Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/01167

 

Н.Ерланы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 98 дугаар шийдвэр,        

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 212/МА2016/00005 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Н.Ерланы нэхэмжлэлтэй

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтэст холбогдох,

Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсийн өрхөд суурилсан нийгэм эдийн засгийн судалгааны хөдөөгийн тоологч-судлаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Х.Бахытын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг ажлаас чөлөөлсөн Аймгийн Статистикийн хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие Үндэсний статистикийн хорооны даргын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаалаар батлагдсан судлаач нарт тавигдах ерөнхий шаардлагыг бүрэн хангаж байгаа ба 2007 оноос хойш тухайн албан тушаалд тогтвор суурьшилтай ажиллаж, ямар нэгэн зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй. Намайг ажлаас чөлөөлөхдөө нэгдсэн сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй гэсэн үндэслэлээр Үндэсний статистикийн хорооны 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн албан тоотыг үндэслэл болгожээ. Гэтэл би тухайн албан тушаалд 2007 онд томилогдсон бөгөөд Судалгааны мэдээлэл цуглуулах, судлаачийг сонгон шалгаруулж ажиллуулах журам нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаалаар батлагдсан гэдгийг ажил олгогч анхаарч үзээгүй.2007 оноос 2 судлаачийн орон тоо хэвээр хадгалагдаж байгаа нь Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/334 дүгээр албан бичгээр батлагдаж байхад орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үндэслэлгүй юм.Иймд намайг Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсийн өрхөд суурилсан нийгэм эдийн засгийн судалгааны хөдөөгийн тоологч-судлаачийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Өрхийн судалгааны судлаачийг Үндэсний статистикийн хороо шалгаруулан авч, цалинжуулдаг журамтай. Н.Ерлан нь Статистикийн хэлтсийн үндсэн ажилтан биш юм. Үндэсний статистикийн хорооны ерөнхий менежерийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 3/66 албан бичигт тодорхойлсноор үндэсний хэмжээнд орон даяар хийгддэг өрхийн нийгэм эдийн засгийн тоологч судлаачаар 2007 оны 07 сараас 2012 оны 9 сар хүртэл ажиллах гэрээгээр гүйцэтгүүлэх ажил бөгөөд судлаачийг аймгийн статистикийн хэлтэс болон Үндэсний статистикийн хороо харилцан тохиролцож сонгон шалгаруулж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулна гэж Үндэсний статистикийн хорооны даргын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/193 дугаар тушаалаар тодорхойлсон. Н.Ерлан нь мэдлэг чадвар муутай, удаа дараа ажлын хариуцлага алдаж, арга хэмжээ авагдаж байсан хүн юм. Үндэсний статистикийн хорооны ажлын хэсэг Н.Ерланы мэдээллийн дагуу манай хэлтэст 7 хоног ажиллан шалгаж, миний арга хэмжээ авсан тушаалуудыг эрх зүйн үндэслэлтэй гарсан гэж шийдвэрлэсэн.Өрхөд суурилсан нийгэм эдийн засгийг судалгаа нь 2015 оноос хойш хураангуй хэлбэрээр явагдахаар болсонтой холбогдуулан судалгааны нэгжийн тоо багассан учраас 2013 оны 01 дүгээр сард тоологч-судлаачийн нэгдсэн сургалтад хамрагдсан, шалгалт өгч тэнцсэн хүнийг ажиллуулж байгаа. Бид шүүхийн шийдвэрийг үндэслэж Н.Ерлантай 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан 2 судлаачийн ажлыг 3 хүнээр 3 сар хийлгүүлсэн бөгөөд цаашид хийлгэх боломжгүй тул Н.Ерланыг ажлаас чөлөөлсөн.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 98 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Уах овогт Навейханы Ерланыг Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсийн өрхөд суурилсан нийгэм эдийн засгийн судалгааны хөдөөгийн тоологч-судлаачийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Ерлан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 212/МА2016/00005 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 98 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Н.Ерлан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс 70 200 төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсийн дарга Х.Бахытын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Н.Ерланы хашиж байсан алба тушаал нь манай хэлтсийн орон тоо, бүтцэд байхгүй тул манай хэлтсээс тэр цалинждаггүй юм. Үндэсний статистикийн хорооноос цалинжиж байсан бөгөөд тэр орон тоо нь хасагдаж багассан юм. Өөрөөр хэлбэл өрхөд суурилсан нийгэм эдийн засгийн судалгаа нь 2015 оноос эхлэн хураангуй хэлбэрээр явагдахаар болсонтой холбогдон судалгааны нэгжийн тоо багассан юм. Үндэсний Статистикийн хорооноос манай Статистикийн хэлтэст батлагдсан орон тоо 7 байгаа, хэлтсийн дарга 1, гүйцэтгэх ажилтан 4, гэрээт ажилтан Х.Аленхан, жолооч Б.Агарыс нар л байдаг. Дээрх ажилтануудыг батлагдсан төсөвт багтаан би цалинжуулдаг. Харин өрхөд суурилсан судалгааны хөдөөгийн тоологч, судлаачийг би томилдоггүй. Үндэсний Статистикийн хорооноос томилж түүний цалинг манай санхүүд cap бүр шилжүүлснийг би гарт нь олгодог юм.Үндэсний Статистикийн хорооноос 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/377 тоотоор надад өгсөн чиглэлд “Судалгааны ажил нь тогтсон журам, төсөв, хугацаанд гэрээ байгуулан ажиллуулж үр дүнг тооцдог, гэрээгээр гүйцэтгүүлэх ажил үүрэг бөгөөд төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байнгын ажлын байр биш тул цалин хөлс, томилолтыг хэн нэгэнд ямар нэгэн шалтгаанаар нөхөн олгох боломжгүй учир ажлын шаардлага, судалгааны үр дүн, чанарт анхаарч асуудлыг яаралтай шийдвэрлэх нь зүйтэй” гэж маш тодорхой заасан байгаа. Би Н.Ерланыг ажилд авдаг эрх бүхий хүн ч биш, Үндэсний Статистикийн хорооны даргын 2014 оны 10-р сарын 15-ний өдрийн А/122 тушаалд тодорхой заасан байгаа.Үндэсний Статистикийн хорооны дарга С.Мэндсайханы Баян-Өлгий аймгийн сум дундын 2-р шүүхэд 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/334 албан тоотод “2014 оны шинэчлэн боловсруулж А/122 тушаалаар батлагдсан “Судалгааны мэдээлэл цуглуулах, судлаачийг сонгон шалгаруулж, ажиллуулах журам”-ын гуравдугаар зүйлд зааснаар Н.Ерлан нь нэгдсэн сургалтанд хамрагдаагүй, мөн шалгалт өгөөгүй тул ажиллуулах ёсгүй болохыг тодорхойлов” гэсэн учир гэрээгээр хүлээсэн үүргээ хэн сайн биелүүлж үндэсний хэмжээний нийгэм, эдийн засгийн судалгааг чанартай хийсэн хүнийг ажиллуулдаг, үйл ажиллагааг нь журмаар зохицуулдаг ажил бөгөөд цалин хөлс нөхөж олгох боломжгүй, тийм зардал ч байхгүй болно. Үндэсний статистикийн хорооноос Н.Ерланыг тодорхой шалгуур, шалтгаануудаар ажиллуулж болохгүй гэсэн чиглэл өгсөн юм.Н.Ерлан нь манай статистикийн хэлтсийн бүтэц орон тоонд байхгүй, манайхаас цалин авдаггүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг би хангах ёсгүй болно. Н.Ерлан нь Үндэсний статистикийн хороонд буюу 2016 оноос хоёр байгууллага нийлж шинэ бүтцээр ажиллаж буй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт хандаж нэхэмжлэлээ тийш нь гаргах ёстой тул манай хэлтэс түүний тавьсан шаардлагыг хангаж чадахгүй гэж би шүүхэд гаргасан тайлбартаа бичсэн боловч шүүх үүнийг хайхралгүй үлдээлээ.Н.Ерланы гаргасан нэхэмжлэлийг, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 212/МА2016/00005 тоот магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.Нэхэмжлэл гаргагч Н.Ерланы эхнэр М.Маншүк нь аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн туслахаар ажилладаг тул сум дундын, аймгийн шүүхийн шүүгчийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлж шүүгчийн ёс зүйн зөрчил гаргаж, шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж өөрсдийн талд шийдвэрлүүлсэн учир төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж төрийн байгууллагын өмнөөс гомдол гаргаж байна гэжээ.

                                                                              ХЯНАВАЛ:          

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Ерлан нь Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар өрхөд суурилсан нийгэм, эдийн засгийн судалгааны хөдөөгийн тоологч-судлаачийн ажлаас чөлөөлөгдсөнийг эс зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч аймгийн Статистикийн хэлтэс нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны орон тоо хасагдсан, байгууллагын ажилтны тоо цөөрсөн гэж тайлбарлан нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар ажил олгогч нь аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна. Харин энэ талаар маргаан гарсан тохиолдолд ажил олгогч ийнхүү орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн болохыг шүүхэд баримтаар нотлох үүрэгтэй болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар, үндэслэлээ хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар баримтаар нотлоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх мөн зүйлийн 40.5.-д заасан үүргээ ажил олгогч биелүүлсэн болох нь баримтаар хангалттай нотлогдоогүй байна.                  

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтэс нь нэхэмжлэгч Н.Ерлантай хөдөлмөрийн гэрээ байгуулснаар түүнтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэсэн бөгөөд түүнийг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан байх тул нэхэмжлэгчийг “манайхаас цалинждаггүй, Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэл гаргах ёстой” гэж тайлбарласан хариуцагчийн гомдлыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.

Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 212/МА2016/00005 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН