Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 444

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

            Улсын яллагч Д.Нямсүрэн,

            Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Д.Хд холбогдох 1711005690115 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 19-417б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Д.Х (РД:00000000000)

нь 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо “Түвшин Ундраа” зочид буудалд Х.Энхзулын монетон ээмэг, бөгж хүзүүний зүүлт, Самсунг маркийн гар утас зэргийг хулгайлж 1.108.720 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

              Шүүгдэгч Д.Хүрэлтогоо нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

              Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-“Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна. Хохирлын 591.760 төгрөг болон хохирогчоос төлсөн үнэлгээний зардал 18.000 төгрөгийг тус тус хохирогчид төлөхөө илэрхийлж байна гэв.  

              Хохирогч Х.Энхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017.08.06-ны өдөр цагаан өнгөтэй портер машинтай хүнээр гэртээ хүргүүлэхээр явж байгаад танилцсан. Тэгээд Жуковт байх манай гэрт очихоор болоод “Норжин” худалдааны төвөөс 1 шил 0.5 литрийн архи, ус ундаа аваад гэртээ оролгүй  “Apply” нэртэй зочид буудалд орж хоносон. Маргааш нь 12 цагийн үед тэр буудлаас гараад гэртээ орж хувцасаа сольж монетон ээмэг, бөгж гинжээ зүүж гарч ирээд “Tse” пабад орж хоол идэж 2 шил 0.5 литрийн Чингис архи уусан. Харин тэндээс гараад юу болсныг санахгүй байна. Нэг ухаан ороход нэрийг нь мэдэхгүй зочид буудалд гурвуулаа болоод архи уугаад сууж байсан. Тэгээд зүүн чихэнд байсан ээмэг байхгүй байхаар нь тэр 2 залуугаас асуухад надад юм хэлээгүй. Харин гинж бугуйвч байсан. Нэг бөгж миний өмдний халаасанд байсан. Тэгтэл Хүрэлээгийн зүүн гарын чигчий хуруунд миний өрөөсөн ээмэг байсан. Тэгээд л авч чадаагүй архиндаа тасраад унтаад өгсөн. Шөнийн 03 цагийн үед ухаан орж сэрэхэд ганцаараа, үүд хаалга онгорхой хэвтэж байсан. Юмаа бүртгэж үзэхэд цүнхэнд байсан ломбардны бичиг, сим картны үүр, самсунг утас, цэнэглэгч, байхгүй байсан. Өөрийн эдлэлүүдээ шалгаж үзэхэд Солонгос улсаас авсан 14 каратын 1 хос монетон ээмэг, монетон гинж, бугуйвч, 2 ширхэг бөгж зэрэг эд зүйл байхгүй байсан. Хүрэлтогоо нь надаас авсан 2 ширхэг бөгжийг ломбарднаас авчирч өгсөн. Харин ээмэг, гинж, бугуйн гинж, гар утас зэргийн хохирлыг барагдуулаагүй байгаа гэжээ.

Шүүгдэгч Д.Хүрэлтогоо нь хохирогч Х.Энхзулын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгчээс хохирлын 591.760 төгрөг төлөхөө илэрхийлсэн бичгээр гаргасан хүсэлт болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

              Иймд шүүгдэгч Боржигон овогт Д.Хг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Д.Дгийн торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлэв.

Хохирогч нь эд зүйлийн үнэлгээний зардал 18.000 төгрөг төлсөн байх тул уг зардлыг шүүгдэгчээс нөхөн гаргуулах нь зүйтэй.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Д.Хг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Дг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин   мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Дгийн торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Д нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Дгоос 609.760 (зургаан зуун есөн мянга долоон зуун жар) төгрөгийг гаргуулж хохирогч Долоод овогт Хишигноровын Энхзул (РД:МЭ86031209)-д олгосугай.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ