| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2024/0026/З |
| Дугаар | 109/ШШ2024/0032 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 109/ШШ2024/0032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймгийн А нам
Хариуцагч: Архангай аймгийн Сонгуулийн хороо
Гуравдагч этгээд: Б.Т нарын хоорондох “Архангай аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай тогтоолын хавсралтын Б.Т-ыг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э (цахим), хариуцагч Архангай аймгийн Сонгуулийн хорооны дарга Ш.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Архангай аймгийн А намаас Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтын Б.Т-ыг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар шүүхэд маргажээ.
2. Нэхэмжлэгч Архангай аймгийн А нам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Сонгуулийн хорооноос 4 дүгээр тойрог, Чулуут суманд М намаас нэр дэвшигч Б.Т-ыг 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн. Манай зүгээс тус сонгуулийн хороо нь нэр дэвшигч Б.Т-ыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 31.2.3 дахь хэсгийг зөрчиж хууль бусаар нэр дэвшигчээр бүртгэсэн гэж үзэж байна. Тодруулбал, М Намаас нэр дэвшигч Б.Т- нь Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Архангай аймаг дахь салбарын даргын албан тушаал хашдаг бөгөөд ажлаас чөлөөлөх тухай тушаалаа сонгуулийн хороонд ирүүлээгүй. Энэ талаар Аймгийн сонгуулийн хорооноос 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 34 тоот албан бичгээр мэдэгдсэн. Дээрх албан тушаал нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28.4 дүгээр зүйлд заасан албан тушаалд хамаарч байна. Гэтэл Архангай аймгийн Сонгуулийн хороо нь мөн хуулийн 31.2 дугаар зүйлд заасан баримт бичгийг дутуу ирүүлсэн байтал дээрх нэр дэвшигчийг бүртгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм. Аймгийн сонгуулийн хороо нь Б.Т-ыг хууль бусаар иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчээр бүртгэсний улмаас манай А намын нэр дэвшигч нарын шударга өрсөлдөөний үндсэн дээр сонгогдох эрхэд ноцтой халдаж байна гэж үзэж байна. Б.Т-ыг нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн дээр дурдсан шударга өрсөлдөөний улмаас сонгогдох эрх хэрэгжих юм. Иймд Архангай аймгийн сонгуулийн хорооны Б.Т-ыг нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаар тогтоолоор Б.Т-ыг 4 дүгээр тойрогт М намаас нэр дэвшигчээр бүртгэсэн нь хууль бус гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Б.Т- нь Авто тээвэр төрийн өмчит компанийн Архангай аймаг дахь салбарын даргын үүрэгт албан тушаалыг эрхэлдэг. Тус албан тушаал нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь хэсэгт заасан албан тушаалд хамаарч байгаа. Мөн Б.Т- нь тус албан тушаалыг хүлээлгэж өгсөн баримт бичгээ сонгуулийн хороонд дутуу хүргүүлсэн буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар баримт бичгийг дутуу хүргүүлсэн гэж үзэж байгаа. Иймд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3 дэх хэсэгт заасан шударга ёсыг сахих зарчмыг зөрчиж хууль бусаар нэр дэвшигчээр дэвшсэн байна. Иймээс нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
4. Хариуцагч Архангай аймгийн Сонгуулийн хороо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйл. “Нэр дэвшүүлэх нийтлэг журам”-ын 28.4 дүгээр зүйлд “...28.4.Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна”, 28.4.3-т “... төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн” гэж хуульчилсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд М Намаас нэр дэвшигч Б.Т-ын холбогдох материалыг татан авч үзэхэд Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Архангай аймаг дахь салбарын “Салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ /**********/”-д дурдсанаар “Салбар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй. Эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулна” гэж заасан, мөн Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна" гэх заалтад нийцэж байгаа тул Б.Т-ыг ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөж сонгуульд нэр дэвших албан тушаалтан биш гэж үзэж нэр дэвшигчээр бүртгэсэн. Иймд А намаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч Архангай аймгийн Сонгуулийн хорооны дарга Ш.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Сонгуулийн хороо нь Архангай аймгийн М намаас нэр дэвшигчээр ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг хуулийн хугацаанд хянаж, шалгасан. Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар холбогдох байгууллагуудаас лавлагаа, тодорхойлолтыг авч нягтлан шалгах ажиллагааг хийсэн. Нэр дэвшигч Б.Т-ын хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн” гэж заасан. Энэ заалтад хамаарах шаардлагагүй. Авто тээврийн үндэсний төв, төрийн болон орон нутгийн өмчит Архангай аймаг дахь салбарын хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй. Эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу үйл ажиллагаа явуулна гэж заасан. Хоёрдугаарт аймгийн сонгуулийн хороо нь Монгол Улсын сонгуулийн хорооноос мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажилладаг. Яг Автотээврийн төвийн дарга гэсэн албан тушаалтай иргэн 14 аймагт нэр дэвшсэн байгаа. Тухайн сонгуулийн хороондоо нэр дэвшигчээр бүртгээд ялах нь ялаад ялагдах нь ялагдаад явсан. Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн чиглэл нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 28 дугаар зүйлд нэр дэвших тодорхой шаардлагыг хуульчилсан байгаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т төрийн болон орон нутгийн өмчит оролцоотой хуулийн этгээдийн дарга, захирал 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор чөлөөлөгдөх ёстой гэж хуульчилсан байдаг. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна” гэж заасан. Ингэж заасны дагуу тухайн хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газрын дарга, захирлын албан тушаал нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 28 дугаар зүйлд хамаарахгүй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 28 дугаар зүйлд зөвхөн хуульд этгээдийн дарга, дэд захирал гэж заасан. Архангай аймаг дахь Авто тээврийн төвийн салбар нь хуулийн этгээдийн эрхгүй, мөн Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д тодорхой заасан учраас аймгийн сонгуулийн хороо хуралдаанаараа хэлэлцээд Б.Т-ыг 8 дугаар сарын 1-ний дотор ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагагүй учраас чөлөөлсөн шийдвэр ирүүлэх албагүй тул бүртгэх нь зүйтэй гэж үзэж бүртгэх тогтоолоо гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6. Гуравдагч этгээд Б.Т- шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн А намын хорооны нэхэмжлэлтэй Аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Б.Т- би энэхүү тайлбарыг гаргаж байна. Аймаг, нийслэл сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагыг тодорхойлон хуульчилсан бөгөөд 28 дугаар зүйлийн 28.4.3-т зааснаар төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн бол ээлжит сонгуулийн жилийн 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх шаардлага тавигддаг. Нэр дэвшигчид тавигдах энэхүү тусгай шаардлага нь зөвхөн хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүний хувьд тавигдах шаардлага бөгөөд Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д ‘Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна." гэж заасны дагуу тухайн хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын ажил албан тушаал нь дээр дурдсан чөлөөлөгдөх тусгай шаардлагад хамаарахгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан Архангай аймгийн А намын нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагаар гуравдагч этгээдийг нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоол нь хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь хэсэгт заасан ажил албан тушаалд тухайн гуравдагч этгээдийн эрхэлж байгаа ажил албан тушаал нь хамаарч байгаа юм. Ингэж хамаарч байгаа учраас тухайн ажил албан тушаалаасаа чөлөөлөгдсөн шийдвэрийг сонгуулийн хороонд хүргүүлээгүй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхад бүртгэсэн гэж байна. Аймгийн сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй, нэр дэвшигчийг хуулийн дагуу бүртгэсэн энэ тогтоол нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 5 дугаарт гуравдагч этгээд Б.Т-ыг нэр дэвшигчээр бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хуулийн этгээд гэдгийг Иргэний хуулийн 25 дугаар зүйлд маш тодорхой заасан. Хуулийн этгээд нь тодорхой чадамжтай, нэхэмжлэгч, хариуцагч болж чадах этгээдийг хэлнэ. Архангай аймгийн Авто тээврийн үндэсний төв нь гэх төрийн өмчит байгууллагын Архангай аймаг дахь салбар нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй гэдгийг нэгдүгээрт гэрчилгээ дээр зааж өгсөн. Мөн тухайн авто тээврийн үндэсний төвийн байгууллагын бүтцийг тодорхойлж Архангай аймгийн салбарын ажил мэргэжлийн жагсаалтыг баталж Б.Т-ыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулдаг. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийн дарга гэдэгт салбарын дарга орж зохицуулагдаагүй. Архангай аймгийн Авто тээврийн үндэсний төвийн төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Архангай аймаг дахь салбарынх нь дарга нь 28.4.3 дахь хэсэгт хамаарахгүй. Тийм учраас энэ хуулийн хориглолтод Б.Т-ын ажиллаж байгаа албан тушаал хамаарагдахгүй байна гэж үзэх үндэслэлтэй. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн боломжтой байна. Мөн Архангай аймгийн А нам уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй юу, ямар хууль ёсны эрх ашиг, сонирхол хөндөгдсөн юм, хөндөгдөж болзошгүй байгаа юм бэ гэдэг асуудал нь өөрөө асуудалтай. Намын гишүүн гэдэг нь тухайн намын үзэл баримтлал, үндсэндээ өөрийнхөө үзэл баримтлалын үндсэн дээр нэгдсэнийг намын гишүүн гэнэ. Тэгэхээр намын гишүүн сонгуульд нэр дэвших эрхтэй, түүний дагуу А нам нэр дэвшүүлж байгаа. Тэгэхээр Архангай аймгийн А нам өөрөө хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, бие даан нэхэмжлэл гаргах эрхтэй, хоёрдугаарт нэр дэвшигч намын гишүүний өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй юу гээд дүрмийг нь харахаар эрх олгогдсон зүйл байхгүй. Тэгэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэдгийг харж шийдвэрээ гаргах байх гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
Архангай аймгийн А намын даргын үүрэг гүйцэтгэгчээс 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 21 дүгээр албан бичгээр тус намаас аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэл бүхий захиргааны хэрэгт иргэн Э.Г, Д.Э нарт нэхэмжлэгчийг шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгожээ. (Хавтаст хэргийн 6 дахь тал)
Нэхэмжлэгч нь тус шүүхэд анх Архангай аймгийн Сонгуулийн хорооны Б.Т-ыг нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай тогтоолын Б.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” нь нэхэмжлэгчийн эрх юм.
Энэ хэргийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архангай аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 32 дугаартай тогтоолын хавсралтын 7 дахь дэс дугаарт зааснаар энэ хэргийн гуравдагч этгээд Б.Т-ыг аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүх хуралдаан эхлэхэд шүүгчээс тус нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцох эсэх, нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа эсэхийг нэхэмжлэгчээс тодруулсан бөгөөд нэхэмжлэгч нь Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай тогтоолын Б.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа ямар нэгэн байдлаар өөрчлөөгүй, дэмжиж оролцохоо илэрхийлсэн болно.
1.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг Хурлын төлөөлөгчид /цаашид “төлөөлөгч” гэх/ нэр дэвшүүлэх эрхтэй.”, 25 дугаар зүйлийн 25.1.Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.” гэж заажээ.
1.2. Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5. дахь хэсэгт “Орон нутаг дахь салбар нэгж нь намынхаа нэрийн өмнө тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг заасан тодотголыг хэрэглэнэ.”, 15 дугаар зүйлийн 15.1. дэх хэсэгт “Намын бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог энэ хуульд заасны дагуу намын дүрмээр зохицуулна.”, 15.2. дахь хэсэг Намын дүрэмд дараах нийтлэг зүйлийг тусгана:, 15 дугаар зүйлийн 15.2.10.-т “намын салбар болон бүтцийн нэгжийг байгуулах, татан буулгах үндэслэл, журам” гэжээ.
1.3. Хуулийн эл зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Архангай аймгийн А нам нь тус намыг орон нутгийн түвшинд төлөөлөх зорилгоор байгуулагдсан “намын салбар байгууллага” бөгөөд тухайн салбар байгууллага нь сонгуулийн хорооны үйл ажиллагаа, тухайлбал, сонгуульд оролцох, нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотойгоор маргах, эрх нь хөндөгдсөн байж болзошгүй гэж үзсэн.
1.4. Иймд Архангай аймгийн А намаас Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
1.5. Түүнчлэн гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа: “ нэхэмжлэгч Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай тогтоолын холбогдох хэсэгтэй маргаж буй бөгөөд энэ тохиолдолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т заасан “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй.” гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авах үндэсгүй хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж тайлбарлан маргадаг.
1.6. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10.-т “Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.” гэж зааснаар тухайн нам, эвслээс нэр дэвшигчийн талаарх мэдээллийг аймгийн Сонгуулийн хорооноос хуулийн дээрх зохицуулалтын дагуу 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 08 цагаас нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэхийг нэгэн зэрэг гардуулан өгч энэ талаар нийтэд мэдээлсэн байна. (Хавтаст хэргийн 25, 31 дэх тал)
1.7. Иймд нэхэмжлэгчээс Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдөр гаргасан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт заасантай зөрчилдөхгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
2.1. Монгол Улсын Их хурлын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэхээр товлон зарлаж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байхаар тогтоож, энэ тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ.
2.2. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоож, 2024 оны 7 дугаар сарын 23-ны 04 дүгээр тогтоолоор аймгийн Сонгуулийн хороог байгуулжээ. (Хавтаст хэргийн 51-55 дахь тал)
2.3. Улмаар Архангай аймгийн М намын хорооны ээлжит III хурлын 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 06 дугаар тогтоолоор 2024 оны Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд М намаас нэр дэвшигчийг хавсралтаар баталж, холбогдох материалыг хүргүүлсний 6-д Б.Т-ыг 4 дүгээр тойрог, Чулуут суманд нэр дэвшүүлжээ. (Хавтаст хэргийн 56-69 дэх тал)
2.4. Иргэн Б.Т-ыг Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/720 дугаар тушаалаар Архангай аймгийн Автотээврийн төвийн даргаар 6 сар хүртэл туршилтын хугацаагаар түр, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/296 дугаар тушаалаар үндсэн ажилтнаар томилжээ. (Хавтаст хэргийн 109-110 дахь тал)
2.5. Архангай аймгийн Сонгуулийн хороо 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор М намаас нэр дэвшүүлсэн хавсралтад дурдсан 31 нэр дэвшигчийг бүртгэсний 5-д Б.Т-ыг нэр дэвшигчээр бүртгэсэн байна. (Хавтаст хэргийн 28-30 дахь тал)
2.6. Ийнхүү Архангай аймгийн А намаас тус аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байгаа Б.Т-ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн нь А намын нэр дэвшигч нарын шударга өрсөлдөөний үндсэн дээр сонгогдох эрхэд ноцтой халдаж байна гэх үндэслэлээр шүүхэд маргажээ.
3.1. Шүүхээс энэхүү маргаантай асуудалд эрх зүйн дүгнэлт өгөхдөө “хуулийн этгээд” гэх эрх зүйн ойлголтын үндсэн /онолын/ агуулга болон эрх зүйн хэм хэмжээг системчлэн тайлбарлах, түүнчлэн үг зүйн тайлбарлах арга зүйд тулгуурлан дараах дүгнэлтийг хийж байна. Тодруулахад:
3.2. Автотээврийн үндэсний төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Архангай аймаг дахь салбар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй, эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу үйл ажиллагаа явуулахаар байна. (Хавтаст хэргийн 94-95 дахь тал)
3.3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д Энэ хууль нь Үндсэн хууль, Иргэний хуульд тодорхойлсон төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад үйлчилнэ., 13 дугаар зүйлд Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь дор дурдсанаар ангилна: ... гэж заасан.
3.4. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1.-д “Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна: ...” 2.-т “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ.”, 18 дугаар зүйлийн 1-д “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн газрын Захирал удирдана. Захирлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, зохих салбар, хүрээний яам, агентлагтай зөвшилцөн томилох буюу өөрчилнө.” 5.-д “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиргааны албан тушаалын жагсаалт, орон тооны нормативыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.” гэж заасан байна.
3.5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д "хуулийн этгээд" гэж Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг;
3.6. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.”, 29 дүгээр зүйлийн 29.1. дэх хэсэгт “Хууль болон үүсгэн байгуулах баримт бичигт заасан бол хуулийн этгээд өөрийн салбар, төлөөлөгчийн газраа тогтоосон журмын дагуу байгуулж болно.”, 29.2. дахь хэсэгт “Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ.”, 29.6 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна.” гэж тус тус заасан.
3.7. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.-т “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:” 28.4.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн”, 31 дүгээр зүйлийн 31.2. дахь хэсэг Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ: 31.2.3-т “энэ хуулийн 28.4-т заасан албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар” гэж заажээ.
3.8. Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзэхэд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд салбар буюу орон нутаг дахь салбар, нэгж нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд тэдгээр салбар, нэгжийн удирдлага нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4. дэх хэсгийн 28.4.3-т заасан албан тушаалд хамаарахгүй байхаар хууль тогтоогч тухайлан хуульчлан зохицуулжээ.
3.9. Гуравдагч этгээд Б.Т-ыг Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийг газрын захирлын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/296 дугаартай тушаалаар Архангай аймгийн Автотээврийн төвийн даргаар үндсэн ажилтнаар томилон ажиллуулж, сүүлд 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн ХГ22/16 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. (Хавтаст хэргийн 111-116 дахь тал)
3.10. Мөн Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн А/06 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Архангай аймгийн Автотээврийн төвийн шинэчлэн баталсан ажил, мэргэжлийн жагсаалтад дарга 1 байхаар баталж, аймгийн Автотээврийн төвийн даргын албан тушаал нь удирдах ажилтан байх боловч ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалтан нь захирал, тэргүүн дэд захирал, дэд захирал, алба, хэлтэс, тасгийн даргын шууд удирдлагад хамаарахаар зааж, тухайн орон нутагт автотээврийн улсын хяналт хэрэгжүүлэх, нийтийн тээвэр, ачаа, шуудан тээвэрлэлтийг зохицуулах, зохион байгуулах чиг үүрэгтэй байна. (Хавтаст хэргийн 117-129 дэх тал)
3.11. Гуравдагч этгээд Б.Т-ыг салбарын даргаар томилсныг 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд тус салбар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй, эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу үйл ажиллагаа явуулах талаар ********** дугаартай салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээнд тэмдэглэжээ. (Хавтаст хэргийн 94 дэх тал)
3.12. Маргаан бүхий энэ тохиолдолд, гуравдагч этгээд Б.Т- нь Автотээврийн үндэсний төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Архангай аймаг дахь салбарын даргаар ажилладаг бөгөөд Автотээврийн үндэсний төв төрийн өмчит ААТҮГ-ын салбар нэгж нь бие даасан хуулийн этгээдийн эрхгүй, өөрийн нэрийн өмнөөс бие даан үйл ажиллагаа явуулдаггүй, хууль, эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг байна.
3.13. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...Аймгийн сонгуулийн хороо нь Б.Т-ыг хууль бусаар иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчээр бүртгэсний улмаас манай А намын нэр дэвшигч нарын шударга өрсөлдөөний үндсэн дээр сонгогдох эрхэнд ноцтой халдаж байна.Тус тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн дээр дурдсан шударга өрсөлдөөний улмаас сонгогдох эрх хэрэгжих юм” гэж тайлбарлажээ.
3.14. Маргаан бүхий актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн хувьд хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн байхыг шаардах бөгөөд “зөрчигдсөн” болох нь тогтоогдсон тохиолдолд л шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасан шийдвэрийг буюу маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох шийдвэрийг гаргах боломжтой байдаг.
3.15. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйл хуулийн зорилт нь “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино.” гэж мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг Хурлын төлөөлөгчид /цаашид “төлөөлөгч” гэх/ нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж заажээ.
3.16. Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үүдэлтэйгээр маргаан бүхий Архангай аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай тогтоолын хавсралтын Б.Т-ыг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулснаар Архангай аймгийн А намын хорооны ямар субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх болох нь хууль зүйн хувьд тодорхойгүй байгааг мөн тэмдэглэх нь зүйтэй.
3.18. Түүнчлэн, шүүхээс хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг гуравдагч этгээдэд мэдэгдсэн ч гуравдагч этгээд Б.Т- нь шүүх хуралдаанд оролцохгүй талаараа шүүхэд мэдэгдсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91.5-т “энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж заасны дагуу гуравдагч этгээдийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
3.19. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14, 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Архангай аймгийн А намаас Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай тогтоолын хавсралтын Б.Т-ыг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1., 47 дугаар зүйлийн 47.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА
109/ШШ2024/0032