| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
| Хэргийн индекс | 128/2024/0489/З |
| Дугаар | 128/ШШ2024/0827 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2024/0827
2024 10 22 128/ШШ2024/0827
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: И.Э, Г.Н,
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газар, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга Т.Д
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б, Б.Г, Б.О,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******
Маргааны төрөл: Бусад
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнпагма, нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Э, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Э.Б, Б.Г, хариуцагч Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* нарыг оролцуулан, Т.Б******* нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга болон Цагдаагийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Б нь “Нийслэл Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 1997.08.04-ний өдрийн *******-р ажилд томилох тушаалаар ажиллаж 1998.11.17-ны өдрийн *******-р ажлаас чөлөөлсөн тушаал хуульд заасан үндэслэлийн хүрээнд гараагүйгээс Т. Б миний цагдаагийн албаны тухай хуульд зааснаар туршилтын хугацаанд дадлагажих ажилтнаар цагдаагийн алба хаасан хугацаа бүрэн бус багасгаж хууль ёсны эрх ашгийг зөрчигдсөнийг сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж алдаатай тушаалыг зөвтгөөгүй 2024.04.26-ны өдөр ******* дугаартай Цагдаагийн ерөнхий газрын захиргаа удирдлагын газрын даргын үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, Т.Б миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Хан-Уул дүүргийн засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст 1997.08.04-ний өдөр ажилд авсан 1998.11.17-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг зөвтгөн тушаал шийдвэр гаргахыг Цагдаагийн ерөнхий газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлд урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргасан тухайд: Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03-р сарын 22-ны өдрийн 128/ШЗ2024/2617 дугаартай захирамжаар хариуцагчийн Цагдаагийн ерөнхий газарт уламжлан нэг тийш нь хариу өгье гэсэн тайлбарыг үндэслэн урьдчилан шийдвэрлэх шаардлагыг хийлгүүлэхээр нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Уг шүүгчийн захирамжийн дагуу Цагдаагийн ерөнхий газарт хүсэлт гаргахад 2024.04.26-н өдөр ******* дугаартай албан бичгээр хариу өгснийг Т.Б миний бие 2024.04.29-ны өдөр авахад Хүний нөөцийн хэлтсийн даргын 2024.02.02-ны өдрийн албан бичгээр таныг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу хүргүүлсэн байна гэсэн хариу өгсөн ба Т.Б миний Цагдаагийн албанд алба хаасан хугацаа ажилд авах ажлаас чөлөөлөх тушаалд хуульд заасан хэлбэрээр ажиллаж алба хаах нэршил хугацаа бичигдээгүйгээс тэтгэвэр тэтгэмж тогтоолгох хууль ёсны эрх ашиг хохирч, уг зөрчигдсөн эрхийг сэргээхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэлийн үндэслэл:
Цагдаагийн албанд анх томилон ажилд авсан тушаал нь хуульд заасан журмын хүрээнд гараагүй бичилтийн алдаанаас болж тухайн албан тушаалын болон ажлын байрны тодорхойлолтын утга агуулгатай нийцэхгүй байна.
Цагдаагийн албанаас тэтгэвэрт гарсан миний цэргийн алба хаагчийн тэтгэвэр авах эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөн зөрчигдөж байгаа тул хууль журмыг мөрдөөгүй бичилтийн алдаатай тушаал гаргасан байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газарт цагдаагийн ахмад цолтойгоор, криминалстикийн шинжээч мэргэжлээр, шинжээч албан тушаал дээр ажиллаж байгаад 2023.07.01-ний өдрөөс цэргийн бүрэн тэтгэврийн эрх үүсэн тэтгэвэр тогтоолгон авч байтал 3-н сарын дараа Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын байцаагч байцаагч утсаар залган чиний ажилласан жилийг би буруу бодсон байна.
Цагдаагийн байгууллагад 1 жил 4 сарын хугацааг 6 сар болгож хасаж бодохоор ажилласан жил чинь 5 сараар дутаад байна.
Цагдаагийн хэлтсийн даргын тушаал дээр туршилтын эсхүл дадлагажигч гэсэн үг бичигдээгүй түр жолоочоор энгийнээр ажилласан гэдэг үг байгаа учир 1 жил 4 сар ажилласан хугацааг энгийн иргэний байгууллагад ажилласнаар 6 сар болгож хасаж бодож хувь тэнцүүлсэн тэтгэвэр болгож намайг хохироож байна.
1993 оны Монгол улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийн 29-р зүйлийн 4-р зүйлд Цагдаагийн алба хаагчаар томилохын өмнө туршилтын хугацаагаар, эсхүл дагалдуулан ажиллуулж болно гэж заасны дагуу намайг туршилтын хугацаагаар ажиллуулж байсан боловч тушаалыг гаргахдаа энгийн гэдэг үг оруулснаар Т.Б миний хууль ёсны эрх ашгийг зөрчөөд байна.
Цагдаагийн албанд анх томилогдох иргэний цэргийн цол дүрэмт хувцас, олгодоггүй /энгийнээр/ туршилтын хугацаанд ажиллуулдаг бөгөөд цагдаагийн хуульд заасан баталгаагаар хангагдан цэргийн хуулиар хариуцлага хүлээн биеэр алба хааж ахлагч бүрэлдэхүүнтэй мөр зэрэгцэн жагсаж, бүрэн цэрэгжсэн нөхцөлд тушаалаар үүрэг гүйцэтгэн дадлагажуулагч багш болох алба хаагч Ч удирдлага доор ажиллаж байсан бөгөөд ажилд авсан ажлаас чөлөөлсөн тушаал зэргээр миний ажиллаж, алба хаасан байдалтай маргаан байхгүй ба харин уг ажиллаж алба хаасан тушаал шийдвэр хуулийн хүрээнд гараагүйгээр эрх зөрчигдөхөд хүргэж байгаа болно.
Иймд нэхэмжлэлийн хүрээнд хянан шийдвэрлэж зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
1.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1997 оны 08 дугаар сарын 04-нийн өдрийн ******* дугаар тушаал, 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар Т.Б ажлаас томилсон болон халсан тушаал гаргасан. Уг тушаалыг гаргахдаа энгийн гэдэг үг тушаалдаа оруулсан нь Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэмж тогтоолгох гэсэн боловч Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс энгийн гэдэг үг байгаа учраас тус албанд ажилласан 1 жил 4 сарын хугацааг 6 сараар тооцож бодохоор боллоо гэсэн нь Т.Б******* эрх ашиг хөндөгдсөн. Иймээс тухайн дээд шатны байгууллага Хан-Уул дүүргийн хэлтсийн дарга Т.Д хандсан боловч тухайн тушаалыг өөрчлөх боломжгүй гэх хариуг өгсөн тул тус шүүхэд хандсан. Бидний нэхэмжлэлийн шаардлага нь 1997 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар тушаалд жолоочоор түр гэдгийг дадлагажигч гэж өөрчлүүлэх, мөн 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалд энгийнээр гэснийг дадлагажигч ажилтнаар гэх үг оруулж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.
2.Хариуцагч Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.Б******* Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Т.Б нь Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн даргын 1997 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай тушаалаар жолоочоор түр томилж, мөн даргын 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Дээрх тушаалаас үзвэл Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэс, Т.Б нарын хоорондох хөдөлмөрийн харилцаа өөрийн хүсэлтээр дуусгавар болжээ.
Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн дарга нь Т.Б өөрийнх нь хүсэлтийн дагуу чөлөөлсөн 1998 оны ******* дугаар тушаалыг өөрт олгосон бүрэн эрхийн хүрээнд гаргасан.
Маргаан бүхий актад Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан “Захиргааны бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй.” гэсэн зохицуулалтад хамаарах үндэслэл үүсээгүй, тушаал хүчин төгөлдөр байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон тухай тушаалыг хавсралтаар хүргүүлэв” гэжээ.
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Т.Б******* Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1/Цагдаагийн байгууллагын тухай хууль (1993 он)-ийн 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Цагдаагийн алба хаагчаар томилохын өмнө туршилтын хугацаагаар, эсхүл дагалдуулан ажиллуулж болно. Дагалдах ажилтан бие дааж цагдаагийн алба хаагчийн үүрэг гүйцэтгэхгүй." гэж зохицуулсан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл "туршилтын хугацаа болон энгийнээр" ажиллуулж байгаа нь шууд цагдаагийн алба хаагч болсон гэсэн зохицуулалт биш бөгөөд бие даан үүрэг гүйцэтгүүлэхийг мөн хуулиар хориглосон байжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан маргаан бүхий 1997 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар тушаал нь хуульд нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж гарсан хүчин төгөлдөр захиргааны акт юм.
2/Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.", 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана." гэж тус тус заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт "14.1. Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохи шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:” гэж заажээ. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь холбогдох хууль тогтоомжид заасны эрх ашгийг нь хөндсөн гэж үзэж буй захиргааны актыг мэдсэн атлаа гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага, шүүхээр хянан шийдвэрлүүлэлгүй өдийг хүрчээ.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Сүүлд авагдсан зөвлөлийн хуралд цагдаагийн байгууллагад дадлагажигч ажилтнаар томилох тухай хэлэлцсэн байна. Тушаал дээрээ энгийн ажилтнаар гэж гарсан байна. Цагдаагийн албаны тухай хуульд анх дадлагажигчаар ажилласан хугацааг төрийн тусгай албанд ажилласнаар оруулж тооцдог зохицуулалттай. Дадлагажигчаар томилогдсон гэдэгт Цагдаагийн ерөнхий газраас маргах зүйлгүй. Маргаан бүхий захиргааны актыг гаргасан субъект нь Цагдаагийн ерөнхий газар биш, тухайн үеийн Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын даргатай холбоотой байна.” гэв.
2.2.Хариуцагчийн Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 94.1-т зааснаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай Т.Б******* гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч бид хариу тайлбарыг шүүхэд хүргүүлсэн.” гэв.
2.3.Хариуцагч Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******: “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэгт санал нэг байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Б******* Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын захиргаа удирдлагын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар акт хууль бус болохыг тогтоолгох”, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргад холбогдуулан “Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 1997 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн *******-р ажилд томилох тушаалаар ажиллаж 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *******-р ажлаас чөлөөлсөн тушаалыг зөвтгөн тушаал, шийдвэр гаргахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3.Цагдаагийн ерөнхий газрын захиргаа удирдлагын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар акт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1.Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар албан бичгээр иргэн *******ийн Бод хаяглаж “Танаас “Хан-Уул дүүргийн засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн даргын 1997 оны *******, 1998 оны ******* дугаар тушаалд өөрчлөлт оруулах”-аар ирүүлсэн хүсэлттэй танилцлаа. Хүний нөөцийн хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариуг хүргүүлсэн байна” гэсэн агуулгатай хариуг хүргүүлсэн байна.
3.2.Тус шүүх 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2024/2617 дугаартай захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Б******* нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ.
3.3.Үүний дараа нэхэмжлэгчээс маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлд заасан журмын дагуу дээд шатны байгууллага болох Цагдаагийн ерөнхий газарт хандсан байх ба улмаар урьдчилан шийдвэрлэж өгсөн хариу албан бичгийг хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.
3.4.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.“Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохилыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж хуульчилсан бөгөөд хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжилсэн албан бичиг нь эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, захирамжилсан шийдвэр биш байна.
3.5.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байж болох шийдвэрийг Цагдаагийн ерөнхий газар гаргаагүй, харин маргаан бүхий асуудалд дээд шатны байгууллага, албан тушаалтан болохынхоо хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хариу өгснийг шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзэхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.“Шүүгч дараахь тохи нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;” гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзахаар байна.
3.6.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч талаас энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй талаараа шүүх хуралдаан дээр илэрхийлсэн боловч бичгээр татгалзлаа илэрхийлээгүй учир шүүх хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлага үүссэн болохыг тайлбарлах нь зүйтэй.
4.Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 1997 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн *******-р ажилд томилох тушаалаар ажиллаж 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *******-р ажлаас чөлөөлсөн тушаалыг зөвтгөн тушаал, шийдвэр гаргахыг даалгуулах шаардлагын тухайд:
4.1.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын дэргэдэх зөвлөлийн хурлын 1997 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай протоколын 11 дүгээр асуудлыг шийдвэрлэхдээ “Зөвлөлийн гишүүдийн 100%-ийн саналаар Б дадлагажих ажилтнаар томилж, түр жолоочоор ажиллуулахаар шийдвэрлэлээ” гэжээ. Улмаар уг протоколыг үндэслэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн даргын 1997 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар тушаалаар *******ийн Б 1997 оны 7-р сарын 22-ноос тус хэлтэст жолоочоор түр томилсон байна.
4.2.Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн 1998 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаартай тэмдэглэлийн хоёрдугаарт хэлэлцэж, өөрийн хүсэлтээр жижүүрийн жолоочоос чөлөөлөгдөхөөр зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн даргын 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Хэлтсийн жижүүрийн жолоочийн орон тоон дээр энгийнээр ажиллаж байсан ******* овогтой Б 1998 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн байна.
4.3.Нэхэмжлэгчээс “... 1993 оны Монгол улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4-р зүйлд Цагдаагийн алба хаагчаар томилохын өмнө туршилтын хугацаагаар, эсхүл дагалдуулан ажиллуулж болно гэж заасны дагуу намайг туршилтын хугацаагаар ажиллуулж байсан боловч тушаалыг гаргахдаа энгийн гэдэг үг оруулснаар Т.Б миний хууль ёсны эрх ашгийг зөрчөөд байна ...” гэж, харин хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж тус тус тайлбарлан маргажээ.
4.4.Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны тухайд өмнө нь шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч дээд шатны байгууллага албан тушаалтанд хандан 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хариу авснаасаа хойш 28 дахь хоног дээрээ буюу 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байна гэж үзэх үндэслэлгүй.
4.5.Маргаан бүхий тушаалд өөрчлөлт оруулах тухайд, маргаан бүхий үйл баримтыг хамрах цаг хугацаа нь 1997-1998 он байна. Өөрөөр хэлбэл энэ цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан материаллаг хуулийг шүүх буцаан хэрэглэх бөгөөд энэ хууль нь 1993 оны Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль байна.
4.6.Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “Цагдаагийн тангараг өргөж, цагдаагийн аль нэг байгууллагад ажиллаж, суралцаж байгаа иргэнийг цагдаагийн алба хаагч гэнэ”, мөн зүйлийн 4-т “Цагдаагийн алба хаагчаар томилохын өмнө туршилтын хугацаагаар, эсхүл дагалдуулан ажиллуулж болно. Дагалдах ажилтан бие дааж цагдаагийн алба хаагчийн үүрэг гүйцэтгэхгүй.” гэж заасан.
4.7.Харин 2017 оны Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.“Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтнаар томилж гэрээ байгуулна. Дадлагажих ажилтан туршилтын хугацаанд гүйцэтгэх чиг үүрэгт нийцсэн энэ хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж, үүрэг хүлээнэ.”, 70.7.“Туршилтын хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцно.” гэж хуульчилжээ.
5.Хэрэгт авагдсан маргаан бүхий актуудын үндэслэл болсон протокол, тэмдэглэлүүдэд “... Б дадлагажих ажилтнаар томилж, түр жолоочоор ажиллуулахаар ...”, “... өөрийн хүсэлтээр жижүүрийн жолоочоос чөлөөлөхөөр ...” тус тус шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсаны дагуу “дадлагажих” ажилтнаар томилсон үйл баримт тогтоогдож байна.
5.1.Гэвч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоодог байгууллага болохынхоо хувьд шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж буй үндэслэлээс үзвэл “...туршилтын хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцдог атал маргаан бүхий тушаалууд дээр туршилтын, дадлагажих ажилтнаар гэж бичээгүйгээс төрийн тусгай албанд ажилласан хугацаагаа тооцуулах эрх ашиг зөрчигдсөн... ” талаараа тайлбарлаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
5.2.Учир нь маргаан бүхий актад өөрчлөлт оруулахыг даалгаж шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчид сэргэх эрх ашиг байхгүй, өөрөөр хэлбэл 2017 оны Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7 дахь хэсэгт заасан “Туршилтын хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцно.” гэх зохицуулалт 1993 оны Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль, 2013 оны Цагдаагийн албаны тухай хуулиудад байхгүй бөгөөд 2017 оны Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд ч 70 дугаар зүйлийн 70.7 дахь хэсэгт заасныг буцаан хэрэглэх талаар хуульчлаагүй байна.
5.3.Иймд хэдийгээр бодит байдал дээр нэхэмжлэгч Т.Б анх дадлагажих ажилтнаар томилсон үйл баримт тогтоогдсон ч дадлагажих ажилтан болохынхоо хувьд төрийн тусгай албанд ажилласан хугацаагаа хуучин хуулиудаар тооцуулах буюу нэхэмжлэлд дурдсан эрх, ашиг сонирхол нэгэнт хангагдах боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б******* Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2.Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн /1993 он/ 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б******* Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 1997 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн *******-р ажилд томилох тушаалаар ажиллаж 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *******-р ажлаас чөлөөлсөн тушаалыг зөвтгөн тушаал, шийдвэр гаргахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш арван дөрвөн хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА
20