Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 311/ШШ2025/00063

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ....... тоотод оршин суух, ...........нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........, нарийн бичгийн дарга ........нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ........ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрйг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ... сумын ........ нэгдэлд малчин, 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ...... амралтад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч ..... итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ..... ажиллаж байсан талаарх архиваас авсан баримтуудыг бүрдүүлж анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн гол шаардлага нь 1980 онд ....... нь 8 дугаар анги төгсөж илгээлтээр ....... нэгдэлд малчнаар гарсан. Аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1983 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1986 оны 6 сард халагдаж ирээд, 1986 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс мөн .......нэгдэлд мал маллах, туувар туух зэрэг ажлыг хийж байсан. Мөн ээж, аавын хамт мал маллаж байгаад 1990 онд айл гэр болсон. Гэр бүл болж тусдаа гараад Завхан аймгийн ...... малчин хийж байсан. Яагаад гэхээр гэр бүлийн хүн нь ....... ажиллаж байсан болохоор эхнэрийгээ дагаад тэнд ажиллах болсон. ...... амралтанд 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 01-н хүртэлд малчин хийж байгаад .......ХК болоход 1994 оны 1 дүгээр сарын 01-н хүртэл малчнаар ажилласан юм. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэр байхгүй байгаа юм. Архиваас гарч ирсэн баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг нь тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.  

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч ........ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ..... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч ...... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, мөн 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ......... бригадад малчнаар,

-1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ....... амралтанд малчнаар,

-1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн......... компанид мачлнаар тус тус ажиллаж байсан болох нь ...... 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн...... тоот лавлагаа, Завхан аймгийн ........ бригадын 1981, 1982, 1983, 1986, 1987, 1988 онуудын 70 дугаар данс, Завхан аймгийн ...........даргын 1986 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай Ажилд хуваарилах тухай тушаал, Завхан аймгийн .......1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 64 дугаартай Ажилд томилох тухай тушаал, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 дугаартай Ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралт, мөн даргын 1992 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 2 дугаартай Ажилчдыг ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт, Завхан аймгийн ........ компанийн ерөнхий захирлын 1994 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн ........дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах, өөрчлөх тухай тушаал, түүний хавсралт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Түүнчлэн Завхан аймгийн ....2025 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т ......, малчин, 1982 он гэх баримт, хаягийн хуудас №7 баримт, уг бримтын 10-т Завхан аймаг .......бригадад малчин, 1981.04.28 гэх баримт,

нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч .......ын өгсөн мэдүүлгийн: .............. нь 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд Завхан аймгийн ....... бригадад малчин хийж байсан. 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдан 3 жил албаа хааж 1986 онд цэргээс халагдаж ирээд мөн нэгдэлдээ 1989 оныг дуустал мал малласан. Тэгээд 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн ... газарт малчнаар 1994 оны дуустал ажилласан ... гэх хэсэг,

гэрч ......... өгсөн мэдүүлгийн: ............ нь 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн ....... амралтын газарт малчнаар 1994 оны дуустал ажилласан... гэх гэсэн мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч ........ дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ......... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ............

-1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, мөн 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ........... бригадад малчнаар,

-1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ....... амралтанд малчнаар,

-1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн ....... компанид малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ............. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ