Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 624

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаярыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ч” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга

Хариуцагч: Сангийн яамны Төрийн сангийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: “2008-2014 он хүртэл хугацаанд төлсөн тусгай зөвшөөрлийн нийт төлбөр 91.466.236 төгрөг, 2009-2013 он хүртэл хугацаанд зарцуулсан хайгуулын ажлын нийт зардал 143.950.932 төгрөг буюу нийт 235.417.168 төгрөгийн нөхөх олговорыг гаргуулж, “Ч” ХХК-д буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Сангийн яамны Төрийн сангийн газарт даалгуулах”

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Сангийн яамны Төрийн сангийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ж.Б 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч” ХХК нь 2007 онд Б аймгийн ******* сумын нутагт орших талбайд 1******* дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг авч, үйл ажиллагаа явуулж байтал 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж, Улсын Их Хурлаас Гол мөрний эх бүрэлдэх хэсэг, усны ай сав газарт уул уурхайн үйл ажиллагааг явуулахыг зогсоох тухай хууль гарсан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноос хойш хуулийг хэрхэн хэрэглэх талаар ямар нэгэн тайлбар гараагүй удсан учраас тусгай зөвшөөрөл эзэмшигчид цаашид хэрхэх талаар тодорхойгүй, эргэлзээтэй байдалд байсан. Жишээлбэл, хуулийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад нөхөх олговрыг яаж олгох, хуульд өөрчлөлт орсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нар ямар давуу эрхээр буцаан авах эсэх нь тодорхойгүй байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ” гэж заасан байдаг. Гэтэл тусгай хэрэгцээнд авсан газруудыг зураг зүйн бүртгэлд бүртгээгүй байж байгаад 2014 оноос бүртгэлд оруулсан. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах уу, зогсоох уу гэдэг асуудал эргэлзээтэй байсан. Үүнээс хойш “Чингис минерал девлопмент” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж ирсэн. Учир нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж тусгай зөвшөөрөл эзэмшигч буцаж, тусгай зөвшөөрлийг давуу эрхээр эзэмших байдал үүсэх үндэслэлтэй байсан учраас жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн  дотор төлнө”, 14.5. “Энэ хуулийн 14.4-д заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно”, 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж тус тус заасан байдаг. 

Манай компанийн зүгээс Ашигт малтмалын газрын Санхүүгийн албанд удаа дараа хандаж байсан. “Ч” ХХК 2006 оноос хойш тусгай зөвшөөрлийн бүх төлбөрт 91.466.236 төгрөг төлсөн. Мөн геологи, хайгуулын зардалд 143.950.932 төгрөгийг төлсөн гэсэн тооцоо нийлсэн актыг Ашигт малтмалын газрын Геологийн албатай үйлдэж, баталгаажуулсан. Манай компанийн зүгээс тус талбайд их хэмжээний зардал гаргаж, хайгуул хийсэн учраас буцаан авах хүсэл эрмэлзэлтэй байсан. Бидний зүгээс нөхөх олговрыг олгоогүй учраас Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөлтэй талбайг буцаан авч, үйл ажиллагаа үргэлжлүүлье гэхэд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орно, үүнд танай компани хамрагдана гэсэн хариуг өгч байсан. Гэтэл 2009 оноос хойш Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон боловч манай тусгай зөвшөөрөлтэй талбай хамрагдаагүй. Иймд манай зүгээс дээрх төлбөрөө өөр тусгай зөвшөөрөл дээр хоорондын тооцоогоор хаах санал тавьсан боловч шийдвэрлэж өгөөгүй. 

Ашигт малтмалын тухай хуульд нөхөх олговрыг олгоно, олгохгүй бол үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж зааж өгсөн боловч хариуцагч байгууллагаас нөхөн олговор олгохыг хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг өгдөг. Уг асуудал олон жил сунжирсан байдалтай, шийдвэрлэх албан тушаалтан байдаггүй. Мөн Ашигт малтмалын газар нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговрыг гаргаж өгөх эрх бүхий субъект биш гэж үзэж байна. 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр төрийн сангийн дансанд ордог. Төрийн сангийн мөнгийг Сангийн яам захиран зарцуулдаг. Иймд Сангийн яамыг энэ хэрэгт татан оролцуулж байна” гэжээ.

Хоёр. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан.  Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан байгаа. Хориглосон газрын хилийн заагийг 2012 оны Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор тогтоож өгсөн. Энэ 194 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт нэхэмжлэгч компанид олгогдсон 1******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай хамрагдаж, үйл ажиллагаа явуулах эрх нь хориглогдсон байна.

Дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2013 оны 299 дүгээр тогтоолоор нөхөн олговор олгох журмыг баталсан. Уг журамд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд холбогдох нөхөх олговрыг олгохоор зааж өгсөн байгаа. Нэхэмжлэгч “Ч” ХХК-д олгосон 1******* дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон. 

Нэхэмжлэгч компани өөрт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд хамрагдсан байх үед тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн байдаг. Ашигт малтмалын газраас төлбөрийг төлөхийг шаардсан үйл ажиллагаа явуулаагүй. Улсын төсөвт төлөгдсөн төлбөрийг Ашигт малтмалын газар буцаан олгуулах үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн тайлбарлаж буй Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр заалт нь тусгай хэрэгцээнд авсан талбайд хамаарагдах заалт. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарагдаж, үйл ажиллагаа явуулах эрх нь хориглогдсон байгаа” гэжээ.

Гурав. Хариуцагч Сангийн яамны Төрийн сангийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан Сангийн яам хамтран хариуцагчаар оролцож байгаа. Манай зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнийн дүнг төлөх эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас тусгай зөвшөөрлийн хүчингүй болсон хугацааны төлбөрийг нэхэмжилж байна. 

Нэхэмжлэлийн шаардлагатай уншиж танилцахад иргэний эрх зүйн харьяаллын маргаан гэж үзэхээр байна. Иймд иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. 

Сангийн яамны төрийн сангийн орлогын дансанд “Ч” ХХК нь өөрийн сайн дураараа тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн. Нэхэмжлэгчийн тайлбараар 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан байна. Монгол улсад батлагдаж буй бүхий л хууль бүх нийтээр дагаж мөрдөх хэм, хэмжээтэй батлагддаг. Хэн нэгний эрх ашгийг хуулиар хязгаарладаг. Энэ нь эрх зүйт нийгмийн мөн чанар бөгөөд үүнтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлэхийг хуулиар хориглосон байгаа. Дээрх хуулиар нэхэмжлэгч компанид олгогдсон тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан байна. Өөрөөр хэлбэл Улсын Их Хуралд тусгай зөвшөөрлийг цуцлах эрх өөрт нь байгаа. Уг шийдвэрийг хэн нэгэнд урьдчилж мэдэгдэх шаардлагагүй эрх зүйн акт гарсан байна. Ийнхүү тусгай зөвшөөрлийг хүчингүй болгочихоод байхад сайн дураараа тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн нь иргэд хоорондын харилцаа буюу иргэн өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн төлбөрийг төлсөн учраас иргэний хэргийн журмаар Сангийн яамнаас нэхэмжлэх ёстой. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд Сангийн яам шүүхийн шийдвэрийг үндэслээд төлбөрийг буцаан олгох боломж байгаа. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх болсонтой холбогдуулан Захиргааны хэргийн шүүх захиргааны гэрээтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх боломжтой болсон. Энэ тусгай зөвшөөрөлтэй холбоотой гэрээ үүнээс өмнө байгуулагдсан учраас иргэний эрх зүйн шүүхээр шийдвэрлүүлэх байр суурьтай байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь “...1*******Х тусгай зөвшөөрлийн төлбөрт илүү төлсөн төлбөрийн мөнгийг төлөхгүй байгаа Ашигт малтмалын газрын даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, 89.312.000 төгрөгийг “Ч” ХХК-д олгуулахыг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгах”  гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа “...“Ч” ХХК-ийн 2008-2014 он хүртэлх хугацаанд төлсөн тусгай зөвшөөрлийн нийт төлбөр 91.466.236 төгрөг, 2009-2013 он хүртэл хугацаанд зарцуулсан хайгуулын ажлын нийт зардал 143.950.932 төгрөг буюу нийт 235.417.168 төгрөгийг олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга болон Сангийн яамны Төрийн сангийн газарт даалгуулах” гэж өөрчлөн нэмэгдүүлжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэлээ.

“Ч” ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс “Түшиг–Уул” ХХК-иас Б аймгийн *******,******* сумын нутагт орших Х*******ны 15782 гектар талбайтай газрын ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг шилжүүлэн авч, 2009 оны 07 дугаар 16-ны өдөр Гол  мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарч, тухайн хайгуулын талбай бүхэлдээ дээрх хуульд хамаарагдах хүртэл хайгуул, судалгааны ажил хийж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 1*******Х дугаартай “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээ, “тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1, 2 дугаар хавсралт”, “ 1*******Х тоот тусгай зөвшөөрлийн тойм зураг” зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гол  мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж тус тус зааснаар Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор “ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоосон” байх бөгөөд нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн*******, ******* сумын нутагт “Х*******” нэртэй талбайд орших XV-01******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь дээрх хилийн заагт хамаарч, ашигт малтмал хайх үйл ажиллагаа хуулиар хориглогдсон байна. 

Гол  мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасны дагуу Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох” журмын 1 дүгээр зүйлийн 1.1-д “... тусгай зөвшөөрлийг  цуцлах нөхцөл бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор”-ыг олгох харилцааг зохицуулсан байна. Дээрх хуулийн дагуу болон Засгийн газрын тогтоолоор “Ч” ХХК-ийн ашигт малтмал хайх зөвшөөрөл нь хуулиар хориглогдож, үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дүгээр шийдвэрээр тус компанийн эзэмшлийн XV-01******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр  байх хугацааг 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг дуустал 3-н жилийн хугацаагаар сунгасан тул тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөрүүдийг “Ч” ХХК төлж байсныг хариуцагч талаас “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлаагүй, 2014 оны 12 дугаар сарын 08-ны  өдрөөр дуусгавар болсон. Тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд л холбогдох нөхөх олговорыг олгохоор заасан” гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тухайлбал, “Ч” ХХК нь Ашигт малтмалын газарт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газартаа үйл ажиллагаагаа эрхлэн явуулах, үгүй бол нөхөх олговроо авах хүсэлтийг удаа дараа гаргаж, Ашигт малтмалын газраас “ ...танай XV-01******* тоот тусгай зөвшөөрөлтэй талбай хуулиар хориглосон талбайтай давхцалтай гэж, мөн давхцалтай тусгай зөвшөөрлүүдийн нөхөн олговорын асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай журам гараагүй” эсхүл “...нөхөн олговор авах хүсэлтийг чинь шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн албан бичгүүдээр “Ч” ХХК-д хариу өгч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Ашигт малтмалын газраас 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн  6-6044 дугаар, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/246 дугаар, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 8/9218 дугаар, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/186 дугаар албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөр”-ийг, 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 14 дүгээр зүйлийн 14.8-д “энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ”, 14.9-д “энэ хуулийн 13.5, 14.8-д заасны дагуу чөлөөлөгдсөн талбайг урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлэхдээ тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай хэрэгцээ, нөөцөд байсан хугацаагаар сунгаж тооцно” гэж тус тус заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөр төлж, хуульд заасан үүргээ биелүүлж байсныг буруутгах боломжгүй байна.

Хариуцагч Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-д заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж заасан хугацаанд нэхэмжлэгч өргөдөлөө гаргаагүй гэж тайлбарлаж байгаа нь  хавтаст хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү*******гийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/246 дугаар “...танай компаниас буцаан авах хүсэлтэй төлсөн уг тусгай зөвшөөрлийн төлбөр нь Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан журмын 2 дугаар зүйлд заасан нөхөх олговрын тооцоонд хамаарах зардлын төрлүүдэд багтаж байгаа боловч энэ журмын 3 дугаар зүйлийн 3.4.2 дахь хэсэгт заасны дагуу давхцалтай тусгай зөвшөөрлийн  жагсаалтыг  өдөр тутмын хэвлэлд нийтлээгүй байгаа тул 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу Ашигт малтмалын газар нь нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн, Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******ын “...давхцалтай тусгай зөвшөөрлүүдийн нөхөн олговрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай журам хараахан батлагдаагүй байна” гэсэн бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д  “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн  дотор төлнө”, 14.5-д “энэ хуулийн 14.4-д заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж тус тус заасан байх бөгөөд хэргийн оролцогч нар Ашигт малтмалын газрын Санхүү, үйлчилгээний тасгийн нягтлан бодогч Т.Х*******ын “Ч” ХХК-ийн 1*******Х тусгай зөвшөөрлийн 2008-2013 онуудад төлбөр төлсөн тооцооны жагсаалтыг баталгаажуулсан нийт дүн болон Ашигт малтмалын газрын Геологийн алба, Эрдэс баялгийн судалгааны тасгийн төлөвлөгөө, тайлангийн нэгдсэн мэдээллийн сангаас гаргасан XV-01******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 2009-2013 онуудад хийгдсэн геологи, хайгуулын ажлын зардлын хэмжээнүүд дээр маргаагүй болно.

Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны  өдрийн 299 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 2 дугаар зүйлийн “нөхөх олговорын тооцоонд хамаарах зардлын төрлүүдийн 2.1.1.7-д “ашигт малтмалын хайгуулын болон ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөр”, 2.1.3-д “ хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хийж гүйцэтгэсэн ... хайгуулын ажлын зардал орно”, 4.8-д “санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нөхөх олговрыг улсын төсвөөс тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэг удаа бүрэн олгоно” гэсэн заалтуудаас харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.3-д “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-д заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл  эзэмшигчид  бүрэн  төлсөн” бол тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй болох, 14 дүгээр зүйлийн 14.4-д “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн  дотор төлнө” гэснээр нөхөх олговорыг  “Ч” ХХК-д төлөх үүрэгтэй, 14.6-д “нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэснээс үзэхэд тус компанийн тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлгүй харагдаж байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дэх  хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.7, мөн хуулийн 56 зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2008-2014 он хүртэл хугацаанд төлсөн тусгай зөвшөөрлийн нийт төлбөр 91.466.236 төгрөг, 2009-2013 он хүртэл хугацаанд зарцуулсан хайгуулын ажлын нийт зардал 143.950.932 төгрөг буюу нийт 235.417.168 төгрөгийн нөхөн олговорыг “Ч” ХХК-д олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Сангийн яамны Төрийн сангийн газарт тус тус даалгасугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хариуцагч нараас тус бүр 35.100  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.ЧАНЦАЛНЯМ