Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 17

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор  А.Дүүрэнбилэг

Шүүгдэгчийн өмгөөлөгөөр өмгөөлөгч Ю.Нямсүрэн

нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь  аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бт холбогдох эрүүгийн .........дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Ц.Б

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ц.Бнь Дорноговь аймгийн Айраг сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө иргэн Н.Бийн нуруун тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Ц.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид хоёр 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сум орж өвс авах гээд гарсан. Сумаас гарахдаа 2 шил архи аваад хөдөө манай гэрт очиж уусан. Ууж байхдаа дааганы талаар ярьж байгаад маргасан. Тухайн үед би айлгая гэж бодож байсан. Хэрэг хийсэндээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг

 

           Хохирогч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бчиний өгсөн даага үхсэн би чамаас дааганыхаа мөнгийг авна гэж хэлээд тэр асуудлаас болж маргалдаад байж байтал Бгэрийнхээ шүүгээнээс юм хайгаад чамайг хутгална гэж хэлсэн. тухайн үед би арай ч хутгалчихгүй байх гэж бодож байтал миний нуруун тус газар луу хутгалсан. Би тухайн үед архи их хэмжээгээр уусан байсан болохоор унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг,

           Гэрч Ш.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн үед Бтэр хоёр хоорондоо адуу, мал яриад муудалцаад байсан. Би бие засах гээд гараад гэрт буцаад ортол Бнь гартаа хутга барьчихсан, Б нь доошооо тонгойчихсон, баруун дал хэсгээс нь цус гарсан байдалтай байсан ба би Бээс хутгыг нь булааж аваад болиулсан. Ингээд Бийг газар хэвтүүлэн нуруу, дал хэсэг нь нэлэнхүйдээ цус болоод цамцыг нь тайлтал далны орчимд хутгалчихсан цус олгойдож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/

           Гэрч С.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Бийг гэр лүүгээ явъя гэж хэлээд гадаа машинд хүлээгээд сууж байтал гэрт орилж хашгирах шиг болсон. Тэгэхээр нь юу болов гээд Бийн гэрт нь ортол Бийн нуруунаас цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас

            Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “...Н.Бийн биед нурууны дунд хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 02/006 дугаартай дүгнэлт

 

             Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 23-24/

             Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 43/

             Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 44/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-70/ зэргийг шинжлэн судлав.

 

  Шүүгдэгч  Ц.Бнь Дорноговь аймгийн Айраг сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө иргэн Н.Бийн нуруун тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Б, гэрч Ш.Б, С.Н  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.12.20-ны өдрийн 02/006 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Ц.Бт  аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Ц.Бт  холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд  шүүгдэгч  нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн  байх тул шүүгдэгч Ц.Бийг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Хохирогч Н.Бнь хавтаст хэргийн 33 дугаар талд”...  ямар нэгэн гомдол саналгүй, Бээс нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Ц.Бээс  гаргуулах   төлбөргүй байна.

Шүүгдэгч Ц.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг  дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27 см урттай хүрэн модон иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ц.Бийн үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт 800000 төгрөгийн торгох ялыг 60 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27 см урттай хүрэн модон иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн эзэмшлийн ... улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7.Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.АДЪЯАСҮРЭН