Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 109/ШШ2024/0031

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн  А нам

            Хариуцагч: Архангай аймгийн Сонгуулийн хороо

Гуравдагч этгээд: Б.Б, Ч.Т нарын хоорондох “Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай тогтоолын хавсралтын Ч.Т, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахшаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э (цахим), хариуцагч Архангай аймгийн Сонгуулийн хорооны дарга Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Архангай аймгийн А намаас Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчийг бүртгэх тухай” 18 дугаар тогтоолын Ч.Т, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчийг бүртгэх тухай” 25 дугаар тогтоолын Б.Б нарт холбогдох хэсгийг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар шүүхэд маргажээ.

2. Нэхэмжлэгч Архангай аймгийн  А нам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн  А намын хорооны ээлжит хурал 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр болж,  А намын даргын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар М.Г-г үүрэгт ажлаас чөлөөлсөн. Чөлөөлсөн талаараа Архангай аймгийн Сонгуулийн хороонд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр цахим шуудангаар болон, шуудангаар хүргүүлж, хүргүүлсэн талаараа утсаар холбогдож мэдэгдсэн. Гэтэл мэдэгдсээр байтал үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн М.Г даргын 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тушаалыг үндэслэн Б.Б, Ч.Т нарыг орон нутгийн сонгуулийн Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчээр бүртгэсэн байгаа нь хууль бус байна. Иймд Б.Б, Т.Т нарыг нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн сонгуулийн хороо 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаар тогтоол, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолыг тус тус гаргаж, иргэн Ч.Т болон Б.Б нарыг Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн байдаг. Тус бүртгэсэн тогтоол нь хуульд нийцээгүй хэмээн нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Учир нь тус нэр дэвшигчдийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 32, 33 дугаар тогтоолыг үндэслэн Архангай аймгийн  А намын дарга М.Г-гийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэн нэр дэвшигчээр бүртгэсэн байдаг. Гэтэл 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/35 тушаалаар М.Г-г Архангай аймгийн  А намын дарга Г тушаал гарган ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл ажлаасаа чөлөөлөгдсөн Г-ий тушаалыг үндэслээд нэр дэвшигчид бүртгэсэн байгаа нь хууль бус байна гэж үзэж байгаа. Мөн П-н М-г Архангай аймгийн  А намын даргаар томилсон тухай мэдээллийг Архангай аймгийн сонгуулийн хороонд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгээр болон мэйлээр тус тус хүргүүлсэн байгаа. Ингэж хүргүүлж мэдээлсээр байтал ажлаасаа чөлөөлөгдсөн Г-ий тушаалыг үндэслээд нэр дэвшигч нарыг бүртгэсэн байгаа нь хууль бус байна. Иймд 18 дугаар тогтоолын Ч.Т-д холбогдох хэсэг болон 25 дугаар тогтоолын Б.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

4. Хариуцагч Архангай аймгийн Сонгуулийн хороо шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Х намаас нэр дэвшигч Б.Б, Ч.Т нар нь аймгийн сонгуулийн хороонд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр бүрдүүлж ирүүлсэн материалд Архангай аймгийн  А намаас гарах тухай өргөдөл, “ А намын гишүүнээс хасах тухай”  А намын даргын тушаалын хуулбарыг ирүүлсэн. Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 5.6, 5.7-д "5.5....Хуульд зааснаас бусад тохиолдолд намын гишүүн байх нь түүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, давуу байдал олгох үндэслэл болохгүй” “5.6....Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хувийн байдлыг тодорхойлсон албаны баримт бичигт тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр аль нэг намын гишүүн болох талаар тодорхойлохыг хориглоно”, “5.7....Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно” гэсэн заалтын дагуу  А намын гишүүнчлэлээс гарсан гэж үзсэн болно. Иймд  А намаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Архангай аймгийн Сонгуулийн хорооны дарга Ш.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн сонгуулийн хороонд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг хуулийн хугацаанд хүлээж авч шийдвэрээ гаргах үүрэгтэй. Үүний дагуу бид Х намаас нэр дэвшигчдийн баримт бичгийг хуулийн хугацаанд хүлээж авсан. Нийт 91 нэр дэвшигчийн материал ирсэн. Нэг бүрчлэн нягтлан шалгаж, бүртгэж шийдвэрээ гаргасан. Х намаас нэр дэвшигч Б.Б, Ч.Т хоёрын хувьд Б.Б-ийг эхлээд татварын өртэй гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзсан. Хуулийн хугацаанд зөрчлөө арилгасан тохиолдолд бүртгэхэд талаар хуульд заасан байгаа. Ингээд хуулийн дагуу Б.Б-ийг бүртгэх шийдвэр гарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Архангай аймгийн  А намын даргыг чөлөөлсөн, шинээр томилсон гэсэн зүйл яриад байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэний сонгох, сонгогдох эрхийг хангаж шийдсэн. Энэ талаар Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д тодорхой заалт байдаг. Намын гишүүн хэдий ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно хэмээн заасан байгаа. Б.Б нь 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр  А намаас гарах өргөдлөө  гаргачихсан. Т нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр  А намын гишүүнээс татгалзаж, өргөдлөө гаргачихсан байгаа. Иймд Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасны дагуу өргөдөл гарсанд тооцож буюу  А намын харьяалалгүй болчихсон гэж үзээд бүртгэх шийдвэр гаргасан. Хавтаст хэргийн материалд авагдсан Х намд элссэн талаарх баримт авагдсан байсан. Ер нь аль нэг улс төрийн намын дотоод асуудал буюу намын даргыг чөлөөлсөн, томилсон, тамга тэмдгийн маргаан зэрэг нь сонгуулийн хорооны шийдвэрт хамааралгүй. Сонгуулийн хорооны нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоол байгаа. Энэ тогтоолын үндэслэл хэсэгт аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 16, 19, 31, 32 дугаар зүйлүүдийг буюу баримталж байгаа хуулийнхаа үндсэн заалтуудыг бичсэн байгаа. Маргаад байгаа намын даргын асуудал нь намын дотоод асуудал учраас Сонгуулийн хорооны шийдвэрт нөлөөлөхгүй гэж үзэж байна гэв.

6. Гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б нь 2000 оноос  А намын гишүүн, аймгийн намын хорооны гишүүн сонгуульт ажилтай байсан бөгөөд 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгаас сонгогдсон 7 гишүүнтэй уулзах урилгаар Улаанбаатар хотод очсон боловч  А намын хорооны хурал болж хувирсан бөгөөд уг хурлын процесс таалагдаагүй учир 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр М.Г даргатай утсаар холбогдож намаас гаргах хүсэлтээ мэдэгдсэн. М.Г намын тамгаа хулгайд алдаад дахин хэвлүүлж хийлгэж байгаа учир 8 дугаар сарын 22-нд шийдвэрээ аваарай гэсний дагуу 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн үед М.Г-гээс шийдвэрээ авсан болно гэжээ.

7. Гуравдагч этгээд Ч.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А намын гишүүнээс гарах хүсэлтээ Архангай аймгийн  А намын дарга М.Г-д өгсөн. М.Г нь 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр  А намаас гарсан шийдвэрээ ав гэсэн. Уг шийдвэрийг М.Г-гээс авсан гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

 

  1. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

1.1.  А нам нь 2000 оны 12 дугаар сарын 6-ны өдөр үүсгэн байгуулагдсан,  улс төрийн намын үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиглэл бүхий улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээд байна.  (Хавтаст хэргийн 3 дахь тал)

1.2.  А намын дарга 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар П.М-г Архангай аймгийн  А намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. (Хавтаст хэргийн 4 дэх тал)

1.3. Архангай аймгийн  А намаас иргэн Б.Б, Т.Т нарыг нэр дэвшигчээр бүртгэсэн аймгийн Сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгуулахаар 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Сонгуулийн хороонд хангаж, тус хорооноос 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 25, 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаар албан бичгээр хариу хүргүүлжээ.  (Хавтаст хэргийн 123-152  дахь тал)

1.4. Архангай аймгийн  А намаас 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй, ...”, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан бөгөөд мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.1 дэх хэсэгт заасан тусгай журмаар хянан шийдвэрлэхээр заасан маргаанд хамаарч байна..

1.5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг Хурлын төлөөлөгчид /цаашид “төлөөлөгч” гэх/ нэр дэвшүүлэх эрхтэй.”, 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.” гэж заажээ.

1.6. Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5. дахь хэсэгт “Орон нутаг дахь салбар нэгж нь намынхаа нэрийн өмнө тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг заасан тодотголыг хэрэглэнэ.”, 15 дугаар зүйлийн 15.1. дэх хэсэгт “Намын бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог энэ хуульд заасны дагуу намын дүрмээр зохицуулна.”, 15.2. дахь хэсэг Намын дүрэмд дараах нийтлэг зүйлийг тусгана: 15.2.10.-т “намын салбар болон бүтцийн нэгжийг байгуулах, татан буулгах үндэслэл, журам.” гэж заажээ.

1.7. Тухайлсан харилцааг зохицуулсан эдгээр хуулийн эл зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Архангай аймгийн  А намын нь тус намыг орон нутгийн түвшинд төлөөлөх зорилгоор байгуулагдсан “намын салбар байгууллага” бөгөөд тухайн салбар байгууллага буюу Архангай аймгийн  А намын хороо нь сонгуульд оролцсон, ийм сонгуулийн хорооны үйл ажиллагаа, тухайлбал, нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотойгоор маргах, намын эрх ашиг зөрчигдөж болзошгүй үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн болно.

1.8. Иймд Архангай аймгийн А намаас Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

2. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд

2.1. Монгол Улсын Их хурлын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэхээр товлон зарлаж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байхаар тогтоож, энэ тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ.

2.2. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоож, 2024 оны 7 дугаар сарын 23-ны 04 дүгээр тогтоолоор аймгийн Сонгуулийн хороог байгуулжээ. (Хавтаст хэргийн 66-70 дахь тал)

2.3. Архангай аймгийн  А намын дарга 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар Архангай аймгийн  А намын дарга М.Г-г 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар П.М-г Архангай аймгийн  А намын даргын үүрэг гүйцэтгэгчээр 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн томилсон байна. (Хавтаст хэргийн 121-122 дахь тал)

2.4. Иргэн Б.Б- нь 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр, иргэн Ч.Т нь 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр  А намын гишүүнчлэлээс татгалзах тухай хүсэлт гаргасны дагуу Архангай аймаг дахь  А намын даргын 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар тушаалаар Б.Б-ийг, мөн өдрийн 33 дугаар тушаалаар Ч.Т-г  А намын гишүүнээс хассан байна. (Хавтаст хэргийн 89-90, 109-110 дахь тал)

2.5. Улмаар иргэн Б.Б, Ч.Т нар нь 2024 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Х намын гишүүнээр элсэж, тус намын аймгийн намын хорооны тэргүүлэгчдийн 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн №021 дүгээр тогтоолоор Ч.Т-г тус аймгийн 19 дүгээр тойрогт, Б.Б-ийг 25 дугаар тойрогт нэр дэвшүүлж, холбогдох баримтын хамт аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 71-110, 157 дахь тал)

2.6. Ийнхүү Архангай аймгийн Сонгуулийн хороо 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчийг бүртгэх тухай” 18 дугаар тогтоолын хавсралтын 1-д Ч.Т-г, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчийг бүртгэх тухай” 25 дугаар тогтоолын хавсралтын 2-т Б.Б-ийг Х намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн байна. (Хавтаст хэргийн 111-112, 115-116 дахь тал)

2.7. Уг хэргийн тухайд  А намын дарга 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар Архангай аймгийн  А намын даргыг ажлаас чөлөөлсөн, Архангай аймаг дахь  А намын дарга 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 32, 33 дугаар тушаалаар иргэн Б.Б-, Ч.Т- нарыг намын гишүүнээс хассан,  А намын дарга 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар П.М-г Архангай аймгийн  А намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байх бөгөөд нэхэмжлэгчээс “ ...  А намын даргын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар М.Г-г үүрэгт ажлаас чөлөөлсөн. Гэтэл үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн М.Г даргын 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тушаалыг үндэслэн Б.Б, Ч.Т нарыг орон нутгийн сонгуулийн Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчээр бүртгэсэн байгаа нь хууль бус байна ...” гэх үндэслэлээр шүүхэд маргажээ.

3.Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд

 

3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 10-д “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд Хийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно…”, 16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно”;

3.2. Улмаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйл хуулийн зорилт нь “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино.”;

3.3. Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-т "намын гишүүн" гэж намын зорилго, үзэл баримтлал, намын хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр намд эвлэлдэн нэгдэж элссэн, гишүүний татвар төлдөг, тухайн намын үйл ажиллагаанд саналын болон сонгох, сонгогдох эрхтэйгээр оролцох иргэнийг; 5 дугаар зүйлийн 5.1.-т “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль тогтоомж болон тухайн намын дүрэм, намын хөтөлбөрт нийцүүлэн түүний үйл ажиллагаанд оролцох, намыг дэмжих, эс дэмжих эрхтэй.”, 5.2.-д “Аль нэг намд эвлэлдэн нэгдсэний төлөө болон намын гишүүний хувьд иргэнийг аливаа хэлбэрээр мөрдөн мөшгих, заналхийлэх, дарамтлах, ялгаварлан гадуурхахыг хориглоно.”, 5.7.-д “Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно.” хэмээн иргэн өөрийн үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх буюу аль нэг намд гишүүнээр элсэх, өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах, намыг дэмжих, эс дэмжих иргэний эрхийг хуульчлан баталгаажуулжээ.

3.4. Тодруулбал, Улс төрийн намын /шинэчилсэн найруулга/ тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7.-д “Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно.” гэж нарийвчлан зохицуулсан байна.

3.5. Мөн Улс төрийн намын /шинэчилсэн найруулга/ тухай  хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Намын бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог энэ хуульд заасны дагуу намын дүрмээр зохицуулна.”, 15.2. дахь хэсэг Намын дүрэмд дараах нийтлэг зүйлийг тусгана:, 15.2.3.-т “намын гишүүнээр элсэх, намын гишүүнээс түдгэлзэх, намын гишүүний эрх, үүрэг, намын гишүүнээс хасах болон бусад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл” гэж тус тус зохицуулсан. Улмаар  А намын дүрмийн 3.6. Намын гишүүний эрх 3.6.9-д “Намын гишүүнээс түдгэлзэх, татгалзах” гэж тус тус заажээ. (Хавтаст хэргийн 22 дахь тал)

3.7. Энэ хэргийн гуравдагч этгээд Ч.Т-гийн хувьд, Архангай аймгийн  А намын даргад 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр намын гишүүнээс гарах өргөдөл гаргаж Архангай аймгийн  А намын даргын 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаартай тушаалаар, гуравдагч этгээд Б.Б-ийн хувьд Архангай аймгийн  А намын даргад 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр намын гишүүнээс гарах өргөдөл гаргаж Архангай аймгийн  А намын даргын 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай тушаалаар тус иргэдийг  А намын гишүүнээс хассан үйл баримт тогтоогдож байна. (Хавтаст хэргийг 89-90, 109-110 дахь тал)

3.8. Улмаар гуравдагч этгээд Б.Б, Ч.Т нар нь 2024 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Х намд гишүүнээр элсэж гишүүний батламж авсан байх бөгөөд Х намын 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 021 дугаартай тогтоолоор гуравдагч этгээд Ч.Т-г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 19 дүгээр тойрогт, Б.Б-ийг 25 дугаар тойрогт тус тус нэр дэвшигчээр бүртгүүлэхээр баталж Архангай аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 71-110, 157 дахь тал)

3.9. Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай тогтоолын хавсралтаар Ч.Т, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар Б.Б нарыг Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчээр бүртгэсэн байна. (Хавтаст хэргийн 111-112, 115-116 дахь тал)

3.10. Дээрх үйл баримтаас дүгнэхэд, хариуцагч Архангай аймгийн Сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасан “Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдсэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно.” гэж заасныг зөрчиж гуравдагч этгээд нарыг хууль бусаар бүртгэсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

3.11. Өөрөөр хэлбэл, иргэн аливаа намын гишүүнчлэлээс гаргах (татгалзах) асуудал нь иргэний Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхэд хамаарах бөгөөд намын гишүүнчлэлээс хассан эрх бүхий этгээдийн тушаал гарсан эсэхээс үл хамааран намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцохоор зохицуулсан байх тул ажлаас чөлөөлөгдсөн даргын тушаалыг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

3.12. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ...  А намын даргын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар М.Г-г үүрэгт ажлаас чөлөөлсөн. Чөлөөлсөн талаараа Архангай аймгийн Сонгуулийн хороонд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр цахим шуудангаар болон, шуудангаар хүргүүлж, хүргүүлсэн талаараа утсаар холбогдож мэдэгдсэн ...” гэх бөгөөд хариуцагчийн зүгээс уг тайлбарт холбогдох баримтыг 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр цахимаар хүлээн авсан мэдсэн талаарх үйл баримтыг үгүйсгээгүй болно.

3.13. Мөн гэрч М.Г шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... 2024 оны 8 дугаар сарын 25, 26-ны үед бүтэнсайн өдөр байсан санагдаж байна, төв намын Намын байгуулал эрхэлсэн газрын дарга н.О 17 цаг өнгөрч байхад залгаад намын ерөнхий нарийн бичгийн даргын түр тушаал гарсан, П.М-г аймгийн  А намын даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон, та аймагт байна уу, ажил хүлээлцэж байна гэж ярьсан. Ийнхүү утсаар ярьснаар аймгийн  А намын даргаас чөлөөлөгдсөн талаар мэдсэн, чөлөөлсөн тушаалыг одоог хүртэл аваагүй байгаа ...” гэх тайлбар гаргасан, нэхэмжлэгчээс М.Г-г аймгийн  А намын даргаас чөлөөлсөн тушаалыг хэзээ, хэрхэн хүргүүлсэн талаар тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болно.

3.14. Архангай аймаг дахь  А намын даргын 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 32, 33 дугаартай тушаал нь энэ хэрэгт шууд хамааралгүй бөгөөд хариуцагчийн зүгээс Архангай аймгийн  А намын дарга солигдсон талаарх үйл баримтыг маргаан бүхий тогтоол гарахаас өмнө мэдсэн хэдий ч энэ үйл баримт нь Архангай аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай тогтоолын хавсралтын Ч.Т, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын Б.Б нарыг бүртгэсэн тогтоолыг хууль бус гэж үндэслэл болохгүй, өмнө тайлбарласнаар иргэний эвлэлдэн нэгдэх, намын гишүүнээс гарах эсэх эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор хууль хэрэглэн, хариуцагч захиргааны байгууллагын акт үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

3.15. Иймд Архангай аймгийн А намын Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан Архангай аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай тогтоолын хавсралтын Ч.Т-, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.16. Түүнчлэн, шүүхээс хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг гуравдагч этгээдэд мэдэгдсэн ч гуравдагч этгээд Ч.Т нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, гуравдагч этгээд Б.Б нь нь шүүх хуралдаанд оролцохгүй талаараа шүүхэд мэдэгдсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн  91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Хдэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91.5-т “энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж заасны дагуу гуравдагч этгээдийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                 ТОГТООХ нь:

1.Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.7 дахь хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасныг тус баримтлан нэхэмжлэгч Архангай аймгийн  А намаас Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай тогтоолын хавсралтын Ч.Т, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1., 47 дугаар зүйлийн 47.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ТҮВШИНТУЛГА