Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2023/02514

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2023/02514

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Ноблесс таун, 00 дугаар байр, 0 тоотод оршин суух, Б овогт Э-ийн О /Регистрийн дугаар:АА00000000/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С п ХХН-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 0 дугаар гудамж, 00 тоотод байрлах, Г ХХК /Регистрийн дугаар: 0000000/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204091188, Ү-2204094512дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг буцаан авах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.О нь Г ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204091188, Ү-2204094512 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг буцаан авахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч нь хариуцагч талтай харилцан тохиролцсоны дагуу 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр барилгын арматур "Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан бөгөөд гэрээний нөхцлийн дагуу хариуцагч тал буюу худалдагч нь чанар стандартад нийцсэн арматурыг заасан тоо хэмжээгээр графикийн дагуу хугацаанд нь худалдан авагчид хүлээлгэн өгнө гэсэн үүрэг хүлээсэн. Харин нэхэмжлэгч тал буюу худалдан авагч нь нийт 76,623 тн арматурын үнэ болох 137.921.500 төгрөгийн төлбөрт бартерийн зүйл болох Баянзүрх дүүрэгт орших хаягтай, улсын бүртгэлийн Ү-2204091188 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууц болон мөн дүүргийн хаягтай, улсын бүртгэлийн Ү-2204094512 дугаарт бүртгэлтэй, автомашины зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэхээр үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч дээрх үүргээ хугацаанд нь, бүрэн гүйцэтгэж бартерийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч талд шилжүүлэн өгсөн. Үүний хариуд хариуцагч нь гэрээнд заасан чанар, хэмжээ бүхий барилгын арматурыг шилжүүлэх ёстой байлаа.

Гэтэл Г ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж тохиролцсон арматурыг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар тухайн үед нь шаардлагуудыг тавьсаар атал зөрчсөөр байсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн явдал болсон.

Цаг хугацааны хувьд 2018 онд байгуулагдсан гэрээ байгаа нь хариуцагчийн үүргээ биелүүлэхийг хүлээсэн болон нэхэмжлэгч түүнд итгэсэн харилцаа байсан. Түүнчлэн энэ талаар хариуцагч өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч арматурын төлбөрт эрхийг нь шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийг буцаан өгнө, өөр төрлийн үл хөдлөх хөрөнгө болон бусад хөрөнгө, барилгын материал, бараа өгнө зэргээр баталгаа гаргаж, хариуцлагаа хүлээнэ гэсээр байсан нь өнөөдрийг болтол цаг хугацаа өнгөрөөсний шалтгаан болж байна.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар түүнийг төлөөлөн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна:

Г ХХК, иргэн Э-ийн О нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан барилгын арматур Худалдах, Худалдан авах гэрээ-нээс татгалзаж, гэрээнд зааснаар хариуцагч талд шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 000611571 дугаар бүхий гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2204091188 дугаарт бүртгэгдсэн, 74,67 мкв талбайтай 3 өрөө орон сууц болон Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 00 дүгээр байрны зоорийн давхарын 0 тоот хаягт байрших, 000640901 дугаар бүхий гэрчилгээтэй, улсын буртгэлийн Ү-2204094512 дугаарт бүртгэлтэй, 19 мкв талбайтай автомашины зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан авах шаардлага гаргаж байна.

Г ХХК болон Э.О нарын хоорондох гэрээг үндэслэл болгож хөрөнгийг хариуцагчийн хүсэлтээр М.А-ын нэр дээр шилжүүлсэн. Анх гэрээг Э.О, Г, нар харилцан тохиролцсон, анхны харилцаа тэдгээрийн хооронд үүссэн тул хариуцагчаар Г, ХХК-г тодорхойлсон. Иймд манайд хамааралгүй, М.А хариуцах ёстой гэж тайлбарлах үндэсгүй. Гэрч М.А мэдүүлэхдээ мөнгийг өөрөө аваагүй, Г ХХК-ийн захирал авсан гэдгийг мэдүүлсэн. Г ХХК-ийн хүсэл зоригийн үндсэн дээр хөрөнгөө М.А нэр дээр шилжсэнээс нэхэмжлэгч М.А-тай эрх зүйн харилцааг үүсгээгүй, тэрээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, харин хариуцагч нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн гэв.

2.Хариуцагч Г ХХК нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Э.О гэх хүнийг М.А нь 2018 оны 8 дугаар сарын орчимд Г ХХК-ийн Д.М-т танилцуулсан. Улмаар Э.О нэхэмжлэлд дурьдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг М.А-д шилжүүлж, М.А дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсны дараагаар арматурын төлбөрийг урьдчилан төлж, Г ХХК арматур нийлүүлэхээр тохиролцсон.

Г ХХК, Г ХХК-ийн захирал Д.М нарын зүгээс Э.О-г огт таньж мэдэхгүй, танилын болон ажил хэргийн харилцаагүй. Э.О-г М.А нь зуучилж, танилцуулж, арматур авмаар байна гэж саналыг гаргаж байсан. Э.О болон М.А нар тохиролцсоны дараагаар Г ХХК-д ирж уулзаж байсан. Э.О-ийн зүгээс гэрээнээсээ татгалзаж байгаа бол Г ХХК-ийн зүгээс гэрээнээс татгалзахыг хүлээн зөвшөөрнө. Гагцхүү өөрийн орон сууц болон автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлж өгсөн этгээдээсээ шаардах нь зүйтэй.

Мөн хэрэгт авагдсан баримтаас харвал М.А, Э.О нь хамтран ажилладаг эсвэл холбоо хамааралтай этгээдүүд байх магадлалтай байх бөгөөд үл хөдлөх хөрөнгүүдийг буцаан өгөхөөр амлалт бичиг гаргасан байна. Иймээс хөрөнгүүд нь М.А-н эсвэл Э.О-ын нэр дээр байх магадлалтай байгаа тул уг этгээдүүдээс шаардаж авах нь зүйтэй.

Нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлохдоо миний эрх ашиг яаж зөрчигдөж байна, зөрчигдөж байгаа учраас төлбөрөө гаргуулна гэдгийг тодорхой заах ёстой. Хариуцагчаас гаргаж авах боломжтой зүйл байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн шаардаад байгаа үл хөдлөх хөрөнгө Г ХХК-д байхгүй, харин М.А-ын өмчлөлд байгаа тул хариуцагчийн зүгээс хөрөнгийг буцаан шилжүүлэх шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй. Мөн М.А гэрчээр мэдүүлэхдээ авна гэвэл өгнө, асуудалгүй гэж мэдүүлсэн тул нэхэмжлэгч нь М.А-аас хөрөнгийг шаардах ёстой.

Үүнээс гадна нэхэмжлэгч Э.О тухайн хөрөнгийг буцаан авахаар шаардсан ч хэргийн баримтаар өөр хүний өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдсон. Хэдийгээр өмчлөгч О.М нь нэхэмжлэгчийн охин гэж байгаа ч иргэний эрх зүйн хувьд бие даасан этгээд, хэрэгт авагдсан хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг О.М хийсэн тул уг шаардлагыг гаргах эрхгүй. Тухайн хөрөнгийг өгч байгаа этгээд нь хөрөнгөө буцааж шаардахаас өөр этгээд түүний өмнөөс хөрөнгийг шаардах үндэсгүй. Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, Г ХХК-ийн компанийн дүрэм, Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ярилцлагын тэмдэглэл №1, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн акт, Д.О-ын гаргасан 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн баталгаа, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн баталгаа, О.М, М.А нарын хоорондох 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, төрсний бүртгэлийн лавлагаа, Г ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлт, Б ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 06/07 тоот тодорхойлолт зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 4-15, 65, 237-239/

Хариуцагчаас баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 20-24/

Шүүхийн журмаар: хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 181/ШЗ2022/13975 дугаар шүүгчийн захирамжтийн дагуу ирүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6/9377 тоот хариу, гэрч Д.О-ын мэдүүлэг,

Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 181/ШЗ2022/16060 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 6/511 тоот хариу, түүний хавсралтууд, гэрч М.А-ын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн болно. /хх 46, 67-71, 77-206, 232-236/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Э.О нь Г ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204091188, Ү-2204094512 дугаарт бүртгэлтэй хөрөнгүүдийг буцаан авах тухай нэхэмжлэл гаргасан.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу төлбөрт тооцон нэр бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн, хариуцагчийн хүсэлтээр хөрөнгийг М.А-д шилжүүлсэн, худалдагч тал арматур төмөр нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцаан авна гэж тайлбарлав.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: нэхэмжлэгчийн шаардсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч биш, М.А тул буцаан өгөх боломжгүй, нэхэмжлэгч М.А-аас шаардах ёстой, түүнчлэн хөрөнгийг Э.О-ээс бус өмчлөгч О.М-аас шилжүүлсэн тул нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж тайлбарлав.

4.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.нэг талаас Э.О, нөгөө талаас Г ХХК нар 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцож худалдах худалдан авах гэрээг байгуулжээ. Уг гэрээгээр: Худалдагч нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Хятад улсын Бугатын үйлдвэрт үйлдвэрлэсэн МУ-ын холбогдох стандартад нийцсэн 76.623 тн арматур төмрийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, харин Худалдан авагч нь тонн тутамд 1.800.000 төгрөгөөр тооцон нийт үнэ 137.921.500 төгрөгийг төлөх, ийнхүү төлөхдөө бэлэн бус хэлбэрээр буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-2204091188 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 00 дүгээр байрны 00 тоот 74,67 мкв талбайтай гурван өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204094512 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 71 дүгээр байрны зоорийн давхрын 3 тоотод байрлах 19 мкв талбайтай автозогсоол зэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг байгуулж Г ХХК-ийн ажилтан М.А-н нэр дээр шилжүүлэхээр тохирчээ. /хх 6-8/

4.2.Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар: маргааны зүйл болсон эрхийн улсын бүртгэлийн Ү-2204091188, Ү-2204094512 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо,13 дугаар хороолол 01 дүгээр байрны 00 тоот 74,67 мкв талбайтай гурван өрөө орон сууц, уг хаягт байрших 3 тоот авто зогсоолын хувьд эрхийн улсын бүртгэлд анх О.М-ын өмчлөлд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр тус тус бүртгэгдсэн, дээрх хоёр хөрөнгө 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр иргэн М.А-ын өмчлөлд шилжин мөн өдрөө бүртгэгдэж, түүнд өмчлөх эрхийн 000652428, 000552429 тоот гэрчилгээг олгожээ. /хх 78-92, 93-102, 166-175/

Түүнчлэн уг орон сууц, автозогсоолд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А ББСБ ХХК, Д.М нарын хоорондох ЗГ-2018-30 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон БГ-2018-30-1 тоот барьцааны гэрээ бүртгэлтэй, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4-143/28004 тоот бичгээр тусгай тэмдэглэгээ хийж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх 46, 77-206/

4.3.Нэг талаас О.М, нөгөө талаас М.А нар 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр харилцан тохиролцож дараах худалдах худалдан авах гэрээнүүд байгуулжээ.

а/Худалдагч О.М нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204091188 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 00 дүгээр байрны 00 тоот 74,67 мкв талбайтай гурван өрөө орон сууцыг худалдан авагч М.А-ын өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч үнэ 30.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэрээг, /хх 170/

б/Худалдагч О.М нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204094512 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 00 дүгээр байрны зоорийн давхарын 3 тоот автозогсоолыг худалдан авагч М.А-ын өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч үнэ 10.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэрээг, /хх 97/

в/нэхэмжлэгч талаас ирүүлсэн гэрээгээр Худалдагч О.М өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204094512 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 00 дүгээр байрны зоорийн давхарын 0 тоот автозогсоолыг 25.000.000 төгрөгөөр тооцон худалдан авагч М.А-ын өмчлөлд шилжүүлэхээр, үнийг 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Г ХХК, Б ХХК нарын хооронд байгуулсан арматур худалдах худалдан авах гэрээний дагуу бартерийн төлбөрт оруулан тооцохоор тохирчээ. /хх 65/

Эхний хоёр гэрээний дагуу маргааны зүйл болсон хөрөнгийн өмчлөл шилжсэн, мөн бүртгэх байгууллагад авагдсан гэрээний үнэ 30.000.000, 10.000.000 төгрөг байхаар тусгагдсан ч бодитоор хөрөнгийн үнийг 137.921.500 төгрөгөөр тохиролцсон үйл баримтад зохигчид маргаагүй болно.

4.4.Нэхэмжлэгч Э.О, О.М нар нэгдмэл сонирхолтой этгээдүүд буюу төрсөн эх, охин болох нь тогтоогдсон. Мөн Б ХХК-г төлөөлж хариуцагчтай арматур төмөр худалдах худалдан авах гэрээг байгуулж байсан үйл баримтад зохигчид маргаагүй.

Үүнээс гадна үйл явдал болох цаг хугацаанд Г ХХК болон М.А нар мөн хамаарал бүхий этгээдүүд байсан нь гэрч Д.О, М.А нарын мэдүүлэг, зээлийн болон барьцааны гэрээ, Г ХХК-иас гаргаж байсан 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлт зэргээр тогтоогдож байна. /хх 67-71, 234-236, 238/

Мөн Г ХХК-ийн хүсэлтээр нэрлэн заасан этгээд болох М.А-ийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдсон. /хх 238/

Дээрх баримтууд, зохигчдын тайлбараас дүгнэвэл: Нэхэмжлэгч Э.О Г ХХК-д Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар арматур төмрийн үнэ төлөх үүргийг, М.А О.М-д Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн үнэ төлөх үүргээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар харилцан тохиролцож үүрэг сольсон, ийнхүү солих болсон үндэслэл нь Г ХХК-ийн хүсэлтээр нэрлэн заасан этгээд болох М.А-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Мөн тухайн хөрөнгийг Г ХХК-ийн захирал ажилтай иргэн Д.М-ын А ББСБ ХХК-аас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан, түүнчлэн гэрч М.А-аас тухайн хөрөнгийн үнийг өөрөөс төлөөгүй, зөвхөн өөрийн нэрийг ашиглуулсан, Д.М өөрөө зээлийг авч зарцуулсан талаар мэдүүлснээр тогтоогдсон.

5.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, Худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн боловч худалдагч болох Г ХХК арматур төмөр нийлүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Гэрээний дагуу арматур төмөр нийлүүлээгүй үйл баримтад хариуцагч маргаагүй, хуралдааны явцад хүлээн зөвшөөрснийг дурдав.

Ийнхүү хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар үүргийн зөрчлийн улмаас гэрээ цуцалсан нь хуульд нийцнэ. Түүнчлэн хэргийн баримтаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээг цуцалж болохгүй нөхцөл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй, хариуцагч буцаан төлөх үүргийг хүлээнэ.

Гэвч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-т дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэж, үүнээс 205.2.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан бол мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.

Хэргийн баримтаар тухайн хөрөнгүүдэд А ББСБ ХХК-ийн барьцааны гэрээ бүртгэгдсэнээс гадна Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 тоот шийтгэх тогтоолын дагуу М.А-аас хохирол гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь тогтоогдсон тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу бусдын эрхээр хязгаарлагдсан нөхцөлд хамаарч байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч, хамтран нэхэмжлэгч оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй, түүнчлэн мөнгөөр бус хөрөнгийг биет байдлаар буцаан шаардсан тул шүүх энэ нэхэмжлэлийн хувьд хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Мөн талууд харилцан тохирч үүрэг солилцсон хэдий ч хөрөнгийг Э.О-ээс бус харин О.М-аас гэрээний дагуу шилжүүлсэн, О.М-аас хөрөнгийг буцаан шаардах эрхийг нэхэмжлэгчид олгосон баримт хэрэгт авагдаагүйг дурдав.

Нэхэмжлэгч шилжүүлсэн хөрөнгийг мөнгөн хэлбэрээр, учирсан хохирлын хамт хариуцагчаас жич шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.2.2-т заасныг баримтлан Э.О, Г ХХК нарын хоорондох 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204091188, Ү-2204094512 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг буцаан авах тухай нэхэмжлэгч Э.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 847.557 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ