Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/599

 

   2023            6             06                                       2023/ДШМ/599

 

Ц.Эхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Хэрлэн,

яллагдагч Ц.Э, түүний өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/64 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Хэрлэнгийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ц.Эхолбогдох 23030000005 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Ц.Э, 

Яллагдагч Ц.Э нь Б дүүргийн 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 56 дугаар тушаалаар багшаар томилогдон ажиллах явцдаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана” гэж заасны дагуу цэцэрлэгийн багшийн ажилд үргэлжлүүлэн ажиллахын тулд Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжлээр суралцан төгсөөгүй атлаа 2011 онд төгссөн гэх D201130401 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр ашиглаж буюу 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд тус цэцэрлэгт багшаар ажиллаж нийт 126.784.005,68 төгрөгийн цалин хөлс авч, улсын төсөвт хохирол учруулсан, 

мөн үргэлжилсэн үйлдлээр буюу Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасан “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан..., магистрын сургалт 150..., багц цагаас..., доошгүй байна” гэсэн шаардлага хангахгүй атлаа D201130401 дугаартай 120 багц цагийн сургалтад хамрагдсан гэсэн “Боловсролын бакалавр” зэргийн дипломоо хуурамч болохыг мэдсээр байж 2014 оноос 2016 оны хооронд Монгол Улсын Газарчин дээд сургуульд “Боловсрол судлал, менежмент” мэргэжлээр магистрын ангид элсэн орж суралцахдаа ашиглаж, 42 багц цагийн сургалтад хамрагдаж 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Е20163972 дугаартай “Магистрын диплом” авсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Ц.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасан. Хуурамчаар үйлдсэн гэж тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон зэрэг баримт бичгийг дуурайлган хийх, жинхэнэ баримт бичигт засвар, өөрчлөлт хийснийг ойлгодог. Нөгөөтээгүүр, дээрх баримт бичгийг эхлээд “хуурамч” болохыг тусгай мэдлэг бүхий эрх бүхий байгууллагын шинжилгээ, дүгнэлтээр тогтоох шаардлагатай. Прокуророос яллагдагч Ц.Эхолбогдох хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон дипломыг хуурамч гэдгийг зөвхөн Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас хийсэн “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн” тухай танилцуулга, уг ажлын хэсэгт орж ажилласан нэр бүхий Ч.Э, Я.Н, А.Т, Б.Д, Д.А нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд дээр үндэслэсэн байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас хийсэн хяналт шалгалт нь яллагдагч Ц.Эын дипломын дугаар нь Б.Болорцэцэгийн дипломын дугаартай давхардсан зөрчлийг илрүүлснээс бус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гэж үзэхгүй.

2. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 231 дүгээр талд Багануур дүүргийн 132 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 56 дугаар тушаалаар “Тус цэцэрлэгийн багшаар Ц.Эыг 2010.09.01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай” гэжээ. Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт Ц.Эыг 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны хооронд бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан цэцэрлэгийн багшаар ажилласан гэж дүгнэсэн. Тодруулбал, яллагдагч Ц.Э нь 2010-2023 онуудад 10 гаруй жил цэцэрлэгийн багшаар ажилласан байх бөгөөд 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн бакалаврын дипломтой холбогдуулж Ц.Эыг үргэлжлүүлэн багшаар ажиллуулах тушаал шийдвэр гарч хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар шалгаж тодруулаагүй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ” гэж, 4 дэх хэсэгт буюу яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэхдэх” гэж хуулийн шаардлагыг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч Ц.Эын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байдлыг бүрэн тодорхойлж дүгнэж ирүүлээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй байх бөгөөд прокурор гэмт хэргийн шинжийг бүрэн дүүрэн тодорхойлоогүй, эдгээр нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул яллагдагч Ц.Эхолбогдох эрүүгийн 230900000305 дугаартай хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Прокурор Э.Хэрлэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүхээс “эрүүгийн 2309000000305 дугаартай Ц.Эхолбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан D201130401 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг “хуурамч” болохыг тусгай мэдлэг бүхий эрх бүхий байгууллагын шинжилгээ, дүгнэлтээр тогтоох шаардлагатай” гэжээ. Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт “Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 480 дугаартай тушаалаар батлагдсан “Дээд боловсролын диплом олгох журам”-ын 1.2-т “Дээд боловсролын диплом нь дээд боловсролын тухайн шатны хөтөлбөрийн шаардлагыг хангасан болохыг нотлох баримт бичиг мөн” гэж, тушаалын нэгдүгээр хавсралтын 2.2 дахь хэсэгт “Дээд боловсролын диплом нь улсын болон сургуулийн бүртгэлийн дугаартай байна. Улсын дугаар нь тухайн жилд дээд боловсрол эзэмшигчдэд олгох нийт тоог илэрхийлсэн есөн оронтой тоо байх ба эхний дөрвөн орон нь оныг, сүүлийн таван орон нь тухайн төгсөгчид олгох дипломын дугаарыг илэрхийлнэ. Харин сургуулийн бүртгэлийн дугаар нь тухайн сургуулиас олгосон дээд боловсролын дипломын нийт тоог илэрхийлнэ” гэж заажээ.

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг “Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч” мэргэжлээр 2011 онд төгссөн гэх Ц овогтой Ц.Э болон Б овогтой Б нарын нэр дээр D201130401 дугаартай буюу нэг ижил дугаартай бакалаврын диплом байна. Энэ нь Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалангийн 2021 онд гарсан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын дипломд хяналт шалгалт явуулсан ба тухайн шалгалтаар дипломын дугаар давхардсан зөрчил илэрсэн нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт, гэрч Ч.Энх-Амгалан, Я.Номинцэцэг, А.Танан-Эрдэнэ, Б.Доржхуяг, Д.Анхзаяа нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон. Боловсролын дипломын дугаар нь давхардах боломжгүй тухайн хүнийг боловсролын зэрэг эзэмшсэн болохыг нотлох дугаар байх бөгөөд уг дипломын дугаарыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 480 дугаар тушаалаар батлагдсан “Дээд боловсролын диплом олгох журам”-ын нэгдүгээр хавсралтын 4.1 дүгээр зүйлд “Дээд боловсролын диплом, түүний хавсралтыг бичихдээ дор дурдсан баримт бичгийг үндэслэнэ: диплом олгох тухай захирлын тушаал" гэсний дагуу Бямбаа овогтой Болорцэцэг нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуульд “Сургуулийн өмнөх насны хүүхдийн арга зүйч” мэргэжлээр элсэн орж тус мэргэжлээр суралцаж төгссөн болох нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 223 дугаартай тушаал, түүний хавсралтаар тогтоогдож байх тул Бямбаа овогтой Болорцэцэгт олгосон D201130401 дугаартай бакалаврын боловсролын диплом нь хууль ёсны болох нь тогтоогдож байна. Мөн яллагдагч Ц.Эын “...би хөөцөлдөж байгаад 132 дугаар цэцэрлэгт багшийн орон тоо байгааг мэдээд өөрөө очиж цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзсан. Тухайн үедээ өөрийгөө Монгол Улсын Боловсролын их сургуульд Сургуулийн өмнөх боловсролын багшаар суралцаж байгаа гэж хэлээд ажилд орж байсан. ...түүнээс хойш буюу 2012 онд /сарын сайн санахгүй байна/ Бурмаа надад миний нэр бичигдсэн дипломыг өгсөн. Тэгээд би сургуульдаа дипломоо эх хувиар нь өгч бүртгүүлсэн. ... Би хуурамч диплом ашиглан 132 дугаар цэцэрлэгийн багшаар ажилд орсон болохоо хүлээн зөвшөөрч байна. Би дипломоо өөрийн гарт аваад үзэхэд миний регистрийн дугаарын үсэг солигдчихсон байсан...” гэх мэдүүлгээр яллагдагч тухайн сургуульд суралцаж дээд боловсрол эзэмшээгүй, хуурамч диплом гаргуулан авч ашигласан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар Ц.Эын нэр дээр бичигдсэн D201130401 дугаартай бакалаврын боловсролын диплом нь Дээд боловсролын тухай хуулийн 8.7 дахь хэсэгт “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос ... багц цагаас доошгүй байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байх тул тухайн бакалаврын боловсролын дипломыг хуурамч баримт бичиг гэж прокуророос дүгнэсэн. Хэргийн бодит байдалд яллагдагч Ц.Э нь Дээд боловсролын тухай хуулийг зөрчиж бакалаврын боловсрол эзэмшээгүй байж эзэмшиж төгссөн мэтээр боловсролын диплом гаргуулан авч ашигласан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, тухайн бакалаврын боловсролын дипломыг тусгай мэдлэг бүхий эрх бүхий байгууллагаар шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах нь хэрэгт ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй байна. Хэрэв шүүх эргэлзээтэй зайлшгүй тусгай мэдлэг бүхий эрх бүхий байгууллагаар шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасны дагуу шүүх өөрөө тусгай мэдлэг бүхий эрх бүхий байгууллагаар шинжилгээ хийлгэх боломжтой бөгөөд тухайн ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм. 

2. Шүүх “яллагдагч Ц.Э нь 2010-2023 онуудад 10 гаруй жил цэцэрлэгийн багшаар ажилласан байх бөгөөд 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн бакалаврын дипломтой холбогдуулж Ц.Эыг үргэлжлүүлэн багшаар ажиллуулах тушаал, шийдвэр гарч хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар шалгаж тодруулаагүй байна” гэжээ. Шүүх 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн бакалаврын дипломтой холбогдуулж Ц.Эыг үргэлжлүүлэн багшаар ажиллуулах тушаал, шийдвэр гарч хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг шалгаж тогтоосноор ямар нөхцөл байдал, юуг нотлох гэж байгаа нь шүүгчийн захирамжид тодорхойгүй байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалтыг зохион байгуулж, мэргэжлийн багш ажиллуулна” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана” гэж тус тус хуульчилсан. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багшаар ажиллахад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн хүн хаших ёстой албан тушаал байхад яллагдагч Ц.Э нь сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр суралцаж төгсөөгүй байж тухайн чиглэлээр суралцаж байгаа гэж ажилд орж, мөн суралцан төгссөн гэж тухайн албан тушаалыг хашиж байсан нь өөрөө хууль бус юм. 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн бакалаврын дипломтой холбогдуулж Ц.Эыг үргэлжлүүлэн багшаар ажиллуулах тушаал, шийдвэр гарч хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран 2010 оноос 2023 оны хооронд 10 гаруй жил Багануур дүүргийн 132 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан ажилд томилох тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, яллагдагч Ц.Эын мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Бакалаврын дипломтой холбогдуулж Ц.Эыг үргэлжлүүлэн багшаар ажиллуулах тушаал шийдвэр гарч хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх нь хэргийн бодит байдалд ач холбогдолгүй гэж үзэж байна.

3. Шүүх “Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч Ц.Эын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байдлыг бүрэн тодорхойлж дүгнэж ирүүлээгүй байна.” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ” гэж, 4 дэх хэсэгт буюу яллах дүгнэлтийн тогтоох хэсэг т “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэж хуульчилсан байна. Гэмт хэргийн шинж гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийн гэмт хэргийн бүрэлдэхүүн, зүйлчлэлийг зайлшгүй тогтоогдсон байвал зохих үндсэн шинжүүдийг хэлдэг. Яллагдагч Ц.Эхолбогдох эрүүгийн 2309000000305 дугаартай хэргийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаартай прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Яллагдагч Ц.Эын үйлдсэн боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэсэн нь яллагдагч үйлдсэн гэмт хэргийн шинжийг товч тодорхой тусгаж, Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг хуулийн шаардлагад нийцүүлэн тусгасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй”, мөн зүйлийн 2 дах хэсэгт “Яллагдагчаар татсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэртэй танилцах эрхтэй” гэж заасны дагуу яллагдагчийн эрхийг хангаж яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг мөрдөн шалгах ажиллагааны явцад танилцуулж, түүний дагуу яллагдагчаар мэдүүлэг авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг зохих журмын дагуу явуулсан. Яллагдагчийг прокурорын яллах дүгнэлтээр бүхэлд нь яллах болохоос яллах дүгнэлтийн тогтоох хэсгээр яллахгүй учир прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дурдаж тухайн нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтыг дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг дүгнэсэн байтал шүүгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байдлыг бүрэн тодорхойлж, дүгнэж ирүүлээгүй” гэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн 2023/ШЗ/64 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Яллагдагч Ц.Эын өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний зүгээс гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжин оролцож байна.” гэв.

Яллагдагч Ц.Э тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй. Өмгөөлөгч Ц.Этай санал нэг байна.” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Э.Хэрлэнгийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Яллагдагч Ц.Э нь Багануур дүүргийн 132 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 56 дугаар тушаалаар багшаар томилогдон ажиллах явцдаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана” гэж заасны дагуу цэцэрлэгийн багшийн ажилд үргэлжлүүлэн ажиллахын тулд Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжлээр суралцан төгсөөгүй атлаа 2011 онд төгссөн гэх D201130401 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр ашиглаж буюу 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд тус цэцэрлэгт багшаар ажиллаж нийт 126.784.005,68 төгрөгийн цалин хөлс авч, улсын төсөвт хохирол учруулсан, 

мөн үргэлжилсэн үйлдлээр буюу Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасан “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан..., магистрын сургалт 150..., багц цагаас..., доошгүй байна” гэсэн шаардлага хангахгүй атлаа D201130401 дугаартай 120 багц цагийн сургалтад хамрагдсан гэсэн “Боловсролын бакалавр” зэргийн дипломоо хуурамч болохыг мэдсээр байж 2014 оноос 2016 оны хооронд Монгол Улсын Газарчин дээд сургуульд “Боловсрол судлал, менежмент” мэргэжлээр магистрын ангид элсэн орж суралцахдаа ашиглаж, 42 багц цагийн сургалтад хамрагдаж 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Е20163972 дугаартай “Магистрын диплом” авсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх яллагдагч Ц.Эхолбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Ц.Эхолбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон ба шүүгчийн захирамжид заасан ажиллагааг дахин шалгах шаардлагагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Иймд прокурор Э.Хэрлэнгийн бичсэн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/64 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Ц.Эурьд авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ШИНЭБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ