| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/03400/И |
| Дугаар | 102/ШШ2024/00715 |
| Огноо | 2024-02-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2024/00715
| 2024 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2024/00715 Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: 215.603.934 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э
Хариуцагчийн өмгөөлөгч Х.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Б” ХХК, хариуцагч “М” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 215.603.934 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 215.603.934 төгрөг буюу түрээсийн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үүн дээр 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа түрээсийн төлбөрийг 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар нэмэгдүүлж 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг 104.096.669 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 319.700.603 төгрөгийг хариуцагч “М” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
“Б” ХХК, “М” ХХК-уудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ буюу ажлын байрны талбайг түрээслэх гэрээ 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2027 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан.
Энэ гэрээгээр “Б” ХХК, “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага н.А, холбогдох одоо байгаа ажилчдад “Gem palace” худалдааны төвийн В-1 дүгээр давхарт 335 метр квадрат талбайг үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар сарын түрээсийн төлбөр 18.000.000 төгрөг байхаар гэрээгээр тохиролцсон.
Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар бартераар 75.35 метр квадрат талбайтай орон сууцыг тооцоо авахаар тохиролцсон.
Гэтэл энэ тохиролцоо биелэх боломжгүй болсон учраас түрээсийн гэрээнд хэрвээ бартерын тохиролцоо болохгүй бол түрээсийн төлбөрийг мөнгөн төлбөрөө төлнө гэж гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөр төлөөрэй гэдэг шаардлагыг “М” ХХК-д удаа дараа тавьсан боловч шаардлагыг биелүүлээгүй.
2023 оны 06 сарын 21-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан бол өнөөдөр 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна.
Энэ хугацаанд хариуцагч огт төлбөр төлөөгүй.
Ингээд түрээсийн гэрээгээр тохиролцсон талбайгаа ашиглуулж төлбөрийг аваагүй, хариуцагчийн хувьд албан ёсоор түрээсийн талбайг хүлээлгэж өгөөгүй ба нөхцөл байдал үүсэж бий болсон тул гэрээний дагуу 319.700.603 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний маргаан Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 208 дугаар зүйлийн 208.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцэж байгаа тул нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгөхийг хүсье.
Хариуцагч “Б” ХХК-ийн эзэмшлийн “Gem palace” худалдааны төвийн В-1 дүгээр давхрын талбайг өөрийн эзэмшилдээ авсан.
2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ажлын байрны талбай түрээслэх гэрээ буюу хавтаст хэргийн 09 дүгээр талд авагдсан энэ гэрээгээр нотлогдоно.
Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч бид ашиглаад үр шим олоогүй, бизнес маань өөрөө амжилттай ашигтай яваагүй учраас бид түрээс төлөхгүй гэх агуулгаар үр шим олж аваагүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ тайлбар үндэслэлгүй.
Тухайн үед талбайг гэрээний дагуу бид энэ хүмүүс ашиглах юм байна, энэ хүмүүс өөрсдөө бизнесийнхээ үйл ажиллагааг явуулах юм байна гэж үзээд шилжүүлж өгсөн.
Бидний бизнес амжилттай болж, үр шимээ олж чадаагүй учраас танай түрээсийг өгөхгүй гэж өнгөрсөн хугацаанд манай талбайг ашиглаж, эзэмшилдээ байлгаж, биднийг өөр этгээдэд ашиглуулах боломжийг хаагаад өнөөдөр түрээсийн төлбөрийг төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй гэж харж байна.
Мөн талбайг нэхэмжлэгчийн зүгээс лацдаж, үйл ажиллагаа явуулах боломжийг хаасан зүйл байхгүй.
Нэхэмжлэгч түрээсийн төлбөрөө өгөөрэй гэдэг шаардлагыг тавьсан.
Үр шим хүртэх нь компанийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой асуудал бөгөөд компанийн дотоод үйл ажиллагаанд түрээслүүлэгч “Б” ХХК энэ асуудалд гаднаас оролцох боломжгүй.
Түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэх асуудал яригдаж байна.
Нэгэнт талууд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж гэрээгээр тохиролцсон.
Биднийг өөр этгээдэд түрээслэх ямар ч боломжгүй болгосон энэ хугацаагааг яах бэ? Хэрвээ түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэвэл эргээд бид өөрийн эзэмшлийн талбайг энэ компанид хүлээлгээд өгч, хариуцагч компани эзэмшилдээ байлгаж бид үүнээс болж хохирох асуудал яригдана.
Гэрээний хувьд Иргэний хуулийн 318.3 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар заавал улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж үзэж байна, гэжээ.
3.Хариуцагч Г.З шүүхэд гаргасан тайлбартаа:
Манай байгууллага 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үйл ажиллагааг явуулж түүнээс хойш зогсонги байдалтай байгаа.
2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Ж” худалдааны төв түрээсийн төлбөрийг төлөөгүй гэх шалтгаанаар хаалга орцыг лацдаж, цаашдийн үйл ажиллагааг явуулах ямар ч боломжгүй болгосон.
Бидний зүгээс үйл ажиллагаа явуулсан үеийн түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг зөвшөөрч бусдыг хүлээн зөвшөөрөхгүй.
Анх гэрээг байгуулахдаа бүтэн жилээр түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй, бартераар дөнгөж үйл ажиллагааг эхлүүлж байна, жилийн түрээсийн төлбөрт орон сууцыг өгөх хэлцэлтэй байсан.
Түрээсэлж байх хугацаанд бид ашиг олоогүй гэхдээ энэ түрээсийн газартай холбоогүй.
Үүнээс гадна цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул ашигласан хугацааны төлбөрийг төлөх байр суурьтай байна.
Төлбөрт өгөх байсан орон сууц ашиглалтанд ороогүй байгаа тул өгөөгүй байна, гэжээ.
4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “М” ХХК-аас төлбөрийн нэхэмжлэх, түрээсийн авлага, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0 дугаартай Ажлын байрны талбай түрээслэх гэрээ, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 31 дугаартай Мэдэгдэл, төлбөрийн баримтууд
6.Хариуцагчаас хариу тайлбар, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн0 дугаартай Ажлын байрны талбай түрээслэх гэрээ
7.Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0 дугаартай Албан бичгийг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П “Талууд ажлын байрны талбайг түрээслэх гэрээг хугацаатай байгуулж, түрээслэгч түрээсийн төлбөрийг бартераар, орон сууцаар төлөхөөр тохиролцоод үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч төлбөр төлөхийг шаардахад ашиглалтын зардал, түрээсийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй. Мөн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Тэрээр хариуцагчийг түрээсийн байранд оруулахгүй лацдаж, бизнесийн үйл ажиллагааг нь хаасан зүйлгүй” гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байна.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тог цахилгаан ашигласан болон 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 02 дугаар сар хүртлэх түрээсийн төлбөрийг төлнө, алданги нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Байрыг лацдаад биднийг оруулахгүй байсан тул ажиллаж чадаагүй. Маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг баранд хийсэн” гэж татгалзлаа илэрхийлэв.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхээр заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 30 минутанд товлогдсон шүүх хуралдааны товтой өөрийн биеэр танилцан, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсан дээр гарын үсгээ зурж баталгаажуулж, хариуцагчийн өмгөөлөгч Х.У хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг “түгжрээд одоо ирж байна” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учраас түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
5..Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
6.Нэхэмжлэгч “Б” ХХК, хариуцагч “М” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 22/085 дугаартай Ажлын байрны талбай түрээслэх гэрээг байгуулж, “G” худалдааны төвийн В-1 дүгээр давхарт байрлах 335.0 метр квадрат талбайг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2027 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 5 жилийн хугацаатай, түрээслэгч түрээсийн байрыг “hight club” барны үйлчилгээний зориулалтаар эзэмшиж ашиглахаар, сарын төлбөрийг 18.000.000 төгрөгөөр тохиролцож тухайн үнийг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тогтвортой байлгаж цаашид үйл ажиллагаанаас хамаарч өөрчлөгдөхөөр, төлбөр төлөх нөхцлөө 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтанд орох “Г” хотхоны 0 дугаар байрны 2 дугаар давхарт байрлах 75.35 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг бартераар худалдан авч, орон сууцны нэг метр квадрат талбайн үнийг 3.500.000 төгрөгөөр тооцож нийт 263.725.000 төгрөгт худалдах, худалдан авахаар гэрээ хийгдсэн болох нь талуудын тайлбар бусад бичгийн баримтаар тогтоогдож байна.
7.Иймээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
8.Түүнчлэн мөн хуулийн зохицуулалтаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон гэрээнд заасан зорилгоо биелүүлэхэд зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээхээр заасны дагуу хариуцагчийн эзэмшилд түрээсийн байрыг шилжүүлж, түрээслүүлсэн талаар хэн аль нь маргахгүй байна.
9.Харин хариуцагч түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас хүчин төгөлдөр бус хэлцэл гэж мэтгэлцэж байна.
10.Хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбараас үзэхэд, хариуцагч түрээсийн эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу тохижуулаад тодорхой хугацаанд эд хөрөнгийг эзэмшиж, ашигласан мөн нэхэмжлэгчийн гэрээг цуцлах мэдэгдлийг хүлээн авч, төлбөрийг төлөх талаар түрээслүүлэгч, түрээслэгч нар уулзалт, ярилцлага хийсэн үйл баримтад маргахгүй байна.
11.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч, нэхэмжлэгчийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлуулж, түрээсийн талбайг лацдаж үйл ажиллагаа явуулах боломжийг хаасан гэх тайлбараа нотлох баримтаар нотлож, няцааж чадсангүй.
12.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт “энэ хуулийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасанчлан талууд хэдийгээр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан боловч үл хөдлөх хөрөнгийн газарт гэрээг бүртгүүлээгүй нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэлээ.
13.Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;” гэж заасны дагуу хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд, гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх түрээс, ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд алдангийг нэхэмжлэх үндэслэлгүй байна.
-Түрээсийн төлбөрийг тооцоолоход:
-А. Нэг сарын түрээсийн төлбөр 18.000.000 төгрөг
-2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 9 сар
-18.000.000 төгрөг /сарын түрээсийн төлбөр/ х 9 /сар/= 162.000.000 төгрөг
-Б.Талууд ашиглалтын зардал 6.949.249 төгрөгийг төлөхөд маргаагүй тул 162.000.000 төгрөг+6.949.249 төгрөг= 168.949.249 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдсэн 150.731.354 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.915.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 168.949.249 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.002.696 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас 168.949.249 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, үлдсэн 150.731.354 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.915.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1.002.696 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА