Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 445

 

                                                                                                                                                                                                                                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Нямжав,

            Улсын яллагч Э.Бадрал,

            Шүүгдэгч А.Ж нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт А.Жт холбогдох 1711002830117 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон үйлдвэрчний эвлэлийн гудамж, 103-151 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт А.Ж (РД:0000000000)

нь 2017 оны 7 дугаар сарын 15-ны 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо “Зуун заан”  караоке баарны орчим М.Сансарын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

              Шүүгдэгч А.Ж нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Хохирогч М.Сансарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-...2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 04 цагийн үед өөрийн суудлын тэргээрээ такси үйлчилгээнд явж байхдаа Чингэлтэй дүүргийн 7 буудлын автобусны буудлын орчмоос үл таних эмэгтэйг авч Дамбадаржаа руу явсан. Буцаад “Зуун заан” караокены үүдэнд очсон юм. Гэтэл уг караокены үүдэн дээр 2 залуу зогсож байсан. Нөгөө эмэгтэй 1 залуутай нь муудалцаад байхаар нь би очоод тэр хоёрыг салгасан. Намайг машиндаа эргээд суутал хажууд нь байсан залуу миний машинд орж ирээд суусан. Тэр залууг машинаас буу гэж хэлэхэд намайг цохьсон залуу ирээд чи манай найзыг хөөдөг хэн бэ гээд миний машины цонхоор гараа оруулж ирээд миний шанаа орчим руу хэд хэдэн удаа цохьсон гэжээ.

Шүүгдэгч А.Ж нь хохирогч М.Сансарын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1.М.Сансарын биед дух, хөмсөг, хамар, хацарт шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэх хүний биед үзлэг хийсэн 2017.7.17-ны №9020 тоот дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Боржигон овогт А.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч А.Жын торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хохирогч шүүгдэгчээс хохирлын мөнгө авсан, нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт А.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Жыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин   мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Жын торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 13-ны дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Ж нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ