Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 0041

 

 

 

 

 

 

 

Б.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                         Ж.Б

Яллагдагч                                                       Б.Д

Яллагдагчийн өмгөөлөгч                            Х.О /цахим/

Хохирогч                                                         С.О, П.Д,

Нарийн бичгийн дарга                                Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 275 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Ж.Б-н эсэргүүцлээр Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Л овогт Б-н Д,

Б.Д нь Ц.Ү нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр “Э” төрийн өмчит үйлдвэрийн газрын нөөцийн байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 07 дугаар сард иргэн П.Д-с 17.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэн П.У-с 25.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн С.О-с 25.000.000 төгрөг,

О.Д, Ц.Ү, Ё.Б нартай бүлэглэн 2018 оны 09, 10 сард иргэн Г.Б-с 18.240.000 төгрөг,

О.Д, Ё.Б нартай бүлэглэн 2018 оны 09, 10 дугаар сард иргэн Ч.Б-с 22.000.000 төгрөг,

О.Дтэй бүлэглэн 2018 оны 06 дугаар сард иргэн У.Т-с 23.000.000 төгрөг буюу нийт 6 удаагийн үйлдлээр 130.240.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан, залилах гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт Л овогт Б-н Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн  дугаартай хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн       дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Б.Дд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Б эсэргүүцэлдээ:

 

... Яллах дүгнэлтэд дурдагдсан хэргийн үйл баримт хэрэгт үндсэн хэргээс тусгаарласан хэрэгт хуулбарлан авсан нотлох баримтаар тогтоогдсон ба тухайн үйлдлийг дүгнэн хэлэлцэхэд гэм буруугийн хурлаар хэлэлцэх боломжтой байна.

Хэдийгээр яллах дүгнэлтийн нотлох баримт хэсэгт Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн         дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн        дугаартай магадлалыг дурдан бичсэн боловч тухайн шийдвэрүүдэд шүүгдэгч нараас хохирогч нарт төлөх хохирлын хэмжээг шүүхээс тодорхойлсон байна.

Мөн Б.Д нь эхнэр О.Д болон бусад этгээдүүдтэй бүлэглэн 2018 оны 06 дугаар сараас эхлэн залилах гэмт хэрэг үйлдсэн үйл баримтаас дүгнэхэд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч П.У-с 25,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч С.О-с 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн авахад О.Д нь Б.Дгийн эзэмшлийн арилжааны банк дахь харилцах дансыг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэхээ санаа сэтгэлээрээ нэгдэж бүлэглэн буюу өөрийн эхнэр О.Дийг залилах гэмт хэрэг үйлдэхдээ арилжааны банк дахь харилцах дансыг ашиглаж байгааг мэдэж, мэдсээр байж ашиглуулан хамтран оролцсон нь тогтоогдсон.

Б.Дг залилах гэмт хэргийг нийт 6 удаагийн үйлдлээр бусадтай үйлдлээрээ болон санаа сэтгэлээрээ санаатай нэгдэж бүлэглэн үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан, амьдралын эх үүсвэр болгосон гэх хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Дээрх шүүгчийн захирамж нь биелүүлэхэд ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтын аль үндэслэлээр буцааснаа тайлбарлаагүй, ямар төрлийн нэмэлт ажиллагаа хийх талаар дурдаагүй атлаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр ойлгомжтой биелүүлэхэд эргэлзээгүй байна гэсэн зарчмыг хангаагүй байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/275 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Б.Д тайлбартаа: ... Тайлбаргүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: ... Б.Дгийн бусадтай бүлэглэсэн гэх оролцоог нарийн тогтоогоогүй. Хэрэгт н.Ү, н.Б нарын мэдүүлэг байхгүй. Хохирогчийн мэдүүлгүүдэд Б.Дг ямар оролцоотой байсан талаар тодорхойгүй тул мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч С.О тайлбартаа: ... Б.Дгээс болон шүүхээс гаргасан мөнгөө авсан ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч П.Д тайлбартаа: ... Би Б.Дд мөнгө өгсөн. Б.Дгээс 15.000.000 төгрөг авмаар байна. 5.675.000 төгрөг авсан ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Б дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Ж.Б-н эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

 

Хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.О-н ... Би уг мөнгийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн хамт ажилладаг хүмүүсээс зээлээд өөртөө байсан мөнгийг нэмж 25.000.000 төгрөг болгон Д гэх хүний данс руу шилжүүлсэн ... гэх мэдүүлэг,

 

хохирогч У.Т-н ... Би Б-тай ярьж тохирон байраа нэр дээрээ гаргуулан авна гэж бодоод Д-тэй 23.000.000 төгрөгийн гэрээг хийсэн. Уг гэрээг Д бид хоёр тус тусдаа нэг нэг хувийг авсан ... гэх мэдүүлэг,

 

хохирогч П.У-н ... Би 25.000.000 төгрөгийг “Э” ТӨҮГ-ын фондын байранд орох нэрээр О.Д болон түүний нөхөр Б.Д нарт өгч хохирсон ... гэх мэдүүлэг,

 

хохирогч П.Д-н ... 2018 оны 07 дугаар сарын эхээр Д надтай утсаар яриад найзаа чи өөрөө байргүй ээжийнхээ гэрт байдаг юм чинь “Э” ТӨҮГ-ын фондын байр авах уу гэж асуусан. ... 2 өрөө байр нь 17.000.000 төгрөг гэж байгаа юм байна. 2018 оны 10, 11 дүгээр сард энэ байр ашиглалтад орох юм байна гэж ярьсан. ... 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өөрөө цалингийн зээл аваад Дгийн Худалдаа хөгжлийн банкны данс руу 17.000.000 төгрөг шилжүүлж өгсөн ... гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.Б-н ... О.Д гэж эмэгтэй надтай уулзаад “Э” ТӨҮГ-ын нөөцийн байр байна. Нөөцийн байрнаас авах уу. Танай байр чинь нэг өрөө биз дээ 2 байр нь 18.000.000 төгрөг гэж байна гэж ярьсан. Тэгэхээр нь О.Дий ярьсан зүйлийг гэр бүлийнхээ хүнтэй ярилцаж байгаад үүний ярьсан зүйлд итгээд нөхөр бид хоёр цалингийн зээл аваад 18.000.000 төгрөгийг О.Дд өгсөн ... гэх мэдүүлэг,

 

хохирогч Ч.Б-н ... Д гэж хүн утсаар яриад өнөөдөр 9.000.000 төгрөг над руу шилжүүл гэхээр нь би өөрийн төрсөн ах Б-с 9.000.000 төгрөг аваад 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Д-н нөхөр Д-гийн данс руу шилжүүлсэн. Үүний дараа 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 13.000.000 төгрөг Б ахаас аваад тэр өдөртөө Дд 13.000.000 төгрөг бэлнээр  өгсөн ...гэх мэдүүлэг,

 

яллагдагч Ё.Б, Б.Д, О.Д, Ц.Ү нарын дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бусад нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Гэтэл Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн        дугаартай яллах дүгнэлтэд Б.Дг О.Д, Ц.Ү, Ё.Б нартай бүлэглэн нийт 6 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт 130.240.000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн атлаа Б.Дгийн үйлдлийн талаар мэдүүлсэн О.Д, Ц.Ү, Ё.Б нарын мэдүүлэг болон хэрэгт ач холбогдол бүхий бусад нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй,

Б.Д нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэхэд хэрхэн, яаж хамтран оролцсон нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хэн үйлдсэн зэрэг нотлогдвол зохих байдлуудыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

            Иймд нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 275 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР