Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 473

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Тунамал,

            Улсын яллагч А.Нямсүрэн,

            Шүүгдэгч Н.Батзаяа,

Хохирогч О.Алтансүх нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Шаадай овогт Н.Бд холбогдох 1711004700142 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, онгоцны удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, хоёр ахын хамт амьдардаг, Чингэлтэй  дүүргийн  8 дугаар хороо, Баруун тасганы А-4 тоотод  оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шаадай овогт Н.Б  (РД:0000000000),

нь 2017 оны 8 дугаар сарын 13-ны шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн уулзвар орчимд О.Алтансүхийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Н.Батзаяа нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

            Шүүхийн хэлэлцүүэлгт шүүгдэгчээс “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэв.,

Хохирогч О.Алтансүхээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ хэрэг 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр болсон. Хэрэг болсноос хойш миний толгой байнга өвддөг болсон. Би гар утас засдаг, суугаа ажил хийдэг. Мөн хараа муудсан. Тухайн үед намайг эмч хэвтрийн дэглэм сахь гэсэн учир тэр өдрөөс хойш ажлаа хийгээгүй 15 хоносон. Толгойгоо үзүүлэхэд эмчилгээ хийлгэвэл 3.000.000 төгрөгөөс ч илүү зардал гарахаар байна лээ. Тэгээд би ярилцаад 3.000.000 төгрөг өгчихвөл болно гэж үзсэн” гэв.

Гэрч Б.Энхтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр найз Алтансүх, Энхтүвшин, Дарханбаяр нар болон тэдний эхнэр хүүхдүүдийн хамт хүүхдийн 100-ийн гэрэлт гудамж ороод харих гээд явж байсан энэ үед манай эхнэр хүүхдүүд тусдаа машинтай бид нар өөр машинтай араас нь дагаад явж байсан. Лексус 470 машинтай хүмүүс хажуу талаар нь шахаж орж ирээд эхнэр хүүхдүүдийг нь өдөж хоргоогоод байхаар нь манай найз Алтансүх шаардлага тавьсан, та нарт хамаагүй зэргээр хараал хэлээд урдаас нь салаавч гаргаад яах юм чи гэх зэргээр доромжлоод байхаар нь Алтансүх, Энхтүвшин, Дарханбаяр нар машинаас буугаад явсан. Би энэ үед машин дотроо байж байсан. Урт хормогч шиг хувцастай залуу Энхтүвшинг цохиж унагаагаад Алтансүхийг давхар хамаад унагаахыг хараад би машинаас бууж нөгөө залууг Алтансүхийн дээр байхад нь араас нь очиж тэвэрч салгасан” гэжээ.

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.8.23-ны өдрийн ¹10551 тоот шинжилгээний дүгнэлтэд:

1.О.Алтансүхийн биед хамарт зулгаралт, бугалга, хүзүүнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5.Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Н.Б нь 2017 оны 8 дугаар сарын 13-ны шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн урд талын автомашины замын уулзвар орчимд хохирогч О.Алтансүхийн эхнэр хүүхдийг хоргоосон шалтгаанаар түүнтэй маргалдаж, хохирогчийг зодсоноос түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь

 

 

шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Алтансүхийн мэдүүлэг, гэрч Б.Энхтөрийн “... Лексус 470 машинтай хүмүүс хажуу талаар нь шахаж орж ирээд эхнэр хүүхдүүдийг нь өдөж хоргоогоод байхаар нь манай найз Алтансүх шаардлага тавьсан, та нарт хамаагүй зэргээр хараал хэлээд урдаас нь салаавч гаргаад яах юм чи гэх зэргээр доромжлоод байхаар нь Алтансүх, Энхтүвшин, Дарханбаяр нар машинаас буугаад явсан. Би энэ үед машин дотроо байж байсан. Урт хормогч шиг хувцастай залуу Энхтүвшинг цохьж унагаагаад Алтансүхийг давхар хамаад унагаахыг хараад би машинаас бууж нөгөө залууг Алтансүхийн дээр байхад нь араас нь очиж тэвэрч салгасан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх  эмнэлгийн 2017.8.23-ны өдрийн ¹10551 тоот шинжилгээний дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Шаадай овогт Н.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Н.Бг торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хохирогч нь өөрт учирсан хохирол нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх хуульд заасан шаардлага хангасан бичгийн нотлох баримт шүүхэд ирүүлээгүй тул тэрээр гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 175.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Шаадай овогт Н.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Батзаяагийн торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 25-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Б нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ