Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2024/01205

 

 

 

 

 

 

2024 03 25

181/ШШ2024/01205

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 00 дугаар гудамж 00 тоотод оршин суух, С овогт Ж-ийн Т /Регистрийн дугаар: АА00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ө байрлах, Х банк  /регистрийн дугаар: 0000000/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 00 дугаар гудамж 00 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай барилгын 0 давхрын 69,03 мкв талбайн хууль ёсны өмчлөгч байсан болохыг тогтоолгох, үндэслэлгүй хөрөнгөжсөн 57.674.321 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Гуравдагч этгээдийн эзгүйд шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Иргэн Ж овогтой Т миний бие Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 00 дугаар гудамж 00 тоот хаягт байрлах үйлчилгээний хоёр давхар бүхий барилгыг үйлчилгээний зориулалтаар барьсан ба анх нэгдүгээр давхарыг 2009 онд 95 мкв талбайд 9-н өрөөтэй халуун ус, сауны үйл ажиллагаа явуулахаар барьж байсан. Харин хоёрдугаар давхарыг 2012 онд 95 мкв талбайд 7 өрөөтэй угаалгын газар, цайны газрын үйл ажиллагаа явуулах зорилгоор барьсан ба хаалгыг нэг давхараас тусад нь шатаар орж, гардаг байдлаар зохион байгуулж өөрийн хөрөнгөөр барьж дуусгасан. Нэгдүгээр давхарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2009 онд гарч байсан бөгөөд харин хоёрдугаар давхарын гэрчилгээ гаргахаас өмнө Хас банкинд барьцаалсан байсан тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж амжаагүй болно.

2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өөрийн талийгаач нөхөр Н.Л-тэй хамтран Х банк-тай 1080012367 тоот зээлийн гэрээ байгуулж, 46.000.000 төгрөгийг 48 сарын хугацаатай, 1 жилийн 30 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгө зориулалтаар авсан. Мөн 1080012367-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнж 00 дугаар гудамжны 00 тоот хаягт байрлах Ү-2202015459 улсын бүртгэлийн дугаартай 95 мкв талбайтай үйлчилгээний дуусаагүй барилга (95%-ийн гүйцэтгэлтэй), Г-2202012450 дугаартай 95 мкв талбайтай газрын хамт барьцаалсан. Энд барьцаалж буй 95 мкв сууц нь гагцхүү тухайн барилгын нэгдүгээр давхарт хамаарах 95 мкв байсан ба харин хоёрдугаар давхар нь хамаарахгүй байсан болно. Тухайн үедээ гагцхүү 1 давхрын гэрчилгээг үндэслэн барьцааны гэрээ хийсэн ба 2 дугаар давхрын гэрчилгээ гараагүй байсан.

Хожим зээлийн гэрээний асуудал шүүх рүү шилжиж, Н.Л бид хоёр Х банк-аас нэхэмжилсэн 41.846.892 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож, хэрэв төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан.

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнж 00 дугаар гудамжны 00 тоот хаягт байрлах Ү-2202015459 улсын бүртгэлийн дугаартай 95мкв талбайтай үйлчилгээний дуусаагүй барилга (95%-ийн гүйцэтгэлтэй), Г-2202012450 дугаартай 95 мкв талбайтай газрыг битүүмжилж, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус эд хөрөнгийг хураан авч албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Ингэхдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гагцхүү 1 дүгээр давхрын хүрээнд явагдаж байсан ба хариуцсан шийдвэр гүйцэтгэгч 2 дугаар давхар хамаагүй тул битүүмжлэх, хураан авах ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу 1 давхарт хийнэ гэж байсан. Шийдвэр гүйцэтгэлийнхэн хоёрдугаар давхар луу огт орж үзээгүй болно. Дээрх барьцаа хөрөнгийг (1 дүгээр давхар болон газар) хоёр дахь албадан дуудлага худалдаагаар оруулсан ба дуудлага худалдаанд Х банк өөрсдөө оролцон Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ын саналын дагуу 36.245.000 төгрөгөөр худалдан авсан. Шүүхийн шийдвэр бүхий өр төлбөр нь тухайн дүнгээс бага дүнтэй байсан учир надад зөрүү төлбөрийг олгож энэ шүүхийн шийдвэрийн асуудал бүр мөсөн дууссан болно.

Гэтэл 2023 оны эхэнд миний өмчлөлийн тухайн барилгын 2 дугаар давхрын цоожийг сольж, дотор хадгалагдаж байсан угаалгын болон халуун усны зориулалттай эд хөрөнгүүдийг гарган хаяж, намайг өөрийн өмчлөлийн хөрөнгөд нэвтрэн орох боломжгүй болгосон.

Х банк ХК 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтэд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнж 00 дугаар гудамжны 00 тоот хаягт байрлах Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай 95 мкв талбайтай үйлчилгээний дуусаагүй барилга (95%-ийн гүйцэтгэлтэй)-ын талбайн хэмжээг 132.65 мкв болгон, мөн үл хөдлөх хөрөнгийн 1 болон 2 дугаар давхрын барилгын ажил бүрэн дуусгая гүйцэтгэл 100 хувь болсон өөрчлөлтийг бүртгүүлэхээр дурджээ. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд өөрчлөлт оруулан 2 дугаар давхрыг "Х банк-ийн өмчлөлд буртгэснээр 1 болон 2 дугаар давхар нэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болсон байна.

Улмаар банк иргэн Ц.Т2тай 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдаж, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 00 гудамж 0 тоот хаягт байршилтай 132.65 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө Ц.Т-ын өмчлөлд шилжсэн болохыг хэргээс олж мэдсэн. Ц.Т нь Х банкийг хууль бусаар өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасныг мэдэлгүй худалдан авсан байж болзошгүй, түүнийг мэдсэн гэж үзэх боломжгүй учраас нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн.

Тодруулбал, банк тус 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын зөвхөн нэгдүгээр давхрыг захиран зарцуулах эрхтэй байтал Ж.Т миний өмчлөлийн 2 дугаар давхрыг мөн дур мэдэн өөрийн өмчлөлд бүртгүүлж, бусдад худалдаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.

Иймд Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 00 дугаар гудамж 00 тоот хаягт байрлах Үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилгын хоёрдугаар давхрын тоосгон хийцтэй барилгын ажлын" нэгдсэн төсвийг МУ-ын мэргэшсэн төсөвчин Ч.Баттөмөрөөр тооцуулсан. Уг нэгдсэн төсөвт 2 дугаар давхрын нийт төсөвт өртөгийг 71.810.332 төгрөгөөр үнэлсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хохирлоо тооцохдоо уг давхрыг барихад зориулагдсан ажиллах хүчний зардал, материал, тээвэр, машин ашиглалтын зардлын нийлбэр буюу шууд зардлын дүн болох 56.674.321 төгрөгөөр тооцсон болно.

Иймээс Х банкийг иргэн Ц.Т-д худалдахаас өмнөх хугацаанд Ж.Т Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 00 гудамж 0 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийн 2 дугаар давхрын хууль ёсны өмчлөгч байсан болохыг тогтоож, 2 дугаар давхарын үнэ болох 56.674.321 төгрөгийг банкнаас гаргуулж өгнө үү.

Анх банк зээлийн судалгаа хийхдээ 2012 онд хөрөнгө нэмэгдсэнтэй холбоотойгоор 2009 оны гэрчилгээнд нэмж баригдсан хэсгийг бүртгүүлэхийг шаардах боломжтой байсан. Гэхдээ банк тухайн үед шаардахгүйгээр барьцааны гэрээг байгуулсан. Хөрөнгийг 2009 онд анх улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад 9,5*10 мкв гэж тухайн үеийн гадна талбайн хэмжээгээрээ гэрчилгээг авсан. Хана хоорондын талбай, өрөө хоорондын талбайг хасаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дандаа анхны гэрчилгээ болох 95 мкв талбай хэсгээр үнийн санал авсан, үнэлгээний тайланг гаргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад хөрөнгийг Х банкинд шилжүүлэхэд нэг давхарт байсан доторх хөрөнгийг 2 давхарт шилжүүлж байсан. Хариуцагч үнийн дүнд өнөөг хүртэл маргаж байгаагүй тул тухайн үеийн байдлаар үнэлүүлсэн төсвийг хэрэгт баримтаар өгсөн байсан гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Ж.Т нь Н.Л-ийн хамтаар 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Х банкнаас 46.000.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай зээлдэн авсан ба үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 00 дугаар гудамж 0 тоот хаягт байрлах 95 мкв талбайтай үйлчилгээний дуусаагүй барилга, мөн хаягт байрлах нэгж талбарын 0000000000 дугаартай 95 мкв талбайтай эзэмших газар, мөн хаягт байрлах 18 мкв нэг өрөө орон сууцыг барьцаалсан. Гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул банк шүүхэд хандаж нэхэмжлэл гарган, 2017 оны 12 дугаар сарын 13-нд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 182/Ш32017/11160 дугаар захирамж гарч Ж.Т, Н.Л нараас улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар 41.846.892 төгрөг гаргуулахаар талууд эвлэрснийг баталж шийдвэрлэсэн.

2018 оноос эхлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 14.970.852 төгрөгийг бэлнээр төлсөн ба төлбөрийн үлдэгдэл 27.091.540 төгрөгийг барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулан худалдан борлуулж төлбөрийг төлүүлсэн. Хас банк нь 2019 оны 10 сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдаанд оролцон Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн дугаар гудамж 0 тоот хаягт байрлах 95 мкв талбайтай үйлчилгээний дуусаагүй барилга, 95 мкв талбайтай эзэмших газрыг 36.245.000 төгрөгөөр худалдан авсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийг худалдан борлуулсанаас бий болсон мөнгөн хөрөнгөөс 27.091.540 төгрөгийг төлбөр авагч Хасбанкны төлбөрт, үлдэх 9.153.460 төгрөгийг төлбөр төлөгч Ж.Т-д шилжүүлсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Нэхэмжлэгч уг барилгыг 2012 онд 2 давхар болгон барьсан, 2013 онд Х банкнаас зээл авсан, 2 дугаар давхарын гэрчилгээг гарахаас өмнө барьцаалсан гэдгээ дурьджээ. Нэхэмжлэгч гэрчилгээгээ дууссан барилга болгон өөрчлөөгүй боловч Х банкнаас зээл авч зээлд барьцаалахаас өмнө уг барилгын 2 дугаар давхарыг барьж дуусгасан бөгөөд 2 давхар барилга бүхэлдээ нэг дуусаагүй барилгын гэрчилгээтэй байсан.

Шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхлэхэд уг барилга 2 давхар хэвийн үйл ажиллагаатай байсан ба битүүмжлэх, хураах, албадан дуудлага худалдааны үе шатуудад мөн адил 2 давхар барилга бүхэлдээ дуусаагүй барилга гэсэн гэрчилгээгээр битүүмжлэн хураагдаж, албадан дуудлага худалдаанд худалдан борлогдсон. Х банк ХК шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд оролцож уг 2 давхар барилгыг бүхэлд нь газрын хамтаар худалдан авсан ба төлбөрийг төлж улсын бүртгэлд бүртгүүлэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авснаар хууль ёсны өмчлөгч болсон.

Зээлдэгч нар зээл авах үедээ 2 давхар барилгаа бүхэлд нь барьцаалахаар банкинд хүсэлт гаргасан ба үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шинэчлэн аваагүй, 2 давхар барилга нь дундаа 1 гэрчилгээтэй байсан тул 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хасбанкнаас 46.000.000 төгрөгийн зээлийг олгохдоо үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй ЧД-ийн 9 дүгээр хороо, Дэнжийн 00 дугаар гудамж 0 тоот хаягт байрлах 95 мкв талбайтай үйлчилгээний дуусаагүй барилга гэсэн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн гэрээг байгуулсан.

Мөн хэрэгг авагдсан хэмжилтийн тайланд 1 давхарыг 63.62 мкв талбайтай, 2 давхарыг 69.03 мкв талбайтай гэж тогтоосноос харахад уг 95 мкв дуусаагүй барилгын талбайд 2 дугаар давхарын 31.38 мкв талбай багтсан байна. Энэ нь 95 мкв талбайтай дуусаагүй барилгад уг 2 давхар барилга бүхэлдээ багтаж байгааг нотлож байна. Иймээс нэхэмжлэгчийн 2 давхар барилгын зарим хэсэг буюу 95 мкв талбайг л барьцаалж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж худалдсан мэтээр тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийг худалдан борлуулсан мөнгөн хөрөнгөөс 27.091.540 төгрөгийг төлбөр авагч Хасбанкны төлбөрт, үлдэх 9.153.460 төгрөгийг төлбөр төлөгч Ж.Т, Н.Л нарт олгосон тул уг хөрөнгийг худалдан борлуулснаар Ж.Т-д хохирол учраагүй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нэхэмжилж байгаа үнийн дүнг нотлосон баримтгүй. Хэрэгт баримтаар ирүүлэн төсөв өөрөө 95 мкв хэмжээгээр хийгдсэн, харин бодитоор 69,3 мкв байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг нотлосон баримтгүй. Мөн уг хөрөнгийн хоёр давхар хэсэг өөрөө бие даасан хөрөнгийн шинжгүй, зөвхөн барилгын өргөтгөл хэсэг болно. Ус дулааны шугам нэгтэй хөрөнгө болно. Үүнээс гадна нэхэмжлэгч хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьсан эсэх тодорхойгүй, ийм баримтгүй. Гэрчүүд мэдүүлэхдээ талийгаач нөхөр нь барьсан гэж мэдүүлсэн тул Ж.Т шаардах эрхгүй. Анхнаасаа барьцааны гэрээ байгуулах үед 2 давхар баригдсан байсан тул бүхэлдээ барьцаалагдсан.

Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.Т миний бие 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Х банктай худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 00 дугаар гудамж 0 тоот хаягтай 0 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 95 мкв газар эзэмших эрхийн хамт худалдан авсан. Газар болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үед ямар нэгэн зөрчил маргаан байхгүй байсан. Миний худалдан авсан 95 мкв газар дээр уг хөдлөх хөрөнгө байршиж байгаа нь газрын кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн байгууламжийн зургаар нотлогдож байгаа. Иймд миний шудрагаар худалдаж авч өмчилсөн энэхүү хөрөнгөтэй холбоотой маргаан үүсгэж байгааг ойлгохгүй байна. Иймд миний эрх ашгийг хөндөхгүйгээр энэхүү хэргийг шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс баримтаар: Иргэний үнэмлэхний лавлагаа, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1080012367 тоот Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, мөн өдрийн Баталгаат ипотекийн гэрээ, түүний хавсралт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШЗ2017/11160 дугаартай шүүгчийн захирамж, тус шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШЗ2018/01588 дугаар шүүгчийн захирамж, мөн өдрийн 186 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоол, тус газрын Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 4/11662 тоот үнэлгээний мэдэгдэл, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дуудлага худалдааны мэдэгдэл, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний хөрөнгө суллах тухай мэдэгдэл, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хөрөнгө султгах тухай мэдэгдэл, Газар эзэмших 0403468 тоот гэрчилгээ, 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх хөрөнгийн гэрэл зургууд, Х ХХК-ийн үнэлгээний тайлан, төсөвчин Ч.Б-ийн хийсэн барилгын ажлын нэгдсэн төсөв, Улаанбаатар цахилгаан түгээх станц ХХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, техникийн нөхцөл, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хорооны тодорхойлолт, Хаан банкны дансны хуулга, шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнийн санал, Y-00000000 дугаартай бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлжээ.

/1хх 6-44, 131-141, 185-200, 211, 218-226, 2хх-3-85 /

Хариуцагчаас баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоол, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Ж.Т-ны хүсэлт, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байр орон сууцнаас албадан гаргах тухай тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн эзэмших эрх сэргээж, шилжүүлэх тухай албан бичгүүд, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202015459 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Харилцагчийн анкет, бичил зээлийн өргөдөл, зээлийн санал, зээлийн судалгааны тэмдэглэл, Ж.Т-ны дансны хуулга, Үл хөдлөх хөрөнгө хүлээлцсэн акт зэргийг ирүүлжээ.

/1хх 54, 55, 57-59, 63-85, 142-151, 245-250, 2хх 1/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр 181/ШЗ2023/17186 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 5/9737 тоот хариу, түүний хавсралтууд, 181/ШЗ2023/18684 тоот шүүгчийн захирамжийн дагуу гэрч Ш.Г, О.Б нарын мэдүүлэг, 181/ШЗ2024/04832 тоот шүүгчийн захирамжийн дагуу хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргийг бүрдүүлжээ. /1хх 93-120, 162-173, 240-244/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ж.Т нь Х банкинд холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 00 дугаар гудамж 0 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай барилгын 0 давхрын 95 мкв талбайтай хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох шаардлага анх гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн үндэслэлээр тухайн барилгын 0 дугаар давхрын 69,03 мкв талбайн хууль ёсны өмчлөгч байсан болохыг тогтоолгох, үндэслэлгүй хөрөнгөжсөн 57.674.321 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул энэ хүрээгээр шийдвэрлэх нь зүйтэй.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Х банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдахаас өмнө нэг давхар өөрийн барилгаа өргөтгөж 2 давхар болгосон ч эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж амжаагүй байсан, банкинд зөвхөн нэгдүгээр давхрыг барьцаалсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөвхөн нэгдүгээр давхар хэсгээр явагдсан байтал банк хоёрдугаар давхрыг хамтад нь өөрийн өмчлөлд шилжүүлж авч, бусдад худалдан борлуулсан тул хоёрдугаар давхрын өмчлөгч байсныг тогтоолгож, үнийг үндэслэлгүй хөрөнгөжснөөр гаргуулна. Барилгын нэг болон хоёрдугаар давхар ус дулаан цахилгааны хувьд нэгдсэн нэг шугамтай ч тус тусдаа орц гарцтай хөрөнгө гэв.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдахаас өмнө хоёрдугаар давхар баригдсан байсан тул бүхэлдээ барьцааны зүйл болсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дуудлага худалдааны ялагч болж хөрөнгийн өмчлөгч болсон, сүүлд хийсэн талбайн хэмжилтээр дээд талын хоёрдугаар давхар 69,03 мкв талбай гэж гарснаар анхнаасаа хоёрдугаар давхар баригдсан байсан нь тогтоогдоно, банк дуудлага худалдаагаар 95 мкв талбайтай хөрөнгийг олж авсан гэж тайлбарлав. Түүнчлэн нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр барьж босгосон баримтгүй, талийгаач нөхрийнх нь хөрөнгө, нэгдүгээр болон хоёрдугаар давхар бие даасан хөрөнгө биш, салгаж болохгүй нэг хөрөнгө гэв.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс тайлбартаа: Банктай байгуулсан гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шударгаар олж авсан гэв.

5.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

5.1.Нэг талаас Х банк, нөгөө талаас Ж.Т, Н.Л нар 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр харилцан тохирч, Зээлдүүлэгч 46.000.000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000гаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнж 00 дугаар гудамжны 00 тоот хаягт байрлах 95 мкв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай дуусаагүй хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-000000000 дугаартай 95 мкв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй 18 мкв талбайтай нэг өрөө үл хөдлөх хөрөнгөнөөс хангуулахаар тохирч 1080012367 тоот, 1080012367-01 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан харилцаа үүсчээ. /1хх 8-18/

5.2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/11160 дугаар шүүгчийн захирамжаар Ж.Т, Н.Л нараас зээлийн гэрээний үүрэгт 41.846.892 төгрөг гаргуулж Х банк-д олгох, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202015459, Ү-2202008978, Г-2202012450 дугаарт бүртгэлтэй хөрөнгөнүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /1хх 19-21/

5.3.Дээрх шүүгчийн захирамжийг биелүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагааг явуулсан, барьцаа хөрөнгүүдэд хуульд заасан ажиллагааг гүйцэтгэсний эцэст 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр маргаанд хамаарах эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 68.490.000 төгрөгийн 50 хувь болох 34.245.000 төгрөгөөр хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Түүний дагуу 36.245.000 төгрөгөөр дуудлага худалдааны ялагчаар Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б тодорсон. Улмаар дуудлага худалдааны ялагч Х банк  төлбөрийг төлснөөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/26349 тоот албан бичгээр дуудлага худалдааны ялагч болох Х банк-ийн нэр дээр хөрөнгийг шилжүүлэн бүртгүүлэхээр улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн, ийнхүү тус банкинд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 000759151 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг олгожээ. /1хх 22-37, 63-80, 82-83/

5.4.Бүртгэх байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар: маргаанд хамаарах Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 00 дугаар гудамж, 0 тоот хаягт байрших үйлчилгээний зориулалттай хөрөнгө нь анх 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Ж.Т-ны өмчлөлд 95 мкв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хөрөнгөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэгдсэн. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр албадан дуудлага худалдаагаар Х банк-ийн өмчлөлд шилжиж бүртгэгдсэн, тус банкны 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөж 132,65 мкв талбайтай, 100 хувийн гүйцэтгэлтэй болж хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн худалдах худалдан авах гэрээгээр иргэн Ц.Т-ын өмчлөлд шилжиж бүртгэгджээ. Мөн уг үл хөдлөх эд хөрөнгөд үүрэг ногдуулсан Хас банктай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй болохыг тодорхойлсон байна. /1хх 93-120/

5.5.2013 онд талууд зээлийн болон барьцааны гэрээг байгуулах үед хөрөнгийг 2 давхар болгож өргөтгөсөн үйл баримтыг зохигчид мэдэж байсан болох нь хэрэгт авагдсан зээл судалсан баримт /зээл хүсэгч Ж.Т Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 00-0 тоот үйлчилгээний 1 давхар барилгаа 2012 онд 2 давхар болгон өргөжүүлж цайны газар, үсчин, эмийн сан, караоке, 1 давхарт халуун ус, саун, угаалга, хатаалга гэсэн чиглэлээр үйл ажиллагаа нь явагдаж байна/, гэрч О.Б, Ш.Г нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон, үүнд маргаагүй. /1хх 146-148, 164-173/

6.Харин зохигчид барьцааны зүйлд хоёрдугаар давхар багтсан байсан эсэх, дуудлага худалдаа нэг болон хоёрдугаар давхарт хамт явагдсан эсэх, улмаар хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхэд маргасан.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, 492.1.1 хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж заасны дагуу хариуцагчаас өөрийн эд хөрөнгийн үнийг шаардах эрхтэй. гэж зохицуулсан.

6.1.Хэрэгт авагдсан Баталгаат ипотекийн гэрээний 2.1-д Банкны шаардлагыг хангахаар барьцаалуулагч Ж.Т нь хавсралтад заасан үл хөдлөх хөрөнгийг түүний дагалдах хөрөнгө, засан сайжруулах зорилгоор хийсэн нэмэлт, өөрчлөлтийн хамт барьцаалуулах гэж зааснаас үзвэл талууд ирээдүйд бий болох хөрөнгийн хувьд барьцааны зүйл байж болохоор тохирсон байна.

Гэвч Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ. гэж заасан.

Талууд барьцааны гэрээгээр ирээдүйд бий болох хөрөнгө буюу хоёрдугаар давхрын тухайд 2013 онд барьцааны гэрээг бүртгүүлснээс хойш 2019 онд шийдвэр гүйцэтгэлийн журмаар хөрөнгийн өмчлөл шилжих хүртэл хугацаанд тухайн хөрөнгийн талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах замаар нэмж барьцаалсан, барьцааны гэрээг бүртгүүлсэн байдал тогтоогдоогүй тул нэгдүгээр давхраас илүү гарсан хэсэгт барьцааны эрх үүсээгүй. Хоёрдугаар давхрын тухайд барьцааны эрх хуулийн дагуу бүртгэлд бүртгүүлж баталгаажаагүй тул барьцаа хөрөнгө гэж үзэхгүй.

Учир нь: анх 2009 онд 95 мкв талбайтай дуусаагүй хөрөнгөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх үед зөвхөн нэгдүгээр давхар хэсэг баригдсан байсан болох нь тухайн үеийн хөрөнгийн гэрэл зураг, план зураг, улсын бүртгэлийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. /1хх 94-99/ Хоёрдугаар давхар хэсэг 2013 онд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдахаас өмнөх цаг хугацаанд бодитоор баригдаад бий болсон үйл баримтыг гэрээ байгуулах үед талууд мэдсэн атлаа Баталгаат ипотекийн гэрээндээ дуусаагүй барилга хэсгээр л тусгасан тул энэ тохиолдолд хоёрдугаар давхар Иргэний хуулийн 154 дүгээр зүйлд заасан ирээдүйд бий болох хөрөнгө-д хамаарна.

6.2.Сүүлд 2022 онд хийсэн хэмжилтийн тайлангаар нэг болон хоёрдугаар давхар нийлээд 132,65 мкв талбайтай байгаагаас харвал бүхэлдээ барьцаа байсан гэдэг нь нотлогдоно хэмээн хариуцагч тайлбарласан.

Х банкны хүсэлтээр М ХХК маргааны зүйл болсон хөрөнгийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр талбайн хэмжилт хийж, тухайн хэмжилтийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг 132,65 мкв талбайтай 100 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлд бүртгэжээ. Энэ талбайн хэмжилтэд зохигчид маргаагүй болно. /1хх 105-115/

Ийнхүү талбайн хэмжээ нэмэгдэж бүртгэлд өөрчлөлт оруулахдаа банкны зүгээс хөрөнгөд өөрөөс гаргасан нэмэлт засан сайжруулалт /өмчлөлийг шилжүүлж авснаас хойш хэмжээг томсгосон, өргөтгөсөн гэх мэт/ байгаагүй болох нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

Дээрх хэмжилтээр нэгдүгээр давхрын тухайд Стандартчилал хэмжил зүйн газрын зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын МNS6058:2009 стандартын дагуу хэмжихэд сууцны нийт талбайн хэмжээ 63,62 мкв хэмжээтэй байна, харин гадна талбайн хэмжээгээрээ 6*15,7=94,2 мкв хэмжээтэй байна. Хоёрдугаар давхрын тухайд МNS6058:2009 стандартын дагуу хэмжихэд сууцны нийт талбайн хэмжээ 69,03 мкв хэмжээтэй байна, харин гадна талбайн хэмжээгээрээ 6*15,7=94,2 мкв хэмжээтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч анх хөрөнгийг МNS6058:2009 стандарт батлагдаж мөрдөгдөхөөс өмнөх цаг хугацаанд буюу 2009 оны 11 дүгээр сарын 25-нд бүртгүүлэхдээ гадна талбайн хэмжээгээр тооцож 15,86*6=95 мкв талбайгаар эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хариуцагчийн 2022 онд хийлгэсэн дээрх талбайн хэмжилттэй ойролцоо байна. Өөрөөр хэлбэл өмчлөлийг анх бүртгүүлэх цаг хугацаанд талбайн хэмжээг дотор хананаас тооцох Монгол Улсын стандарт батлагдаагүй байсан тул нэхэмжлэгч гадна талбайн хэмжээгээр тооцож бүртгүүлснийг буруутгах үндэслэлгүй. Иймд талбайн хэмжээний зөрүүтэй байдлаар хоёрдугаар давхар хамтдаа барьцааны зүйл байсан нь нотлогдох тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

6.3.Дуудлага худалдааны ялагч болох замаар 95 мкв талбайн өмчлөлийг олж авсан тул нэхэмжлэгч хоёрдугаар давхрыг бүхэлд нь шаардах үндэслэлгүй гэж хариуцагч тайлбарласан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.7-д ... худалдан борлуулсан хөрөнгийн биет байдлын доголдолтой холбогдон гарсан гомдлыг хүлээн авахгүй гэж заасан.

Нөгөөтэйгээр дуудлага худалдааны аргаар хариуцагч хөрөнгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар хөрөнгийн талбайн хэмжээ /тоо хэмжээ/ дутсан доголдлын тухайд шаардлага гаргах эрхээ алдсан. Мөн хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан тул эрсдэл худалдан авагч тал болох Х банк-д шилжсэн гэж үзнэ. Түүнчлэн хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсноос хойш өнөөг хүртэлх хугацаанд шийдвэр гүйцэтгэх байгууллага болоод төлбөр төлөгчид талбайн хэмжээ зөрүүтэй асуудлаар шаардлага гаргаж байгаагүй нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл өмчлөх эрхийн гэрчилгээ МNS6058:2009 стандарт батлагдахаас өмнөх цаг хугацаанд олгогдсон тул зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг банкны хувьд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулах үедээ ч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах хугацаанд ч тухайн хөрөнгийн талбайн хэмжээ гадна хэмжээсээр хэмжсэн байж болзошгүй, МNS6058:2009 стандартаар дотор хананаас хэмжихэд багасч болзошгүй эрсдэлийг мэдэх бүрэн боломжтой байсан гэж үзнэ. Гэвч энэ талаар ямар ч гомдол санал гаргаж байгаагүй байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 95 мкв талбайн хэмжээгээр өмчлөлийг олж авсан тул хариуцагч хоёрдугаар давхрын 69,03 мкв талбайн хэмжээгээр шаардах учиргүй тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

6.4.Тухайн хөрөнгийн хоёрдугаар давхар бие даасан хөрөнгийн шинжгүй, нэг хөрөнгийн бүрдэл хэсэг, барилгын өргөтгөл гэж тайлбарласан.

Зохигчдын тайлбараар тухайн хөрөнгийн нэг болон хоёрдугаар давхар нийтдээ нэгдсэн халуун, хүйтэн ус, халаалтын шугамд холбогдсон, харин орц гарц хэсэг тус тусдаа бие биеэрээ дамждаггүй болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно гэж заасан. Энэ хэргийн тухайд нэхэмжлэгч тухайн хөрөнгийн хоёрдугаар давхрын өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан анхны шаардлагаа өөрчилж харин үнийг гаргуулахаар шаардсан тул маргааныг шийдвэрлэхэд хоёрдугаар давхар хөрөнгийн бүрдэл хэсэгт хамаарах эсэх асуудал ач холбогдолгүй, хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй.

6.5.Тухайн хөрөнгийг нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр барьсан талаарх баримтгүй, гэрчүүд талийгаач нөхрийн хөрөнгө гэж мэдүүлсэн тул өв залгамжлалаар хүлээн авсан баримтгүй, улмаар нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж тайлбарласан.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч Ж.Т-н тухайн хөрөнгийн өмчлөгчөөр анх бүртгэгдсэн байсан, банк зээлийн судалгааг хийхдээ зээл хүсэгч Ж.Т хөрөнгөө 2 давхар болгосон талаар тусгагдсан тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Түүнчлэн хамтран зээлдэгч Н.Л нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн байсан, тэрээр 2018 онд нас барсан үйл баримтад зохигчид маргаагүйг дурдав.

Дээрх бүгдийг нэгтгэвэл хариуцагч Х банк-г Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 00 дугаар гудамж 0 тоот хаягт байрших үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилгын хоёрдугаар давхрын хэсгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн, харин нэхэмжлэгч нь хоёрдугаар давхар хэсгээ ашиглах, эзэмших, өмчлөх боломжгүй болсон байх тул тэрээр хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр өөрийн эд хөрөнгийн үнийг шаардаж буй нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлйн 493.2-т заасан хуулийн зохицуулалтад нийцнэ.

Иймд нэхэмжлэгч хоёрдугаар давхрын тухайд үнийг шаардах эрхтэй.

7.Зохигчид хөрөнгийн үнэд мөн маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлохоор мэргэшсэн төсөвчин Ч.Б-ийн маргааны зүйл болсон 2 давхар барилгын хоёрдугаар давхрын барилгын ажлын нэгдсэн төсөв 71.810.332 төгрөгөөр тогтоосон баримтыг ирүүлсэн.

Дээрх баримт барилгын ажлын төсөв байх шүүх хоёрдугаар давхрыг барьсан бодит зардлын баримт биш харин гүйцэтгэх ажлын төсөв тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүх хэрэгт авагдсан 2022 онд хэмжсэн талбайн хэмжээ, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2019 онд уг хөрөнгийн үнэлгээг Х ХХК-иас тогтоохдоо нэг мкв талбайн үнэлгээг тооцсон хэмжээ болох 720.900 төгрөгөөр тооцох замаар нийт үнийг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Иймд хариуцагчаас нийт 49.763.727 /69,03 мкв * 720.900/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /1хх 111, 112, 138/

8.Нэхэмжлэгчийн гаргасан Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 00 дугаар гудамж 00 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай барилгын 0 дугаар давхрын 69,03 мкв талбайн хууль ёсны өмчлөгч байсан болохыг тогтоолгох шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин хариуцагчаас хөрөнгийн үнийг гаргуулах шаардлагын үндэслэл болохыг дурдав.

9.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Т-ын тухайд хөрөнгийн өмчлөлийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шударгаар олж авсан этгээдэд тооцогдох тул шүүхийн шийдвэр түүний өмчлөх эрхийг хөндөхгүй, эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй.

10.Түүнчлэн гуравдагч этгээдэд шүүх хуралдааны товыг хүргэсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

11.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2-т заасныг баримтлан Х банк-иас 49.763.727 /дөчин есөн сая долоон зуун жаран гурван мянга долоон зуун хорин долоон/ төгрөг гаргуулж Ж.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.910.594 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 781.332 /441.332+340.000/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 406.768 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ