475 000 төгрөгийг*******аас гаргуулж өгнө үү”  гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Хишигжаргал нь Хаан банкны зээлээ дараад 3 хоногийн дараа мөнгийг чинь буцаагаад өгье, боломж байвал өгөөч, боломж байхгүй бол хүнээс асуугаад өгөөч гэхээр нь би 5 000 000 төгрөг өгчхөөд 2, 3 хоногийн дараа дахиад гуйгаад ирэхээр нь хүнээс мөнгө зээлээд, нийт 15 000 000 төгрөг*******д өгсөн. Би өөрөө зээл авч байгаад буцаагаад*******д зээлж өгсөн мөнгөө хүүтэй нь төлсөн. Тэгээд*******тай уулзаад чиний тэтгэмжийн мөнгө ороод ирэхээр банк татаад авчихвал яах юм бэ, би чамайг шүүхэд өглөө шүү, шүүхийн шийдвэр гаргуулъя, өөр арга байхгүй байна гэхэд******* өөрөө тэгье гэсэн. Шүүхэд өгөхийн тулд авсан, өгсөн зүйл байх ёстой, би чамд итгэж л өгсөн гээд манай эхнэр,******* хоёр сууж байгаад сарын 15 хувийн хүүтэй манай эхнэртэй гэрээ байгуулахаар нь би өмнөх авсан мөнгөө өгч чадахгүй байгаа юм чинь яаж 15 хувийн хүүтэй өгөх юм гээд эхнэртэйгээ муудалцаж байгаад 10 хувийн хүүтэй болгож гэрээ хийсэн.******* 15 хувийн хүү гэхэд нь хүлээн зөвшөөрсөн. Өмнө нь уулзахад гэрээ хийх боломж байгаагүй. Би*******д итгэж байсан.

Хариуцагч нь өөрөө өдрийн 1 хувийн хүүтэй буюу нийт 30 хувийн хүүтэй зээлье гэж ирсэн. Би 15 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлсэн. Чамайг шүүхэд өглөө гэхдээ би дахиад 5 хувийг нь хасаад 10 хувийн хүүтэй болгосон. Хариуцагч би бантаад 10 хувийн хүүтэй болгосон гэж ярилаа. Яг өөрийнх нь бичиж өгсөн зүйл надад байгаа. Өөрөө 15 хувийн хүүгээр бүх зүйлээ бичээд, үүнийг шүүхэд өг гэж хэлж байсан. Хүүндээ 3 000 000 төгрөг авсан, өөрөө ч тухайн үедээ хүлээн зөвшөөрч байсан. 07 дугаар сард би*******тай очиж уулзахад нэг сар сунгаад өгөөч, би нэг сарын дотор ямар нэгэн байдлаар олоод өгье, хэрвээ би 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл мөнгөө өгч чадахгүй байвал алданги тооцоорой гэж өөрөө хүлээн зөвшөөрч байсан. Би мөнгөө ч нэхэхгүй, өөрийг нь хүлээгээд л байсан. Иймд нэхэмжлэлийн мөнгөн дүнг хуулийн дагуу олгож өгнө үү” гэв.

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А.Хишигжаргал надаас зээл, түүний хүү, алданги 20 475 000 төгрөгийг нэхэмжилжээ. Түүний нэхэмжлэлээс 15 000 000 төгрөгийн үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрнө. Харин нэхэмжлэлийн бусад шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь тариалангийн зээл хаахад мөнгө дутсан тул 2020 оны 0З дугаар сарын 30-ны өдөр *******аас 15 000 000 төгрөгийг нэг хоногийн 5 хувийн хүүтэйгээр 5 хоногийн хугацаатай зээлсэн. Дахин газар тариалангийн зээл аваад мөн хугацаанд төлөхөөр тохирсон. Гэтэл барьцаа хөрөнгө хүрээгүйгээс дахин зээл авч чадаагүй тул үндсэн зээл 15 000 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн зээлээ огт төлж чадаагүй байсаар 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр түүнтэй уулзаж 15 000 000 төгрөгийг 4 сарын хугацаагаар сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн мэтээр зээлийн гэрээ нөхөж үйлдсэн.

Түүнээс биш анх 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бол дээрхи бичгийн гэрээг хийгээгүй юм. Иймд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Зээлдүүлэгч мөнгөө байнга нэхээд, шүүхэд өгнө гээд дарамтлаад байхаар 08 дугаар сарын 30-ны өдөр дээрх өндөр хүүтэй бичгийн гэрээг нөхөж хийсэн юм. Хэрэв тохиролцоно гэвэл ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг харгалзан зээлийн үлдэгдэл 12 000 000 төгрөг дээр 08 дугаар сард хийсэн хэлцлийн дагуу 2020 оны 09 дүгээр сард төлөх нэг сарын хүү болох 1 500 000 төгрөгийг нэмж нийт 13 500 000 төгрөгийг төлөх саналтай байна.

Иргэд хоорондоо ийм өндөр хүүтэйгээр мөнгө зээлдүүлсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Уг зээлийг сар бүрийн 30-ны дотор доорхи хуваариар төлөх саналтай байна. Үүнд: 6 сарын хугацаанд буюу 11 дүгээр сарын 30-ны өдөр 2 250 000 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 2 250 000 төгрөг, 01 дүгээр сарын 30-ны өдөр 2 250 000 төгрөг, 02 дугаар сарын 30-ны өдөр 2 250 000 төгрөг, 03 дугаар сарын 30-ны өдөр 2 250 000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 2 250 000 төгрөг тус тус төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.

Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр банканд 15 000 000 төгрөгийн зээл төлчхөөд буцаагаад мөнгө нэмж зээл аваад *******гаас авсан зээлээ өгнө гэж бодоод 5 хоногийн хугацаатай зээлсэн. Гэтэл банкнаас илүү зээл гарах боломжгүй болчхоод би мөнгөө 5 хоногтоо буцаагаад өгч чадаагүй. Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр *******д 2 000 000 төгрөгийг өгөөд, 04 дүгээр сарын 21-ний өдөр 1 000 000 төгрөг өгөөд 12 000 000 төгрөг үлдсэн. Сүүлд 08 дугаар сарын 30-ны өдөр *******тай уулзаад, тэтгэмжийн мөнгө орж ирэхээр нь банк татчихвал би чамаас мөнгөө авч чадахгүй, шүүхээр шүүхийн шийдвэр гаргуулъя гэж ярилцаад бичгээр гэрээ байгуулсан.

Би одоо яг шууд төлөх боломжгүй байна. Үндсэн 15 000 000 төгрөгийн зээлээс 3 000 000 төгрөгийг төлчихсөн байсан. Одоо 12 000 000 төгрөг дээр 3 000 000 төгрөгийн хүү төлөөд, нийт 15 000 000 төгрөг төлье гэж бодсон. Шүүхэд нэхэмжлэл өгөх гэхээр бичгээр хийсэн гэрээ хийхгүй бол болохгүй юм байна гээд гэрээ хийсэн. Анх 5 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй амаар зээлж авсан. Тухайн үед хүүгийн талаар нарийн яриагүй. 5 хоногийн дотор өгнө гэж л тохирсон. Сүүлд нөхөж гэрээ байгуулахдаа хоногоор тооцвол даашгүй их хүү гарах юм байна гэж гээд 10 хувийн хүүтэй гэрээ байгуулсан. Үндсэн зээл 15 000 000 төгрөгөөс 3 000 000 төгрөг төлөөд 12 000 000 төгрөг үлдсэн. 08 дугаар сараас хойш хүү тооцоод 2 сарын хүү 3 000 000 төгрөг өгөөд, нийт 15 000 000 төгрөг өгнө гэж бодсон” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Хишигжаргалд анх 15 000 000 төгрөг зээлсэн гэдэг. Зээлэх үедээ талууд  бичгийн гэрээ хийгээгүй байдаг. 08 дугаар сарын 30-ны өдөр нөхөж гэрээ хийсэн байдаг. Иргэний хуульд зааснаар бичгийн гэрээ анхнаасаа байгуулаагүй тохиолдолд хүү нэхэмжлэх эрх байдаггүй. Тэгэхээр 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүү тооцох эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч 7 500 000 төгрөгийн хүү нэхэмжилж байгаа юм. Иймд хүү төлөх бололцоо хариуцагчид байхгүй, эд хөрөнгийн хувьд ч байхгүй. Иймд бидний хүлээн зөвшөөрч байгаа хэмжээнд шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь үндсэн зээл 15 000 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 12 000 000 төгрөг дээр 2 сарын хүү 3 000 000 төгрөг нэмж, нийт 15 000 000 төгрөг төлье гэсэн байр суурьтай байна. Иймд үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Яагаад гэвэл илтэд хохиролтой гэрээ байгуулсан байна гэж үзэж байна. Ломбард гэхэд л 7 хувийн хүүтэй байдаг, банк бус санхүүгийн байгууллага 5 юм уу 4 хувийн хүүтэй байдаг. Гэтэл 10 хувийн хүү тооцно гэдэг нь илтэд хохиролтой байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д заасныг үндэслэн үлдэх хэсгийг хорогдуулж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Банк бус санхүүгийн байгууллагаас илүү өндөр хүүтэй гэрээ байгуулсан байна. Нөхөж хийсэн гэрээгээрээ тооцвол 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хүү тооцох хэрэгтэй. Мөн зээлийн гэрээг заавал бичгээр хийх ёстой. Нөгөө талын хүнээ хохироохгүйн тулд тохиролцох санал тавьсан юм. ******* нь хүнээс мөнгө зээлээд*******д өгсөн гэж ярьж байна. Хүнээс зээлж мөнгө авч өгсөн гэсэн баримт хэрэгт байдаггүй. Хүнээс хүүтэй зээл авхуулаад, *******гаар хүүгийн хамт буцаагаад төлүүлсэн гэсэн баримт ч хэрэгт байдаггүй. Иймд хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн дүнгээр шийдвэрлэж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Үндсэн зээл 15 000 000 төгрөг дээр маргаан байхгүй. Анх хэлцэл хийхдээ хүү дээр тодорхой тохиролцоо хийгээгүй байдаг. Иймд 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш өнөөдөр хүртэлх хүүг төлнө гэж ойлгож байна. Нэхэмжлэгч нь 09 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл өгсөн болохоор алданги тооцохгүй гэж үзэж байна. Иймд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 10 хувийн хүү гэдэг өндөр байна. Хэн хэнийх нь амьдрал, нөхцөл байдлыг хараад хүүг нь хорогдуулж өгнө үү гэж хүсэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 282.3, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн шийдвэрлэж өгнө үү. Тухайн үедээ бичгээр гэрээ хийх хэлбэрийг зөрчсөн гэж үзэж байна” гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч*******аас 20 475 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260 325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 260 325 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч******* давж заалдах гомдолдоо: “...Зээлийн гэрээг зээлдэгчид илт хохиролтойгоор хийгээгүй атлаа дүр эсгэж нөхөн хийсэн, нөхөн гэрээг хиймэгцээ шүүхэд нэхэмжлэл гаргаж. хүү, алданги нэхэмжилсэк зэрэг нэг талын санал хэт давамгайлсан нөхцөл байдлыг харгалзан зээлийн хүү, алдангийг ххасан тооцож өгнө үү.

1.******* миний бие *******аас 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдер 15 000 000 төгрөг зээлэхдээ гэрээг анх бичгээр хийгээгүй амаар тохиролцож хийсэн бөгөөд 4 дүгээр сард 3 000 000 төгрөгийн зээл төлж, үлдэгдлийг нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэнээс 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зээлдүүлэгчийн шахалт шаардлагаар аргагүй эрхэнд сар бүр 10 хувийн хүүтэй 4 /дөрөв/ сарын хугацаатайгаар гэрээг "3 сарын 30-ны өдөр" хийсэн мэтээр гэрээний огноог хуурамчаар нөхөн үйлдэж, гэрээний хугацааг 1 /нэг/ сар сунгахаар тусгасан байдаг. Гэрээг нөхөн үйлдсэн талаар талуудын хэн аль нь маргадаггүй.

Ийнхүү огноо хуурамч зээлийн гэрээг талууд нөхөж үйлдсэн тул зээлдүулэгч хүү, алданги төлүүлэх эрхээ алдах ёстой. Зээлдэгч зээлсэн мөнгэө хугацаанд нь төлж чадаагүй тул нэг талазс зээлдүүлэгчийн удаа дараагийн шахалт дарамтад нь автсан, нөгөө талаас гэрээний үүргийг биелүүлээгүй дээ бантаж зээлдүүлэгчийн ямар ч шахалт шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй нөхцөл байдлууд үүссэн.

Дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан зээлийн хүү, алданги хасуулахаар гаргасан бидний саналыг анхан шатны шүүх хүлээн авч хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хзмжээнд маргааныг хянан шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байсан. Гэтэл тийнхүү нөхөн хийсэн гэрээгхучин төгөлдөр бусад тооцуулах бидний хүсэлтийг шүүх хүлээн авсангүй.

2. Шүүх зээлдэгч талын харьцуулалт хийлгэхээр гаргаж өгсөн ломбардын болон банк бус санхүүгийн тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлсэнгүй. Тэдгээр тодорхойлолтоор тус аймагт Банк бус санхүүгийн байгууллага бусдад сар бүрийн 5 хувийн, ломбард сар бүрийн хувийн хүүтэй мөнгө зээлдүүлдэг байхад тухайн баримтаар иргэд хооронд зээлийн хүүг үүнээс өндөр 10 хувиар тус тус тооцсон байдаг. Өөрөөр хэлбэл 15 000 000 төгрөг зээлдүүлсэн тавхан сарын хугацаанд нөхөн гэрээгээр үндсэн зээлийн 50 хувьтай тэнцэх хүү, 7 500 000 төг, мөн нэмж алданги 975 000 төлөх нөхцөл байдал үүссэн тул зээлдэгчид илтэд хохиролтой хийсэн гэрээ, хэлцэл гэж үзнэ. Шүүх иргэд хооронд өндөр хүүтэйгээр мөнгө зээлдүүлэх, хоорондоо мөнгө их хэмжээгээр хүүлэхийг хязгаарласан Иргэний хуулийн үзэл баримтлалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт "Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно." гэж заасныг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Талуудын хооронд 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хийсэн бичгийн нөхөн гэрээ нь зөвхөн шүүхэд нэхэмжлэл гаргах зорилгоор зээлдүүлэгчийн санал, идвэхтэй оролцоотой хийгдсэн гэрзэ буюу дүр эсгэн хийсэн хэлцэл болох нь илтэд тодорхой байдаг. Учир нь 8 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг 3 дугаар сарын 30-ны өдөр хийсэн мэтээр нөхөн үйлдмэгцээ түүнээс хэдхэн хоногийн дараа буюу 9 дүгээр сарын 8-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хүү, алданги гаргуулахаар тооцсон нь үндэслэлгүй. Энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт: "Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 282.3 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн хүү алдангийг /5 000 000 төг. алданги 975 000 төгрөг/ тус тус хасаж тооцон шийдвэрлэж өгнө үү.

Учир нь хариуцагч үндсэн зээлээс 3 000 000 төгрөг төлсөн тул шүүх бидний гомдлыг хангавал 15 000 000 төгрөгийн зээлийг 18 000 000 төгрөг болгон төлсөнд тооцогдох тул зээлдүүлэгч хохироогүй.” гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр 15 000 000 төгрөг, хүү 4 500 000 төгрөг, алданги 975 000 төгрөг, нийт 20 475 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...зээлийн гэрээ болон сунгалтыг нөхөж хийсэн, ...3 сая төгрөгийг төлсөн ... зээлийн үлдэгдэл 12 сая төгрөг дээр 2 сарын хүү 3 сая төгрөгийг нэмж нийт 15 сая төгрөг төлөх байр суурьтай байна “ гэж маргажээ.

Талууд зээл, зээлийн хүү, хугацаа зэрэг зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар анх амаар хэлэлцэн тохиролцож хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсний дагуу  нэхэмжлэгч ******* өөрийн харилцах банкны данснаас 15 000 000 төгрөгийг хариуцагч*******д шилжүүлсэн, зээлийн гэрээг нөхөж бичгээр байгуулж, хүсэл зоригийн илэрхийллээ хожим баталгаажуулж бичгийн хэлбэрт оруулж зээлийн гэрээ бичгээр хийсэн  нь  гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим болох Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй“ гэж заасантай нийцэж байна.

Иймээс талуудын хооронд 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан гэх  зээлийн  гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтын  талаар хожим бичгийн хэлбэрт оруулж, баталгаажуулан  зээл,  зээлийн хүү, алданги, хугацаа, зээлийн хугацааны сунгалтын талаар тохирсныг хууль зөрчөөгүй гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх дүгнэлт нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасантай нийцэж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заажээ.

Зээлийн хүүгийн хэмжээг багасгах талаар хариуцагчийн өмгөөлөгч Д.Гансүхээс шүүх хуралдааны шатанд хүсэлт гаргаж, зээлийн хүүгийн хэмжээг харьцуулалт хийлгэхээр  нотлох баримтаар гаргаж өгсөн  орон нутагт буюу Төв аймагт байрлах банк бус санхүүгийн байгууллага, барьцаалдан зээлдүүлэх газрын зээлийн хүүгийн хэмжээний талаарх тодорхойлолтыг  /хх-ийн 23, 24/ шүүх үнэлээгүй нь буруу байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр тохирсон хүү 10 хувийг  хариуцагчийн өмгөөлөгчөөс нотлох баримтаар өгсөн орон нутагт байрлах банк бус санхүүгийн байгууллага, барьцаалдан зээлдүүлэх газрын зээлийн хүүгийн дундаж хэмжээтэй харьцуулалт хийж үзэхэд зээлийн хүүгийн хэмжээ нь “зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон “гэж үзэхээр байх тул  давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг 5 хувь болгож багасгах боломжтой байна гэж үзлээ.

Ингээд талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс бичгийн хэлбэрт оруулсан 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн төлбөрийг тооцоход үндсэн зээл 15 000 000 төгрөг, сар бүрийн хүү 750 000 төгрөг,  5 сарын хүү 3 750 000 төгрөг нийт 18 750 000төгрөг төлөхөөс зээлийн хүүд төлсөн 3 000 000 төгрөгийг хасахад 15 750 000 төгрөг, үүн дээр  зээлийг хугацаандаа төлөөгүйн алданги хоногийн 78 750 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 10 хоногийн алданги 787 750 төгрөг, нийт  16 537 500 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах, хууль хэрэглээний хувьд шүүх алдангийн талаарх хуулийн зохицуулалтыг оновчтой сонгож хэрэглээгүй алдааг залруулан шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 13-ний өдрийн 151/ШШ2020/01373 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч*******аас 20 475 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай“ гэснийг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч*******аас 16 537 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 937 500 төгрөгт холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай” гэж,  шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...260 325 төгрөг гаргуулж“ гэснийг “...240 637 төгрөг гаргуулж”  гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч*******аас төлсөн 260 325 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

           

                          ШҮҮГЧИД                                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                      Т.ЭНХМАА