Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/00335

 

 

                              

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 16 өдөр                       Дугаар 102/ШШ2024/00335                    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад     

 

   Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч С.Эт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

 

  2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.  Үүнд:

 

3.Нэхэмжлэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие 2013 онд С.Этай танилцаад 2014 оноос эхэлж хамтран амьдарсан.

2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр охин Э.М, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүү Э.Б нар төрсөн.

Хамт амьдрах хугацаанд зан чанар, үзэл бодол нийлэхгүй, таарамжгүй байдлыг улмаас бид 2022 оны 04 дүгээр сараас эхэлж тусдаа амьдарсан.

Энэ хугацаанд би хүүхдүүдээ асран халамжилж байсан.

Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй гэж үзээд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү.             

С.Этай ярилцаж тохиролцоод хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй.

Намайг завгүй байх үед мөн амралтын өдрүүдэд аав нь хүүхдүүдээ харж хандан тодорхой хэмжээний анхаарал хандуулдаг тул тэтгэлэг нэхэхгүй гэж миний зүгээс үзэж байна, гэжээ.

 

           4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүхэд гаргасан тайлбартаа:

             Хариуцагч нэхэмжлэгч хоёр 2013 онд танилцаж, 2014 оноос хамтран амьдарч эхэлсэн.

           2015 онд охин Э.М, 2016 онд хүү Э.Б нар төрсөн бөгөөд одоо хүүхдүүд 8, 9 настай.

         Талууд хамт амьдрах хугацаандаа гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болоод 2022 оны 10 дугаар сараас эхэлж өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

          5.Хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

          Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, Баянгол дүүргийн 0 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон тэмдэглэл

 

         6. Хариуцагч иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбарыг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

       

         1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

         2.Нэхэмжлэгч Б.Г нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Бид тусдаа амьдраад удаж байгаа ба хамт амьдрахад зан харилцаа, үзэл бодол нийлэхгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулахаар тохиролцсон” гэж тайлбарлав.

 

         3.Хариуцагч С.Э нэхэмжлэлийг зөвшөөрч маргаагүй байна.

        

         4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

         5.Зохигчид 2013 онд танилцаад улмаар 2014 онд хамтран амьдраад 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр охин Э.М, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүү Э.Б нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, 0, 0 дугаартай төрсний гэрчилгээ, 0 дугаартай гэрлэлтийн лавлагааны хуулбар, Баянгол дүүргийн 0 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн “Э.М 8 настай, Э.Б 7 настай эрүүл өсөж бойжиж байна” гэх тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.   

 

         6.Иймээс талууд гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч цаашид хамтран амьдрахад эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

         

         7.Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд гэрлэгсдийн хэн аль нь тохиролцож болох бөгөөд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан үзэж тогтоодог.

 

         8.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлд зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэж, хүүхдээ асран хамгаалахыг эцэг, эхийн үүрэг гэж тодорхойлжээ.

 

         9.Иймээс хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар зохигчид маргахгүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэх тайлбарыг гаргаж байх тул хүүхдийн орчин нөхцөл, амьдралынх нь хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасны дагуу охин Э.М, хүү Э.Б нарыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

         10.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэхгүй гэсэн тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.

 

         11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.   

           

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

        115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Э, Б.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

        

         2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Э.М, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Э.Б нарыг эх Б.Гийн асрамжид үлдээсүгэй.

 

         3.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

         4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

     

         5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Билгүүнд даалгасугай.

 

         6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

         7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.    

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА