| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/02871/И |
| Дугаар | 102/ШШ2024/00627 |
| Огноо | 2024-02-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2024/00627
|
|
|
|
| 2024 оны 02 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2024/00627 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч У.Ц
Хариуцагч Л.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч У.Ц, хариуцагч Л.Эд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгч У.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Л.Этой 2006 онд танилцаж, гэр бүл болсон.
Бид хоёр дундаасаа нэг охинтой ба би өөрөө нэг хүүтэй. 2023 оны 08 дугаар сард эвлэрүүлэн зуучлал дээр өргөдөл өгсөн.
Шүүхэд хүүхэдтэй холбоотой нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг буцаасан.
Ингээд Л.Э бид хоёр дахин хүсэлт гаргахгүй гэх зарчмаар шүүхэд хүсэлт өгч хэргийг сэргээсэн.
Гэр бүл цуцлуулах болсон шалтгаан Л.Э хоёр жилийн өмнөөс эхэлж, хэл амаар доромжилж, өөрийнхөө нүдээр хараагүй байсан ч өөр хүнтэй харддаг болсон.
Мөн ар гэр нь намайг дарамталж, миний нэр хүндийг гутааж, өргөдөл өгч, чирэгдэл үүсгэсэн.
Энэ бүхнийг би тэсэж, тэвчиж нилээн хугацаанд явсан.
Эцэстээ би салах шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, гэжээ.
4.Хариуцагч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид хоёр 2006 онд танилцсан.
Ингээд 2016 онд гэр бүлээ зохиож, өөрийн охинтой хамт 8-9 жил амьдарсан.
Энэ хугацаанд эхнэр хүүхдээ би амьдралынхаа утга учир, үнэт зүйлээ болгож явсан боловч өнөөдөр амьдралаа цэглэж, хэрэгтний тавцан дээр зогсож байгаа юм шиг ингэж зогсож байгаадаа их харамсаж байна.
2022 оны 01 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш миний зүгээс амьдралаа бүрэн бүтэн байлгах гэж их хичээсэн.
Дунд нь хоёр удаа шүүх хуралдаан зарлаж, нэхэмжлэгчийн ая эвийг олох гэж, охиноо бүтэн амьдралтай байлгая гэж өөрийгөө золиосолсон.
Үнэхээр надгүйгээр амьдралаа төсөөлсөн хүний амьдралд би орох гээд мянга хичээгээд чадахгүй гэдгээ ойлгосон.
Иймд өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Надад гомдоллох шалтгаан байхгүй.
Ганц бие амьдарч байсан надад миний төлөө үнэт зүйлийг ойлгуулж өгсөн тул цаашдын амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөж, амьдралдаа цэг тавьж байна.
Цаашид охинтойгоо хамт байхгүй ч гэсэн охиныхоо төлөө зүтгэнэ. Өөр тайлбаргүй, гэжээ.
5.Хэрэгт цугларсан нотлох баримт:
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, оршин суух хаягийн тодорхойлолт, хүххдийн төрсний гэрчилгээний лавлагаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл
7.Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбарыг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
. 2.Нэхэмжлэгч У.Ц нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “бид зан харилцааны хувьд таарч тохирохгүй, хадамын талаас дарамт шахалт их байгаа учраас хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж охиноо өөр дээр авах хүсэлтэй байна” гэж тайлбарлав.
3.Хариуцагч Л.Э нэхэмжлэлийг зөвшөөрч маргахгүй байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Зохигчид 2008 онд танилцаад улмаар 2016 оноос хамтран амьдраад, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр охинЭ.Э төрсөн болох нь талуудын тайлбар, 0 дугаартай Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, 0 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Э.Н-н “Э.Э эрүүл өсөж бойжиж байгаа, вакцинд хамрагдсан” гэх тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
6.Иймээс талуудын тайлбараар цаашид хамтран амьдрахад эвлэрэх боломжгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч маргахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
7.Гэрлэлт цуцлах үед хүүхдийг хэн аль нь асрамжлах талаар зохигчид тохиролцож болох бөгөөд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан асрамжийг тогтоодог.
8.Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх,үүрэг үүснэ”, 26 дугаар зүйлд “хүүхдээ асран хамгаалахыг” эцэг эхийн үүрэг гэж тодорхойлжээ.
9.Иймээс хүүхдийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй хүлээн зөвшөөрсөн тул хүүхдийн аюулгүй орчин нөхцөл, амьдралынх нь хэмнэл, эрүүл саруул өсөж, сурч хүмүүжих, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан байдлыг харгалзан үзэж мөн зохигчид харилцан ярилцаад тохиролцсон байх тул “Гэр бүлийн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасны дагуу охинЭ.Эг эхийнхэн асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
10.Зохигчид эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Э, У.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Э.Эийг эх У.Цын асрамжид үлдээж, асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага Баянзүрх дүүргийн Иргэний бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Билгүүнд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА