| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/05847/И |
| Дугаар | 101/ШШ2024/00686 |
| Огноо | 2024-01-31 |
| Маргааны төрөл | Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2024/00686
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, … дугаар хороо, … тоотод оршин суух, Хунт овогт …ийн … /рд:…/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар хороолол, … тоотод оршин суух, …ын … /рд:.../,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, … дугаар хороо, … тоотод оршин суух, …ын …/рд:…/ нарт холбогдох,
бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалангийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ... нь 2022 оны 12 сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зарлагдсан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оролцож Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22 Б байрны ... тоот 3 өрөө орон сууцыг худалдан авч дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх орон сууцыг 2023 оны 1 дүгээр сард надад албан ёсоор хүлээлгэж өгсөн бөгөөд миний бие уг орон сууцыг хүлээж аваад хэд хоногийн дараа өөрийн орон сууцандаа орох гээд иртэл хуучин өмчлөгч нар орчихсон байсан юм. Иймд миний хууль ёсоор бүх төлбөрөө зохих журмын дагуу төлж хуулийн дагуу худалдаж авсан орон сууцнаас хуучин өмчлөгч нь гарахгүй байх тул хариуцагч ..., ... нарыг миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2... байрны ... тоот орон сууцны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү. Нэхэмжлэгч ... хөдөө орон нутагт ажилладаг тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргасан.
..., ... нар бид нар байраа өгөхгүй, та нар маргаантай байр авсан байна, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай маргаж байгаа гэж хэлсэн байсан. Үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг нэг сарын дараа шилжүүлж өгөх ёстой байсан ч 2023 оны 06 сарын 09-ний өдөр буюу 6 сарын дараа шилжүүлсэн байсан. Хариуцагч ... шүүхийн маргаантай асуудал байгаа, энэ асуудал шийдэгдвэл үл маргах журмаар орон сууцыг суллаж өгнө гэж тайлбар хэлсэн. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 4479 дугаар шийдвэрээр ... болон ... нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, гомдлыг мөн адил хэрэгсэхгүй болгосон гэсэн мэдээллийг би авсан. Хариуцагч нар болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын маргаж байгаа асуудал нь дуудлага худалдаатай хамааралтай буюу манай нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. ... нь 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар 150 сая төгрөгийн үнийн саналаар ялагч болсон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь ... мөн гэдэг нь харагдаж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү... гэв.
Хариуцагч ... шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тус шүүхэд ...ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3078 дугаар шийдвэрээр ..., ... нараас 57,521,787 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүхэд ..., ... Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон хөндлөнгийн хоёр гэрчийг дуудан ирүүлж, тэмдэглэл хөтөлж, хувийн мэдээлэл болох нийгмийн даатгал бусад мэдээллийг нягтлан судалж, гэрчүүдийн хувийн мэдээллүүдийг холбогдох байгууллагуудаас гаргуулан авч гомдол хууль зүйн үндэслэлтэй байна гэж шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 20260134/02 дугаар хөрөнгө хураах тогтоол-ыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гаргасны дагуу иргэний хэрэг тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа билээ. Хэрэв шат шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж шүүхийн хүчин төгөлдөр гарвал сайн дураар маргаан бүхий байрыг бүрэн чөлөөлж өгнө... гэжээ.
Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн баримт: Хавтаст хэргийн 3-5-р тал.
Хариуцагч талаас хэрэгт өгсөн баримт: Байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Хавтаст хэргийн 49-97-р тал.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ... хариуцагч ..., ... нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болговол байрыг чөлөөлж өгнө гэх тайлбар гаргасан байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03078 дугаартай шийдвэрээр ..., ... нараас 57,521,787.59 төгрөг гаргуулж, Худалдаа хөгжлийн банканд олгож, үүргийн гүйцэтгэлийг ...гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2... байрны ... тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ... байрны ... тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ... болсон болох нь эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдэж олгогдсон ... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 сарын 26-ны өдрийн 4-164/26694 тоот албан бичиг, хавсаргасан баримтууд зэргээр тогтоогдож байна.
Төлбөр төлөгч ..., ... нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргасныг тус шүүх хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх ба хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй болохыг нотлоогүй.
Тус шүүхийн 2019.11.07-ны 3078 дугаартай шийдвэрийн дагуу ...гийн өмчлөлийн маргаан бүхий орон сууцыг 2023 оны 06 сарын 09-ний өдрөөс ... өмчилж байгаа, үүнээс хойш хариуцагч ..., ... нар орон сууцанд амьдарч, чөлөөлж өгөхгүй байгаа болох нь нэхэмжлэгч талын тайлбар, хариуцагч ...ийн шүүхэд гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болговол байрыг чөлөөлж өгнө гэх тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ... нь өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, 2023 оны 06 сарын 09-ний өдрөөс хойш хариуцагч ..., ... нарыг маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ... байрны ... тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч ..., ... нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч ...эд олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ...ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ... байрны ... тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч ..., ... нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч ...эд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ