Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2024/0534

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Э /РД:/,                                        

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын хооронд үүссэн төрийн албанаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулж, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч С.Эгээс Албан тушаалаас чөлөөлөх тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Албан тушаалаас чөлөөлөх тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны ******* дүгээр тогтоолд зааснаар эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж тодруулсан.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Нэхэмжлэгч С.Э нь 2001 оны 06 дугаар сарын 25-ны өдөр О******* Улсын М******* улсын багшийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй тсөн бөгөөд 2016 оноос Нийслэлийн Байгаль орчны газарт, мэргэжилтнээр ажиллаж байсан.

2.2.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дүгээр тушаалаар тус яамны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчдын албан тушаал, ажлын байрны нэр, ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталж, хоёрдугаар хавсралтын 14-т Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хөтөлбөрийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн, дэс түшмэл, байхаар тусгажээ.

2.3.Нийслэлийн Байгаль орчны газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагын харилцан тохиролцсоны дагуу Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дүгээр тушаалаар нэхэмжлэгч С.Эг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдэлд шилжүүлсэн байна.

2.3.С.Эг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай тушаалаар тус яамны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хөтөлбөрийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн томилсон.

2.4.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай тогтоолын 26 дугаар хавсралтаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хөтөлбөрийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн баталсан байх бөгөөд уг албан тушаалд тавигдах мэргэжлийг шаардлагыг олон улсын харилцаа(), хүрээлэн буй орчин(), байгалийн шинжлэх ухаан(053), хүрээлэн буй орчныг хамгаалах технологи(0712), ойн аж ахуй(), экологийн аюулгүй байдал() гэж тус тус заажээ.

2.6.Төрийн албаны зөвлөлийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажиллаж, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

2.7.Улмаар дээрх хяналт шалгалтын ажлын тайланг хэлэлцээд Төрийн албан зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор томилох эрх бүхий албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил таарахгүй албан тушаалд томилсон 2 албан хаагчийн асуудлыг эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасны дотор нэхэмжлэгч С.Эгийн нэр багтсан бөгөөд тогтоолын биелэлтийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг хариуцагчид үүрэг болгожээ.

2.8.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр дээрх 2023 оны ******* дүгээр тогтоолыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлж, чиглэл өн байх ба 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулж, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор биелэлтийг ирүүлэхийг мэдэгджээ.

2.9.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Эг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлсөн.

2.10.Үүнийг эс эс зөвшөөрч, нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг хянан үзээд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай албан бичгээр албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн тусгай шаардлага хангаагүй байхад Таныг уг албан тушаалд шилжүүлэн томилсон нь хууль тогтоомж зөрчсөн байна, ...Та гомдолд дурдсан ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөнтэй холбоотой асуудлаар шүүхэд хандах эрхтэй гэх хариуг өн байна.

2.11.Улмаар С.Эгээс Албан тушаалаас чөлөөлөх тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан.

2.12.Тус шүүх С.Эгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

 

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

3.1.Нэхэмжлэгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Сн овогтой Э нь 2016 оноос Нийслэлийн Байгаль орчны газарт хотын ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хариуцан ажиллаж ирсэн. Албан ажлын зайлшгүй шаардлагын үүднээс Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 2.1-д заасны дагуу байгууллагын удирдлага харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр албан бичгээр Нийслэлийн Байгаль орчны газарт ирүүлснээр миний бие Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл, хөтөлбөрийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар тушаалаар томилогдсон. Тухайн үед албан тушаалын тодорхойлолтыг танилцуулаагүй, албан тушаалын тодорхойлолт Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дүгээр тушаалаар шинэчлэн баталсан бүтцийн дагуу боловсруулагдаж байсан.

Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр тогтоолын 6-д томилох эрх бүхий албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил таарахгүй албан тушаалд томилсон 2 албан хаагчийн асуудлыг эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг томилох эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон. Дээрх тогтоол гарах үед албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй байсан. Албан тушаалын тодорхойлолтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр тушаалаар баталсан. Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 04-27-ны өдрүүдэд ээлжийн амралттай байсан ба ажлаас чөлөөлөх тухай тушаал 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гарсан нь миний Хөдөлмөрийн тухай хуулиар эдлэх эрхийг зөрчсөн үйлдэл гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

3.2.Нэхэмжлэгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 3 сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга өөрийн биеэр санал тавьсны үндсэн дээр Нийслэлийн Байгаль орчны газраас шилжиж очсон. Яаманд шилжиж очих хүртлээ 2016 оноос төрийн албаны тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн ажил үүргээ гүйцэтгээд яг энэ мэргэжлий чиглэлийн энэ салбартаа ажиллаж байсан. Төрийн захиргааны 2 байгууллага хоорондоо удирдлагууд нь зөвшилцөөд албан бичгээр хууль журмын дагуу шилжүүлж авчхаад ажлын байрны тодорхойлолт таарахгүй байна гэдэг үндэслэлээр төрийн албаны нөөцөд байхгүйгээр бүрмөсөн чөлөөлчихсөн байна. Төрийн албаны тогтоолд энэ хүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх чиглэл өн байхад төрийн албанаас бүр чөлөөлж эрх зүйн байдлыг дордуулсан. Ажлаас чөлөөлөх мэдэгдэлд 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гарын үсэг зуруулсан. гэв.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д төрийн албан хаагчийн баталгааг заасан. Улмаар 6 сараар цалинтайгаар дадлагажуулах зохицуулалтыг зөрчсөн байна гэж үзэж байгаа юм. Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд албан тушаалын цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшүүлж болох бөгөөд энэ хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эс үгүй бол 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгох гэсэн хуулийн зохицуулалттай. Хариуцагчийн тайлбараас харахад С.Эгийн мэргэжлийн индекс таарахгүй байна гэдэг. Ажлаас халагдсан хугацаандаа дэлхийн олон улсын уур амьсгалын байгууллагын төслүүд дээр богино хугацаагаар ажиллаад өөрийнхөө зардлаар мэргэшээд явж байгаа. 7 хоногоор 14 хоногоор олон аймагт очиж сургалт заасан. Дундговь аймаг руу өөрийн зардлаар 2 удаа очиж сургалт орсон. Хуулиар төрийн байгууллагын зардлаар сургалтад явах ёстой. Процессын алдаа гаргасан байна гэж үзэж байгаа. Энэ хүнийг төрийн захиргааны 2 байгууллага зөвшилцөөд манай байгууллагад хэрэгтэй хүн байна, орос, англи хэлний өндөр мэдлэгтэй, чадвартай олон жил мэргэшээд ажилласан хүн байна гээд шилжүүлэн авсан хэрнээ 4, 5 сарын дараа шууд сонсох ажиллагаа хийхгүйгээр ажлаас нь чөлөөлж, сонсох ажиллагаа хийх хуулийн зохицуулалтыг зөрчиж, нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн. Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдээрэй гэж байхад эрх зүйн байдлыг нь дордуулаад төрийн албаны зэрэг дэвийг нь байхгүй болгож, төрийн албанаас бүрмөсөн чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн шалгалтаа өгч мерит зарчмаар ажиллаж байсан. Иймд нэхэмжлэгчийг өмнө нь ажиллаж байсан албан тушаалд нь томилж, нийгмийн даатгал болоод ажилгүй байсан хугацааны цалинг нь буцаан олгож өгнө үү гэв.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан албан ажлын зайлшгүй шаардлагын үүднээс төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын дагуу Нийслэлийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн Уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Эг өөрийнх нь зөвшөөрснөөр, байгууллагын удирдлага харилцан тохиролцсоны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар тушаалаар тус яамны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хөтөлбөрийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар тушаалаар яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тоог шинэчлэн баталсан. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар тогтоолоор яамны албан хаагчдын албан тушаал, ажлын байрны тодорхойлолтыг баталсан. Нэхэмжлэгч С.Эгийн эзэмшсэн мэргэжлийн индекс нь Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хөтөлбөрийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд тавигдах тусгай шаардлагатай нийцэхгүй байсан. Төрийн албаны зөвлөл 2023 оны 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Уг төлөвлөгөөт хяналт, шалгалтаар С.Эгийн эзэмшсэн мэргэжил нь тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн индекстэй зөрүүтэй болох нь тогтоогдож, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тогтоол, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн *******, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний ******* дугаартай албан бичгүүдээр удаа дараа хууль тогтоомж зөрчиж томилсон шийдвэрийг хүчингүй болгох үүрэг, албан шаардлагыг тус яамны Төрийн нарийн бичгийн даргад ирүүлсэн. Үүний дагуу С.Эг Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хөтөлбөрийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалаас Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаар чөлөөлсөн. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаал нь хуулийн зөрчилгүй захиргааны акт байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулсан. Нэхэмжлэгч 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн огноотой сонсох ажиллагааны мэдэгдэлд гарын үсгээ зурчихсан байгаа боловч тэрийг сонсох ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаад байгаа. Гэхдээ өөрөө тайлбараа баримтаар нотлоогүй. Төрийн албан хаагчийн баталгаа гэж ярьсан. Хэрвээ мэргэжлийн шаардлага, индекс таарахгүй бол өөр албан тушаалд томилохгүй яасан юм бэ гэдэг юм бас яригдаж байгаа. Яаманд төрийн нарийн бичгийн даргын туслах болон Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст бизнесийн удирдлагын мэргэжилтэй ажлын байрны тодорхойлолт байгаа. Гэхдээ тэр 2 албан тушаалд хүн ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн мэргэжлийн индекс таарах өөр албан тушаал тус яаманд байхгүй, нэхэмжлэгч энэ талаар маргахгүй гэсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:      

1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Төрийн албаны зөвлөлөөс миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх чиглэл өн байхад төрийн албанаас бүр чөлөөлж эрх зүйн байдлыг дордуулсан, ...төрийн жинхэнэ албан хаагчийн өөр ажил, албан тушаалд шилжих,  төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших,  хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах нэмэгдэл баталгааг эдлүүлээгүй, ...албан тушаалаас чөлөөлөгдөх үед өмнө нь ажиллаж байсан Нийслэлийн Байгаль орчны газрын Уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд хүн томилогдоогүй, тухайн албан тушаалд шилжүүлэн томилох боломжтой байсан, гэтэл төрийн албанаас шууд чөлөөлсөн нь миний төрийн албанд ажиллах эрхийг зөрчсөн, ...сонсох ажиллагаа хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.

3.Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын зүгээс яамны бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалын тодорхойлолтыг шинээр баталсан, Уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын мэргэжлийн шаардлагыг нэхэмжлэгч хангахгүй болсон, ...Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд хийсэн хяналт шалгалтаар нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангахгүй байгаа талаар дүгнэж, улмаар хариуцагчид хууль тогтоомж зөрчиж томилсон шийдвэрээ хүчингүй болгох үүрэг ний дагуу нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн, ...нэхэмжлэгчийн мэргэжлийн индекст таарах албан тушаал нь Төрийн нарийн бичгийн даргын туслах болон Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн санхүүгийн мэргэжилтний албан тушаалын орон тоо байсан боловч тухайн албан тушаалд өөр хүн томилогдон ажиллаж байсан, үүнээс өөрөөр яаманд нэхэмжлэгчийн мэргэжлийн индекст таарах албан тушаалын сул орон тоо байгаагүй, ... 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэлд нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зурсан тул сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж тайлбарлан маргаж байна.

4.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дүгээр тушаалаар яамны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчдын албан тушаал, ажлын байрны нэр, ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталсан байх бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг үндэслэн Нийслэлийн Байгаль орчны газрын удирдлагатай харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч С.Эг тус яамны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хөтөлбөрийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн шилжүүлэн томилжээ.

5.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан тушаалын 36 тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг томилох эрх бүхий албан тушаалтанд олгосны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр тушаалаар нэхэмжлэгч С.Эгийн томилогдсон Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хөтөлбөрийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг баталсан байна.

5.1.Дээрх албан тушаалын тодорхойлолтод албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагыг олон улсын харилцаа(), хүрээлэн буй орчин(), байгалийн шинжлэх ухаан(053), хүрээлэн буй орчныг хамгаалах технологи(0712), ойн аж ахуй(), экологийн аюулгүй байдал() гэж заасан ба нэхэмжлэгч С.Эгийн эзэмшсэн Бизнесийн удирдлага-ын мэргэжлийг тусгагдаагүй байна.

6.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 4 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт, шалгалт хийсэн,

6.1.хяналт, шалгалтын ажлын тайланд нэхэмжлэгч С.Эг албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангахгүй гэж дүгнээд, тус яамны томилох эрх бүхий албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилогдсон алба хаагчдын жагсаалтад орсон хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж буй албан хаагчдыг албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангасан албан тушаалд холбогдох хууль журмын хүрээнд томилох зөвлөмжийг тусгасан,

6.2.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 17 дугаар хуралдаанаар дээрх ажлын тайланг хэлэлцэн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай тогтоолыг баталсан,

6.3.тус тогтоолын хавсралтад Төрийн албаны хууль тогтоомжийг зөрчиж томилогдсон 4 албан хаагч, иргэдийн нэрсийг заасны дотор нэхэмжлэгч С.Эг албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангахгүй гэж тодорхойлсон,

6.4.тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий албан хаагч, иргэдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг, мөн томилсон эрх бүхий албан тушаалтын буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил таарахгүй албан тушаалд томилогдсон 2 албан хаагчийн асуудлыг эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгосон байна.

7.Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг үндэслэн С.Эг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлжээ.

8.Хариуцагчаас шийдвэрийн үндэслэлээ С.Эг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар төрийн албанаас түр чөлөөлөх хууль зүйн үндэслэл болон нэхэмжлэгчийн мэргэжлийн индекс таарах албан тушаалын сул орон тоо яаманд байгаагүй гэж тайлбарладаг.

9.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад томилсон эрх бүхий албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил таарахгүй албан тушаалд томилогдсон 2 албан хаагчийн асуудлыг эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг үүрэг болгосноос үзвэл хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан сонгох боломжийг хэрэглэж шийдвэр гаргахаар байна.

9.1.Иймд шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл  хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн эрх хэмжээг хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн хэрэглээгүйн улмаас гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгасан буюу талуудын маргаж буй үндэслэлийн хүрээнд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

10.Нэхэмжлэгчээс төрийн албанаас түр чөлөөлөх боломжтой байсан гэж маргадаг боловч энэ хэргийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй.

10.1.Тодруулбал, нэхэмжлэгч С.Э нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-46.1.4-т заасан төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэлд хамаарах хүсэлт, холбогдох баримтыг томилох эрх бүхий албан тушаалтанд хандан гаргаж байгаагүй тул хариуцагч нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй үндэслэлээр өөрийн санаачилгаар түүнийг төрийн албанаас түр чөлөөлөх хууль зүйн боломжгүй.

11.Нэхэмжлэгч С.Э Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэмэгдэл баталгааг эдлүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарладаг.

11.1.Төрийн албан тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох нэмэгдэл баталгаагаар хангагдана.

11.2.Дээрх хуульд заасан цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан төрийн албан хаагчийг төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулахад хамаарахгүй.

11.3.Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх зохицуулалтыг албан ажлын зайлшгүй шаардлага/ тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл байдал/-ыг үндэслэн төрийн байгууллагын удирдлагын харилцан тохиролцсоны үндсэн дээр хэрэглэх болохоос төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсаны улмаас тухайн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах зорилгоор хэрэглэх зохицуулалт биш юм.

11.4.Өөрөөр хэлбэл, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс төрийн өөр байгууллагын шаардлага хангаж буй албан тушаалд шилжүүлэн томилох нь Төрийн албаны тухай хуулийн 44.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулга бишээс гадна төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцэхгүй.

12.Нэхэмжлэгч С.Э нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан нэмэгдэл баталгааны хүрээнд Байгаль орчин, аялал жуучлалын яаманд мэргэжлийн шаардлага хангасан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, эсхүл тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах байсан гэж маргадаггүй тул шүүх энэхүү сонгох боломжийг хариуцагч хуульд нийцүүлэн хэрэглэсэн эсэхийг шалгаж, дүгнэлт хийгээгүй болно.

13.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад ... төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших боломжтой байсан гэх агуулгаар тайлбарлан маргадаг.

13.1.Хэдийгээр төрийн албан хаагч төрийн хөрөнгөөр дахин мэргэшиж, мэдлэг, ур чадвараа сайжруулах нэмэгдэл баталгаагаар хангагдах боловч энэ нь нэхэмжлэгчийн хүсэж буй эрх зүйн байдлыг дордуулахгүй байх эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй.

14.Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан хаагчдын албан тушаалын шаардлага, ажлын байр, С.Эгийн мэргэжил, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэлийг харгалзан нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлснийг хариуцагчид олгосон эрх хэмжээний хүрээнд, сонгох боломжийг хуульд заасан шаардлагад үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д заасан Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх зорилгодоо нийцүүлэн хэрэглэсэн шийдвэр байна гэж шүүх үзлээ.

15.Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сонсох ажиллагааны мэдэгдэлд гарын үсэг зурсан нөхцөл байдлаас үзвэл хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан сонсох ажиллагаа хийх захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

16.Хөдөлмөрийн тухай хуулийн 60.1-д Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална:, 60.1.1-д ээлжийн амралттай гэж заасан.

17.Хэрэгт авагдсан ээлжийн амралт олгох тухай мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч С.Э нь ээлжийн амралтаа 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 09 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд эдлэх эрхтэй, маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар чөлөөлсөн буюу ээлжийн амралттай байх хугацаанд албан тушаалаас чөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдож байх хэдий ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй гэж үзлээ.

          18.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны ******* дүгээр тогтоолд зааснаар эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 46 дугаар зүйлийн 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт тус тус баримтлан нэхэмжлэгч С.Эгийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны ******* дүгээр тогтоолд зааснаар эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ГАНЗОРИГ