Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2024/0687

 

 

 

 

 

 

    2024         09           11                                   128/ШШ2024/0687

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “” ХХК,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж ,

Хариуцагч: ******* улсын байцаагч О.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,

Гомдлын шаардлага: “*******т шийдвэрлэгдсэн улсын байцаагч О.ийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №, № дугаар шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагч О., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч гомдлын шаардлагадаа: “*******т шийдвэрлэгдсэн улсын байцаагч О.ийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №, № дугаар шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах” гэжээ.

2.Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: “Гомдол гаргагч “*******” ХХК /РД: *******/ нь “Т” ХХК-ийн охин компани бөгөөд бид K олон улсын түргэн хоол үйлдвэрлэлийн сүлжээг Монгол Улсад нээх, үйл ажиллагаа явуулах Франчайзийн эрхийг 2013 онд албан ёсоор авч өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

Бид ийнхүү үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор өөрийн компанийн өмчлөлийн аливаа бараа материалыг өөрийн компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр зөөж, салбаруудад хүргэлт хийдэг байхад 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Нийтийн тээврийн газраас хийсэн шалгалтын хүрээнд УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг В ангилалын жолооны үнэмлэхтэй Б.Амарсанаа нь, УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг С ангилалын жолооны үнэмлэхтэй В. нар нь мэргэшисэн жолоочийн үнэмлэхгүй жолоочоор тээврийн хэрэгсэл жолоодуулсан гэх, тээврийн хэрэгслүүд нь MNS 5343:2011 стандартад заасан хөргүүргүй тээврийн хэрэгсэл байсан гэх шалтгаанаар манай компанид нийт 1,750,000 төгрөгийн торгууль тавьсан.

Гэвч ******* нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 161/229 дүгээр хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтад заасан Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр болоод MNS5343:2011 стандартын зорилго, хамтрах хүрээг буруу тайлбарлан, үнэн бүрэн бодитой үнэлж, дүгнэж чадаагүй бөгөөд зөрчлийг илрүүлээгүй, манай компанийн зүгээс гаргаж өгсөн тайлбарыг хүлээн авалгүй өөрийн газрын үндсэн чиг үүргээс гадуур үйл ажиллагаа явуулж, торгуулийн арга хэмжээ авсан нь илт хууль бус байна.

Тодруулбал, Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага MNS5343:2011 стандартын зорилго нь Хүнсний түргэн муудах, эмээг бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээвэрлэлтийг зуучлах, зохион байгуулах, үйлчлүүлэх нийтлэг журам тогтоох, хяналт тавих, ажил үйлчилгээнд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Тус стандартын хамрах хүрээ нь хүнсний түргэн муудах, болон эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлт эрхлэх, зуучийн үйлчилгээ үзүүлэх, тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн мөн түргэн муудах болон эмзэг ачааны тээвэрлэлт, ажил үйлчилгээг зохион байгуулах хяналт тавих үйл ажиллагаанд хамаарах бөгөөд энэхүү стандартыг хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлт эрхлэх, зуучлагч, тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, энэ хүрээнд сургалт явуулдаг, мэргэжил олгох, хяналт тавих эрх, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан мөрдөж хэрэглэнэ гэж тус стандартын 1 дүгээр зүйл, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т тус тус заасан.

Түүнчлэн, Иргэний хуулийн 380 дугаар зүйлд Тээвэрлэлтийн гэрээг тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтад Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрмийг тус тус баталсан.

Дээрх хууль, стандарт, журмын дагуу тээврийн үйл ажиллагаа гэдэг нь А тээвэрлэгч компани Б тээвэрлүүлэгч компанийг эд хөрөнгө, бараа материалыг нэг цэгээс нөгөө цэгрүү тээвэрлэх процессыг хэлнэ.

“” ХХК нь 5629 Түргэн хоолны үйлчилгээ, 1010 Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон хадгалалт, 1075 Бэлэн хүнс, хоол үйлдвэрлэл, 1071 Талх, нарийн боов үйлдвэрлэл, 4520 Автогражийн үйлчилгээ, 46100 Төлбөр эсхүл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, 10750 Бэлтгэсэн хоол үйлдвэрлэл, 56100 Хоолны явуулын үйлчилгээ, 47910 Интернетийн захиалгаар хийгдэх худалдаа гэсэн үйл ажиллагааны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Бид энэхүү үйл ажиллагааны хүрээнд компанийн өмчлөлийн бараа материал, эд хөрөнгийг, компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр компанийн салбар нэгжид хүргэлт хийж байгаа байгаа бөгөөд ямэр нэгэн тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаггүй, тээвэрлэлтийн гэрээ байхгүй, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг компанитай хамтран ажилладаггүй байхад ******* нь өөрийн чиг үүргээс гадуур бидний үйл ажиллагаанд саад учруулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг хураан авч, компанид торгууль ногдуулсан нь хууль болон стандартыг зөрчсөн.

Түүнчлэн, ******* эрх бүхий албан тушаалтан нь захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул *******т шийдвэрлэгдсэн улсын байцаагч О.ийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №, № дугаар шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгож өгөхийг хүсье.

Жич:“*******” ХХК нь дээрх шийтгэлийн хуудсыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд *******т Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан боловч хариу ирүүлээгүй байна.” гэжээ.

2.1.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ, өөрчилсөн юм байхгүй. Гомдлын шаардлага нь *******т шийдвэрлэгдсэн улсын байцаагч О.ийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №, № дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах тухай байгаа. Гомдлын утга нь “” ХХК нь Монгол Улсад 2013 онд үүсгэн байгуулагдаж, /K/ Олон улсын түргэн хоолны франчайз эзэмшигчээр үйл ажиллагаагаа явуулж өнөөдрийг хүрсэн. Бид энэхүү үйл ажиллагаагаа явуулахтай холбоотойгоор “” ХХК–ийн өмчлөлийн аливаа бараа материалыг өөрийн компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр зөөж, салбарууддаа хүргэлт хийдэг. Энэхүү хүргэлт хийгээд явж байхад 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Нийтийн тээврийн газраас хийсэн шалгалтын хүрээнд УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг “В” ангиллын жолооны үнэмлэхтэй Б.Амарсанаа, УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг “С” ангиллын жолооны үнэмлэхтэй В. нарт мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй байна гэдгээр торгууль тавьсан. Үүнээс гадна тухайн 2 машин нь Монгол Улсын MNS5343:2011 стандартад заасан хөргүүргүй тээврийн хэрэгсэл байсан гэх шалтгаанаар манай компанид нийтдээ 1 сая 750 мянган төгрөгийн торгууль тавьсан.

Гэтэл ******* нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 161/229 дүгээр хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтад заасан Авто тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр болон Монгол Улсын стандарт болох MNS5343:2011 стандартын зорилго, хамрах хүрээг буруу тайлбарлан, хэргийг тал бүрээс нь үнэн бодитой үнэлж дүгнэж чадаагүйгээр зөрчлийн хэргийг ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад зөрчлийг илрүүлсэн мэтээр торгууль тавьсан нь хууль зөрчиж байгаа. Түүнчлэн энэ зөрчлийн хэрэг шалгаж байх үед манай компаниас гаргаж өгсөн тайлбарыг хүлээн авалгүй өөрийн газрын үндсэн чиг үүргээс гадуур үйл ажиллагаа явуулж торгуулийн арга хэмжээ авсан нь илт хууль бус гэж дүгнэж байна.

Тодруулбал Монгол Улсын стандарт болох Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага буюу MNS5343:2011 стандартын зорилго нь хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээвэрлэлтийг зуучлах, зохион байгуулах, үйлчлүүлэх нийтлэг журмыг тогтоож, хяналт тавьж ажил, үйлчилгээний үүсэх харилцааг зохицуулахад оршино гэсэн ийм зорилготой стандарт байна. Тус стандартын хамрах хүрээ нь хүнсний түргэн муудах болон эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлт эрхлэх, зуучийн үйлчилгээ үзүүлэх, тээвэрлэх, тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэн мөн түргэн муудах болон эмзэг ачааны тээвэрлэлт, ажил, үйлчлэлийг зохион байгуулах, хяналт тавих үйл ажиллагаанд хамаарах бөгөөд энэхүү стандартыг хүнсний түргэн муудах эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэлт эрхлэх зуучлагч тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэн энэ хүрээнд сургалт явуулдаг, мэргэжил олгох, хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтан мөрдөж хэрэглэнэ гэж тус стандартын 1 дүгээр зүйл болон 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т тус тус заасан байдаг. Түүнчлэн Иргэний хуулийн 380 дугаар зүйлд “тээвэрлэлтийн гэрээг тайлбарлахдаа тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа тээшийг тогтоосон газарт хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтад авто тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрмийг тус тус баталсан. Энэхүү хууль, стандарт журмын дагуу тээврийн үйл ажиллагаа гэдэг нь “А” компани буюу тээвэрлэгч тээврийн тусгай зөвшөөрөл бүхий тээврийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий тээвэрлэгч компани орж байгаа. “Б” тал нь тээвэрлүүлэгч буюу захиалагч тал орж байгаа. Ингээд тээвэрлүүлэгч компанийн эд хөрөнгө болон бараа материалыг нэг цэгээс нөгөө рүү тээвэрлэх процессыг тээврийн гэрээ буюу Иргэний хуулийн 380 дугаар зүйлд зааж өгөөд байгаа. Мөн энэ процесс дээр нь Иргэний хуулийг дагаж мөрдөнө гэж буюу тээвэр зуучийн гэрээ гэрээний дагуу үйл ажиллагаа зохион байгуулна гэж стандарт дээр нь заачихсан байгаа. Гэтэл “” ХХК нь түргэн хоолны үйлчилгээ, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон хадгалалт, бэлэн хүнс, хоол үйлдвэрлэл, талх нарийн боов үйлдвэрлэл, авто гараашны үйлчилгээ, төлбөр эсхүл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, бэлтгэсэн хоол үйлдвэрлэл, хоолны явуулын үйлчилгээ, интернетийн захиалгаар хийгдэх худалдаа гэсэн зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг. Зөвшөөрөлд нь ямар нэгэн байдлаар тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулах эрхлэх, тээвэр зуучаар зуучлагчийн үүрэг гүйцэтгэх ч юм уу ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй байгаа.

Бид ийнхүү дурдсан үйл ажиллагааныхаа хүрээнд өөрийн компанийн өмчлөлийн бараа материал, эд хөрөнгийг өөрийнхөө компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр өөрийн компанийн салбар нэгжүүдэд хүргэлт хийж байгаа. Тухайн хүргэлт хийж байгаа жолооч нь “” ХХК-тай Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулаад үндсэн ажилтнаар явж байгаа ажилтан нь тухайн бараа материалыг хүргэж өгч байгаа. Гэтэл хариуцагч ******* нь “” ХХК нь ачаа бараагаа ямар нэгэн байдлаар тээвэрлүүлэгч компаниар явуулсан, эсвэл тээвэрлэгч ямар нэгэн өөр хүнээр явуулсан буюу гуравдагч этгээдийг оролцуулж байгаа нь хууль зөрчиж байгаа гэж үзэж байна. Бид ямар нэгэн байдлаар тээвэр явуулдаггүй, тээвэрлэлтийн гэрээ байхгүй. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг компанитай хамтран ажилладаггүй байхад Нийтийн тээврийн газар үүнийг тээвэрлэлтийн дагуу явуулж байсан гэдэг нь энэ стандартад ямар нэгэн байдлаар хамаарахгүй. Хуульд хамаарахгүй байгаа. Түүнчлэн ******* эрх бүхий байгууллагын албан тушаалтан захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, хууль зөрчсөн тул Нийслэлийн тээврийн бодлогын газарт шийдвэрлэгдсэн улсын байцаагч О. 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №, № дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулахыг хүсэж байна.” гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1/Нийслэлийн ******* нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болохын хувьд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.11 дахь заалтад заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Ингэхдээ аж ахуйн нэгж байгууллагатай тээвэрлэлтийн гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран Нийслэлийн хэмжээнд Нийтийн тээврийн бодлогыг хэрэгжүүлэн, хяналт тавьдаг.

Манай байгууллагын Автотээврийн хяналтын улсын байцаагч О. нь нэхэмжлэгч байгууллагад шийтгэлийн хуудас оногдуулахдаа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчмыг баримталж гаргасан. Нэхэмжлэгч байгууллага нь тээвэрлэлтийн ажил үйлчилгээг бусад байгууллагад үзүүлдэг эсэхээс үл хамааран өөрийн байгууллага хооронд өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр ажил үйлчилгээг үзүүлж байна. Энэ тохиолдолд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм, захиргааны хэм хэмжээний актыг нэгэн адил мөрдөх ёстой. Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалаар батлагдсан автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрмийн 1.1-т “...автотээврийн хэрэгслийг ашиглан ачаа, тээврийн ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хүлээх үүргийг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч байгууллага нь тээвэрлэлтийн үйлчилгээг бусад байгууллагад үзүүлдэг эсэхээс үл хамааран өөрсдийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр өөрсдийн байгууллага хооронд тээвэрлэлт хийж байгаа нь ачаа тээврийн ажил үзүүлж буй хэлбэр юм. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч байгууллагын хувьд тээвэрлэлтийн үйлчилгээг бусад байгууллагад үзүүлдэггүй гэх шалтгаанаар захиргааны хэм хэмжээний актыг мөрдөхгүй гэх үндэслэл нь буруу юм.

Иймд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд манай байгууллагын зүгээс тус газрын тээвэрлэлтэд холбогдох хяналтыг тавьж хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд шийтгэл оногдуулах нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

2/Манай байгууллагын Автотээврийн хяналтын улсын байцаагч О. нь тус байгууллагад Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 14.6.3 дахь хэсэгт заасны дагуу тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй үндэслэлээр торгосон байна. Нэхэмжлэгч байгууллагын үндэслэлд тус байгууллага нь хүнсний түргэн муудах, болон эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлт эрхлэх, зуучийн үйлчилгээг үзүүлэх, тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэн мөн түргэн муудах болон эмзэг ачааны тээвэрлэлт, ажил үйлчилгээг зохион байгуулах хяналт тавих үйл ажиллагаанд хамаарах ба тус байгууллага нь энэ заалтад заагдсан үйл ажиллагааг эрхэлдэггүй өөрсдийн тээврийн хэрэгслээр өөрсдийн байгууллага хооронд тээвэрлэлт хийдэг гэх үндэслэлээр тайлбар гаргасан байна.

Тус байгууллага нь өөрсдийн компанийн тээврийн хэрэгслээр компанийн салбар нэгж хооронд хүнсний түргэн муудах, болон эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлтийг үзүүлж буй хэлбэр нь энэ стандартыг заавал дагаж мөрдөхөд хүргэж байна. Энэ нь эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран нийтээр дагаж мөрдөх стандартын шаардлага бөгөөд Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан үйлчлэл нь захиргааны хэм хэмжээний нэгэн адил нийтээр дагаж мөрдөх шинжтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдол гаргагч тал 2 үндэслэлээр гомдлын шаардлагаа гаргаад байгаа. Нэгдүгээрт гэвэл манайх тээвэрлэгч байгууллага биш тиймээс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд танай байгууллага манайхыг торгох ёсгүй гэдэг,  хоёрдугаарт стандартын шаардлага байгаа. Манайх мах, махан бүтээгдэхүүн. Ингээд өөрсдийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа. Энэ стандарт чинь тээвэрлэгч, тээвэрлэлд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагад хамаарна гэдэг байдлаар тайлбарлаад байна. Манай байгууллагын зүгээс Нийслэлийн Засаг даргын 2024 оны 536 дугаар захирамжаар манай байгууллагын дүрмийг баталж өгсөн байдаг. Энэхүү дүрмийн 4.1.4-д нь тус газар нь “Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан 4.1.4-д нь Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлт, үйл ажиллагаа эрхэлж буй тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх, ачаа тээврийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих ажлыг зохион байгуулах гэж заасан байдаг. Дээрх үндэслэлээр ******* нь өөрөө нийслэлийн хэмжээнд ачаа тээврийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах эрхтэй бөгөөд ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэхэд тээвэрлэлтийн гэрээ байгуулахыг, тээвэрлэлтийн гэрээ байгуулах эсэхээс үл хамааран ачаа тээврийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг.

“” ХХК нь манай байгууллагатай гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэггүй ч юм уу тэрнээс хамаарахгүйгээр тээвэрлэлтийг өөрийн салбар хооронд өөрсдөө ачаа тээврийн машинаар үйлчилгээ үзүүлж байгаа нь ******* энэ байгууллагад хяналт тавихад хүргэж байгаа гэсэн үг юм. Нийслэлийн хэмжээнд энэ байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд Нийслэлийн Засаг даргын захирамжаар манайх заавал хяналт тавьж ажиллана. Мөн гомдол гаргагч талын удирдлага болгоод байгаа Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага MNS5343:2011 гээд энэ стандарт байгаа. Энэ стандартын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт нь хамрах хүрээ хэсгийн төрөл бүрийн бялуу, гурилан бүтээгдэхүүн, жимс, мах, махан бүтээгдэхүүн, хиам, өндөг, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, жижиглэн савласан махыг үйлдвэр, худалдааны газарт хадгалах, савлах, тээвэрлэх, борлуулахад мөрдөнө гэж заасан байдаг. Тэгээд энэ стандартынхаа дагуу энэ байгууллага мах, махан бүтээгдэхүүнийг өөрсдийн салбар хоорондоо тээвэрлэж байгаа. Энэ нь нэг ёсондоо заавал энэ стандартыг мөрдөж ажиллахад хүргэж байгаа гэсэн үг юм.” гэв.

3.2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдол гаргагч компани нь зөвшөөрөл байхгүй гэж байна. Зөвшөөрөлтэй байж бид нарыг торгох ёстой гээд байгаа, гэтэл тийм биш юм. Энэ байгууллага тээвэрлэлт хийж байгаа. Яагаад гэвэл өөрөө өөрийнхөө бүтээгдэхүүнийг жолоочоороо тээвэрлүүлж байгаа. Жолооч ажиллуулаад явуулж байгаа нь тээвэрлэгчийн үүрэг байгаа. Тээвэрлэгч болон тээвэрлүүлэгчийн аль аль нь үүргээ биелүүлж, хуулийг дагаж мөрдөнө. Тээвэрлэгч болон тээвэрлүүлэгчийн үүргээсээ татгалзах нь тээвэр биш гэх үндэслэл байхгүй. Мөн мэргэшсэн жолоочийн үнэмлэх гэдэг нь анх 2008 онд Авто тээврийн тухай хуульд тусгагдсан “тухайн ангиллын ажил, үйлчилгээг тээвэрлэлтийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлнэ” гэсэн заалт байдаг. MNS5343:2011 стандарт дээр 2011 оноос бас заагдсан. Мөн  ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм байгаа. Тус дүрмийн 5.16-д “тээвэрлэлтийн ажил үйлчилгээг тухайн ангиллын мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлнэ” гэсэн заалтууд тус тус захиргааны хэмжээний актад тусгагдаад явж байгаа.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Гомдол гаргагч “” ХХК-аас ******* улсын байцаагч О.ид холбогдуулан “*******т шийдвэрлэгдсэн улсын байцаагч О.ийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №, № дугаар шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.

            2.Шүүх гомдол гаргагчийн гомдол, түүний үндэслэл, гомдолдоо хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

            3.******* автотээврийн хяналтын улсын байцаагч О. нь шугам замын хяналт шалгалт хийж байх явцдаа 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн өглөөний 09:00 цагт Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ 4-ийн замд “” ХХК нь ******* улсын дугаартай, KIA маркийн Bongo загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар нь “Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага” MNS 5343:2011 улсын стандартын 9.1, 7.2.2 дахь нөхцөл шаардлагыг зөрчин Ford маркийн Transit загварын ******* улсын дугаартай, KIA маркийн Bongo загварын ******* улсын дугаартай, бүхээгтэй ачааны автомашинуудаар хөлдүү тахианы мах болон бусад бүтээгдэхүүн тээвэрлэж байсан зөрчил илрүүлж, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №01 дугаартай “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” тэмдэглэл үйлдсэн /Хэргийн 82 дахь тал/ байх ба 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр холбогдогч “” ХХК-ийн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь болон 9 дэх хэсэгт зааснаар *******тай зөрчлийн хэрэг нээжээ.

            3.1.Улмаар 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр холбогдогч “” ХХК нь Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2.2, 2.21 дэх заалт, Ачаа зорчигч тээвэрлэх дүрмийн 2.8 болон 5.16 дахь заалт, “Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага” MNS 5343:2011 улсын стандартын 9.1 дэх, 7.2.2  дахь нөхцөл шаардлагыг тус тус зөрчин Ford маркийн Transit загварын ******* улсын дугаартай, KIA маркийн Bongo загварын ******* улсын дугаартай, бүхээгтэй ачааны автомашинуудаар хөлдүү тахианы мах болон бусад бүтээгдэхүүн тээвэрлэж байсныг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагт хүнсний бүтээгдэхүүн тээвэрлүүлж, тээвэрлэлтийн ажил үүрэг гүйцэтгүүлсэн зөрчил нь хяналт, шалгалт, холбогдогчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул зөрчлийн хэргийг шийдвэрлэж, , дугаартай шийтгэлийн хуудсуудаар “” ХХК-д торгох шийтгэл оногдуулсан байна.

4.Гомдол гаргагчаас “...хууль, стандарт, журмын дагуу тээврийн үйл ажиллагаа гэдэг нь А тээвэрлэгч компани Б тээвэрлүүлэгч компанийг эд хөрөнгө, бараа материалыг нэг цэгээс нөгөө цэгрүү тээвэрлэх процессыг хэлнэ.

“” ХХК нь 5629 Түргэн хоолны үйлчилгээ, 1010 Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон хадгалалт, 1075 Бэлэн хүнс, хоол үйлдвэрлэл, 1071 Талх, нарийн боов үйлдвэрлэл, 4520 Автогражийн үйлчилгээ, 46100 Төлбөр эсхүл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, 10750 Бэлтгэсэн хоол үйлдвэрлэл, 56100 Хоолны явуулын үйлчилгээ, 47910 Интернетийн захиалгаар хийгдэх худалдаа гэсэн үйл ажиллагааны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Бид энэхүү үйл ажиллагааны хүрээнд компанийн өмчлөлийн бараа материал, эд хөрөнгийг, компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр компанийн салбар нэгжид хүргэлт хийж байгаа байгаа бөгөөд ямэр нэгэн тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаггүй, тээвэрлэлтийн гэрээ байхгүй, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг компанитай хамтран ажилладаггүй байхад ******* нь өөрийн чиг үүргээс гадуур бидний үйл ажиллагаанд саад учруулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг хураан авч, компанид торгууль ногдуулсан нь хууль болон стандартыг зөрчсөн. Түүнчлэн, ******* эрх бүхий албан тушаалтан нь захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй ...” гэж маргаж байна.

5.Харин хариуцагчаас “...Нэхэмжлэгч байгууллага нь тээвэрлэлтийн ажил үйлчилгээг бусад байгууллагад үзүүлдэг эсэхээс үл хамааран өөрийн байгууллага хооронд өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр ажил үйлчилгээг үзүүлж байна. Энэ тохиолдолд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм, захиргааны хэм хэмжээний актыг нэгэн адил мөрдөх ёстой. ... Нэхэмжлэгч байгууллагын хувьд тээвэрлэлтийн үйлчилгээг бусад байгууллагад үзүүлдэггүй гэх шалтгаанаар захиргааны хэм хэмжээний актыг мөрдөхгүй гэх үндэслэл нь буруу юм. ... Тус байгууллага нь өөрсдийн компанийн тээврийн хэрэгслээр компанийн салбар нэгж хооронд хүнсний түргэн муудах, болон эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлтийг үзүүлж буй хэлбэр нь энэ стандартыг заавал дагаж мөрдөхөд хүргэж байна. Энэ нь эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран нийтээр дагаж мөрдөх стандартын шаардлага бөгөөд Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан үйлчлэл нь захиргааны хэм хэмжээний нэгэн адил нийтээр дагаж мөрдөх шинжтэй байна.” хэмээн тайлбарлан маргаж байна.

6.Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3.“Тээвэрлэгч нь ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол ... хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, 9.“Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Автотээврийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.“Энэ хуулийн зорилт нь автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа болон автотээврийн хэрэгсэлд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, автотээвэрлэлт болон автотээврийн хэрэгслийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3.1.4.““тээвэрлэлт” гэж автотээврийн хэрэгслээр зорчигч болон ачааг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбогдсон ажил, үйлчилгээг;”, 3.1.5.““тээвэрлүүлэгч” гэж тээвэрлэлтийн үйлчилгээ хэрэглэгчийг;”, 3.1.6.““тээвэрлэгч” гэж тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг;”, 9.1.Тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ.”, 19.1.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан тээвэрлэлтийг гүйцэтгэхэд зохих ангиллын автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийг ажиллуулна.” гэж тус тус заажээ.

6.1.Мөн Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ачаатээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм”-ийн долоодугаар зүйлийн 7.1.“Ачаа тээвэрлэлтийн үндсэн баримт бичиг нь ачааны дагалдах бичиг байна.”, 7.1.2.“Ачааны дагалдах бичгийг бүрдүүлснээр тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсанд тооцно.”, 7.1.5.“Ачааны дагалдах бичиг гэдэгт тээвэрлэж буй ачааны талаарх зайлшгүй шаардлагатай мэдээллийг агуулсан, тухайн ачааг тодорхойлох боломжтой баримт бичгийг ойлгоно”, 7.1.8.“Тээвэрлэгч нь тээвэрлэлт гүйцэтгэх тутамдаа тээвэрлэж буй ачааны талаарх мэдээллийг агуулсан дагалдах бичгийг авч явах үүрэгтэй.” гэж тус тус зохицуулжээ.

7.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэж/хэргийн 82 дахь тал/, улмаар эрх бүхий албан тушаалтны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор “” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн байна. Ингээд дараагийн өдөр нь Б.Жийг “” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, мэдүүлэг авсан байх ба 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нөхцөл байдлыг асуумжаар тодруулахад “ ХХК нь өөрийн өмчлөлийн агуулахаас өөрийн компанийн ажиллагаанд ашиглах бараа бүтээгдэхүүнийг өөрийн өмчлөлийн салбаруудад тарааж байсан. Түүнээс биш өөр ямар нэгэн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниар тээвэрлэлт хийлгээгүй бөгөөд манай компани нь тээврийн үйл ажиллагаа явуулдаггүй. Иймд дээрх 2 тээврийн хэрэгслийн жолооч нь мэргэшсэн жолооч байхыг шаардахгүй бөгөөд тээврийн хэрэгсэл заавал хөргүүртэй байхыг шаардахгүй”/Хэргийн 91 дэх тал, арын хуудас/ гэж тайлбарласан байна.

7.1.Мөн Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүн тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага MNS5343:2011 улсын стандартыг хэрхэн мөрдөж ажилладаг вэ гэхэд “Энэхүү стандарт нь хүнсний түргэн муудах болон эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлт эрхлэх, зуучийн үйлчилгээ үзүүлэх, тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэн, мөн түргэн муудах болон эмзэг ачааны тээвэрлэлт ажил үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих үйл ажиллагаанд хамаарна гэж заасан бөгөөд манай компани тээвэрлэлт эрхэлдэггүй, зуучийн үйлчилгээ үзүүлдэггүй тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэн биш бөгөөд ачаа тээврийн үйл ажиллагаа зохион байгуулдаггүй. Түүнчлэн энэхүү стандартын дагуу өөрийн хэрэглэх махыг өөрийн тээврийн хэрэгслээр зөөсөн иргэн болгон энэхүү стандартыг зөрчсөн болох бөгөөд энэхүү мэдүүлгийг авч буй байцаагч та өөрөө ч мөн адил зөрчиж байгаа болно.”/Хэргийн 91 дэх тал, арын хуудас/ гэжээ.

7.2.Шүүх хуралдааны явцад гомдол гаргагч болон хариуцагчаас тухайн үйл явдал болох үед тээвэрлэж байсан бараа бүтээгдэхүүнд юу юу байсан талаар тодруулахад хэн аль нь хөлдүү тахианы мах, бусад хүнсний бүтээгдэхүүнийг хөргүүргүй тээврийн хэрэгсэлд ачиж явсан талаар маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч талаас “... Бид тухайн нэг автомашинд явж байсан тус бүр 12кг-ын жинтэй 2 хайрцаг тахианы махыг ашиг олох зорилгоор нийт хүн амд худалдаагүй, зөвхөн үйлдвэрлэгч болон нийлүүлэгчээс ирүүлсэн стандарт шаардлагыг хангаж байгаа эсэх, сав баглаа боодол нь агуулахаас салбарууд руу хүргэх явцад нэвтэрч байна уу, үгүй юу гэдгийг шалгах зорилготойгоор явж байсан гэдгийг хариуцагч тал тодруулаагүй.” гэх үндэслэл дэвшүүлэн мэтгэлцдэг хэдий ч энэ талаараа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тайлбарлаагүйг дурдах нь зүйтэй.

7.2.1.Нөгөөтэйгүүр хөлдүү тахианы махыг хөргүүртэй тээврийн хэрэгсэлд тээвэрлэдэг[1] бол “... сав баглаа боодол нь агуулахаас салбарууд руу хүргэх явцад нэвтэрч байна уу, үгүй юу гэдгийг шалгах ...” шаардлагагүй, өөрөөр хэлбэл бодит байдалд хөргүүртэй тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байгаа хөлдүү бүтээгдэхүүн гэсэх, сав баглаа боодол норох асуудал гарахгүй юм.

8.Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага MNS5343:2011[2] стандартын 2.1.“Энэхүү стандарт нь хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүний тээвэрлэлт эрхлэх, зуучийн үйлчилгээ үзүүлэх, тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, мөн түргэн муудах болон эмзэг ачааны тээвэрлэлт, ажил үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих үйл ажиллагаанд хамаарна.”, 2.3.“Төрөл бүрийн бялуу болон гурилан бүтээгдэхүүн, жимс, мах махан бүтээгдэхүүн, хиам, өндөг, хагас боловсруулсан бүтээгдэхүүн(банш, бууз, котлет гэх мэт) жижиглэн савласан махыг үйлдвэр худалдааны газарт хадгалах, савлах, тээвэрлэх, борлуулахад мөрдөнө.”, 6.1.“Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний болон экологийн аюулгүйн шаардлагуудыг бүрэн хангасан, тусгай зориулалтын битүү тэвш бүхээг бүхий зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх.”, 9.1.“Тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангиллын мэргэшсэн жолооч байна.” гэж заасан байх ба энэхүү стандарт нь ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч, ачаа тээврийн үйлчилгээ авагч байхаас үл хамааран нийт хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах зорилготой бөгөөд шүүх Автотээврийн хуулийн зохицуулалтыг холбогдох дүрэм, стандартын зохицуулалттай явцуу утгаар хэрэглэх нь зохимжгүй.

8.1.Тодруулбал Автотээврийн тухай хуулийн зорилт нь автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа болон автотээврийн хэрэгсэлд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, автотээвэрлэлт болон автотээврийн хэрэгслийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа ба гомдол гаргагч “” ХХК нь хэдийгээр тээвэрлэгч компанитай гэрээ байгуулаагүй, ажил үйлчилгээ аваагүй гэж маргах боловч нийслэлийн 6 дүүрэгт 19 салбартай бөгөөд хүн амд буюу олон нийтэд хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг, энэхүү үйлчилгээгээ хэвийн явуулахын тулд агуулахаасаа хөлдүү мах махан бүтээгдэхүүн, бусад хүнсний бүтээгдэхүүн байнга тээвэрлэдгийн хувьд хууль, дүрэм, стандартыг чанд мөрдөж биелүүлэх үүрэгтэй, гагцхүү “ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч биш, Иргэний хуульд заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй, ачаа тээврийн үйлчилгээ хэрэглэгч биш” гэх үндэслэлээр дээрх хууль тогтоомжид заасан үүргээс чөлөөлөгдөх учиргүй.

8.2.“” ХХК-аас нотлох баримтаар ирүүлсэн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны үндсэн зорилгыг “Импортоор болон дотоодын бэлтгэн нийлүүлэгчдээс ирсэн бараа материалыг хүлээн авч, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг баримтлан бараа материалын бүрэн бүтэн байдал, тоо ширхэгийн дутагдалгүйгээр тээвэрлэх, агуулахад хүргэх, буулгах, өрөх, салбаруудад захиалсан бараа материалыг цаг тухайд нь бараа материалын тасалдал үүсгэхгүйгээр хүргэхэд уг ажлын байрны зорилго оршино”/Хэргийн 60, 66 дахь тал/ гэснээс үзвэл хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн агуулгахаас өөрийн салбарууд руу байнга тээвэрлэж байгаа “” ХХК ачаа тээврийн үйл ажиллагаа явуулаагүй, тээвэрлэлт хийгээгүй гэж үзэх боломжгүй байна.

8.3.Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дугаартай Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар “Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм”-ийг баталсан байх ба энэ дүрмийн долоодугаар зүйлийн 7.1.2.“Ачааны дагалдах бичгийг бүрдүүлснээр тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсанд тооцно.”, 7.1.5.“Ачааны дагалдах бичиг гэдэгт тээвэрлэж буй ачааны талаарх зайлшгүй шаардлагатай мэдээллийг агуулсан, тухайн ачааг тодорхойлох боломжтой баримт бичгийг ойлгоно.”, 7.1.8.“Тээвэрлэгч нь тээвэрлэлт гүйцэтгэх тутамдаа тээвэрлэж буй ачааны талаарх мэдээллийг агуулсан дагалдах бичгийг авч явах үүрэгтэй.” гэсний дагуу “” ХХК-ийн автомашиныг жолоодож явсан хоёр жолооч ачааны дагалдах бичгийг шалгуулсан байх ба энэ талаар талууд маргадаггүй.

8.3.1.Ийнхүү дүрмийн дагуу ачаандаа дагалдах бичиг баримттай атлаа дүрэм, стандартын бусад заалтыг мөрдөхгүй гэсэн нь ойлгомжгүй байна.

8.4.Гомдол гаргагчийн гомдолдоо дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, хариуцагчид ингэж хяналт шалгалт хийх эрх байхгүй гэх үндэслэл мөн тогтоогдсонгүй. Хариуцагчийн үйл ажиллагаа Автотээврийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд тус тус нийцсэн байна.

9.Иймд дээрх үндэслэлүүдээр хуульд заасан хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж холбогдох шийдвэр гаргасан хариуцагчийн шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул “” ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Автотээврийн тухай хуулийн 1.1, 3.1.4, 3.1.5, 3.1.6, 9.1, 19.1, 21, 22 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 болон 9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “*******т шийдвэрлэгдсэн улсын байцаагч О.ийн 2024.06.26-ны өдрийн , ******* шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг гомдол гаргагчид буцаан олгосугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.УРАНГУА

 

 

 

[1] шүүх хуралдаанд хөлдүү махан бүтээгдэхүүнийг хөргүүртэй машинд тээвэрлэдэг гэж тайлбарласан.

[2] https://old.estandard.gov.mn/standard/v/5557 нийтэд ил, албан ёсны сайтад дэлгэрэнгүй танилцах, худалдаж авах сонголттой нийтлэгдсэн байх тул нотлох баримтаар хэрэгт аваагүй болно.