Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2023/03767

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 27 181/ШШ2023/03767

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 00 дугаар гудамж 00 тоотод бүртгэлтэй ч, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, нуурын 00-00 тоотод оршин суух, Х овогт Т-ын Т /РД:АА00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны гудамж-000Б тоотод байрлах, Э м х т-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт  33.433.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Б.М, гэрч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.Т нь Э м х т-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 33.433.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Т.Т миний бие 2012 оноос эхлэн Э м х т-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, нуурын 00-000 тоот хаягт байрлах газрыг гэр болон байшин барин харж, манаачаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Анх 2012 онд тус төвийн мэргэжилтнээр ажилладаг байсан одоо тус төвийн санхүү албаны даргаар ажиллаж байгаа Л.О нь Э м х т-г төлөөлж намайг дээрх хаягт байрлах газрыг харж, манаачаар ажиллах саналыг тавьсан бөгөөд надад тэрээр тухайн үед ...энэ манай Э м х т-н эзэмшлийн газар байгаа юмаа, удахгүй төсөв батлагдвал энд склад, граж барих юмаа, тэр болтол та эзэн болоод энэ газрыг харж байгаарай, манаачаар ажиллаж байгаарай, төсөв мөнгө батлагдаад ирэхээр таны цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, олгоноо... гэж хэлсэн.

Миний бие тухайн үед амаар болон бичгээр гэрээ байгуулсан бөгөөд бичгийн гэрээ нь хариуцагчид өөрт нь байгаа, надад өгөөгүй болно.

Миний бие 2016 онд тэтгэврийн зээл 20.000.000 төгрөг аваад уг мөнгөөрөө тус газар дээр байшин барьсан. Гэвч эрүүл мэндийн хөгжлийн төвөөс надад цалин олгохгүй байсан учраас миний бие хэд хэдэн удаа Э м х т дээр болон Л.О-тэй очиж уулзаж цалин мөнгөө өгөхийг шаардахад ...та ямар ч байсан газраа хараад байж бай, төсөв мөнгө балтагдаагүй байна, батлагдвал таны цалин хөлсийг бөөнд нь нөхөөд олгоно... гэж хэлсэн. Үүнд нь итгээд би энэ оны 5 дугаар сарын 15-н хүртэл ажилласан болно. Мөн өнөөдрийг хүртэл хэрэглээний тог, цахилгааны мөнгөө төлсөөр ирсэн.

Миний хувьд дээрх цаг хугацаанд Э м х т-ийн эзэмшлийн газрыг харж, манаачийн ажлыг чин сэтгэлээсээ хийсээр ирсэн. Гэвч Э м х т-өөс миний цалин хөлсийг 2012 оноос өнөөдрийг хүртэл олгоогүй бөгөөд миний цалин хөлс авах эрхийг зөрчиж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна.

Анх 2012 оноос хойш тооцож 28.696.800 төгрөг нэхэмжилсэн байсан. 2015 оны 10 дугаар сараас эхэлж ажилласан гэж үзэж байгаа тул тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөг байсан тул 2015 оны 11,12 сарын хөлс 384.000 төгрөг, 2016 онд 2.304.000 төгрөг, 2017-2018 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөг байсан ба 24 сараар бодоход 5.760.000 төгрөг, 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 төгрөг байсан ба 12 сараар бодоход 3.840.000 төгрөг, 2020-2022 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг байсан ба 36 сараар бодоход 15.120.000 төгрөг, 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг болсон, 5 сар 15 хоногоор тооцож 3.025.000 төгрөг нийт 30.433.000 төгрөг болж байна. Мөн хуулийн зөвлөх үйлчилгээний төлбөр 3.000.000 төгрөг нийт хариуцагчаас Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээний үүргийн болон хуулийн зөвлөгөө үйлчилгээний төлбөрт 33.433.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн зүгээс хөлсөө төлөхгүй байсан тул ажлын хөлсөд тооцож авч болох болов уу гэдэг үүднээс хашааг эзэмшүүлэх боломжтой эсэх талаар хүсэлт гаргасан. Төрийн байгууллагад иргэн хүн аливаа хэлбэрээр өргөдөл хүсэлт гаргах эрхтэй тул өөрийн эрхийнхээ дагуу хандсан гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:

-Тус төв нь Т овогтой Т гэгч иргэнтэй манаачаар ажиллуулах талаар ямар нэгэн аман болон бичгийн гэрээ, хэлцэл хэзээ ч байгуулж байгаагүй.

-2015 онд Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан н.Ц гэгч МАХН-ын удирдах албан тушаалтан нь Э м с асан н.Ш уламжлуулан тус төвийн захирлаар ажиллаж байсан Ч.Б-д хөдөөнөөс хотод ирээд буух газаргүй энэ айлыг аж ахуйн хашаандаа түр буулгаж өгч туслаач гэж гуйсны дагуу Т.А гэх залуу Нийтлэг үйлчилгээ хариуцсан ажилтан Д.Б-тай уулзаж танай хашаанд түр амьдарч, хашааг чинь бүрэн бүтэн харж байя гэж өөрсдөө хүсэлт гарган 2015 оны 10 дугаар сараас амьдарсан. Энэ тухай нэхэмжлэгчийн Т.А-ын тус төвд гаргаж байсан өргөдөлдөө дурьдсан.

-2018 оны жилийн эцэст тооллогын комисс аж ахуйн хашаанд очиход Т.А тус газарт зөвшөөрөлгүйгээр байшин барьсан байсан. Тухайн үед төрийн өмчийн газарт зөвшөөрөлгүйгээр байшин барьсан талаар анхааруулахад бид гар гэсэн үед чинь байшингаа нураагаад явахад бэлэн гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл иргэн Т.Т гэгч нь 2020 оноос эхлэн төрийн өмчийн буюу Э м-ийн хөгжлийн төвийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 00-000 тоот 977 мкв газрыг өөрийн болон хүүгийн нэр дээрээ шилжүүлэн авахаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт өргөдөл хүсэлтээ гаргаж эхэлсэн байдаг.

Үүний улмаас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 603 дугаар тогтоолоор энэхүү газрыг чөлөөлүүлэх асуудлыг хууль хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгасан.

Энэ дагуу тус төвөөс газраа чөлөөлж авах талаар Т.А болон түүний аавд удаа дараа мэдэгдэл, албан бичиг өгч байсан ба эдгээр иргэдийн зүгээс ямар нэг шалтаг шалтгаан тоочин өргөдөл хүсэлт өгөн газар чөлөөлөх асуудлыг хойшлуулсаар ирсэн.

Тус төвийн эзэмшлийн энэ газарт 2022 оны 7 сар хүртэл манай байгууллагын модон склад байсан ба энэхүү склад болон тус хашааг Т.А, Т.Т нар бусдад түрээслэн (автомашины зогсоол, Хүчит шонхор захын наймаачдын бараа (самар, толгой, шийр, гэдэс дотор, гурил зэрэг)-г хадгалан ашиг орлого олж амьжиргаагаа залгуулж ирсэн. Энэ тухай Чингэлтэй дүүргийн газрын албаны мэргэжилтэн, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч болон ойр орчмын иргэд манай байгууллагад удаа дараа мэдэгдэж байсан. Мөн иргэн Т.Т-ийн өргөдлөөр нотлогддог.

Ийнхүү иргэн Т.Т дээрх хашаанд үнэ төлбөргүй амьдрахын зэрэгцээ түрээсийн орлого олж амьжиргаагаа залгуулж ирсэн тул манай байгууллагын зүгээс тус иргэний хэрэгт авагдсан хэрэглэсэн гэх хэрэглээний цахилгааны төлбөрийг төлөх боломжгүй.

Тус төвийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Т.Т-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/1305 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Иргэн Т.Т шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул манай байгууллага Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан энэхүү газрыг албадан чөлөөлүүлээд байгаа болно.

Анх 2100 мкв талбайн хэмжээтэй тухайн газрыг манайд ажилчдын нийгмийн асуудлыг дэмжих зориулалтаар олгосон байснаас зарим хэсгүүд бусдад шилжсэн, одоо аж ахуйн зориулалттай хашаа байгаа. Нэхэмжлэгч Т.Т, түүний хүү Т.А нар хашаанд амьдрахдаа дур мэдэн байшин барьсан байсныг манайх 2021 оны тооллогын үеэр мэдэж буулгах шаардлага гаргасан. Анхнаасаа тухайн газраас авах хүсэл зориг агуулж хүүгийнхээ хамт суурьшсан гэж бодож байгаа. Энэ нь манай газраас авах хүсэлтийг холбогдох газруудад дур мэдэн гаргасан байдгаас харагдана. Хэрэв нэхэмжлэгчтэй манаач, харуулаар ажиллуулахаар тохиролцсон байсан бол манайх төрийн байгууллага тул гэрээ хэлцэл хийх, санхүүгийн тайланд тусгах ёстой. Гэтэл ямар ч тийм баримт байхгүй.

Нэхэмжлэгч Т.Т хэл амаар бусдыг байнга доромжилж төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Хашааг чөлөөлж өгдөггүй, хэл ам хийгээд салдаггүй тул аргаа бараад 2022 оны 7 дугаар сараас харуул хамгаалалтыг манайх компаниар гүйцэтгүүлж хүн буулгасан. Гэвч манаачийг Т.Т гуай элдвээр доромжилсоор байгаад тэр хүн нь би болье гээд яваад өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр хашааг чөлөөлж өгсний дараа манайх хүсэлт өгч ажиллагааг дуусгавар болгосон. Гэтэл түүний дараа Т.Т гуай эргээд дайраад орчихсон тул аргаа бараад цагдаад хандсан. Уг хашаанд Т.Т өөрөө амьдрах хугацаандаа төлсөн хэрэглээний зардлын баримт түүнтэй гэрээ байгуулж тохиролцсон гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, тус шүүхийн 2023 оны 181/ШЗ2023/12925 тоот захирамж, цахилгааны төлбөр төлсөн баримтууд, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Т.Т-ийн дансны хуулга , Т.А-ын гараар бичсэн хүсэлт, өөрийн Хаан банкны дансны хуулга /хх 4-20, 59, 80, 154/

Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Т.А-ын гараар бичсэн хүсэлт, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2015 оны Б/29, 2016 оны Б/27 тоот тушаал, Т.Т-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Эрүүл мэндийн хөгжлийн даргад гаргасан хүсэлт, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргад гаргасан 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хүсэлт, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хяналт шалгалтын тайлан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 603 тоот тогтоол, Үндэсний аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөрчи арилгах тухай 53/АО170079 тоот албан шаардлага, Т.Т-ийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн өргөдөл, 2022 оны 6 дугаар сарын 22, 27-ны өдрийн хүсэлтүүд, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлтүүд, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хүсэлт, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хүсэлт, 2022 оны 10 дугаар сарын 04, 17, 20-ний өдрийн хүсэлтүүд, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Т.А-ын хүсэлт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 182/ШШ2023/01305 тоот захирамж, тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 182/Ш32023/09567 тоот шүүгчийн захирамж, 182/ГХ2023/00788 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 889 тоот хүсэлт,

Э м х т-ийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 248, 249 тоот мэдэгдэл, 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 468 тоот хариу, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 267 тоот хариу, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 546, 547 тоот, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 899 тоот, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний 266 тоот албан бичгүүд, 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн А-1/1464 тоот гомдлын хариу, Э м х т-ийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1047 тоот албан бичиг зэргийг ирүүлжээ. /хх 25, 29-58, 71, 87-143/

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Т.Т нь Э м х т-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 33.433.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

2.Нэхэмжлэлийн үндэслэлээ: Чингэлтэй дүүрэгт байрлах тус байгууллагын аж ахуйн хашаанд хүү Т.А-ын хамт 2015 оны 10 дугаар сараас хойш 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд манаачаар амаар харилцан тохирч ажилласан, хөлсийг дараа өгнө гэдэг байсан ч өгөөгүй тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гаргуулна гэж тайлбарлав.

3.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: Нэхэмжлэгчтэй хөлсөөр ажиллуулах талаар аливаа хэлбэрээр тохиролцсон зүйлгүй, анх байгууллагын мэдлийн хашаанд хүү Т.А-ын хамт бусдын гуйлгаар үнэ төлбөргүйгээр түр хугацаагаар 2015 оны 10 дугаар сараас хойш амьдарч байсан, байгууллагын мэдлийн хашаанд дур мэдэн байшин барьж, гуравдагч этгээдэд төлбөртэйгээр хашааг ашиглуулах замаар ашиг орлого олж ирсэн, түүнээс гадна төрийн өмчийн хашааг өөрийн эзэмшилд шилжүүлж авахаар холбогдох газруудад хандах зэрэг ажиллагааг явуулсан, байгууллагын мэдлийн хашааг суллаж өгөхгүй байгаа гэж тайлбарлав.

4.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Маргаанд хамаарах Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 00 дугаар гудамж 000 тоот хаягт байрлах 977 мкв талбайтай газар хариуцагч Э м х т-ийн эзэмшлийнх, уг хашаанд Т.Т хүү Т.А нарын хамт 2015 оны 10 дугаар сараас хойш 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд амьдарсан, амьдрах хугацаанд хувийн байшин барьсан үйл баримтад зохигчид маргаагүй.

4.2.Э м х т-ийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт хамгаалалт захиран зарцуулалтын үйл ажиллагаанд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хийсэн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шалгалтын тайланд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрших аж ахуйн зориулалттай 977 мкв газрыг /Хүчит шонхор захын хойд талд/ иргэн Т.А-т гэрээгүйгээр ашиглуулсан. Газар ашиглалтын байдалтай газар дээр нь үзлэг хийхэд

байгууллагын эзэмшлийн газар дээр иргэн А хувийн байшин барьсан, хашаанд байгаа актлагдсан гэх агуулахын барилгыг бусад иргэнд түрээсийн гэрээгээр ашиглуулсан, хашаан дотор гадны автомашин байршуулж зогсоолын төлбөр авч байна. Байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөл иргэн Т.А-т удаа дараа нүүх шаардлага тавьсан боловч шийдвэрийг үл тоон төрийн өмчийн эзэмшил газарт бизнесийн үйл ажиллагаа явуулж байна гэж дүгнэн, улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 603 дугаар тогтоол, Үндэсний аудитын газрын албан шаардлагаар тус хашааг чөлөөлүүлэх асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх арга хэмжээ авахаар заажээ. /хх 92-107, 112/

Улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/01305 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэг Т.Т дээрх газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Э м х т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор чөлөөлж өгөхөөр хугацаа тохирч эвлэрснийг шүүх баталжээ. /хх 134-141/

5.Нэхэмжлэгч дээрх хашаанд амьдрах хугацаанд хариуцагч байгууллагатай амаар хэлцэл хийх замаар гэрээ байгуулж хашааг харж хамгаалах зэрэг ажлыг хийж гүйцэтгэж манаачаар ажилласан гэж, харин хариуцагч амаар болон бичгээр хэлцэл хийгээгүй, тийм хүсэл зориг анхнаасаа илэрхийлээгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйг хэлцэл гэж, хуульд заагаагүй бол хэлцлийг амаар байгуулж болно гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлд гэрээ байгуулагдсан тооцох журмыг зохицуулсан.

5.1.Хэргийн 89 дэх талд авагдсан нэхэмжлэгч Т.Т-ийн хүү Т.А-ын гараар бичсэн хүсэлтэд Т овогтой А би Чингэлтэй, 11 дүгээр хороо, 000б тоот газарт манаачийн үүрэг гүйцэтгэж байгаа уг газарт байх хугацаандаа газар хашааны бүрэн бүтэн байдлыг харж байна гэж тусгагджээ. Дээрх хүсэлтэд огноо тусгагдаагүй боловч хариуцагч уг баримтыг анх хашаанд буух үеийнх буюу 2015 оны 10 дугаар сард бичсэн гэж тайлбарласан, нэхэмжлэгч үүнд маргаагүй болно.

Дээрх баримтаас үзвэл Т.А нь манаачаар ажиллах буюу тухайн хашааг харж хамгаалж байх хүсэл зоригийг илэрхийлсэн, тухайн хүсэлтэд хариуцагч байгууллага Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2-т зааснаар татгалзсан хариуг ердийн боломжит хугацааны дотор өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул дуугүй хүлээн зөвшөөрөх замаар байгуулсанд тооцно. Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийг 359.1-д зааснаар Г.А болон Э м х т нарын хооронд бодит үйлдлээрээ 2015 оны 10 дугаар сард хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Энэ нь хуралдааны явцад хариуцагчийн тайлбар болоод гэрч Л.О /тус байгууллагад 2000 оноос хойш ажиллаж байгаа, одоо захиргаа, санхүүгийн албаны дарга ажилтай/-ийн гаргасан 2022 оны 7 дугаар сараас хойш тухайн аж ахуйн хашааг гуравдагч этгээдтэй байгуулсан харуул хамгаалалтын гэрээгээр харуулж байгаа, түүнээс өмнөх хугацаанд аливаа этгээдэд хашааг харж хамгаалсны хөлс төлж байгаагүй, хэн нэг хүнээр хашааг харуулж байгаагүй гэж тайлбарлаж байгаагаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл байгууллага өөрийн эзэмшлийн 977 га талбайтай газрын хувьд ашиглалт, хадгалалт хамгаалалтыг хэн нэг этгээдээр гүйцэтгүүлээгүй, мөн хэн нэг этгээдэд хөлс төлж байгаагүй байдлаас үзвэл нэхэмжлэгчийн хүү Т.А-т дээрх ажил үүргийг тухайн хашаанд амьдрах явцад хариуцуулсан, улмаар энэ нь ажлын чиг үүргээ тохиролцсон гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүрэг хүлээнэ.

Харин амаар хийгдсэн энэ гэрээнд талууд ажлын хөлс хэд байх талаар тохиролцсон байдал тогтоогдоогүй боловч хөлсийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон шаардсныг шүүх буруутгах үндэслэлгүй.

5.2.Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй гэж заажээ.

Талуудын тайлбар, хэргийн баримтаас үзвэл анх хүсэл зоригийг нэхэмжлэгчийн хүү Т.А илэрхийлсэн ч бодитоор нэхэмжлэгч Т.Т-ийнх гэр бүлээрээ /үүнд хүү Т.А багтсан/ тухайн хашаанд амьдарч, харуулын чиг үүргийг гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон тул шүүх энэ тохиолдолд ажиллагч биечлэн гүйцэтгэх үүргээ нэхэмжлэгч Т.Т-тэй хамтран гүйцэтгэсэн, уг нөхцөл байдлыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. Иймд нэхэмжлэгч Т.Т-г хөлс шаардах эрхтэй гэж үзэв.

5.3.Гэвч энэ шийдвэрийн 4.2-т дурдсан хяналт шалгалтын тайлангаар тухайн хашааны бүрэн бүтэн байдлыг харж хамгаалах, манаач харуулын үүрэг гүйцэтгэх ёстой Т.А /нэхэмжлэгч Т.Т нар/ нь хашаанд байгаа актлагдсан гэх хөрөнгийг гуравдагч этгээдэд дур мэдэн гэрээгээр ашиглуулах, авто зогсоолын байдлаар хашааг ашиглах зэргээр бизнесийн үйл ажиллагаа явуулсан байдал тогтоогдсон, энэ үйл баримтад нэхэмжлэгч хуралдааны явцад маргаагүй.

Мөн нэхэмжлэгч Т.Т болон түүний хүү Т.А нараас хариуцагчийн эзэмшлийн газрыг өөртөө шилжүүлж авах-аар эрх бүхий этгээдүүдэд 2020 оноос хойш удаа дараа хүсэлт гаргасан үйл баримтад нэхэмжлэгч хуралдааны явцад маргаагүйгээс гадна хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Т.А-ын ... энэ газрыг одоо өөрийн нэр дээр шилжүүлж авмаар байна гэсэн хүсэлт, түүнээс хойш нэхэмжлэгч Т.Тэгшээ болон Т.А нарын гаргасан удаа дараагийн хүсэлт зэргээр тогтоогдсон. /хх 108-111, 122/

Иргэний хуулийн 367 дугаар зүйлд 367.2-т ажиллуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээг цуцалсан бол ажиллагч хөлс шаардах эрхээ алдана гэж заажээ.

Дээрх үйлдлүүд нь Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2-т заасан харш үйл ажиллагаа-д хамаарах тул Т.А, түүний эцэг Т.Т хөлс шаардах эрхээ алдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл аливаа зүйлийн хадгалалт хамгаалалтыг хариуцан ажиллаж байгаа манаач хүн харж хамгаалах үүрэгтэй хашаагаа өөрийн эзэмшилд шилжүүлж авахаар эрх бүхий этгээдүүдэд хүсэлт гаргаж байгаа хүсэл зоригийн илэрхийлэл нь манаач ажлыг хийж байгаа хүний хувьд харш үйл ажиллагаа-нд шууд хамаарна.

5.4.Хэргийн баримтын хүрээнд хяналт шалгалтын тайлан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоол, Үндэсний аудитын газрын 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн албан шаардлага гарч улмаар хариуцагч байгууллагаас 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 248, 249 тоот мэдэгдлүүдийг хүргүүлснээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээг мөн өдрөөс эхэлж цуцлагдсан гэж үзнэ. Нэгэнт гэрээг бичгээр хийгээгүй, мөн хугацаа тохироогүй гэж үзэх тул хариуцагч Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-т зааснаар гэрээг дуусгавар болгох, цуцлах эрхтэйгээс гадна харуул хамгаалалтын үйл ажиллагаанаас гадна өөр төрлийн үйл ажиллагааг ашиг олох зорилгоор явуулсан нь тогтоогдсон тул цуцалж болохгүй нөхцөл тогтоогдоогүй гэж үзнэ.

5.5.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх-аар, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан.

Нэхэмжлэгч тус шүүхэд 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр анх нэхэмжлэл гаргасан, хуралдааны явцад анх удаа шүүхэд хөлс шаардаж хандсан, түүнээс өмнө хандаж байгаагүй гэж тайлбарлаж байгаагаас үзвэл Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон байдал тогтоогдоогүй тул тэрээр 2015-2020 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны хөлс шаардах эрхээ алдсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. /хх 5-7/

5.6.Харин 2020 оны 6 дугаар сараас хойшхи хугацааны хөлсийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй хэдий ч 2021 оны 3 дугаар сарын 18-нд гэрээ цуцлагдсан, энэ шийдвэрийн 5.3, 5.4-т дүгнэсэнчлэн шаардах эрхээ алдсан.

5.7.Мөн гэрээ цуцлагдснаас хойш буюу 2021 оны 4 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны хувьд нэхэмжлэгч хөлс шаардах үндэслэлгүйгээс гадна хэрэгт авагдсан түүний удаа дараагийн хүсэлтэд үнэ төлбөргүйгээр хашааг харах, хашаанаас нүүхгүй байх талаар тусгагдсныг дурдав.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сараас 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс 30.433.000 төгрөг шаардсан шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

6.Нэхэмжлэгч хууль зүйн туслалцааны зардалд 3.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн 367 дугаар зүйлийн 367.4-т ажиллуулагч гэрээнд харш үйл ажиллагаа явуулснаас бол гэрээг цуцлахад хүргэсэн бол гэрээ цуцалснаас учирсан хохирлыг хариуцна гэж заасан. Шүүх гэрээ цуцлагдсан үндэслэлд ажиллагч талын буруугаас цуцлагдсан гэж үзсэн тул нэхэмжлэгч гэрээнээс учирсан хохирлыг шаардах эрхгүй.

7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.2, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 33.433.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 483.054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ