Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 22

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор  А.Дүүрэнбилэг

Хохирогч М.Г

Гэрч М.Б, Я.Тнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь  аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

       Т.Б

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Т.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогч М.Гийн нүүр лүү цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Т.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогчийн мэдүүлж байгаагаар намайг зүгээр зогсож байхад нь очиж танхайрч цохьсон мэт мэдүүлж байна. Анх нөхөртэй нь уулзаж нэг удаа 9000 төгрөгийн хөлс төлж, явахдаа хог, ирэхдээ элс авч ирж нийт 3 удаа явахаар тохирсон байсан. Эхний удаагаа явж ирчихээд байж байтал танихгүй эмэгтэй хүн ирээд наад хогоо буулга гээд харааж загнаад байсан. Би энэ хүнийг томографикийн зураг авахуулах хэмжээний цохиогүй. Тухайн үед би цагдаа дууд гэсэн. Цагдаа нь ирсэн. Хэрэв миний буруу байсан бол цагдаа нь намайг саатуулах байсан. Цагдаа ирээд Г гэдэг хүнтэй уулзсан. Намайг ажлынх нь хөлсийг нь өгөхгүй юм уу гэхээр нь би өгье гэхэд үгүй наад мөнгийг чинь авахгүй, чи намайг ямар хэл амтай болохыг хараарай. Ямар хүнтэй учирсан гэдгээ мэдэхгүй байна гээд байсан. Тэгэхээр нь би чи явдаг газраараа яв гэж хэлчихээд явсан гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч М.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 11-ний орой 18 цагаас нөхөр дээрээ очиход нөхөр гагнуур хийх гээд явсан. Хог ачиж байсан хүмүүс их ачаад тэвш дүүрээд ирэхээр нь дахиад нэмэхгүй шүү гэхэд  түрүүний ах ач гэсэн гээд нэмээд ачаад байсан. Эвдэрчихвэл яах юм гэхэд энэ залуу чи юу юм гээд байсан. Нэг нум хугарахаараа өндөр үнэтэй гэхэд юу яриад байгаа юм. Би өөр хүнтэй тохирсон, тэр хүн хаана байна гээд байсан. Битгий нэмж ачаад бай, хог ачина гэж хэлээгүй. Хог ачилтын 5000 төгрөгийг нэмээд өгчих гэхэд луйварчингууд гээд хэлэх хэлэхгүй муухай үг хэлээд байсан. Би машиныхаа хаалгыг нээгээд байж байхад хаалга савсан. Одоо ч машины хаалга гажчихсан байгаа. Яаж байгаа юм гээд хэрэлдэж байтал өндөр шивээстэй залуу нь цаашаа аваад явсан. Тэр хооронд нь би бууж очтол намайг мангасдаад, кабины арын тэвшинд нуруугаар минь цохиод элдэв янзаар хэлээд байсан. Тэгэхээр нь би наад хогоо буулга, сая явсан мөнгөө ч авахгүй гэхэд дуртай бол өөрөө буулга гэсэн. Тэгэхээр нь би хүрз бариад буулгах гэтэл 2 эмэгтэй хүн ирээд бид нар энд ажиллаж байгаа хүмүүс нь юм гээд өөрсдөө буулгасан. Би кабиндаа суугаад чамд хүн доромжлох эрх байхгүй хууль дүрэм гэж байдаг юм шүү гэж хэлхэд чаддаг юм бол тэр хуулиа хэрэгжүүл харъя гээд бас элдвээр хэлээд байхаар нь би цагдаа дуудна гэхэд дууд гэхээр нь цагдаа дуудсан. 10-15 минут болж байж цагдаа ирсэн. Энэ хооронд муухайгаар хэлээд л байсан. Цагдаа ирэхэд болсон хэргийн талаар хэлэхэд цагдаа дээр оч гэж хэлсэн. Гэртээ очоод байж байтал толгой өвдөөд байсан. Нөхөртөө хэлэхэд эмнэлэг явъя гэхээр нь 20 цаг өнгөрч байхад очиж үзүүлж дусал, тариа хийлгэсэн гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Барилгын ажлаас гарсан хогийг ачихаар баруун захаас нэг портерын жолоочтой тохирсон байсан. Нэг удаа хог хаяж, элсээ ачаад ирэхэд жолооч нь солигдсон байсан. Хог ачиж байхад энэ эмэгтэй одоо болно. Үүнээс ихийг ачихгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь түрүүнд үүнээс их хог ачсан жоохон нэмж болохгүй юмуу гэхэд мөнгө нэмж өг гээд хэрэлдсэн. Г гэх эгч Б ах хоёр муудалцаад Г нь ачиж байсан хогноос чулуу аваад Бг цохих гэхээр нь би тэр хоёрыг салгасан. Гэхдээ Г гэж эгч чулуу авч цохих гэснээс өмнө Б ах тэр эгчийн нүүр лүү салаавч гаргаад түлхсэн.Тэгээд цагдаа ирээд энэ эгч заргалдана гээд байсан гэсэн мэдүүлэг,

 

          Гэрч Я.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2 дүүтэйгээ очсон байсан. Б ахыг таньдаг. Ахын дүү ийм ажил байна, туслаад өгчих гэхээр нь очиж тусалсан. Анх портерийн эзэн гээд нэг ах байсан. Дараа нь энэ эгч ирсэн. Бид хогоо ачиж байсан чинь энэ эгч хог ачина гэж тохироогүй гээд маргаад эхэлсэн. Хэрэлдэж маргаж байгаад энэ эгчийг машиных нь дэргэд мангасдаж түлхсэн. Жолоочийн кабины хэсэгт нь байхад нүүрэнд нь гараараа тулаад түлхсэн. Б ахыг мангасдсанаас хойш Г гэх эмэгтэй уурлаад чи ингэхгүй шүү гээд блокны хагархай аваад цохих гээд байсан гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. "... 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн үед шиг санаж байна намайг машинтайгаа зах дээр зогсож байхад нэг танихгүй залуу ирээд шарилын цаанаас элс 3 удаа татуулъя гэхээр нь би тэр залуутай мөнгөө тохироод “Му music“ баарны гадаа очсон чинь замдаа барилгын хог хаяна гээд миний машинд хог ачаад явсан. Замдаа хогоо жалганд буулгачихаад цаанаас очиж элсээ ачаад баарны гадаа очоод зогсоход манай эхнэр утсаар яриад чамайг хүн сураад гэрт ирчихлээ гэхээр нь би эхнэрийгээ баарны гадаа дуудаад ирэхэд нь хоёр удаа явна нэг явалт нь 9000 төгрөгөөр тохирсон хог ачсан хөлсийг яриагүй байгаа 5000 төгрөгөөр тохирно биз гэж хэлчихээд эхнэрээ машин дээрээ орхиод би гэр лүүгээ явсан. Ингээд намайг гэртээ очоод байж байтал манай эхнэр машинаа уначихсан эргэж ирсэн. Нөгөө залуутай муудалцаад тэр нь толгой руу цохьсон гэж байсан.Манай эхнэрийн толгой нь өвдөөд байна гэхээр нь би эхнэрийгээ аваад шууд эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Эмч үзээд тархины зөөлөн эд гэмтсэн байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад гомдол гаргасан юм гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Г гэх эмэгтэйд анх эмчийн үзлэг хийхэд баруун хацар улаалттай байсан, рентген зураг авахуулахад тархи доргилтын шинж илэрсэн тэрийг л үндэслэж зөөлөн эдийн гэмтэл. тархи доргилтын гэмтэлтэй гэсэн онош тавьсан. Тэгээд Гт эмчийн зөвөлгөө өгч цаашид компьютер графикийн зураг авахуулж, дараагийн эмнэлэгт үзүүлэх зөвөлгөө өгч явуулсан гэсэн мэдүүлэг,

       

             Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 23/

             Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41,43/ зэргийг шинжлэн судлав.

 

   Шүүгдэгч Т.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогч М.Гийн нүүр лүү  гараараа /мангасдаж/ түлхсэнээс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч М.Г, гэрч Я.Т, М.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Д.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Т.Бд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч Т.Бд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд  шүүгдэгч  нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдож  байх тул шүүгдэгч Т.Бг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Т.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хохирогчийг чулуу аваад цохих гэж байхад Б салгасан, үүний дараа би хохирогчийн нүүр лүү мангасдаж машинд нь суулгасан. Г намайг чулуугаар цохьсон бол надад ямар гэмтэл учирах байсныг мэдэхгүй шүү дээ. Заавал өөртөө гэмтэл учруулах байсан гэж үү...” гэсэн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Бгийн өгсөн “...Г гэх эгч Б ах хоёр муудалцаад Г нь ачиж байсан хогноос чулуу аваад Бг цохих гэхээр нь би тэр хоёрыг салгасан. Гэхдээ Г гэж эгч чулуу авч цохих гэснээс өмнө Б ах тэр эгчийн нүүр лүү салаавч гаргаад

 

 

түлхсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Я.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хэрэлдэж маргаж байгаад энэ эгчийг машиных нь дэргэд мангасдаж түлхсэн. Жолоочийн кабины хэсэгт нь байхад нүүрэнд нь гараараа тулаад түлхсэн. Б ахыг мангасдсанаас хойш Г гэх эмэгтэй уурлаад чи ингэхгүй шүү гээд блокны хагархай аваад цохих гээд байсан...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 302 тоот дүгнэлтээр үгүйсгэгдэж байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Т.Бг хохирогч М.Гийн чулуугаар цохих довтолгооны эсрэг үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хохирогч М.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “...эрүүл мэндийн хохиролд 1000000 төгрөг , өөрийн эзэмшлийн портер машинаар элс, хог ачсаны хөлсөнд 14000 төгрөг нэхэмжлэнэ...”гэжээ.

 

          Шүүгдэгч Т.Б нь хохирогч М.Гт ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд нэхэмжилсэн 14000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлж барагдуулсан ба хохирогчийн эрүүл мэндийн хохиролд нэхэмжилсэн 1000000 төгрөгийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, одоо эмчилгээ хийлгээгүй цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилснийг энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах  эрхтэй болно.

 

     Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон  иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг  дурдах нь зүйтэй.

 

     Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох  хүсэлт гаргасан ба шүүгдэгч Т.Б нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцэж байна.

 

     Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэнд, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн  зэргийг харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 450000 төгрөгийн торгох ялыг хоёр сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Гийн 1000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, 14000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.АДЪЯАСҮРЭН