| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0498/Э |
| Дугаар | 467 |
| Огноо | 2017-10-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 467
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Б.Тунамал,
Улсын яллагч Б.Байгалмаа,
Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Нацаг овогт Д.Нид холбогдох 1711003370094 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “Си Ар Эм трэйд” ХХК-д инженер техникийн ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Го парк” Энхтайваны өргөн чөлөө 107-98 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Нацаг овогт Д.Н (РД:000000000000),
нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд иргэн Б.Мөнхчулууныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэв.
Д.Нямдоржоос мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тэр залуу яагаад манай бие засах газар орж байгаа юм гээд ширүүхэн уурласан байдалтай над руу хандаж хэлсэн. Тэгэхээр нь би одоо яах юм чамд мөнгө төлөх юм уу? гэж асуусан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад хэрэлдээд зогсож байсан. Тэгсэн тэр залуу хөлөөрөө миний баруун шилбэ хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би зүүн мөр хэсгээр нь тэвэрч аваад газар унасан. Газар унаад бид хоёр өнхөрөлдсөн. Тэр залуу нэг мэдэхэд миний дээр гараад намайг дараад байж байхад манай дүү Пүрэвдорж бид хоёрыг салгасан.” гэжээ.
Хохирогч Б.Мөнхчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 22-ны 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яргайтын богино зусланд байдаг зуслангийн байраа шалгахаар очсон. Хоёр долоо хоног эзгүй орхисон болохоор тухайн өдөр санаа зовоод шалгах гэж очсон. Тэгээд манай байшингийн хажууд нэг суудлын жижиг тэрэг байсан. Тэр залуу дээр очоод энэ манай бие засах газар гадны хүн орж болохгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь манай бие засах газар дотроос нэг залуу чи юундаа томроод байгаа юм наанаа байж бай гэсэн. Би манай бие засах газар хүн бие засаж байсныг мэдээгүй. Тэгээд манай бие засах газар сууж байсан залуу гарч ирээд шууд намайг заамдсан. Тухайн үед би саарал өнгийн футволк өмссөн байсан. Тэгээд манай бие засах газрын хажууд зогсож байсан залуу бид хоёрыг салгах гэж оролдсон. Тэгээд тэр залуу салахгүй байхаар нь цагдаа дуудна гэж утсаа гаргаж ирэхэд утсыг минь булааж авах гээд байсан. Би тэр залуугаас салаад гэртээ орсон чинь тэр хүн манай гэр рүү орж ирээд намайг буйдан дээр заамдаж унагаад дээр гараад багалзуурдсан. Тэгээд манай зуслангийн байшингийн хажууд байдаг байшингаас хоёр эмэгтэй гарч ирээд тэр залууг манай бие засах газрын хажууд байсан залуутай хамт аваад манай гэрээс гаргасан.” гэжээ.
Гэрч Д.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-Тухайн өдөр би ах Нямдоржийн гэр бүл болон өөрийн гэр бүлийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байрлах ахын зусланд байсан. Тэгээд орой 21 цаг өнгөрч байхад би ах Нямдоржийн хамт гадаа байрлах модон жорлонд орсон. Ах бид хоёр уг жорлонг айлын жорлон гэдгийг мэдэж байсан ба өдөр нь уг жорлонгийн хаалга нь онгорхой хүмүүс орж гараад байсан болохоор уг жорлон руу манай ах орсон. Тэгээд би гадаа нь хүлээгээд зогсож байсан. Тэр үед жорлонгийн эзэн гэх залуу ирээд уурлаад яагаад жорлонд ороод байгаа юм. Хэн та нарыг ор гэсэн юм. Яах гэж хаалга эвдэлсэн юм гээд уурласан. Тэгэхээр нь би энэ жорлонгийн хаалга угаасаа онгорхой байсан. Хүмүүс орж гараад байхаар нь орой болсон учир бид нар орсон. Гэхдээ дөнгөж сая орлоо. Өмнө нь ороогүй гэж хэлсэн. Тэгээд зогсож байтал ах жорлонгоос яасан бэ гээд орилсон. Тэгтэл нөгөө залуу уурлаад чи яагаад манай жорлонд ороод байгаа юм одоо гар гэсэн. Тэгтэл манай ах за байж бай гэж хэлээд гарч ирсэн. Тэгтэл нөгөө залуу учиргүй уурлаад жорлонд орлоо гэх мэт үг хэлж байгаад манай ахын шилбэ рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь манай ах тэр залууг хоёр гараараа тэвэрч авсан чинь нөгөө залуу нь ахыг тэвэрч аваад тэр хоёр хамт газар унаад өнхөрсөн. Тэгээд нэг харсан чинь нөгөө залуу ахын дээр нь гарсан байхаар нь би тэвэрч аваад тэр залууг салгасан. Тэгээд ах босч ирээд тэр хоёр хоорондоо үг хэлээрээ муудалцаад байсан. Тэгээд тэр хоёр салахгүй байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ерөнхийдөө нэг их сүртэй юм болоогүй гэжээ.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017-07-26-ны №9406 дугаартай шинжилгээний дүгнэлтэд:
1.Б.Мөнхчулууны биед тархи доргилт, зүүн чамархай, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дух баруун хацар, хүзүү, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэжээ.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017-07-27-ны №9432 дугаартай шинжилгээний дүгнэлтэд:
1.Д.Нийн биед баруун шилбэ баруун тохойны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3.Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Д.Н нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зуслан дахь Б.Мөнхчулууны жорлонд орсноос тэдгээрийн хооронд “жорлонд дураараа орсон байна” гэх шалтгаанаар маргаан үүсч, улмаар хоорондоо барьцалдан ноцолдсоноос Б.Мөнхчулууны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь
шүүгдэгч Д.Нямдоржийн “...Тэр залуу яагаад манай бие засах газар орж байгаа юм гээд ширүүхэн уурласан байдалтай над руу хандаж хэлсэн. Тэгэхээр нь би одоо яах юм чамд мөнгө төлөх юм уу? гэж асуусан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад хэрэлдээд зогсож байсан. Тэгсэн тэр залуу хөлөөрөө миний баруун шилбэ хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би зүүн мөр хэсгээр нь тэвэрч аваад газар унасан. Газар унаад бид хоёр өнхөрөлдсөн” гэх мэдүүлэг,
хохирогч Б.Мөнхчулууны ”Тэр залуу дээр очоод энэ манай бие засах газар гадны хүн орж болохгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь манай бие засах газар дотроос нэг залуу чи юундаа томроод байгаа юм наанаа байж бай гэсэн. Тэгээд манай бие засах газар сууж байсан залуу гарч ирээд шууд намайг заамдсан. Би тэр залуугаас салаад гэртээ орсон чинь тэр хүн манай гэр рүү орж ирээд намайг буйдан дээр заамдаж унагаад дээр гараад багалзуурдсан” гэх мэдүүлэг,
гэрч Д.Пүрэвдоржийн “Тэр үед жорлонгийн эзэн гэх залуу ирээд уурлаад яагаад жорлонд ороод байгаа юм. Хэн та нарыг ор гэсэн юм. Яах гэж хаалга эвдэлсэн юм гээд уурласан. Тэгтэл нөгөө залуу учиргүй уурлаад жорлонд орлоо гэх мэт үг хэлж байгаад манай ахын шилбэ рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь манай ах тэр залууг хоёр гараараа тэвэрч авсан чинь нөгөө залуу нь ахыг тэвэрч аваад тэр хоёр хамт газар унаад өнхөрсөн. Тэгээд нэг харсан чинь нөгөө залуу ахын дээр нь гарсан байхаар нь би тэвэрч аваад тэр залууг салгасан. Тэгээд ах босч ирээд тэр хоёр хоорондоо үг хэлээрээ муудалцаад, салахгүй байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, хохирогч Б.Мөнхчулууны биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017-07-26-ны №9406 дугаартай шинжилгээний дүгнэлт, шүүгдэгч Д.Нийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017-07-27-ны №9432 дугаартай шинжилгээний дүгнэлт, хохирлын 166.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617002294 тоот дансанд байршуулсан баримт, бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Нацаг овогт Д.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Д.Нийн торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Н нь хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтын дагуу Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617002294 тоот дансанд 166.000 төгрөг байршуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Нацаг овогт Д.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Нийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Нийн торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 23-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Н нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч Д.Ноос хохиролд төлсөн 166.000 (нэг зуун жаран зургаан мянга) төгрөгийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617002294 тоот данснаас гаргуулж, хохирогч Чулуу овогт Батчулууны Мөнхчулуун (РД:ХН79052811)-д олгосугай.
6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ