Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 4

 

З.Н-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/01125/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  11 дүгээр сарын 10-ны өдрийн 1150 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч З.Н-ы нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Ш.Б-од холбогдох  

“5.000.000 төгрөгийн тэтгэлэг гаргуулах тухай” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-, түүний өмгөөлөгч Б.Ц- нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч З.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч З.Н-ы эцэг, эх хоёр нь 2000-2006 он хүртэлх хугацаанд хамт амьдарч байсан бөгөөд 2002 оны 04 сарын 18-ны өдөр охин З.Н- төрсөн. Охин З.Н-ыг төрсөн цагаас эхлэн миний бие өсгөн, хүмүүжүүлж өдийг хүрсэн. Энэ хугацаанд эцэг Ш.Б- нь эргэж тойрч, мөнгө төгрөг өгч байгаагүй. З.Н- нь 2020 оны 06 дугаар сард Монгол улсын боловсролын их сургуульд элсэн суралцахаар болсон. Миний бие нь тус сургуулийн сургалтын төлбөр болон бусад зардлыг төлөх ямар ч боломжгүй. З.Н-ы ээж нь хүнд өвчтэй хятад улсад хэвтэн эмчлүүлж байгаа, аав Ш.Б- нь хөдөө мал, маллаж амьдардаг. Эцэг Ш.Б- нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлнө гэж надад утсаар хэлж байсан. Охиндоо ч мөн адил хэлж байсан гэдэг. Цагаан сараас хойш утсаар ярьж чадахгүй холбогдож чадахгүй байгаа. Иймээс эцэг хүний хуулиар хүлээсэн үүргийг биелүүлж, тэтгэвэр, тэтгэмж төлж байгаагүй эцгээс нь сургалтын төлбөр болох 5.000.000 төгрөгийн тэтгэмжийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч тал З.Н-ы төрсөн эцэг нь мөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Ямар ч хүүхэд арван жилийн сургуулиа төгсөхдөө 18 насанд хүрсэн байдаг. Тийм байтал хариуцагч тал хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхгүй гэж маргаж байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 26.3 дугаар зүйлд заасны дагуу хүүхдэдээ хэтэрхий хэрцгий хандаж З.Н-ы сэтгэхүй, ёс суртахуунд нөлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөх хэмжээнд хүртэл аргагүй байдалд оруулсан байна. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан хариуцагчаас нэмэлт зардал гаргуулах гэсэн хуулийн заалтын дагуу хариуцагч Ш.Б-оос сургалтын төлбөр 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч З.Н- нь 2002 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн. Одоо 18 нас 6 сартай насанд хүрсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 53.1.3-т зааснаар тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. З.Н- нь Монгол улсын боловсролын их сургуульд элсэж, гэрээ байгуулсан гэсэн нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан. Гэвч одоо суралцаж байгаа нь үнэн гэсэн нотлох баримт байхгүй, мөн нэхэмжлэгч тал тухайн сургуульд суралцаж сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрийг төлсөн гэсэн нотлох баримт байхгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж байна. Мөн эцэг охин хоёрын хооронд байгуулсан 5.000.000 төгрөгийн сургалтын төлбөр төлнө гэсэн гэрээ байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1150 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Б-оос 5.000.000 төгрөгийн тэтгэлэг гаргуулах тухай З.Н-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч З.Н- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-, түүний өмгөөлөгч Б.Ц- нар давж заалдсан гомдолдоо:

            Дархан уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 р сарын 10-ны өдрийн 1150 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Учир нь З.Н-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч 3.Н- Дархан-Уул аймгийн Жигүүр цогцолбор сургуулийг төгсөж Монгол Улсын боловсролын их сургуульд Монгол хэл Уран зохиолын багшийн ангид 2020 оны 9 дүгээр сараас эхлэн суралцаж сургалтын төлбөрm 5.000.000 төгрөгийг эцэг Ш.Б-оос нэхэмжилсэн.

Анхан шатны шүүхэд өгсөн нотлох баримтуудаар З.Н-ыг сургуульд суралцаж байгаа нь Б- нотлогдож байгаа юм.

Гэр бүлийн тухай хуулийн 35-р зүйлд Тэжээн тэтгэх үүрэг 35.1-д гэрлэгчид бие биенээ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг эхээ төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэснийг шүүх анзаарч үзсэнгүй.

Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг шүүх үндэслэх хэсэгт өмгөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Гэр бүлийн тухай хууль 35 дүгээр зүйлийн 35.1 мөн хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-ийг үндэслэн Ерөнхий боловсролын 12 дүгээр анги төгсөж 3.Н- нь ямар ч ажил хөдөлмөр хийх боломжгүй байхад төрүүлсэн эцэг нь Ш.Б- охиндоо сургалтын төлбөр төлөхгүй гэж байгаа нь Гэр бүлийн тухай хуульд нийцэхгүй байхаас гадна Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дүгээр зүйл, 5 дугаар зүйлд заасныг зөрчсөн хүчирхийллийн нэг арга хэлбэр гэж ойлгоход хүрч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч З.Н- сургалтын төлбөр 5.000.000 төгрөгийг өөрийн төрсөн эцэг болох  Ш.Б-оос гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ш.Б- Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т зааснаар төрсөн охин З.Н- нь 18 насанд хүрсэн, тэжээн тэтгэх үүрэг хуулиараа дуусгавар болсон гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч З.Н- хариуцагч Ш.Б-ыг өөрийн төрсөн эцэг мөн бөгөөд урьд нь ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж авч байгаагүй, өөрөө намайг дээд сургуульд орвол сургалтын төлбөрийг өгнө гэж хэлсэн тул сургуулиас шаардсан төлбөрийг  нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч З.Н-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б- түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч З.Н- 2002 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 2020 оны 04 дүгээр сард 18 насанд хүрсэн бөгөөд хариуцагч Ш.Б- өөрийн төрсөн хүүхэд мөн эсэхэд маргаагүй байна.

Хүүхдийн эрхийн тухай конвенцын 1 дүгээр зүйлд “...тухайн хүүхдэд хэрэглэх хуулийн дагуу тэрээр 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ” гэж тодорхойлжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан ба нэхэмжлэгч З.Н-ыг насанд хүрсэн гэж ойлгоно.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “... насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч З.Н-ыг хөдөлмөрийн чадваргүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй,нэхэмжлэгч өөрөө энэ талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож тодорхойлоогүй болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч З.Н- нь насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай иргэн байх тул хариуцагч Ш.Б-оос сургалтын төлбөр шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б- болон түүний өмгөөлөгч Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан “...сургуульд орсон...” гэсэн үндэслэлээр тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон гэж тайлбарладаг боловч тус хуулийн тухайн заалт нь 18 насанд хүрээгүй, тэжээн тэтгүүлэгчид хамаарах заалт юм.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан тэжээн тэтгүүлэгчид  гэдэгт тус хуулийн 40, 44 зүйлд заасан этгээдүүдийг ойлгох бөгөөд нэхэмжлэгч нь дээрх этгээдэд хамаарахгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн энэ талаар давж заалдсан гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтад хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 р сарын 10-ны өдрийн 1150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч З.Н-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч З.Н- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                                   

 

                                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          О.НАРАНГЭРЭЛ

                                                                      ШҮҮГЧИД                          М.МӨНХДАВАА                

                                                                                                                 Л.АМАРСАНАА