Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/598

 

      2023            6             06                                        2023/ДШМ/598

 

Б.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нямдорж,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхболд,  

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/197 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2201850409 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Б.Б, 

- Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ялаар,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар,

- Увс аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 08 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ялаар,

- Ховд аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сар хорих ялаар,

- Ховд аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 11 сар 29 хоног хорих ял оногдуулж уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах В сити хорооллын 5-2-4 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдагч П.Тбусадтай хардаж улмаар зодож эрүүл мэндэд нь баруун доод зовхи, хацар, зүүн доод зовхи, доод уруулын дотор салстад, баруун мөр, эгэм, бугалга, хөх, хүзүү, дал, зүүн эгэм, мөр, бугалга, хөх, шуу, сарвуу, зүүн шуу, сарвуу, баруун орчимд цус хуралтууд, дух, зулайн ар хэсгийн хуйх, баруун чамархай, шанаа, эрүү, зүүн доод зовхи, хоёр гарын сарвууны ар талын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,

мөн 2021 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө тухайн хаягт хамтран амьдрагч П.Тбусадтай хардаж маргалдахдаа хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн зодож улмаар түүний бэлэг эрхтэн рүү буюу үтрээ хэсэг рүү нь өөрийн баруун гарын долоовор болон дунд хуруу зэргийг хийж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж үйлдсэн,

мөн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 3-7 тоотод байрлах Н.Б гэрээс Самсунг А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Н.Бд 879.920 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Б.Г автомашинд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах спорт цогцолборын уулзвараас сууж улмаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү молл худалдааны төвийн автобусны буудал хүртэл явахдаа Б.Г эзэмшлийн Самсунг А52 загварын гар утас, бэлэн 180.000 төгрөг, түрүүвч, хувийн бичиг баримт зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авч 966.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Бд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бэнэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтэн 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үйлдсэн 1 жил 4 сар 16 хоногийг хорих нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 10 сар 16 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 73 хоногийг эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гт 650.000 төгрөг, хохирогч Н.Бд 879.920 төгрөгийг шүүгдэгч Б.Бээс гаргуулж хохирогч нарт олгож, шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгтээ бусдад төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгч Б.Бавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч хувийн таарамжгүй харьцааны улмаас намайг гүтгэсэн. Учир нь, намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй болохыг нотлох гэрч байхад мөрдөгч гэрчийн мэдүүлэг аваагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасан эрхийг минь эдлүүлээгүй. Хохирогч мөнгөө төлүүлэхийн тулд худал мэдүүлэг өгсөн. Уг хэргийн улмаас би 1 жил гаруй хугацаанд шалгагдаж, эрх зүйн байдал минь дордсон. Би 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр цагдан хоригдсон. Би үйлдээгүй хэргийнхээ төлөө шийтгүүлж, үр хүүхдээ өнчрүүлж, сэтгэл санаа, цаг хугацаагаараа маш их хохирч байна. Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй атлаа хууль зөрчиж, намайг ялтан болгосонд маш гомдолтой байна. Би шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж анхан шатны шүүхээс тогтоосон хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн эсэхийг нотлоогүй атлаа 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Прокурор хэт нэг талыг барьж яллах дүгнэлт үйлдсэн. Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Харин үйлдээгүй гэмт хэргийн төлөө ял авсанд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв

Шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Б.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт маргаж оролцсон боловч анхан шатны шүүхээс түүнийг дээрхи гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай гэж тооцсон учраас хохирогч Б.Гт учруулсан 650.000 төгрөгийн хохирол, хохирогч Н.Бд учруулсан 879.920 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдууллаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Бий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ гэмт хэргийн хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг багасгаж шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй гэж гэм буруу дээрээ маргадаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй. Гэвч шүүхийн шийдвэрийг хүндэтгэж хохирол төлбөрийг төлсөн. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч нар оролцож, мэдүүлэг, тайлбар өгсөн бөгөөд таньж олуулах ажиллагаа явуулсан. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу дээрээ маргаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй зэргийг харгалзан үзэж 3 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах В сити хорооллын 15-2-4 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдагч П.Тбусадтай хардаж улмаар зодож эрүүл мэндэд нь баруун доод зовхи, хацар, зүүн доод зовхи, доод уруулын дотор салстад, баруун мөр, эгэм, бугалга, хөх, хүзүү, дал, зүүн эгэм, мөр, бугалга, хөх, шуу, сарвуу, зүүн шуу, сарвуу, баруун орчимд цус хуралтууд, дух, зулайн ар хэсгийн хуйх, баруун чамархай, шанаа, эрүү, зүүн доод зовхи, хоёр гарын сарвууны ар талын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 3-7 тоотод байрлах Н.Бгэрээс Самсунг А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 879.920 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Б.Гавтомашинд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах спорт цогцолборын уулзвараас сууж улмаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү молл худалдааны төвийн автобусны буудал хүртэл явахдаа Б.Гэзэмшлийн Самсунг А52 загварын гар утас, бэлэн 180.000 төгрөг, түрүүвч, хувийн бичиг баримт зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авч 966.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч П.Тын “... ...” /хх 21-23, 26/,

хохирогч Н.Б“......” /хх 88/,

хохирогч Б.Г“......” /хх 117/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 96-97/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 124-125/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 128-131/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, ялыг нэмж нэгтэн 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үйлдсэн 1 жил 4 сар 16 хоногийг хорих нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 10 сар 16 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна. 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бий гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ЦХШЗ/15 дугаар “ялтныг шилжүүлэн авч ирж, яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамжаар шүүгдэгч Б.Бийг шилжүүлэн цагдан хорьсон ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл нийт 77 хоног цагдан хоригдсон байх ба анхан шатны шүүх 73 хоног гэж зөрүүтэй бичсэнийг зөвтгөж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл 75 /далан тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/197 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...шүүгдэгч Б.Бий цагдан хоригдсон 73 хоногийг...” гэснийг “...шүүгдэгч Б.Бий цагдан хоригдсон 77 хоногийг...” гэж өөрчилсүгэй.

2.  Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бий 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Гт 650.000 төгрөг, хохирогч Н.Бд 879.920 төгрөгийн хохирол тус тус төлсөн болохыг дурдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ШИНЭБАЯР

                                 ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ