Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/00278

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 11 өдөр                  Дугаар 102/ШШ2024/00278                  Улаанбаатар хот

 

 

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад     

 

         Шүүх хуралдаанд оролцогчид:

         Нэхэмжлэгч Г.Б

         Хариуцагч С.Д

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1.Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч С.Дд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

 

          2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

          3.Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нөхөр болох С.Д бид хоёр 2017 танилцаад 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хуримаа хийж, хайр сэтгэлийн үндсэн дээр гэрлэлтээ батлуулж, 2019 онд хүү Д.У, 2020 онд хүү Д.И нар төрсөн.

Хоёр дахь хүү төрснөөс хойш С.Дын зан байдал өөрчлөгдөж, гэр бүлдээ  цаг гаргахгүй, гадуур их цагийг өнгөрөөдөг болсон.

Адилхан залуу хүмүүс тул бие биеэ ойлгож байя гээд энэ үйлдлийг хориглодоггүй байсан.

 Гэтэл надад мэдэгдэхгүй зөвшилцөлгүйгээр ажлаа сольж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснийг мэдэхэд шууд гэрээсээ явсан.

Би 2021 оны сүүлээс хойш хоёр жилийн хугацаанд хүлээсэн боловч ямар нэгэн байдлаар уучлалт гуйгаагүй.

Миний зүгээс чи хүүхдүүдээ бодоод чамайг уучлахад бэлэн байна гэж хэлсэн боловч ямар нэгэн алхам хийгээгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоох нэхэмжлэл гаргасныг шийдвэрлэж өгнө үү.

Эд хөрөнгийн маргаан байхгүй.

           Миний эрүүл мэндийн байдал ойрхон төрөлт, архаг мэдрэлийн ядаргаанаас болж баруун чих дүлийрч, эмэгтэйчүүдийн асуудал гэх олон асуудалтай болж бие тааруухан байна.

          Хариуцагчтай хувиараа ярилцаж тохиролцож шийдвэрт хүрсэн зүйл байгаа, гэжээ.

         

          4.Хариуцагч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн эцэг мөн эсэх талаар маргахгүй, гэжээ.

 

          5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

         

          6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн лавлагаа, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга, Баянзүрх дүүргийн “Н” өрхийн  эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 00403 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл, Г.Бгий “Хас”, “Хаан” банк ХХК-уудын дансны дэлгэрэнгүй хуулга, “Б” эмнэлэгийн шинжилгээний хариу, томографикийн зураг         

        

         7.Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбарыг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

        1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

                                                                                                                                                                                                                                                                                          

        2.Нэхэмжлэгч Г.Б нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Миний хувьд амьдрал, хүүхдүүддээ бодоод С.Д ыг хүлээсэн боловч эргэж ирээгүй. Одоо бие байдал тааруу байна. Хойшид хамт амьдрах боломжгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулмаар байна” гэж тайлбарлав.

 

        3.Хариуцагч С.Д нэхэмжлэлийг зөвшөөрч маргахгүй байна.

          

         4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

         5.Зохигчид 2017 онд танилцаж, хамтран амьдраад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүү Д.У, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүү Д.И нар төрсөн болох нь талуудын тайлбар, 0, 0, 0 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн лавлагаа, Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны Засаг дарга Б.Б-н “Г.Б тус хорооны 0 дугаар байрны 0 тоотод ам бүл 5-лаа амьдардаг” мөн дүүргийн “Насан урт” өрхийн  эрүүл мэндийн төвийн их эмч Н.Ц-н “Д.У, Д.И нар эрүүл өсөж бойжиж байгаа нь үнэн” гэх тодорхойлолт, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

         6.Нэхэмжлэгч, хариуцагч нар 2021 оноос хойш тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, цаашид хамтран амьдрахад эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

         7. Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд гэрлэгсдийн хэн аль нь тохиролцож болох бөгөөд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан үзэж тогтоодог.

      

        8.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлд зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэж, хүүхдээ асран хамгаалахыг эцэг, эхийн үүрэг гэж тодорхойлжээ.

 

        9.Иймээс хариуцагч хүүхдийн тэтгэлэг, асрамжийн талаар маргаагүй учраас хүүхдийн орчин нөхцөл, амьдралынх нь хэмнэл, эх, эцгийнхээ хэнд нь их ээнэгшин дассан зэрэг байдлыг харгалзан үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасны дагуу хүү Д.У, Д.И нарыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

       

       10.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу эцэг, эх нар хүүхдээ тэжээн тэтгэх мөн насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээх бөгөөд эцэг, эх энэ асуудлаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтоож болох тул эцэг С.Д аас сар бүр тэтгэлэг гаргуулж хүү Д.У, Д.И нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.       

 

         11.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

 

         12.Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

 

        13.Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж эдгээр үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг байхыг дурдах нь зүйтэй.

 

       14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн   

         115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Д, Г.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

          2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Д.У, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Д.И нарыг эх Г.Б гийн асрамжид үлдээсүгэй.

 

         3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Д.У, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Д.И нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг С.Д аас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

         4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

 5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар С.Д аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

 6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Б д даалгасугай.

 

 7.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

         8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

      

         9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Билгүүнд даалгасугай.

 

        10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

        

        11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.        

         

        12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АРИУНАА