Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 20

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор  Д.Дэлгэрбаяр

нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь  аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж, Дорноговь  аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хэд холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг 2018 оны 01сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Б.Х

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Б.Сийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Б.Хийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр С болон ажлын 2 хүнтэй зааланд тоглосон. Заалнаас гараад 1 шил архи уусан, дахин бааранд орж 1 шил архи уусан. Ажлын 2 залуу амрах гээд явсан байсан. Бид 2 баарнаас гарч яваад замдаа маргалдаад С намайг түрүүлж цохьсон би согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 06-ны орой ...өөрөө түрүүлээд байрандаа ороод гэрэл асаах гэтэл Х миний толгойн тус газарт нэг удаа сүхээр цохьсон. ... сүхийг нь булаагаад авсан чинь Х цонхны давцан дээр байсан отверкийг аваад миний хүзүүний арын хэсэг рүү нэг удаа хатгасан чинь би газар унасан. ...бид 2 хоорондоо эвлэрсэн. Миний эмчилгээний зардлыг 100 хувь даасан учраас одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,

            Гэрч Д.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х, С 2 хоорондоо хэрэлдээд чанга чанга яриад гаднаас ороод ирсэн. ...Х отверкаар Сийн ар хүзүү хэсэгт цохьчих шиг болсон. ...Сийн толгойны зүүн талын чихний ар хэсгээс бага зэрэг цус гарч байсан” гэсэн мэдүүлэг,

            Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02/021 дугаартай: “...Б.Сийн биед зулай орчмын шарх, нурууны цус хуралт, хүзүү болон хамрын доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт

 

           Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 33/

           Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт архидан согтуурсан үедээ хохирогч Б.Сийн толгой болон хүзүүнд сүх, отверкаар цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.С, гэрч Д.Ц нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Хэд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч Б.Хэд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд  шүүгдэгч  нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн  байх тул шүүгдэгч Б.Хийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Хохирогч Б.С нь мөрдөн шалгах ажиллагаанд бид 2 хоорондоо эвлэрсэн. Миний эмчилгээний зардлыг 100 хувь даасан учраас одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон  иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг  дурдах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Б.Хийн үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хэд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хэд 600000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Хэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭН