| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогт-Очирын Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 2222000260063 |
| Дугаар | 2023/ДШМ/16 |
| Огноо | 2023-06-09 |
| Зүйл хэсэг | 17.8.3.2., |
| Улсын яллагч | О.Э |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2023/ДШМ/16
Б.Гт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О даргалж, шүүгч Р.М, Ш.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор О.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Д
Шүүгдэгч Б.Г
Нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.У даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/.. дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Гт холбогдох 222200... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Т овогт Бийн Г, Монгол Улсын иргэн 1993 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д аймгийн Ө суманд төрсөн, 30 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Д аймгийн Ө сумын .. дүгээр баг “Т” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Д аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолоор торгох ял шийтгүүлж байсан /РД:/.
Шүүгдэгч Б.Г нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө тус аймгийн С сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Н” төрийн бус байгууллагын ойжуулалтын талбайн гүний худгийн насосс, цахилгааны утас болон бэхэлгээ олсыг тасалж дотогш унагаан дахин ашиглах боломжгүй болгосон, мөн цонхыг хагалж дотор нь байсан усан санг зүсэж ашиглах боломжгүй болгосны улмаас нийт 63.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Д аймгийн Прокурорын газраас: Ш Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Бийн Гыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Т овогт Бийн Гт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Гын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож хасаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гаас хохирол 63.400.000 төгрөгийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар 1.600.000 төгрөг, нийт 65.000.000 төгрөг гаргуулан “Н" төрийн бус байгууллага /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Т/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн эвдрэлтэй мотор 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Д аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн дахь хэсгийн 3.2-т заасан эд хөрөнгө устгах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж үзэж, түүнийг гэм буруутайд тооцон 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1. Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 12 сарын 23-24-нд шилжих шөнө тус аймгийн С сумын ..-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Н” төрийн бус байгууллагын ойжуулалтын талбайн гүний худгийн насосс цахилгааны утас болон бэхэлгээ олсыг тасалж дотогш унаган дахин ашиглах боломжгүй болгож, улмаар тодорхой тооны зөөврийн усан санг зүсэж гэмтээсэн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатнаас өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч ирсэн. Хэрэгт авагдсан гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үйл баримт, гэм буруугийн талаар тодорхой мэдүүлсэн.
Хохирогч “Н" төрийн бус байгууллагад учирсан хохирлыг шүүгдэгчийн зүгээс бүрэн засварлаж, хэвийн үйл ажиллагаанд нь оруулж хохирогч талд хүлээлгэн өгөхөөр засварлаж байсан бөгөөд 20400000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 худгийг засварласан. Гэтэл хохирогч тал хүчин чадал багатай мотор байрлуулсан гэх үндэслэлээр хүлээж аваагүй. Шүүгдэгч нь дээрх байдлаар хохирогч талыг хохиролгүй болгох талаар санал, санаачлага гарган, тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулсан нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа барагдуулахыг эрмэлзсэн. Засварласан худгуудыг хүлээлгэн өгч, үлдэх хохирлыг хугацаа заан төлөхөө бүрэн илэрхийлсэн.
2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гын хөрөнгө, орлоготой гэж үзэх боломжгүй, түүний ээж Ч.Бийн хөрөнгө орлогоос торгуулийг төлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй , мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Торгох ял оногдуулахад “хувийн байдал, өмчлөлд нь байгаа эд хөрөнгийн байдал”-ыг харгалзан үзэхээр хуульчилсан.
... Сум орон нутгийн захиргааны байгууллагаас нэг өрхөд нэг л мал тооллогын А данс байх ёстой гэснээр төрсөн эх Ч.Бхээ нэр дээр түүний 60 малыг тоолуулж бүртгүүлсэн байдаг. Түүнээс Б.Г нь өөрийн эзэмшлийн 133 толгой мал, эх Ч.Бнхээ 60 толгой мал маллан амьдардаг нь үнэн юм.
Мөн Б.Г нь хохирогч байгууллагыг хохиролгүй болгож, 2 худгийг хэвийн үйл ажиллагаатай болгох гэж хичээл зүтгэл гаргасан, шүүх хуралдааны шатанд төлбөрийг “би өөрийнхөө ямааны ноолуур, малаас гарах түүхий эдээрээ бүрэн төлж барагдуулна” гэх тайлбарыг гаргадаг. Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд “...ажил амьдралын хүрээн дэх зан төлөв, зуршил, нас, хөдөлмөрийн чадвар, биеийн эрүүл мэндийн байдал, ам бүл, өөрийн болон өрхийн орлого...” зэргийг харгалзан үздэг...
Дээрх байдлуудыг шүүх харгалзан үзээгүй, хохирол барагдуулах боломжийг шүүгдэгчид олголгүйгээр шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүх “шүүгдэгчийг хөрөнгө орлоготой гэж үзэх боломжгүй, түүний хувийн байдалд нийцэхгүй” гэсэн үндэслэлээр “Торгох ял” оногдуулахгүйгээр, хорих ял оногдуулсан нь хуульд нийцэхгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна...
Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдаж байх хугацаанд 2 худгийг бүрэн засварлаж хүлээлгэж өгсөн. Нэг худаг маань 20.400.000 төгрөгийн үнэ бүхий байгаа учраас 40.800.000 төгрөгийн худгийг бүрэн засварлаж хүлээлгэж өгсөн. 65.000.000 төгрөгийн хохирол гарсан. 65.000.000 төгрөгийн хохирлоос 40.800.000 төгрөгийг барагдуулсан... Иймээс манай үйлчлүүлэгчийн хохирол төлбөр төлсөн байдал, хохирол төлбөр төлөхийг эрмэлзсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, мал аж ахуй эрхэлж ашиг орлого олдог зэрэг байдлыг үнэлээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар ялын төрлүүдээс торгох ялаар сольж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхээс хохирол төлбөрөө төлөөгүй гэдэг үндэслэлээр мөн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар ажил хөдөлмөр эрхлэх тогтвортой орлоготой гэдгийг нотолж чадахгүй байсан учраас шийтгэх тогтоол гарч шийдвэрлэгдсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шинжлэн судлагдсан нотлох баримт нь бүгд хуулийн дагуу авагдсан. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 11-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг хуульд нийцэж гарсан. Эрүүгийн хариуцлага болон гэм буруу нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангид нийцсэн учир хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Гын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Б.Г 2021 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө тус аймгийн С сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Н” төрийн бус байгууллагын ойжуулалтын талбайн гүний худгийн насосс, цахилгааны утас болон бэхэлгээ олсыг тасалж дотогш унагаан дахин ашиглах боломжгүй болгосон, мөн цонхыг хагалж дотор нь байсан усан санг зүсэж ашиглах боломжгүй болгосны улмаас нийт 63.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, Д аймгийн Пын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хэрэгт цугларсан хохирогч гэрч нарын дараах мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар Б.Гын гэмт үйлдэл тогтоогдсон гэж үзсэн байна.
Б.Гт холбогдох хэргийн үйл баримтыг гэрч хохирогч нар дараах байдлаар мэдүүлжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Тийн: “Би Н ТББ-д иргэдийг чадавхжуулах хэлтэст гүйцэтгэх захирлаар ажилладаг юм. ... Манай байгууллага цөлжилттэй тэмцэх зорилгоор Д аймгийн С сумын. дугаар багийн нутаг дэвсгэрт 100 га талбайд 100.000 мод тарих зорилгоор анх 2009 оноос хойш эхлэн ойжуулалтын талбайг хариуцан ажилладаг юм... 2021 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө манай С сумын . дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ойжуулалтын талбайн 2 гүний худаг, ухаалаг мотор зэрэг эд зүйлс хадлагад өртсөн. Ингээд албан ёсоор цагдаагийн байгууллагад хандсаны дагуу тухайн гүний худгийг эвдсэн хүн нь манай байгууллагад өмнө нь ажиллаж байсан Г гэдэг хүн бусдад өс хонзон санасны улмаас дээрх эд зүйлсийг дахин ашиглагдахгүй болгосон байна гэдгийг тогтоосон гэсэн... Г гэдэг хүн ойжуулалтын талбайн ахлагч О гэдэг хүний нөхөр нь бөгөөд эхнэртэйгээ муудалцсан шалтгааны улмаас гүний худгийг эвдсэн гэх мэдээлэл авсан. ... Манай ойжуулалтын талбайд 7 худаг байгаагаас 9 дүгээр талбайн 2 худаг ажиллагаагүй. Эвдэгдсэн 2 худаг нь 2, 3 дугаар талбай хэвийн ажиллагаатай байсан. 4, 5 дугаар худаг эвдэгдсэн. Хэрэв манай гүний худаг 2021 оны 8, 9 дүгээр сард эвдэрсэн байсан бол 30.000 орчим мод усгүйдэх байсан. ... Г гэгчийг өмнө нь буюу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээгээр түр талбайн ажилтнаар ажиллуулж байсан. ... Мөн эвдэгдсэн гүний худгийн нийт төлбөр 61.600.000 төгрөг Т т ХХК-аар гаргуулсан дүгнэлтийн зардал 1.000.000 төгрөг, Хө Э ХХК-аар хохирлын үнэлгээ гаргуулахад 600.000 төгрөг нийт 63.200.000 төгрөг.”, “... Гэр бүлийн маргаанаас болж худгийг эвдэж гэмтээсэн гэж ойлгосон. Хохирлыг барагдуулахаар авга ахтайгаа нийлээд засч байгаа гэсэн мэдээлэл авсан. Худгийг засч хохирлыг барагдуулна байх гэж бодож байна. Одоо тавьсан мотор нь хүч муутай гэсэн учир хүчтэй сайн мотор сольж тавьж өгнө гэж ярьж байна. Үлдсэн хохирлыг хуваарилж төлнө гэсэн учир хохиролгүй болгоно гэж найдаж байна.” гэх,
Гэрч З.Оийн: “Би Гтай 2019 онд гэр бүл зохиож 2020 онд дундаасаа нэг хүүтэй болсон. Г 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажил дээр утсаа авсангүй, гэртээ байсангүй гэж хэл амаар доромжилж байгаад зодсон. Ингээд гомдлоо гаргаж шалгуулж, улмаар шүүхээр Г 500.000 төгрөгөөр торгуулсан. Манай Н төрийн бус байгууллагын худаг амбаар дотор байдаг. Г манай худгийг эвдсэн бөгөөд уг худагнууд хоёулаа амбаарт байрладаг. Нэг амбаарынх нь цоожийг доош татахаар онгойчихдог бөгөөд Г мэддэг байсан. Тэр амбаарын цоожийг нь татаж онгойлгоод орсон юм шиг байна лээ. Нөгөө амбаарынх нь дотор далд цоожтой байсан учраас хажуугийн жижиг вакум цонхыг хагалаад дотор нь ороод худаг эвдсэн байсан. Хаалганд ямар нэгэн гэмтэл байгаагүй цоож нь хэвийн байсан. Би Д аймгийн Н ТББ-ын Г төгөл ойжуулалтын талбайг хариуцан ажиллаад 13 жил болж байна. Г надтай гэр бүл болсныхоо дараа буюу 2019 оны 05 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж байсан. ...” гэх
Гэрч Д.Цын: “Манай хүргэн Г эвдэлсэн. 2021.12.23-нд би хашаандаа явж байхад Г хашаа руу орж ирж байсан. Би тухайн үед Гыг гэр лүү явж байна, хүүхэдтэйгээ уулзах гэж байгаа юм болов уу гээд хорлон сүйтгэх талаар санаанд ороогүй хашаагаа бүтэн тойрч юмаа шалгачихаад хэлээн орой болсон хойно нар шингэж байхад ирсэн. Тэгээд асуусан чинь Г гэр рүү орж ирээгүй байсан. Тэгээд машинаа асаах гэж жаахан удсан. Асаагаад хүрээд очсон чинь насос эвдэлчихсэн байсан”, “...Гт зэгэлдүүхэн саарал дээл байдаг юм. ... Тэр дээлтэйгээ л явж байсан. ...Худаг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өглөө хашаагаа тойроход эвдэрсэн байсан. ... Цагдаагийн газарт мэдүүлэг өгсний дараа Ц ирчихсэн байсан. Яах гэж байгаа юм гэсэн “танай худаг хэмхэрсэн гэсэн, тэрийг үзэх гэж ирлээ” гэж хэлсэн.” гэх,
Гэрч Д.Цы: “Би 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Гын хийсэн хэргийг нь мэдэх зорилгоор “Н” ТББ-ын ойжуулалтын талбай дээр тухайн эвдсэн гээд байгаа худгийг нь үзэхээр очсон. ... Тэгээд би Гын эвдсэн гээд байгаа худгийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр очиж үзээд эвдсэн эд зүйлсийг нь өөрийн нүдээр харж үзэж зургийг нь утсан дээрээ авч баталгаажуулсан. Би мэргэжлийн хүн учраас үзэж хараад янзалж болохоор юм байвал янзалчихъя гэж бодоод очсон юм. Очиж үзэхэд ганцаараа янзлах боломжгүй техник төхөөрөмжтэй 3-4 хүн ирж байж янзлахгүй бол болохооргүй юм байна лээ. ... Г надтай хэрэгт холбогдчихлоо гээд Б гэдэг байцаагч дээр байж байхдаа хэрэв янзалж болохоор худаг юм бол янзалчихъя гэж бид 2 ярилцаад би ойжуулалтын талбай дээр очиж үзсэн...” гэх мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан цаг хугацаа нь болж өнгөрсөн үйл баримттай давхацсан, энэ нь шүүгдэгч Б.Гын үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэж, тэрээр бусдад 63.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэснийг үндэслэл бүхий байна гэж үзлээ. Тухайн эвдэрсэн эд зүйлсийн талаар шинжээчээс худгийн насоссыг сугалж авах нөхцөлгүй, худгийн тоноглолыг дахин ашиглах боломжгүй” гэж, мөн “ ... Худгийн тагийг онгойлгосон, хогоор дүүрсэн, ус өргөх PPR хоолой нь амсраасаа доош 5 метр 80 см-ын гүнд тасарсан байдалтай, насосс хүлсэн олсыг нь тасалж эвдэлсэн, гадны хүчин зүйлийн нөлөөллөөр зориудаар эвдэлж сүйтгэсэн байдалтай байв. Худгийн насоссыг сугалж авах нөхцөлгүй, худгийн тоноглолыг дахин ашиглах боломжгүй” гэж тус тус дүгнэсэн дүгнэлтээс гадна Х э ХХК-ийн үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөл, Н ТББ-ын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Дундговь аймаг НТББ 2011 онд цөлжилт шар шороон шуургатай тэмцэх ажлын хүрээнд байгуулах хамтын ажиллагааны гэрээ, Дундговь аймгийн С сумын Засаг даргын 2011 оны 04 сарын 21-ний өдрийн 54 дугаартай “Н”-д газар ашиглуулах тухай захирамж, гэрээ, Гүний худгийн ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар үнэлж, эдгээр баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгожээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гт хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгч нар: “...Хохирогч хохирлыг өөрийн 20400000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 худгийг засварласан боловч хохирогч тал хүчин чадал багатай мотор байрлуулсан гэх үндэслэлээр хүлээж аваагүй. Тэр хохиролгүй болгох талаар санал, санаачлага гарган, тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулсан нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа барагдуулахыг эрмэлзсэн. Засварласан худгуудыг хүлээлгэн өгч, үлдэх хохирлыг хугацаа заан төлөхөө бүрэн илэрхийлсэн байхад анхан шатны шүүх түүнийг хөрөнгө, орлоготой гэж үзэх боломжгүй гэж хохирол барагдуулах боломжийг шүүгдэгчид олголгүйгээр шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх тул хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү...” гэх агуулгаар гомдол гаргасан.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь:
Шүүгдэгч Б.Г нь цөлжилттэй тэмцэх зорилгоор ойжуулалт, байгалийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой өндөр үнэлгээ бүхий тоног төхөөрөмжийг дахин засагдах боломжгүй болтол /шинжээч дүгнэсэн/ эвдлэн сүйтгэсэн байна.
Тухайн гэмт хэрэгт оногдуулах торгуулийн ялын хэмжээ болон хохирлын хэмжээ өндөр байгаа нь түүнд торгуулийн ял оногдуулахыг хүссэн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахад харшлах шалтгаан болж байгааг дүгнэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлын хэмжээ 63400000 төгрөг, энэ зүйл ангид заасан торгуулийн ялын хэмжээ 10000000-40000000 төгрөг бөгөөд шүүхээс түүнд торгуулийн ялыг сонгож хэрэглэхэд хүрвэл түүнээс 73400000 төгрөгөөс 103400000 төгрөгийг төлөх шаардлага үүсэх бөгөөд түүний санхүү эдийн засгийн боломж нөхцөл, хөрөнгө, цалин хөлс, бусад орлогыг харгалзан тухайн ялыг оногдуулахад ял бодитой биелэх хуульд заасан зарчимд нийцэх эсэх асуудалд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, анхан шатны шүүхээс хорих ялыг оногдуулахдаа баримталсан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг удирдлага болгон энэхүү зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээг сонгож оногдуулах болсон дүгнэлт шийдлийг үндэслэлтэй гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т зааснаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тусгана гэсэнд нийцүүлж, яллах дүгнэлтэд тусгасан, шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой зэрэг бүх талаас нь харьцуулан судалж үзсэн, эдгээр нотлох баримтад үндэслэж хэргийн бодит байдлыг тогтоож, дүгнэлтээ гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Гт дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гаас хохирол 63.400.000 төгрөгийг гаргуулан “Н” төрийн бус байгууллагад олгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Иймд давж заалдах шатны шүүх Б.Гт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх тухай гомдол, саналыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧИД Р.М
Ш.Т
ДАРГАЛАГЧ Ц.
ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР