Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/00426

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 23 өдөр                     Дугаар 102/ШШ2024/00426                   Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

                    

Шүүх хуралдаанд оролцогчид:

  Нэхэмжлэгч Б.А

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б

  Хариуцагч Ч.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   1.Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Ч.Ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

 

          2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

  3.Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан тайлөартаа:

  Миний бие Ч.Ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь:

  Өмгөөлөгчтэйгээ ярилцаад миний хүү бага насны 4 сартай тул ээж дээрээ өсөх нь зөв гэж үзээд энэ шийдвэрийг гаргасан

Харин хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй.

Хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаангүй, гэжээ.

      

        4.Хариуцагч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний хувьд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч хүүхдээ ямар ч тохиололд өөрийн асрамжид авна.

 Хүүхдэд хэрэглээний зүйлсийг авахад цаашид Б.А туслах байх гэж бодож байна.

Сая хүү ханиад хүрэхэд өчнөөн юм болж байна. Бид эд хөрөнгийн маргаан байхгүй.

Б.Аын хүүг надад үлдээх, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна, гэжээ.

 

           5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

         

  6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, өмгөөлөгч Т.Бтэй байгуулсан хууль зүйн туслалцааны гэрээ

 

          7.Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, 0 дугаартай Хүүхэд харах үйлчилгээний гэрээ, хүүхэд асрагч Б.М-н эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, серологийн шинжилгээ, Б.А ын “Хаан” банкны дансны хуулга, гэрэл зураг, “М” эмийн сангаас олгосон е-баримтуудыг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

        1.Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.А гийн асрамжид хүүхдийг үлдээж, тэтгэлэг тогтоож шийдвэрлэв.

                                                                                                                                                                                                                                                                                          

        2.Нэхэмжлэгч Б.А “Хүү маань бага насных болохоор эх дээрээ өссөн нь дээр гэж үзээд нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэж тайлбарлав.

 

        3.Хариуцагч Ч.А хүүхдийн тэтгэлэг төлөх, хүүг миний асрамжид үлдээхийг зөвшөөрч байна.

 

         4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

         5.Зохигчид 2021 онд танилцаж хамтран амьдраад албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүү А.Т төрсөн болох нь талуудын тайлбар, 0 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

        6.Хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын тухайд гэрлэгсдийн хэн аль нь тохиролцож болох бөгөөд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан үзэж тогтоодог.

 

         7.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлд зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэж, хүүхдээ асран хамгаалахыг эцэг, эхийн үүрэг гэж тодорхойлжээ.

 

         8.Иймээс нэхэмжлэгч хүү А.Тыг эхийнхэн асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч маргахгүй байгаа учраас хүүхдийн орчин нөхцөл, амьдралынх нь хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасны дагуу хүү А.Тыг эхийнхэн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

      

         9.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу эцэг, эх нар хүүхдээ тэжээн тэтгэх мөн насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээх бөгөөд эцэг, эх энэ асуудлаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтоож болох тул эцэг Б.Аоос сар бүр тэтгэлэг гаргуулж хүү А.Тыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.       

 

         10.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

 

         11.Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй байна.

 

        12.Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж эдгээр үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг байхыг дурдах нь зүйтэй.

 

       13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115.236 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 45.036 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн   

         115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       

          1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү А.Тыг эх Ч.Агийн асрамжид үлдээсүгэй.

 

         2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2 дахь хэсэгт зааснаар 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү А.Тыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Б.Аоос сар бүр гаргуулж,тэжээн тэтгүүлсүгэй.

 

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

        4.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

        5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Б.Аоос гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

 6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ч.Ад даалгасугай

 

 7.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

         8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

       

          9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115.236 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 45.036 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

       

        10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.        

         

        11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                                

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АРИУНАА