Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/17

 

 

М.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О даргалж, шүүгч Р.М, Ш.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Ч.О

Шүүгдэгч М.Т

Нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.У даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын ..-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч М.Тт холбогдох 22220... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Тын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Ш овгийн Мын Т, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн,  .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, зээгийн хамт У хот, Б дүүрэг, .. дүгээр хороо, .. дугаар хороолол, ..-р байрны .. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:./

Шүүгдэгч М.Т нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д. аймгийн  Ө. сумын . дугаар багийн нутаг “Д” гэх газар аргалийн хуц буюу  ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, 22.000.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч М.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овгийн Мын Тыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн  24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ш овгийн Мын Тт 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.Тт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд У хотын Б дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солидог болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь Д аймгийн  Ө сумын байгаль орчныг хамгаалах санд 11.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн  2-т зааснаар шүүгдэгч М.Таас 11.000.000 төгрөгийг гаргуулан Д аймгийн  Ө сумын Байгаль орчныг хамгаалах санд оруулж, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ОХУ-д үйлдвэрлэсэн /замагны дугаар ВА1204, гол төмрийн дугаар ВО806/, винтов маркийн галт зэвсгийг улсын орлого болгохоор Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн аргалийн толгой 1 ш, арьс 1, яс /цээжин хэсгийн болон нурууны, эрүүний/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн  Шүүхийн тамгын газарт шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тт урьд авсан хувийн баталга гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэл хүлээсэн. Би энэ гаргасан үйлдэлдээ гэм буруугаа ойлгож маш их гэмшиж байгаа бөгөөд дахин хуулиас гадуур ямар нэгэн үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж байна. Мөн урд нь ямарваа нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй болно. Би өөрийн буруутай үйлдлээс болж гарсан хохирлыг бүрэн барагдуулна. Миний хүсэлтийг хүлээн авч дээр дурдсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна.

Би мөрдөн байцаах шатнаас эхлээд хэргээ хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Анхан шатны шүүх хорихоос өөр ял оногдуулсанд баяртай байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэхэд надад тулгамдаж байгаа 2 асуудал байна. Би 3 настай зээ охинтой эхнэр маань гэртээ хардаг, нурууны өвчтэй. Би зундаа барилгын ажил хийж ганцаараа 5 ам бүлээ тэжээдэг. Миний ээж 90 гарсан хөгшин, Б сумын Ө багт амьдардаг бөгөөд би 7 хоногт 2, 3 удаа очиж түлээ түлш хоол ундыг нь бэлдэж өгдөг. Шүүхийн шийтгэх тогтоол гарсаар ажил хийж эхлээгүй. Би хүнээс мөнгө төгрөг зээлээд урьдчилгаа аваад байшин баръя гэхээр энэ шийтгэх тогтоол хэвээр үргэлжилбэл 2 жилийн дараа төлөх гээд байна. Би унаж яваа машинаа зараад хохирлыг барагдуулна. Би энэ амьдралдаа архи ууж согтож үзээгүй, хуулиас гадуур явж үзээгүй, нэг удаа эрүүлжүүлэхэд орж үзээгүй, 30 гаран жил машин барихдаа жолооны эрхээ хасуулж үзээгүй. Харин ганцхан минутын гохыг дархад ийм том алдаа гаргасан. Энэ хэрэг дээр би өөрийгөө өмөөрөх, цагаатгах гэсэн зүйл ярихгүй. Би улсыг хохиролгүй болгоно.

Тухайн үед би Өмнөговь руу явж байсан. Юм буудаад онож байвал худалдаж авъя гэж хүнтэй тохирсон байсан тул Төв аймгаар дайраад бууг авч явсан. Буугаа аваад 1 удаа буудаж үзээд ийм зүйл болсон. Мөрдөн байцаах шатанд би худалдаж авсан буугаа шилжүүлээд авч болох уу гэхэд бууг хөдөлгөж болохгүй гэсэн. Миний зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэх ял юм уу, торгуулийн ялаар сольж өгнө үү гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч нь мөрдөн байцаах шатнаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахад амьдралын эх үүсвэр байхгүй болоод байгаа юм шиг байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд анхан шүүхээс гаргасан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар солиход прокурорын зүгээс татгалзах зүйл байхгүй.  Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэж байгаа тул гомдолд татгалзах зүйл байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаар сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/.. тоот шийтгэх тогтоолыг шүүгдэгч Мын Тын давж заалдах гомдолд үндэслэн хянав.

Шүүгдэгч Ш овогт Мын Т нь ховор амьтан /аргаль/ тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж 22000000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлснийг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад түүнийг гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэжээ.

Шүүхийн шийтгэх тогтоолыг ял хөнгөрүүлэх үндэслэлээр шүүгдэгч М.Т давж заалджээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд үндэслэн хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэгт авагдсан эд мөрийн баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үндэслэн гарсан, хэргийн болсон байдал, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нөхцөл байдал, шалтгаан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэстэй тогтоон шийдвэрлэсэн, эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан хууль ёсны болоод үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн зүгээс ял хөнгөрүүлэх хүсэлт гомдол гаргаж байх ба энэхүү гомдол хүсэлтийг хүлээн авч зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялаар солих боломжтой талаар шүүх хуралдааны оролцогч болох улсын яллагч санал тайлбар гаргаж байх тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг торгох ялаар солих нь зүйтэй гэж тогтов.

Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж шударгаар хүлээн мэдүүлсэн талаараа шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлж байх бөгөөд түүний нас боловсрол зэрэг хувийн байдлыг нь харгалзан оногдуулсан ялыг өөрчилж 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар ялыг өөрчлөн тогтоож, торгуулийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” гэснийг “7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэж, 3 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэж, 4 дэх заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.О

 

                                         ШҮҮГЧИД                            Р.М

 

                                                      Ш.Т