Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 471

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            Улсын яллагч Д.Дэлгэрмаа,

            Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Б.Цт холбогдох 1711002140082 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1974 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй  дүүргийн  10 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 11-р дүгээр гудамжны 384 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хонгорынхон овогт Б.Ц  (РД:0000000000),

нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр гудамжны 384 тоотод хамтран амьдрагч Р.Нармандахыг зодож, түүний  эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

            Б.Цэрэнжаваас мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Нармандахыг сандал дээр сууж байхад нь би уурандаа зүүн ташаа орчимд нь хөлөөрөө жийгээд унагаасан. Тэгээд хэсэг хугацааны дараа Нармандах миний бие нэг л сонин байна гэхээр нь би чи ээж дээрээ ороод үзүүл гэж хэлтэл ээжийнх рүүгээ орсон удалгүй ээж нь хашгираад чи байж байгаарай одоо цагдаа дуудна гэхээр нь тухайн үедээ архи уусан согтуу байсан болохоор гараад зугтсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Анхнаасаа хийсэн хэргээ үнэн зөвөөр нуух хаах зүйлгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж байна.” гэжээ.

Хохирогч Р.Нармандах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гэртээ Цэрэнжавтай ялихгүй зүйлээс болж маргалдсан. Хүү Ууганбаатараар нэг пиво авахуулж, гэртээ Энхжаргал бид 3 хувааж уусан юм. Пивыг онгойлгоод Энхжаргалд хийж өгсөн чинь би хүн биш юм уу зулбасагынхаа авч өгсөн юмыг харамлаад үхлээ л дээ гээд хэрүүл хийгээд байсан. Тэгснээ миний араас зүүн бөөрний хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд Цэрэнжавыг түргэн тусламж дууд гэхэд тоохгүй, пиво ууна гээд гараад явсан. Тэгээд түргэн тусламж дуудаж Гэмтэл согог судлалын үндэсний төвд очин хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээний зардалд 900.000 төгрөгийг хүлээн авсан, одоо надад гомдол санал байхгүй.” гэжээ.

Гэрч У.Энхжаргалаас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр би гэрээсээ гараад 13 цагийн алдад Нармандахын гэрт орсон юм. Тэгсэн чинь Нармандах би амиа хорлоно гээд хутга барьчихсан байсан. Тэгээд би Нармандахын хутгыг аваад шидчихсан юм. Тухайн үед би асуудалд орж магадгүй гээд гэрээс нь гараад явсан юм. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Сэнгэ наран хүнсний дэлгүүрийн урд талд Цэрэнжав, Нармандах хоёртой тааралдсан. Тэгээд би түрүүлээд Нармандах, Цэрэнжав хоёрын гэр рүү явсан юм. Тэгээд би Нармандахын гэрт байж байхад Нармандах, Цэрэнжав хоёр Боргио нэртэй 2 ширхэг лаазтай пиво, ундааны савтай айраг барьчихсан орж ирсэн. Тэгээд пивоо задлаад уух гэж байснаа Цэрэнжав, Нармандахад танай хүүхэд чинь пиво авч өгдөг юм байна. Хүүхэд чинь пиво авч өгсөн болохоор томроод байгаа юм уу гээд маргалдаад байсан. Тэгэхээр нь би гараад явчихсан юм. Хэрүүл хийгээд эхлэхээр нь би гараад явсан юм. Тэгсэн Нармандах эгч сонин юм яриад байсан. Би нэг бол шороонд булагдана, Цэрэнжав шоронд орно гэх мэтээр юм яриад байсан. Тэгээд намайг гарсны дараа зодолдсон юм шиг байна лээ.” гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.7.27-ны 9176 тоот шинжилгээний дүгнэлтэд:

1.Р.Нармандахын биед дэлүү бөөрний хальсны язралт, няцрал, цусан хураа, цусан хурааг авах хагалгааны дараахь байдал зэрэг гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3.ШЭГЗТЖ-н 3.1.12-т зааснаар хүнд зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс шалтгаална гэжээ.

Шинжээч эмч С.Одончимэгээс мэдүүлэхдээ: “Р.Нармандахын биед учирсан гэмтэл нь учрах үед амь насанд хүрэх аюултай гэмтэл болон тухайн үед эмнэлгийн яаралтай түргэн тусламж аваагүй бол амь насаа алдах гэмтэл юм. Цээжний хөндийн нэвтэрсэн гэмтэл байгаа учир хүнд зэрэгт хамаарч байгаа юм. Р.Нармандахын биед учирсан гэмтэл нь өшиглөхөд үүснэ. Уг гэмтэл нь 1 буюу хэд хэдэн удаа өшиглөхөд үүсэх боломжтой” гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 11 дүгээр гудамжны 384 тоот гэртээ хамтран амьдрагч Р.Нармандахтай архи ууж согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүнийг өшиглөж зодсоноос хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан болох нь

            шүүгдэгч Б.Цэрэнжавын “...Нармандахыг сандал дээр сууж байхад нь би уурандаа зүүн ташаа орчимд нь хөлөөрөө жийгээд унагаасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

хохирогч Р.Нармандахын “...Гэртээ Цэрэнжавтай ялихгүй зүйлээс болж маргалдсан. Хүү Ууганбаатараар нэг пиво авахуулж, гэртээ Энхжаргал бид 3 хувааж уусан юм. Пивыг онгойлгоод Энхжаргалд хийж өгсөн чинь би хүн биш юм уу зулбасагынхаа авч өгсөн юмыг харамлаад үхлээ л дээ гээд хэрүүл хийгээд байсан. Тэгснээ миний араас зүүн бөөрний хэсэгт нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,

гэрч У.Энхжаргалын “...Тэгээд би Нармандахын гэрт байж байхад Нармандах, Цэрэнжав хоёр Боргио нэртэй 2 ширхэг лаазтай пиво, ундааны савтай айраг барьчихсан орж ирсэн. Тэгээд пивоо задлаад уух гэж байснаа Цэрэнжав, Нармандахад танай хүүхэд чинь пиво авч өгдөг юм байна. Хүүхэд чинь пиво авч өгсөн болохоор томроод байгаа юм уу гээд маргалдаад байсан. Тэгэхээр нь би гараад явчихсан юм. Хэрүүл хийгээд эхлэхээр нь би гараад явсан юм. Тэгсэн Нармандах эгч сонин юм яриад байсан. Би нэг бол шороонд булагдана, Цэрэнжав шоронд орно гэх мэтээр юм яриад байсан. Тэгээд намайг гарсны дараа зодолдсон юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.7.27-ны 9176 тоот шинжилгээний дүгнэлт, гэмт хэргийн талаар гомдол, хүсэлтийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, өвчний түүх, шинжээч эмчийн “…Р.Нармандахын биед учирсан гэмтэл нь учрах үед амь насанд хүрэх аюултай гэмтэл болон тухайн үед эмнэлгийн яаралтай түргэн тусламж аваагүй бол амь насаа алдах гэмтэл юм. Цээжний хөндийн нэвтэрсэн гэмтэл байгаа учир хүнд зэрэгт хамаарч байгаа юм. Р.Нармандахын биед учирсан гэмтэл нь өшиглөхөд үүснэ.” гэх мэдүүлэг, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Хонгорынхон овогт Б.Цыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч нь эмчилгээний зардалд 900.000 төгрөг авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 49 хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Хонгорынхон овогт Б.Цыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан,  мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Цыг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Цэрэнжавын цагдан хоригдсон 49 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Цыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлаж ял эдлүүлсүгэй. .

5.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цын урьд авсан цагдан хоригдсон  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үрэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ