Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 31

 

Б.Уд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 89 дүгээр магадлалтай, Б.Уд холбогдох 1825004720315 дугаартай эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Идэрмөнхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ц овогт Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Уыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 18 сарын хугацаанд буюу сар бүр 722.223 төгрөг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар Б.Уаас 444.673 төгрөг гаргуулан хохирогч Ш.Өнөрсайханд олгуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2.350.209 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүгдэгч Б.Уд оногдуулсан 13.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд сар тутам 650.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У нь хохирогч Ш.Өд нийт 5.444.882 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, хохирогч Ш.Ө хохирол бүрэн төлөгдсөн, гомдолгүй гэснийг дурдаж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Идэрмөнх бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ял нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохироогүй, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол олох орлогогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй болох нь түүний хувийн байдлыг тогтоосон баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэлгүйгээр түүнд торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчимтай нийцэхгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө түүний эцэг Ө.Б Хаан банкны дансны хуулга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний цалингийн тодорхойлолт зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно”, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд 444.673 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж гэж өөр хоорондоо харилцан зөрүүтэй дүгнэлт хийсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Нямцэрэн хяналтын шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Шүүх хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнэж хуульд заасан хэмжээний хүрээнд ял оногдуулсан. Эрүүгийн хуульд торгох ялыг зөвхөн өөрөө бие даан орлого олдог эх үүсвэртэй, өөрийн нэр дээр хөрөнгөтэй хүнд хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Прокурор эсэргүүцэлдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасныг ноцтой зөрчсөн гэж тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар заасан байх боловч уг зүйлд дурдсан хуулийн 36 дугаар зүйлийн 5 үндэслэлийн аль болохыг тодорхой заагаагүй, хэт ерөнхий шинжтэй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн  гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ялыг хүндрүүлж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Идэрмөнхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Уд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шүүгдэгч Б.Уд холбогдох хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон байх бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуульд заасан шаардлагыг хангажээ.

Шүүгдэгч Б.У нь 2018 оны 7 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөн Уул” худалдааны төвийн хашаанд Ш.Өы эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Уд хуульд заасан төрөл, хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох  ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хүндрүүлэн өөрчлүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 89 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Идэрмөнхийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                              ДАРГАЛАГЧ,                                    Б.ЦОГТ

                                                              ШҮҮГЧ                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН