Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/586

 

 

 

 

 

 

  2023             05            31                                      2023/ДШМ/586

 

 

                                                               С.С-д холбогдох

                                                  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхболд,

шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч А.З, С.Б,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ДШМ/586 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч А.З нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.С-д холбогдох ..................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.С нь .................... төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах “нийтийн албан тушаалтан”/-ээр томилогдон ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, мөн хуулийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-т заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6.5-т заасан “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ...” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-т заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т заасан “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан “Техникийн хороо нь итгэмжлэлийн шалгуур тогтоох, тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн шаардлага, шалгуурыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргах, техникийн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй байна” гэснийг, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан “Итгэмжлэлийн шинжээч нь тохирлын үнэлгээний байгууллагын чадавх хууль болон стандарт, техникийн зохицуулалтын шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг үнэлж, дүгнэлт гаргана” гэснийг, Итгэмжлэлийн үйл явцын журам /MNAS 701Р №3, хяналттай хувь/-ын 7.8 5 дахь хэсэгт заасан “Итгэмжлэлийн шийдвэрийг ажлын 5 хоногт багтаан МNАS-ийн дарга батална” гэснийг, Тус журмын үйл явцын диаграмм схемийн “техникийн хорооны хурлаар хэлэлцүүлэх, итгэмжлэх эсэх, тийм-техникийн хорооны дүгнэлт, шийдвэрийг итгэмжлэлийн байгууллагын /ИБ/ даргаар албажуулах, Итгэмжлэлийн гэрээ байгуулах, Итгэмжлэлийн гэрчилгээ, тушаал гэрээг ТҮБ олгох, үгүй-Баримт бичгийг хадгалах” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “М” ХХК-ийн эмнэл зүйн лаборатори нь МNS 15015189:2015 стандартын шаардлагыг хангахгүй гэх техникийн хорооны зөвлөмж дүгнэлт гарсан байхад МL18 дугаартай МNS 15015189:2015 стандартын шаардлагыг хангасан тухай итгэмжлэлийн гэрчилгээг өөрийн ажлын байр болох Баянзүрх дүүргийн ..... дүгээр хороо, ......... байранд байрлах .............. төвд хууль бусаар олгож “М” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: С.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилох эрхийг хасаж, 7.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.С-д оногдуулсан 7.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.200.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.С-д сануулж, шүүгдэгч С.С-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.С цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай байгууллага нь итгэмжлэлийн үйл явцыг явуулахдаа Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 19 дүгээр бүлгийг баримталдаг. Харин Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 21, 22 дугаар зүйл нь манайд хамааралгүй, Техникийн хороонд хамааралтай зүйл, заалтууд байгаа. Намайг Техникийн хороотой хамааруулж буруутгаж байгаад нь давж заалдах гомдол гаргасан. Мөн хуульд нарийвчлан заагаагүй асуудлыг МNS ISO/IЕС 17011 стандартын дагуу явуулдаг. Уг стандартад итгэмжлэлийн байгууллага нь өөрийн гэсэн эрх мэдэлтэй, шийдвэрээ гаргахдаа гадны нөөцийг ашиглахгүй, хараат бусаар явуулна гэсэн үндсэн заалтуудыг оруулж өгсөн. Дээрх хууль, стандартад нийцүүлэн “Итгэмжлэлийн үйл явцын журам” гаргасан. Миний хувьд тухайн үед шийдвэр гаргахдаа “Итгэмжлэлийн үйл явцын журам”-ын 7.8.6-д заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж,  “М” ХХК-д МNS ISO 15189:2015 стандартын шаардлага хангасан итгэмжлэлийн гэрчилгээ олгосон. Итгэмжлэл нь тусгай зөвшөөрөл биш, стандарт шаардлагыг нотолж байгаа бичиг баримт юм. 2017 онд дээрх хууль, журам өөрчлөгдөж, манай байгууллага 2020 онд шинээр байгуулагдсан. Миний талаар мэдүүлэг өгсөн этгээдүүд нь хуучин хууль, журмыг мэддэг этгээдүүд бөгөөд техникийн хороо заавал шийдвэр гаргах ёстой мэтээр ярьсан. Хууль, журам шинэчлэгдэн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор манай итгэмжлэлийн байгууллага зөвхөн өөрсдөө эрх мэдлээ авсан. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байгууллагаас хараат бус шийдвэрээ гаргадаг хуультай. Техникийн хороотой холбоотой 2 заалт байгаа. Тухайлбал “…техникийн хороо нь дүгнэлт гаргана…” гэсэн үндсэн заалттай. Итгэмжлэлийн байгууллага тусдаа бие даасан байх зарчимтай учраас харилцаа үүсгэсэн асуудал байхгүй. Энэ талаар та бүхэн сайн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Миний бие анхан шатны шүүх хуралдаанаар сандралтай байсан учраас өөрийгөө сайн ойлгуулж чадаагүй. Анхан шатны шүүх дүгнэлт хэсэгтээ стандарт хэмжил зүйн газрын даргын баталсан журмыг зөрчсөн мэтээр буруутгаж дүгнэсэн байсан. “Итгэмжлэлийн үйл явцын журам”-д  ямар ч тийм үндэслэл байхгүй. Мөн мөрдөгч намайг “... стандартын шаардлага хангахгүй гэх техникийн хорооны зөвлөмж дүгнэлт гарсан байхад...” гэж ялласан. Тухайн үед би техникийн хорооны зөвлөмж дүгнэлт байхгүй гэж мэдүүлэг өгч байсан, хэрэгсэхгүй болох байх гэж бодож байтал тухайн зөвлөмж, дүгнэлт байгаа мэтээр ялласан. Тухайн үеийн техникийн хорооны хуралдааны тэмдэглэлд “М” ХХК-ийг жигдрээгүй байна, түр хугацаагаар хойшлуулах уу... гэсэн байдаг. “М” ХХК нь 300 гаруй шаардлагыг хангасан, үл тохирох буюу стандартын шаарлага хангаагүй асуудал байгаагүй. Гэтэл тухайн үеийн техникийн хорооны хуралдааны тэмдэглэлийг үндэслэж, прокурор шаардлага хангаагүй гэж ялласан. Анхан шатны шүүхийн шүүгч ...прокурорын дурдсан асуудал байхгүй юм байна... гэж хэлсэн. Хэрэв мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын үе шатанд техникийн хорооны хуралдааны тэмдэглэлээр яллаж байгаагаа ойлгосон бол өнөөдөр энэ хэрэг үүсэхгүй байсан. Би бүтэн жил гаруй нойргүй хоносон. Миний хувьд ажлаа л хийсэн. 2022 оны 01 дүгээр сар нь ковид цар тахлын үе байсан. Тухайн үед түргэн шуурхай ажиллах даалгавар өгсөн. Тийм учраас бид ковидын үеийн нөхцөл байдлыг харгалзаж ажлаа хийсэн. Түүнээс тухайн байгууллагатай холбоотой хуулийн этгээдийг ч танихгүй, хэнтэй ч уулзаж байгаагүй. Гомдол гаргахад нь үнэлгээнд явсан хүмүүсээ сэжиглэж эхэлсэн. Учир нь, надад танилцуулсан болон техникийн хороогоор оруулсан ажлын тайланд үл тохирол байхгүй гэж бичээгүй, 300 гаруй шаардлагыг хангаж байна гэж гарын үсэг зуруулсан. “М” ХХК-ийн хувьд асуудал гарсны дараа Америкийн Нэгдсэн Улсаас итгэмжлэл хийлгэсэн байсан, одоо хүчинтэй байгаа. Итгэмжлэлийг сайн дурынх гэж ойлгож болно. Жишээлбэл, би энэ өрөөний хөшигтэй байна уу, үгүй юу гэдгийг шалгаж, хөшгийг хийсэн шүү гэх байдлаар итгэмжлэлийн байгууллагад тайлагнана. Хэрэв хөшиггүй бол хөшигтэй болгоорой гээд хэлээд явна гэсэн үг. Магадгүй энэ өрөөний хөшиг маргааш алга болж болно, энэ нь үл тохирол юм. Тэгэхээр хөндлөнгөөс нотолж байгаа сайн дурын ажил юм. Түүнээс тусгай зөвшөөрөл биш. Шүүх бүрэлдэхүүн та бүхэн хууль, журмыг сайн харж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч А.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн болно. Үйлчлүүлэгчийн маань хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд үйлчлүүлэгч С.С, өмгөөлөгч А.З нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж оролцож байна. .... Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүхэлдээ үгүйсгэгдэж байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэсэн. Миний үйлчлүүлэгч С.С-ын тухайд илтгэгч шүүгчийн дурдаж байгаачлан 3 сарын хугацаагаар хойшлуулсан байхад итгэмжлэл олгосон гэх асуудал яригдаж байна. Миний үйлчлүүлэгч С.С нь Стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1 дэх заалт, Итгэмжлэлийн үйл явцын журмын 7.8.6 дахь заалтыг үндэслэн тушаалыг гаргасан байдаг. 2021 оны 1 дүгээр сарын байдлаар цар тахал зөвхөн манай улс төдийгүй, дэлхий нийтээр ямар байсан цаг үеийг бүгд мэдэж байгаа. Итгэмжлэлийн үйл явцын журмын 7.8.6 дахь хэсэгт “...шаардлагатай тохиолдолд...” заасныг үндэслэн тушаалыг гаргаж, “С” ХХК-д итгэмжлэл олгосон байдаг. Мөн хавтас хэрэгт “С” ХХК нь “О” ХХК-ийн ажилчдад ковидын шинжилгээ хийхийн тулд итгэмжлэлийг авах шаардлагатай байсан нөхцөл байдал байдаг. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “О” ХХК-ийн ажилчдад ковидын шинжилгээ хийсэн үү, ковидын шинжилгээ хийснээрээ ашиг олсон уу, нэр хүнд нь өссөн үү гэдгийг шалган тогтоогоогүй байдаг. Тэгэхээр хэнд, ямар хор уршиг учирсан нь тогтоогдоогүй. ...” гэв.

Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.С өөрийн бүрэн эрх, хараат бус байдлын дагуу шийдвэрээ гаргасан гэж маргадаг. Яллах дүгнэлт болон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хүртэл байгаа. Техникийн хорооны шинжээч нарыг С.С өөрөө томилсон. Техникийн хорооны тусгай мэдлэг бүхий шинжээч нар цаг хугацаа болон ажил үүргийнхээ мэдлэгийн хүрээнд СХХК-ийн лабораторид ажилласан. Энэ ажлынхаа хүрээнд зарим шаардлагыг хангаж байна, зарим шаардлагыг одоохондоо хангах боломжгүй байна, гэхдээ эдгээр шаардлагыг хангах боломжтой байна, 3 сарын хугацаа өгье гэсэн хурал хийж, шийдвэр гаргасан байдаг. СХХК нь О ХХК-ийн ажилчдад ковидын шинжилгээ хийх, харилцан гэрээтэй байгууллага байсан. О ХХК-ийн хувьд тухайн цаг хугацаанд ковид цар тахал ихээр илэрч байсан учраас ажилчдыгаа тусгай итгэмжилсэн лабораторид шинжилгээ өгүүлье гэсэн шаардлага гаргасны үндсэн дээр СХХК нь итгэмжлэлийн төвд итгэмжлүүлэхээр хандсан байдаг. Прокурорын зүгээс техникийн хорооны дүгнэлт гарсан байхад СХХК-д давуу байдал бий болгосон гэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр дүгнэхдээ ...тусгай мэдлэг бүхий шинжээч нар ажилласан байна, дүгнэлтээ гаргаагүй юм байна. Техникийн хорооны хуралдаа зарим шаардлагыг хангуулахаар 3 сарын хугацаа олгосон байна. Гэтэл техникийн хорооны дүгнэлт гараагүй байхад итгэмжлэл олгосон байна... гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч А.Золжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Нийслэлийн прокурорын газраас С.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч С.С-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдлоо.

Тодруулбал, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн зүйл заалтыг Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэж хуульчилжээ.

Шүүх, шүүгдэгч С.С-д холбогдох хэргийг 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хянан шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилох эрхийг хасаж, 7.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.200.000 төгрөгийн торгох ялаар шийтгэхдээ ямар үндэслэлээр тухайн хуулийг тайлбарлан хэрэглэж, ял шийтэл оногдуулж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх 2015, 2022 оны аль хуулийг хэрэглэх эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй хэрнээ 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЗ/... дугаар шүүгчийн захирамжаар, шүүх өөрийн санаачилгаар шүүхийн шийдвэрт залруулга хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.” гэж заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан байна. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлаагүй шийдвэрлэсэн байдлаа техникийн шинжтэй алдаа гэж үзэж шүүгчийн захирамжаар залруулга хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил болно.

Иймд магадлалд дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд шууд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч А.Золжаргал нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шүүгдэгч С.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ДШМ/586 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Т.ШИНЭБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ