Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/00334

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 16 өдөр                        Дугаар 102/ШШ2024/00334                   Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

                    

Шүүх хуралдаанд оролцогчид:

  Нэхэмжлэгч О.З

  Хариуцагч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   1.Нэхэмжлэгч О.З, хариуцагч Б.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

 

          2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

  3.Нэхэмжлэгч О.З шүүхэд гаргасан тайлбартаа:

  Миний бие 2016 оны 08 дугаар сард Б.Бтэй танилцаад 2017 оны 05 дугаар сард гэрлэлтээ батлуулж, 2017 оны 08 дугаар сард охинтой болсон.

  Ингээд хоёр жилийн хугацаанд буюу 2019 он хүртэл хамт амьдарсан бөгөөд үүнээс хойш 5 жилийн хугацаанд тусдаа амьдарсан.

   Иймээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

  4.Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, гэжээ.

 

           5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

         

           6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн лавлагаа, Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Дорнод аймгийн “У” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Баянгол дүүргийн 0 дүгээр сургуулийн тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

        1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

                                                                                                                                                                                                                                                                                           

        2.Нэхэмжлэгч О.З нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Бид зан байдлын таарамжгүй харилцаанаас тусдаа амьдраад 5 жил болсон бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй учраас гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн” гэж тайлбарлав.

 

        3.Хариуцагч Б.Б нэхэмжлэлийг зөвшөөрч маргахгүй байна.

 

         4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

         5.Зохигчид 2016 онд танилцаад улмаар 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр охин Б.А төрсөн болох нь талуудын тайлбар, 0 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 0 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны Засаг дарга Б.Д-н “О.З ам бүл хоёр, тус хороонд оршин суудаг”, “У” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.А-н “Б.А эрүүл өсөж бойжиж байгаа, вакцинд хамрагдсан”, Баянгол дүүргийн 0 дүгээр сургуулийн сургалтын менежер Л.Б-н “Б.А 1-А ангид суралцаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолтууд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

        6.Талууд 2019 оноос хойш тусдаа амьдарч, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч цаашид хамтран амьдрахад эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.  

       

       7.Хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын тухайд гэрлэгсдийн хэн аль нь тохиролцож болох бөгөөд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан үзэж тогтоодог.

 

         8.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлд зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэж, хүүхдээ асран хамгаалахыг эцэг, эхийн үүрэг гэж тодорхойлжээ.

 

         9.Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд хариуцагч зөвшөөрч маргаагүй учраас хүүхдийн орчин нөхцөл, амьдралынх нь хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасны дагуу охин Б.Аг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

      

         10.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу эцэг, эх нар хүүхдээ тэжээн тэтгэх мөн насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээх бөгөөд эцэг, эх энэ асуудлаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтоож болох тул эцэг Б.Бээс сар бүр тэтгэлэг гаргуулж охин Б.Аг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.       

 

         11.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

 

         12.Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

 

        13.Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж эдгээр үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг байхыг дурдах нь зүйтэй.

 

       14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн   

         115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       

          1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б, О.З нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

          2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.А г эх О.З ын асрамжид үлдээсүгэй.

 

         3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.А г 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Б.Б ээс сар бүр гаргуулж,тэжээн тэтгүүлсүгэй.

 

        4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Б.Б ээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

 6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх О.З д даалгасугай

 

 7.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

         8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

         9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Билгүүнд даалгасугай.

 

        10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

        

        11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.        

         

        12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АРИУНАА