Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0585

 

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0585

Улаанбаатар хот

Н.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 374 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Н.Э-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 374 дүгээр шийдвэрээр: ”Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн 23.2.13, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Э “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 263 дугаар захирамжийн Ц.Должинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжаар Н.Э-т газар эзэмших эрх олгосон газрын кадастрын зураглалыг өөрчилж, зөвтгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зөвтгөж кадастрын мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн газрын албанд даалгах, газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сунгахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: “Төрийн албан тушаалтан Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Б Газрын тухай хуулийг санаатай зөрчиж, 2006 оноос өнөөдрийг хүртэл газар дээрээ амьдарч байгаа иргэн Н.Э газрыг дээрэмдэж авах гэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэдэг заалтад итгэж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан болно. Анхан шатны шүүхийн шүүгч илт нэг талыг барьж, шударга бус шийдвэр гаргасан. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 263 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь заалтуудыг санаатай зөрчсөн. Гуравдагч этгээд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн байхад шүүгч мэдсэн ч мэдээгүй дүр эсгэсэнд маш их гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 374 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Э-ээс “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 263 дугаар захирамжийн Ц.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжаар Н.Э-т газар эзэмших эрх олгосон газрын кадастрын зураглалыг өөрчилж, зөвтгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зөвтгөж кадастрын мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн газрын албанд даалгах, газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сунгахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хянан шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Гацууртын Улаан эрэг Задгайд Н.Э, Э.С нарт тус тус 700, С.Дүүдээхүүд 578 ам дөрвөлжин метр газрыг эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг дарга 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшигч иргэдийн эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” 207 дугаар захирамжаар шийдвэрлэсэн, түүнийг үндэслэн Баянзүрх дүүргийн газрын албанаас Н.Э-т 20-207-31, Э.С-д 20-207-32, С.Д-д 20-207-33 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон боловч нэхэмжлэгч Н.Э нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/, 34 дүгээр зүйлийн 34.1 /Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ/-д зааснаар төрийн захиргааны байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэх ажилагааг явуулах, ийнхүү гэрээ байгуулахдаа Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 /Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана/, 34.6.3 /газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг/, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 /Кадастрын зураглал гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хууль тогтоомжийн дагуу ажлаа нэг бүрчлэн шалгуулж, шалгалтын актаар бүх зураг, мэдээллийн эх хувийг кадастрын зураглалын мэдээллийн санд хүлээлгэн өгнө/-д заасны дагуу эзэмшил газрынхаа кадастрын зураглалыг үйлдүүлж, кадастрын зураглалын мэдээллийн санд хүлээлгэн өгөөгүйгээс түүнд эзэмшүүлсэн гэх газрын кадастрын зураг газрын мэдээллийн нэгдсэн санд оролгүй байсаар өнөөг хүрчээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл гуравдагч этгээд Х.Д-д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 263 дугаар захирамж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 /Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна/-д заасныг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 /энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах/-д заасан бүрэн эрхийн хүрээнд 2011 оны 263 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг Ц.Д-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд /Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах/ нийцжээ.

Нөгөөтэйгүүр, Хэрэгт авагдсан “Топ сүрвэй” ХХК-аар хийсэн кадастрын зурагт Ц.Д-ийн газрыг Д.Ү-ийн, Х.Д-ийн газрыг С.Д-ийн, хэн ч эзэмшээгүй байсан хоосон газрыг Н.Э эзэмшлийн газар болгон үйлдсэн бөгөөд тухайн зургийг газрын мэдээллийн санд байгаа кадастрын зурагтай давхцуулан үзэхэд 2007 онд анх хүсэлт гаргасан газрын кадастрын зурагтай давхацсан байх хэдий ч Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2013 оны 1/931 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр Н.Э-т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 207 дугаар захирамжаар олгосон 700 м.кв газар мэдээллийн санд бүртгэлгүй, иргэн Ц.Д-ийн эзэмшлийн 578 м.кв газартай давхцалгүй болох нь тогтоогдсон байна.

Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх бөгөөд хариуцагч нарын үйл ажиллагааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй нь дээрх байдлаар тогтоогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 374 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                                             Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                             Ц.САЙХАНТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР