| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/01671/И |
| Дугаар | 102/ШШ2024/00425 |
| Огноо | 2024-01-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2024/00425
|
|
|
| |||
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Д.А
Хариуцагч Н.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.А, хариуцагч Н.Пт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Н.Птэй 2010 онд танилцаад 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр охин А.Б төрсөн.
Намайг жирэмсэн байх үед орхиж яваад дахин холбогдохгүй зугтсан.
Үүнээс хойш Н.Пийг хайж олоод утсаар ярьж хүүхэддээ туслахыг хүссэн.
Гэвч туслаагүй бөгөөд охин одоо 0 дугаар ангид сурч, ганцаараа охиноо өсгөж байгаа тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Эд хөрөнгийн маргаангүй, гэжээ.
4.Хариуцагч Н.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйлгүй, гэжээ.
5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны “У” эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн тодорхойлолт, Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт,
7.Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар
8.Шүүхийн журмаар хариуцагчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаартай Шинжээчийн дүгнэлтийг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Д.А нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчийг хуульд заасан эцгийнхээ үүргээ биелүүлэхийг хүсэж охиндоо тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан” гэж тайлбарлав.
3. Хариуцагч Н.П нэхэмжлэлийг зөвшөөрч маргахгүй байна.
4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Зохигчид 2010 онд танилцаад хамтран амьдраагүй, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр охин А.Б төрсөн болох нь талуудын тайлбар, 0 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
6.Хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын тухайд гэрлэгсдийн хэн аль нь тохиролцож болох бөгөөд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан үзэж тогтоодог.
7.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлд зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэж, хүүхдээ асран хамгаалахыг эцэг, эхийн үүрэг гэж тодорхойлжээ.
8.Иймээс нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хариуцагч зөвшөөрч маргаахгүй байх тул хүүхдийн орчин нөхцөл, амьдралынх нь хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасны дагуу охин А.Быг эхийнхэн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
9.Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу эцэг, эх нар хүүхдээ тэжээн тэтгэх мөн насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээх бөгөөд эцэг, эх энэ асуудлаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтоож болох тул эцэг Н.Пээс сар бүр тэтгэлэг гаргуулж охин А.Быг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
10.Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хүүхдийн эцэг мөн эсэх талаар маргаан үүсгэж шинжээч томилуулахад Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр Н.П, А.Бын биологийн эцэг байх магадлал 99.999 хувь байна гэж тогтоосныг дурдах нь зүйтэй байна.
11.Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй байна.
12.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
13.Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж эдгээр үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг байхыг дурдах нь зүйтэй.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин А.Быг эх Д.Аийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин А.Быг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Н.Пээс сар бүр тэтгэлэгийг гаргуулж,тэжээн тэтгүүлсүгэй.
3.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Б.А-с гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.А-т даалгасугай
6.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА