| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/02252/И |
| Дугаар | 102/ШШ2024/00716 |
| Огноо | 2024-02-06 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2024/00716
| 2024 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2024/00716 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.А, хариуцагч НШт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Б.А, А.Б нар 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүлэглэн хууран мэхлэн Д.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0дугаартай, Нийслэлийн Баянгол дүүрэг, 0 дүгээр хороолол, 0дүгээр хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамжны 0дугаар байрны 0 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.А үндсэн зээлдэгчээр өмчлөлд шилжүүлэн авсан.
Б.А үндсэн зээлдэгчээр эхнэр А.Бтэй хамтран зээлдэгчээр оролцон дээрх эд хөрөнгийг “Капитрон” банк ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 0 дугаартай зээлийн барьцаанд тавьж, 77.000.000 төгрөгийг зээлсэн байдаг.
Зээлдэгч Б.А гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас “”Капитрон банк ХХК 2015 оны 12 дугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 84.582.222 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Б.Ад холбогдуулан гаргасан.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Агийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Энэ үед Д.А, Б.А болон “Капитрон” банк ХХК-д холбогдуулж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар маргаан үүсгэсэн.
Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 001/0 дугаартай Тогтоолоор хариуцагч Б.Агийн өмчлөлд бүртгэлтэй маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Д.Агийн өмчлөлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр гаргаж өгөхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхийн газарт даалгаж шийдвэрлэсэн.
НШ төлбөр төлөгч Б.Ад холбогдох төлбөр авагч Д.Агийн гүйцэтгэх хуудсанд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ДАмарзаяагийн өмчлөлийн төлбөр авагч “Капитрон” банк ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт оногдуулсан хэлцэлд бүртгэлтэй, дээрх орон сууцыг нэхэмжлэгч Д.Агийн өмчлөлд шилжүүлэн бүртгэж гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт албан бичиг явуулсан. Улсын бүртгэлийн газар дээрх орон сууцыг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Д.Агийн нэг иргэний өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр олгосон.
НШ, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0 дугаартай Магадлал, шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулж нэхэмжлэгч Д.Агийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороолол, 0 дүгээр хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамжны 0 дугаар байрны 0 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө, орон сууцыг борлуулах зорилгоор тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлуулахаар “Х төв” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон “Х” төв ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаартай Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Учир нь:
Дээрх үл хөдлөх хөрөнгийг 172.720.000 төгрөгөөр үнэлсэн нь үнэлгээнд гомдолтой байгаа бөгөөд шинжээчийэ дүгнэлт, тайлантай танилцахад зэх зээлийн үнэ цэнийг харьцуулалтын аргыг судалгааны гол арга болгож ашигласан буюу энэ аргыг үнэн зөвөөр бус хийсвэрээр хийж, ашиглагдсан объект хуурамч байх жишээний алдаа дутагдлыг шинжээч гаргасан байна.
Тодруулбал, шинжээч шинжилгээний обьект болох дээр дурдагдсан орон сууцыг бусад орон сууцуудын борлуулалтын үнэтэй харьцуулж дундаж үнэлгээг гаргахдаа үнэгүй.мн сайтын үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах цонхноос шүүлт хийж харьцуулалт хийснээ тайланд тусгаж эх сурвалжийн линкээ заасан байдаг.
Харьцуулалтад ашиглагдсан 3 линкийг шалгаж үзэхэд 1 линк нь алдаатай буюу мэдээлэл олдохгүй, 2 линкийг шалгаж үзэхэд объект хөрөнгө болох орон сууцуудын байршил, метр квадрат түүний нэгж бүрийн үнэ, нийлбэр үнэ гэх зэрэг мэдээлэл бүрэн дүүрэн гарч ирж байна.
Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд шинжилгээний гол объектоо ойролцоо гэх 3 объектуудын үнийг хооронд нэмж нэгтгээд 3 хувааж 172.720.000 төгрөг гэсэн араб тоог гаргаж ирсэн.
Уг тоогоор хөрөнгийн үнэлгээний үнийг тодорхойлсон байдаг.
Гэтэл харьцуулалтад орсон 3 объектуудын 2 объектын үнэ эх сурвалжид заасан линкийг шалгахад гарч ирээд үлдэх 1 объектынхон үнийг үзэхээр линк руу нь шалгах гэхээр байхгүй байдаг.
Шинжээч нэг объектийн эх сурвалжийг заахдаа техникийн алдаа гаргасан эсхүл таамгаар объектын үнэлээг зохиож, эх сурвалжийн линкээ зохиосон болж таарч байна.
Эд хөрөнгийн хохирлын бус эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлох аж ахуйн нэгжийн үнэлгээчин, байгууллагын шинжээч нь Монгол улсын хууль тогтоомжуудаас нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг удирдлага болгон ашигладаг.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт зааснаар аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд үнэн зөв байх зарчмыг мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4 дэх заалтуудад зааснаар үнэлгээчин хөрөнгийн үнэлгээ хийхдээ шударга байх, бодитой байх зарчмыг баримтлах ёстойг хууль :тоомжоор хуульчилж өгсөн.
Эдгээр зарчмуудыг шинжээч баримтлаагүй хөрөнгө өмчлөгчийн хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэхээр байна.
Хөрөнгийн үнэ цэнэ гэдэг нь хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд үнэлгээний зүйл дэх хувь оролцоонд тохирох эдийн засгийн үр ашгийн тооцооллын боломжит мөнгөн илэрхийллийг хэлдэг бөгөөд тухайн мөнгөн илэрхийллийг тусгай мэдлэг эзэмшсэн этгээд бодитойгоор асуудалд шударгаар хандаж үнэн зөвөөр илэрхийлгэн гаргах үүрэгтэй.
Мөн нөгөөтэйгөөр шинжээчийн дүгнэлт түүний хавсралтай танилцахад хөрөнгө үнэлсэн шинжээч болох үнэлгээчний гэрчилгээний хуулбар хавсаргагдаагүй байсан.
Хөрөнгийн унэлгээний тухай хуульд зааснаар Сангийн сайд хөрөнгийн үнэлгээчид мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээг 3 жилээр олгодог.
Нэхэмжлэгч Д.Агийн өмчлөлийн хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон шинжээч болох үнэлгээчин мэргэжлийн ажиллагаа явуулах гэрчилгээтэй эсэх, гэрчилгээний хугацаа хүчин төгөлдөр эсэх нь шинжээчийн тайлан, дүгнэлт түүний хавсралт баримтаас харагдахгүй байгаа нь тусгай мэдлэг шаардагдсан асуудлаар мэргэжлийн этгээд дүгнэлт гаргасан эсэх нь эргэлзээтэй.
Хөрөнгө өмчлөгчийн зүгээс нэгдүгээрт хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлохдоо өмчлөгчийн хөрөнгийг үнэгүйдүүлсэн дүгнэлт гаргасанд гомдолтой байна.
Дүгнэлт хийсэн нөхцөл байдал зэргээс үзэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудалд мэргэжлийн бус этгээд дүгнэлт гаргасан байна гэж үзэж гомдолтой байгаа тул үнэлгээг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Агийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0 дугаартай Магадлалаар Д.Агийн өмчлөлийн эрхийн бүртгэлийн 0 дугаартай, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Шүүгчийн захирамжийн гүйцэтгэлийг хангуулахыг тус газарт даалгаж, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Агийн өмчлөлийн 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2/44 дугаартай шинжээч томилох тогтоолоор “Х төв” ХХК үнэлгээчин н.Уртнасанг шинжээчээр томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгоход 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дээрх үл хөдлөх хөрөнгө 172.720.000 төгрөгөөр үнэлсэн.
Уг үнэлгээг төлбөр төлөгч Д.Ад 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай Албан бичгийг тайлангийн хамт танилцуулж, мөн төлбөр авагчид танилцуулсан.
Төлбөр төлөгч Д.А тайлантай танилцсаны дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус албанд хандаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх зааснаар хөрөнгийг бие даан худалдан борлуулах нэг сарын хугацаа авах хүсэлт гаргасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож, төлбөр авагчид хөрөнгийг бие даан худалдан борлуулах хугацааг олгосон.
Гэтэл төлбөр төлөгчийн заасан хугацаанд төлбөр төлөөгүй, хөрөнгийг худалдан борлуулаагүй учраас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсон боловч анхны албан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй.
Иймээс нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байгаа үнэлгээтэй холбоотой гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээний талаарх гомдлоо энэ хуульд заасан 7 хоногийн дотор шүүхэд гаргаж шийдвэрлүүлээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү, гэжээ.
5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гуравдагч этгээдийн зүгээс хөрөнгийн үнэлгээний талаар 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.Ад хөрөнгийн үнэлгээний тайланг мэдэгдсэн байдаг.
2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Д.А Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу бие даан борлуулах нэг сарын хугацаа олгох хүсэлтийг гаргасан.
Тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт ямар тохиолдолд үүнийг олгож, ашиглах бэ? гэхээр талууд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаагүй тохиолдолд нэг сарын хугацаагаар олгоно гэж ойлгоно.
Тухайн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа тул би худалдан борлуулах нэг сар авъя гэсэн хүсэлт авсан гэж ойлгож байна.
Гэвч нэхэмжлэгч энэ хүсэлтийг авсны дараа 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хөрөнгийн үнэлгээнд хэт бага үнэлсэн гэх үндэслэлээр гомдол гаргасан.
Нэхэмжлэгч 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.
Тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт үнэлгээтэй танилцсанаас хойш 7 хоногийн дотор хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах эрхтэй гэж заасан. Гэтэл 2 сарын дараа гомдол гаргасан нь хууль зөрчиж байна.
Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 152 дугаар зүйлийн 152.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлох үүрэгтэй буюу яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ? гэдгийг нотлох баримтаар нотлох үүрэгтэй.
Тиймээс нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд удаа дараа гомдол гаргаж байгаа нь өөрөө “Капитрон” банк ХК-д төлөх төлбөрийг өөрийнхөө орон сууцаар төлүүлэхгүйн тулд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор дахин дахин нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байна.
Мөн өмгөөлөгч авъя, үндэслэлгүйгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчээс татгалзъя гэсэн үндэслэлүүдээр шүүх хуралдаанд аль болох саад учруулах байр сууриас оролцож ирсэн тул хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч Д.Ад зээл олгосон үндэслэл Д.А өөрөө болон н.Амарзаяа гэх 3 найз байсан.
Д.А, н.А болон түүний эхнэр хоёр руу өөрийнхөө байрыг шилжүүлж, худалдаж авсан дүр үзүүлсэн хэлцэл хийсэн.
Ингээд н.А-д “Капитрон” банк ХК зээл олгосон.
Сүүлд нэхэмжлэгч Д.А би энэ байрыг дүр үзүүлэн гэрээ байгуулж, шилжүүлсэн гэх тайлбарын хэлж, орон сууцын өмчлөгчөөр тогтоолгосон.
Нөгөө талаараа үүргийн гүйцэтгэлийг энэ байраар хангуулах шүүхийн шийдвэр гарсан. 2016 оноос хойш төлбөр төлөлт огт хийгдээгүй, гэжээ.
6. Хэрэгт цугларсан нотлох баримтууд:
7.Нэхэмжлэгчээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0 дугаартай Магадлал, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4-0 дугаартай Төлбөр төлөгч, өмчлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг, Эд хөрөнгө хураах тухай тогтоол
8.Хариуцагчаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дугаартай Гүйцэтгэх хуудсын хуулбар, 0 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” Шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаартай Шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1602 дугаартай Магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаартай “Хяналтын гомдлг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоол, “Капитрон банк” ХК-аас 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр НШт хүргүүлсэн 0 дугаартай Албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаартай Тогтоол, төлбөр төлөгчийн эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжлсэн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 0 дугаартай Тогтоол, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Эд хөрөнгө хураах тухай 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай Тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Д.Агийн НШт гаргасан 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал, “Капитрон” банк ХК-ийн НШт 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргасан шинжээч томилуулах хүсэлт, Шинжээч томилох тухай 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2/44 дугаартай Тогтоол, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт, “Х төв” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тайлан, Хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичгүүд, Д.Агийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.Ад хүргүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай Хөрөнгө худалдан борлуулах хугацаа тогтоох тухай албан бичиг, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0 дугаартай Тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.А, “Капитрон” банк ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Албадан дуудлага худалдааны талаар нийтлэгдсэн хэвлэл, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл
9.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/0дугаартай Шүүгчийн захирамж, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай Тогтоол, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0 дугаартай Магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дугаартай Шүүгчийн захирам, 0 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай Хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх албан бичгийг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Д.А нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Үл хөдлөх эд хөрөнгийг 172.720.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт, тайлантай танилцахад зэх зээлийн үнэ цэнийг харьцуулалтын аргыг судалгааны гол арга болгож ашигласан буюу энэ аргыг үнэн зөвөөр бус хийсвэрээр хийж, ашиглагдсан объект хуурамч байхад алдаа дутагдалтай дүгнэлт гаргасан. 3 линкийг ашигласан бөгөөд 1 линк алдаатай буюу мэдээлэл олдоогүй. Мөн шинжилгээний объектоо ойролцоо 3 объектуудын үнийг нэмж нэгтгээд гуравт хувааж дээрх үнийн дүнг гаргасныг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлав.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Нэхэмжлэгч өөрөө хөрөнгөө борлуулж зарах хүсэлт гаргасныг байгууллага шийдвэрлэж өгсөн боловч худалдан борлуулж чадаагүйгээс дуудлага худалдаа явуулсан. Мөн үнэлгээтэй холбоотой гомдлыг хуульд заасан хугацаанд гаргаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй байна” гэж татгалзлаа илэрхийлж байна.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/0 дугаартай Шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Капитрон” банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 84.582.222 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.
6.Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/0 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэгч “Капитрон” банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ад холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэргийг шийдвэрлэсэн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1602 дугаартай Магадлалаар Д.Агийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай, Баянгол дүүрэг, 0дүгээр хороолол, 0дүгээр хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамжны0 дугаар байрны 0 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргасныг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2022/0 дугаартай Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн Хуралдааны тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна.
7.Иймээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө Д.Агийн өмчлөлийн хөрөнгө болох нь эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.
8.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Аг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар маргаагүй харин үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж мэтгэлцэж байна.
9.Хэрэгт авагдсан бичгийн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын тайлбараас үзэхэд, хариуцагч байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн биелэлтийг хангуулахын тулд маргаан бүхий үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх хөрөнгөд доорх ажиллагааг явуулжээ. Үүнд:
10.НШт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/0 дугаартай Шүүгчийн захирамж мөн шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0дугаартай гүйцэтгэх хуудсын хамт хүргэгдэж, тус байгууллага 145 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Лд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 0 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг гарсан байна.
11.Шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 0 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Агийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хурааж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн нь тогтоогдож байна.
12.Хариуцагч дээрх арга хэмжээг авсны дараагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудад үнийн саналаа ирүүлэх мэдэгдлийг хүргүүлэх ажиллагааг явуулсан нь бичгийн баримтаар нотлогдож байна.
13.Мэдэгдлийн дагуу төлбөр авагч, төлөгч нар үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй, үр дүнд хүрээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2/14, 0 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээч Ж.Уртнасанг томилж, эрх, үүргийг танилцуулан гарын үсгийг зуруулан, эрх бүхий байгууллагаас томилсон шинжээч 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 0 дугаартай дүгнэлтийг ирүүлж, НШ төлбөр авагчид 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 0 дугаартай, төлбөр төлөгчид мөн өдрийн 0 дугаартай мэдэгдлээр Д.Агийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 дүгээр хороолол, 0 дүгээр хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамжны0 дугаар байрны 0 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө, орон сууцны үнэлгээг 172.200.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг мэдэгдэхэд нэхэмжлэгч шинжээчийн үнэлсэн үнээс багагүй үнээр худалдан борлуулах нэг сарын хугацаа олгож өгөхийг хүссэн хүсэлтийг гаргахад хариуцагч 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 4/145/0 дугаартай Албан бичгээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
14.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчид өөрийн хөрөнгийг худалдан борлуулах нэг сарын хугацааг олгосон боловч нэхэмжлэгч орон сууцаа худалдан борлуулж чадаагүй тул 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 0 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарч, орон сууцны үнэлгээ 172.200.000 төгрөгийн 70 хувь 120.904.000 төгрөгөөр дуудлага худалдаа дуудах үнийг тогтоосон мэдэгдлийг төлбөр авагч, төлөгч нарт мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна.
15.Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр худалдан борлуулагдаагүй буюу орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээ холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй мөн хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй, нэхэмжлэгч үнэлгээний талаарх гомдлыг хуулийн хугацаанд гаргаагүй нь бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.
16.Нэхэмжлэгч тусгай мэдлэг шаардагдах асуудалд мэргэжлийн бус этгээд дүгнэлт гаргасан гэж маргасан боловч шинжээч Ж.Уртнасан мэргэжлээрээ 26 жил ажилласан, шинжээчээр оролцохоос татгалзах нөхцөл байдал үүсээгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт нотлох баримтаар авагдсан байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэлээ.
17.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Агийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА