| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0097/э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2018-01-30 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н, Р.Н, Г.М,Д.С нарт холбогдох эрүүгийн ......дугаартай хэргийг 2018 оны 01 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М.Н
Р.Н
Г.М
Д.С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хатанбулаг сумын нутагт буюу “Ханги мандал” боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл болох 956,200 төгрөгийн /бага бус хэмжээний/ буюу 136 кг 600 гр үхрийн махыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн,
Шүүгдэгч Д.С нь М.Н, Р.Н, Г.М, нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хатанбулаг сумын нутагт буюу “Ханги мандал” боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл болох 956,200 төгрөгийн /бага бус хэмжээний/ буюу 136 кг 600 гр үхрийн махыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхэд унаагаар хангаж дэмжлэг үзүүлж уг гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Ний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...С, Н, Г.М, бид нар ярилцаад С, М бид гурав БНХАУ-руу хамт явж М бид хоёр Хятадын хил дээр үлдээд С БНХАУ-руу миний эзэмшлийн ...улсын дугаартай авто машинтай гарч хоносон. Ст би маргааш хил гараад ороод ирээрэй бид нар Монголын хил гараад хоёр хилийн гол хэсэгт хүлээж байя гэж ярилцан тохиролцсон юм. Би Ст Монголын хил дээр битгий очоорой хилийн голд машинтайгаа зогсож байгаарай гэж хэлсэн юм. ...машинаас өөрийн хайрцагтай мах сүүг гартаа барьж гааль руу орон паспорт дээр зөвшөөрөл даруулаад гарч ирээд хүлээж байтал Н, М хоёр гаалиас хайрцагтай сүү махаа барьчихсан гарч ирсэн. Тэгээд бид гурав уулзаад гаалийн бүсэд шалгуулаад гарч ирсэн эхний машинд нь сууя гэж бодоод хүлээж байтал ... улсын дугаартай авто машин гаалийн бүсэд шалгуулан гарч ирэхээр нь машинд сууж Монголын хилээс 2 км орчим яваад Н, М бид гурав машинаас хайрцагтай мах сүүгээ авч буугаад хоёр хилийн голийн бүсэд Сыг хүлээгээд зогсож байхад С хятадын хилээс гарч ирсэн. Тэгээд миний эзэмшлийн ... улсын дугаартай авто машины тусгайлан бэлтгэж дээд хэсгийг нь тайрсан шатахууны банканд махыг хийж үлдсэн махаа машины арын зааланд ил тавиад гарах гэж байтал хилийн цэргийн алба хаагч ирж саатуулсан. ...Би үхрийн махыг Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан Ханги хилийн боомтоор нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн гэдгийг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Р.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н эгч, С, М бид нар хоорондоо ярьж байгаад хилээр мах гаргахаар тохиролцон би хөдөө явж нэг бярууны мах авчирсан юм. Тухайн үед Н эгч бас үхрийн махтай байсан ба тус махаа гялгар уутанд хийж янзалсан байсан. Би хөдөө яваад 2017 оны 02 сарын 14-ний орой Ханги боомт дээр ирсэн. Намайг ирэхэд Н эгч Мийн хамтаар байсан Сыг урагшаа гарсан. Маргааш бид нарыг гараад очиход С машинтай цаанаас ороод ирнэ хилийн голд махаа машинд нуугаад БНХАУ-руу гарна гэж ярьж байсан. Маргааш нь буюу 2017 оны 02 сарын 15-ны өглөө махаа аваад 2-н хаалтан дээр очиж Н эгч, М бид гурав биеийн гэдэс, нуруу суга, хөл зэрэг газарт махаа хийж скочоор тогтоогоод гадуур хувцас өмсөөд үлдсэн махаа машинд байсан голден милк сүүний хайрцаганд хийсэн. ...М бид хоёрыг гарч ирэхэд Н түрүүлээд гараад ирчихсэн хоёр хайрцаг махаа бариад зогсож байсан. ...Монголын хилээс 2 км орчим яваад машинаас буугаад зогсож байтал С ...улсын дугаартай авто машинтай хятадын хилээр гарч ирсэн тэгээд машинд махаа нууж янзалж байтал хилийн цэргийн алба хаагч нар ирж саатуулсан. Ашиг олох зорилготой гаргасан. ...нийт гаргасан мах нь 136 кг 600 гр мах байсан. ...Би хязгаарласан бараа бүтээгдэхүүн гэдгийг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Мий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н ах үхрийн мах гаргана гээд 2017 оны 02 сарын 14-ний өглөө хөдөө гэрээд яваад бярууны мах орой авч ирсэн. Н эгчийн тусгайлан бэлтгэж савалсан үхрийн мах мөн байсан юм. 2017 оны 02 сарын 14-ний өдөр Н эгч С ах бид гурав Н эгчийн эзэмшлийн ...улсын дугаартай авто машинтай урагшаа гараад Хятадын хил дээр очоод С ахад чи машин барьж урагшаа гараад маргааш хил онгойхоор гараад ирээрэй, бид нар махаа оруулаад хоёр хилийн голын зурваст хүлээж байя, тэгээд махаа машиндаа нуугаад урагшаа гаргая гэж ярьж тохироод Н эгч бид хоёр буцаад Монголд орж ирсэн. С ах Мандалд хонохоор машинтай явсан. Маргааш нь буюу 2017 оны 02 сарын 15-ны өглөө Н эгч, Н ах бид гурав Н ахын авчирсан мах болон Н эгчийн тусгайлан бэлтгэж савалсан махнаас авч яваад хилийн 2-н хаалтан дээр очиж үхрийн махыг бид гурав биеийн гэдэс, нуруу, суга зэрэг газарт ороод тогтоон гадуур нь хувцас өмсөөд үлдсэн махыг нь голден милк сүүний хайрцаганд хийсэн. ...хайцагтай махаа барьж ороод паспортон дээр штамб даруулчаад гарч ирэхэд Н ах Н хоёр гарчихсан хүлээж байсан тэгээд бид гурав машин сууж Монголын хилээс 2 км орчим яваад машинаас махаа авч буугаад хүлээж байтал С ах Хятадын хилээр гарч ирсэн тэгээд хятад Монголын хилийн голын зурвас газарт ...улсын дугаартай авто машины тусгайлан бэлтгэсэн банкинд махаа нууж янзалж хийж байтал хилийн цэргийн хүн ирээд машин саатуулсан. ...Ашиг олох зорилготой гаргасан” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н чи машин бариад урд гарч хоночихоод маргааш өглөө хил нээхээр гарч ирээд хоёр хилийн голын зурвас газарт зогсож бай Н, М бид гурав махаа аваад Монголын хилээр нэвтрүүлээд гараад ирье тэгээд машиндаа нуугаад БНХАУ-руу гаргаж заръя чи маргааш Хятадын хил гараад хоёр хилийн гол хэсэгт байж байгаарай Монголын хил дээр очих хэрэггүй шүү гэж хэлж байсан. Тэгээд би Нийн эзэмшлийн... улсын дугаартай фургон маркийн авто машиныг жолоодон БНХАУ-руу гарч Мандалд очиж хоноод өглөө хил нээхээр нь Хятадын хил гараад 09.00 цагийн үед санаж байна хоёр хилийн гол хэсэгт очихоор явж байтал Н, Н, Г.М гурав зам дээр голден милк сүүний 5 ширхэг хайрцаганд хийсэн мах барьчихсан тухайн хайрцагны дээд хэсэгт 1 үе сүү өрж нуусан байдалтай зогсож байсан би машинтай очиж зогсоод махыг Ний машины тусгайлан бэлтгэж дээд хэсгийг нь авсан шатахууны банкинд махыг, хийж нууж байтал Монголын хилийн цэргийн алба хаагч нар ирж саатуулсан. ...Н, Н, М нарын хамт ханги боомт дээр байсан. Махнаас биедээ ороогоод үлдсэн махыг нь голден милк сүүний хайрцаганд хийгээд ил бариад гараад ирлээ гэж хэлж байсан. ...Би үхрийн махыг Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан Ханги хилийн боомтоор нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн гэдгийг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 02 сарын 15-ны өдөр Ханги хилийн боомтын экспортын чиглэлд томилгоот хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан ба намайг үүрэг гүйцэтгэж байхад Н гэх эмэгтэй мах гаргаж байгаад хилийн голд баригдсан гэж хүмүүс ярьж байхыг сонссон надад хэргийн талаар тодорхой мэдэх зүйл байхгүй. ...Р.Н, Г.М гэх хүмүүсийг бол танихгүй Н гэх эмэгтэйг зүс мэднэ ер нь байнга хил дээр явж байдаг юм” гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр заставын дарга Б томилгоот хуваарийн дагуу Ханги хилийн боомтын журамд хяналт тавин ажилласан үүрэг гүйцэтгэх хугацаанд 10 цаг 40 минутын орчимд цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Эирээд “хоёр хилийн голд фургон маркийн авто машин зогсоод юм ачиж байна” гэж хэлэхээр нь жолооч ахлагч Шын хамт очиж шалгахад 3 залуу машинд голден милк сүүний хайрцагийг эд зүйлс ачсан байдалтай байсан. ...машиныг нь шалгана гэж хэлээд Ханги боомтын хяналтын талбайд авчирч шалгахад ... улсын дугаартай авто машины тусгайлан бэлтгэсэн шатахууны саванд тусгайлан бэлтгэсэн уутанд савласан мах нуусан мөн голден милк сүүний хайрцагт мах хийж дээд хэсгээр нь 1 үе сүү өрж нуусан байдалтай байсан. Тухайн авто машинаас нийт 6 хайрцаг мах гарч ирсэн. ...мах авч явж байсан гэх хүмүүсийн биеийн байцаалтыг шалгаж үзэхэд М.Н, Д.С, Р.Н Г.М гэх хүмүүс байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 10 цаг өнгөрч байхад заставын орлогч, ахлах дэслэгч Т ирээд хоёр хилийн голд фургон маркийн авто машин юм ачаад байна очиж шалгаад ирье гэж хэлээд би ...Тийн хамтаар явж тухайн авто машиныг очиж шалгахад шатахууны савны дээд хэсгийг нь авч тусгайлан бэлтгэж дотор нь савалсан мах хийсэн байдалтай ...улсын дугаартай авто машин зогсож байсан би машинд орж үзээгүй тухайн машиныг Т саатуулж хилийн хяналтын талбайд авчирч үзлэг хийсэн. ...Машины гадна 3 залуу байсан. ...махыг гаргаж байсан хүмүүс нь М.Н, Д.С, Р.Н, Г.М гэж хүмүүс байсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч З.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ...Хилийн 0168-р ангид ирж хугацаат цэргийн алба хааж байсан юм. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуваарийн дагуу 10-12 цагийн хооронд застав дээр цагийн манаанд үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан хоёр хилийн голд буюу Ханги боомтоос урагшаа БНХАУ-руу явах замд бор ногоон өнгийн фургон маркийн авто машинд хүмүүс юм ачаад байх шиг харагдсан. Тэгээд би заставын орлогч, ахлах дэслэгч Тэд ирж хэлсэн. Т орлогч машинтайгаа явж тухайн машин дээр очоод машиныг эргүүлэн хяналтын талбайд авчирч шалгаж байгаа харагдсан. ...Т дарга тухайн машинд ачсан бараа нь мах байсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Эд мөрийн баримт устгасан акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл,
Ашид билгүүн ХХК-ний эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт,
2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 6 дугаартай дүгнэлт,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас зэрэг болно.
Шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хатанбулаг сумын нутагт буюу “Ханги мандал” боомтоор хязгаарлалт тогтоосон бараа буюу 956,200 төгрөгийн 136 кг 600 гр үхрийн түүхий махыг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг ,
шүүгдэгч Д.С нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хатанбулаг сумын нутагт буюу “Ханги мандал” боомтоор Монгол Улсын хилээр
нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл болох 956,200 төгрөгийн буюу 136 кг 600 гр үхрийн түүхий махыг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлэхэд унаагаар хангаж дэмжлэг үзүүлж уг гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон болох нь шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М, Д.С нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Гэрч Э.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр заставын дарга Б томилгоот хуваарийн дагуу Ханги хилийн боомтын журамд хяналт тавин ажилласан үүрэг гүйцэтгэх хугацаанд 10 цаг 40 минутын орчимд цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Эирээд “хоёр хилийн голд фургон маркийн авто машин зогсоод юм ачиж байна” гэж хэлэхээр нь жолооч ахлагч Шын хамт очиж шалгахад 3 залуу машинд голден милк сүүний хайрцагийг эд зүйлс ачсан байдалтай байсан. ...машиныг нь шалгана гэж хэлээд Ханги боомтын хяналтын талбайд авчирч шалгахад ... улсын дугаартай авто машины тусгайлан бэлтгэсэн шатахууны саванд тусгайлан бэлтгэсэн уутанд савласан мах нуусан мөн голден милк сүүний хайрцагт мах хийж дээд хэсгээр нь 1 үе сүү өрж нуусан байдалтай байсан. Тухайн авто машинаас нийт 6 хайрцаг мах гарч ирсэн. ...мах авч явж байсан гэх хүмүүсийн биеийн байцаалтыг шалгаж үзэхэд М.Н, Д.С, Р.Н Г.М гэх хүмүүс байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэсэн мэдүүлэг, Гэрч С.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 10 цаг өнгөрч байхад заставын орлогч, ахлах дэслэгч Т ирээд хоёр хилийн голд фургон маркийн авто машин юм ачаад байна очиж шалгаад ирье гэж хэлээд би ...Тийн хамтаар явж тухайн авто машиныг очиж шалгахад шатахууны савны дээд хэсгийг нь авч тусгайлан бэлтгэж дотор нь савалсан мах хийсэн байдалтай ...улсын дугаартай авто машин зогсож байсан би машинд орж үзээгүй тухайн машиныг Т саатуулж хилийн хяналтын талбайд авчирч үзлэг хийсэн. ...Машины гадна 3 залуу байсан. ...махыг гаргаж байсан хүмүүс нь М.Н, Д.С, Р.Н, Г.М гэж хүмүүс байсан гэсэн мэдүүлэг, Гэрч З.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би ...Хилийн 0168-р ангид ирж хугацаат цэргийн алба хааж байсан юм. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуваарийн дагуу 10-12 цагийн хооронд застав дээр цагийн манаанд үүрэг гүйцтэгэж ажиллаж байсан. Хоёр хилийн голд буюу Ханги боомтоос урагшаа БНХАУ-руу явах замд бор ногоон өнгийн фургон маркийн авто машинд хүмүүс юм ачаад байх шиг харагдсан. Тэгээд би заставын орлогч, ахлах дэслэгч Тэд ирж хэлсэн. ...Т дарга тухайн машинд ачсан бараа нь мах байсан гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримт устгасан акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ний эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 6 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Мын Н, Рийн Н, Ггийн М, Дгийн С нарт холбогдох хэргийг аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 18.5 дах хэсэг нь оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М нарыг хууль, Монгол Улс олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг, шүүгдэгч Д.Сыг Монгол Улсын хилээр хязгаарлалт тогтоосон барааг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлэхэд унаагаар хангаж дэмжлэг үзүүлж уг гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэг материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалтыг Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан байна. Уг хавсралтын 4-т түүхий мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох боомтууд:...Дорноговь аймгийн Замын-Үүд ...гэжээ.
Шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М, Д.С нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй ба Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М, Д.С нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хувийн байдал болон шүүгдэгч Г.М нь насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгож хэрэглэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М, Д.С нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 136 кг 600 гр түүхий махыг мөрдөн байцаалтын шатанд устгасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулахаар заасан байх тул хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Нийн эзэмшлийн 2500 000 төгрөгийн үнэ бүхий ...улсын дугаартай УАЗ-220692 маркийн автомашиныг хураан авч улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэжээ.
Иймд шүүгдэгч нар нь М.Нийн эзэмшлийн ...улсын дугаартай УАЗ-220692 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар хязгаарласан эд зүйл болох түүхий махыг бага бус хэмжээгээр нэвтрүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт хамаарч байна гэж шүүхээс үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М, Д.С нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Н, Р.Н, Г_М нарыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг, шүүгдэгч Д.Сыг Монгол Улсын хилээр хязгаарлалт тогтоосон барааг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлэхэд унаагаар хангаж дэмжлэг үзүүлж уг гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 , 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М нарыг тус бүр 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сыг 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М, Д.С нарыг торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөхиий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М, Д.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М, Д.С нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Нийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ-220692 маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М, Д.С нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН